ФОТО: "Монгол тулгатны 100 эрхэм"-д орсон зочдын хөргийг дэлгэлээ

Залуу уран бүтээлч М.Алтанхундага бие даасан анхны үзэсгэлэнгээ “Хүн” нэртэйгээр Монголын уран зургийн галерейд өчигдөр дэлгэлээ. Энэ сарын 19 хүртэл үргэлжлэх эл үзэсгэлэнд үзэгчдийн эчнээ мэдэх “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг зургийг дэлгэснээрээ онцлог. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа тэргүүтэй 49 эрхмийн хөрөг энд ярайна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Олон удаа хөргөө зуруулж байлаа. Гэхдээ өмнөх зураач нар намайг, эсвэл миний гэрэл зургийг харж зурсан. Харин энэ хүү төсөөллөөрөө намайг зурсан нь их сонирхолтой санагдаж байна. Мөн анх удаа миний хөргийг харандаан зургаар бүтээсэн нь энэ” хэмээн өөрийн хөргийг харсан сэтгэгдлээ хуваалцав.

“Хүн” үзэсгэлэнгийнхээ талаар уран бүтээлч М.Алтанхундага “Би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг шимтэн үздэг. Тухайн нэвтрүүлгийн оролцогч бүр өөр өөрийн онцлогтой, хийсэн, бүтээсэн, туулсан баялаг түүхтэй. Нэвтрүүлгийг үзэх тусам тэдгээр эрхмийн үзэл бодол, дотоод ертөнцөд улам л автсан. Ингээд тэдний хөргийг зурахаар шийдсэн юм.

Тус нэвтрүүлэгт оролцсон 49 эрхмийн хөргийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зурлаа. Тухайн хүнийг илэрхийлж чадахуйц хөрөг зурах их хэцүү юм билээ. Маш олон янзын хувилбараар зурж, дахин дахин оролдсоны эцэст эдгээр 49 зургаа үзэсгэлэндээ дэлгэж байна. Хөргүүдээ зурахдаа өөр өөр зүйл мэдэрч байлаа. Энэ нь хүн бүрийн энерги өөр байдагтай холбоотой байх. Би хөрөг бүтээхдээ тухайн хүний нүдийг нь зурж эхэлдэг.

Нүд, харц үнэн бол аяндаа урсаад л дуусчихдаг юм. Их амархан зурсан нэгэн байхад хэдэн сар нухсан нь ч бий. Үзэсгэлэнгээ гаргахад минь дэмжиж, тусалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ах нарт талархсанаа илэрхийлье” гэв.

Харандаан зургийн төрлөөр бүтээсэн эдгээр хөргийн зохиомж их өвөрмөц. Учир нь хөргийн эздийн төрхийг бүтнээр нь бус, таллан зурсан байв. Гэсэн хэдий ч бүтээлийг хармагц хэний хөрөг вэ гэдэг нь танигдаж буй нь зураачийн ур чадвартай холбоотой байх. Тэрбээр эл өвөрмөц зохиомжийнхоо тухай “Харах өнцгөөс биш, дотоод сэтгэл рүү нь өнгийж, түүнийгээ илэрхийлэх гэсэн оролдлого минь энэ юм.

“Амьдралынхаа турш хорвоо ертөнцийн утга учрыг тайлах гэж хичээлээ. Гагцхүү би өөрийгөө ч бүрэн таньж чадсангүй” гэж нэгэн алдарт хүн хэлсэн нь бий. Үүний адилаар би өөрийгөө ч гүйцэд таниагүй байж бусдыг мэддэг мэт бүтнээр зурах нь байж боломгүй санагдсан. Нөгөө талаар, хөрөг бүрийн хажууд нэрийг нь дөрвөлжин үсгээр бичсэн. Энэ нь нэр, бие нэгдэж байж хүн оршин байдаг. Бие нь хорвоог орхиход нэр нь дурсагдаж үлдэх, эсэхийг хэрхэн амьдарсан түүх нь гэрчилдэг гэдгийг хэлэх гэсэн санаатай” хэмээн тайлбарлав.

Аавыгаа даган багаасаа зураг зурж, сийлбэр хийсэн уран бүтээлч М.Алтанхундага 2009 онд “Од” дээд сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн гэнэ. Өдгөө тэрбээр Орхон аймагт “Нүүдэл” продакшныг толгойлдог бөгөөд тус байгууллага нь зураг, дуу, бүжиг гэхчилэн 13 чиглэлээр хүүхэд багачуудад сургалт зохион байгуулдаг аж. Түүний “Хүн” үзэсгэлэнгийн талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Залуу уран бүтээлч М.Алтанхундагатай санаандгүй тохиолдлоор танилцсан юм. Түүний багадаа авсан гэмтэл нь томрох тусам нь сэдэрч, баруун гар нь бүрэн мэдээгүй болсон юм билээ.

Гэсэн ч тэр шантралгүй зүтгэсээр, өнөөдөр үзэсгэлэнгээ гаргаж байна. Тэрбээр зураач болохын тулд биш, өөрийгөө ялахын тулд зурсаар байна. Зовлон бэрхшээлээ туулсан түүний түүх, зүтгэл надад маш их таалагдсан. Өнөөгийн залуус түүнээс үлгэрлээсэй. Түүнтэй төстэй амьдрал туулсан гадаад хүмүүсийн тухай мэдээлэл, дүрс бичлэг нийгмийн сүлжээнд бишгүй. Бид ч түүнийг уншиж, цааш түгээдэг. Гэтэл бидний дунд ийм мундаг залуу уран бүтээлээ туурвиж байна. Тиймээс түүнд туслахаар шийдсэн юм. Бүтээлүүдийнх нь зохиомж оносон, их сонирхолтой санагдлаа. Эл үзэсгэлэнг Дархан-Уул, Орхон аймагт мөн дэлгэнэ” хэмээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай