Ж.Доржпагам: Зайнаас унших технологи төлбөр, тооцооны чиг хандлага болж байна

Ж.Доржпагам: Зайнаас унших технологи төлбөр, тооцооны чиг хандлага болж байна

Дэлхийд томд тооцогддог “Visa international” байгууллагын БНСУ дахь салбарын (“Visa international Asia Pacific Korea”) бизнес хөгжлийн менежер Ж.Доржпагамтай утсаар болон фэйсбүүк хуудсаар нь холбогдон ярилцлаа.

Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуульд хоёр жил суралцаад, “Hanjin” группийн “Ilwoo” сангийн тэтгэлэг авснаар 2009 онд БНСУ-ыг зорьж, Ива эмэгтэйчүүдийн их сургуульд (Ewha womans university) бакалавр, БНСУ-ын Хөгжлийн институтийн дэргэдэх Төрийн бодлого, менежментийн сургуульд магистрын зэргээ хамгаалж байжээ.

-АНУ-ын Сан-Францискод төвтэй, дэлхийн олон оронд салбартай “Visa international” байгууллагад дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм билээ.

Анх хэрхэн, ямар шалгуурыг хангаж энэхүү ажилд оров. Ер нь шинэ ажилтан авахдаа тэд юунд илүү анхаардаг бол?

-“Linkedin” болон бусад эх сурвалжаас өндөр мэргэжилтэй боловсон хүчин зуучилж өгдөг “Head­Hunt” компани “Linkedin” хуудсаар минь дамжуулан 2014 онд холбогдсон. Улмаар 2015 оны хоёрдугаар сард ажилдаа орсон. Ажилд орлоо гэсэн мэдээ ирэх хүртэл зургаан сар болсон гэсэн үг. Боловсон хүчин сонгож өгдөг тус компанид товч намтраа явуулаад, төлөөлөлтэй нь ярилцлагад орсон. Түүний дараа намайг хариуцаж ажиллах менежер, дэд ерөнхийлөгчтэй тус бүр нэг цаг ярилцсан.

Сүүлд нь тухайн улсыг хариуцаж ажилладаг захиралтайгаа ярилцлагад орохоор өглөөний зоог цуг барьж байлаа. Дэд ерөнхийлөгч, захиралтай уулзсаныхаа дараа “Би энэ байгууллагад заавал ажиллах ёстой юм байна” гэж бодсон л доо. Анхны ярилцлагаа менежертэйгээ хийхэд миний урд байсан, талыг нь уучихсан усыг өөрийнх нь өмнө задлаагүй хоёр ус байхад өөртөө зарах даалгавар өгсөн.

Мөн ажлын төлөвлөгөөгөө бэлтгээд, самбар дээр танилцуулах таван минутын хугацаа өгч, илтгэл тавиулсан. Эцэст нь “Чиний хийх ажил бол адил төстэй бүтээгдэхүүнүүд дундаас хэрэглэгчдээр манайхыг сонгуулах бизнес хөгжүүлэлт шүү. Өөртөө итгэлтэй байна уу” гэж асууж байсан. Үүнээс хойш гурван сарын дараа дахин ярилцлага хийх хүсэлтэй байна гэж “HeadHunt” компаниас холбогдсон. Менежер, дэд ерөнхийлөгч, хүний нөөцийн мэргэжилтэнтэйгээ дахиад тус бүр нэг цаг ярилцсан.

Үндсэн суурь шалгуурууд болох төгссөн сургууль, мэргэжил, ажлын туршлага, хэлний түвшин зэргийг хангаад ажилд орохоор ярилцлагад орж буй залуусаас хамгийн их анхаарч хардаг зүйл нь хувь хүнийх нь үзэл бодол, зан ааш, хандлага, цаашид өсөх, өөрийгөө хөгжүүлэх чадвар, тухайн байгууллагын соёлтой зохицож ажиллаж чадах, эсэхийг харгалздаг юм билээ.

Залууст хандаж хэлэхэд “Linkedin”-д өөрийгөө сайн илэрхийлж, мэргэжлийн түлхүүр үгүүдээ оновчтой зөв оруулж өгвөл өөрийн хүссэн ажилдаа ороход илүү дөхөм болно. Интернэт, технологи хөгжсөн энэ үед өөрийгөө бүхий л талаар хөгжүүлж чадсан, чадвартай л байвал Монголд байгаа ч заавал биеэр байх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад орж, аль ч оронд ажилд орох боломж нээлттэй байдаг.

-Монголд ажилд авахдаа 2-3 жилийн ажлын туршлагатай байх гэсэн шаардлага тавьдаг. БНСУ-д ч адил байх. Энэ шаардлагыг өөрөө хэрхэн давсан бэ?

-Найзууд маань “Би шаардлагыг нь хангахгүй юм байна гэж бодоод материалаа өгөөгүй” гэж ярихыг цөөнгүй сонссон. Зөвхөн манайх гэлтгүй, олон улсын үндэстэн дамнасан корпорацууд мэдээж өндөр шаардлага тавьдаг. Юуны түрүүнд бизнес хөгжлийн менежер албан тушаалд материалаа өгч байгаа тул энэ чиглэлээр, эсвэл эдийн засгийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, англи хэлний өндөр чадвартай байх ёстой.

Мөн илтгэх, хэлцэл, дүгнэлт хийх, хэрэглэгчидтэй харилцах, багаар ажиллах чадварыг харгалздаг. Манайх байгууллагууд, хэрэглэгчидтэй харилцдаг. Тиймээс 3-5 жилийн ажлын туршлагатай байхыг чухалчилдаг юм. Гэтэл надад тийм туршлага байгаагүй. Манайх оффистоо 40-үүлээ суудаг. Захирал маань “Бид 40 дунд тухайн ажлын байранд тавигдаж байсан шаардлагыг бүрэн хангасан хүн бараг байгаагүй шүү дээ. Шаардлагын 90-ээс дээш хувийг хангасан байхад өөртөө итгэлтэйгээр материалаа өгч үзэх хэрэгтэй” гэдэг.

Би ажлын туршлагагүй байсан ч оюутан байхдаа “Үри” банкинд цагийн ажил, “Хьюндай” группийн охин компани “Хьюндай гловис”-т дадлага хийж байсан нь хэрэг болсон. Ер нь сайн дүнтэй байхаас гадна нийгмийн ажилд хэр оролцсоноо товч намтартаа маш сайн бичих ёстой. Хоёр, гуравдугаар дамжааныхаа өвөл, эсвэл зуны амралтаар дадлага хийж байж л ажилд орох магадлал өндөр болно. Гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцаж эхлээд л ажилд орохоор бэлтгэнэ гэсэн үг.

-Таны ажлын үүрэг юу вэ?

-Би байгууллагынхаа Сөүл дэх салбарт бизнес хөгжлийн туслах менежерээр анх ажилд ороод, 2016 онд бизнес хөгжлийн менежер болсон. Манайх B2B (business to business) буюу карт гаргагч гишүүн байгууллагуудтайгаа бизнесийн хамтын ажиллагаатай байдаг.

Тиймээс харилцагч байгууллагын төсөл, төлөвлөгөө, мөн “Visa international”-ийн тухайн улс, цаашлаад бүс нутгийн түвшин дэх зорилтуудтай нийцүүлж, тухайн жилийнхээ төлөвлөгөөг гарган, холбогдох хариуцсан багуудтай хамтарч төслүүд хэрэгжүүлдэг. Миний хувьд манай байгууллагын гишүүн, Монголын 12 банкийг Сөүлээс хариуцан ажиллаж, АНУ, Сингапур, Япон, БНСУ-ын гэх мэт дотоодын багуудтай хамтарч ажилладаг.

-“Visa international”-ийн юуг нь онцлох вэ?

-Хүмүүст “Visa international” бол карт гаргадаг компани гэх буруу ойлголт байдаг. “Visa interna­tional” нь дэлхийн 200 гаруй улсын 16 300 орчим санхүүгийн байгууллагыг холбосон, нийт 46 сая АТМ байршилтай, гишүүн байгууллагуудын гаргасан 3.2 тэрбум картын гүйлгээг дамжуулагч сүлжээ компани юм. Та бидний өдөр тутамд хормын төдийд хийдэг гүйлгээний цаана карт гаргагч болоод хүлээн авагч байгууллагуудын “VisaNet” сүлжээтэй холбогдсон процесс явагдаж байдаг.

“VisaNet” нь секундэд гүйлгээний 65 000 мессежийг дамжуулах боломжтой, дэлхийн хамгийн том, найдвартай санхүүгийн сүлжээ юм. Мөн “Visa international”-ийн гэр бүлд багтаж явдгаараа бахархдаг өөр нэг зүйл бол манайх сүүлийн зургаан жил дараалан дэлхийн хамгийн ёс зүйтэй байгууллагаар шалгарсан явдал. Энэ нь миний хувь хүний үзэл, гэр бүлийн хүмүүжилтэй тохирч байдаг нь сайхан, бахархмаар байдаг.

-“Visa international”-д ажилладаг анхны монгол эмэгтэй нь та. Олон улсын томоохон байгууллагад ажиллахын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Намайг ажилд орох үед Ази, Номхон далайн бүс дэх салбарын анхны монгол ажилтан гэсэн тодотголтой ярилцлага маань компанийн дотоод цахим хуудсанд тавигдаж байсан. Манай байгууллагынхан намайг “Visa international”-ийн Ази, Номхон далайн бүс дэх салбарын анхны монгол, “Visa international”-ийн анхны монгол эмэгтэй гэх дуртай байдаг.

Олон улсын байгууллагад ажиллахын давуу тал, бас сурах зүйл маш их. Бизнесийн явц, хэрэглэгчтэй хэрхэн харилцах, бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах чадвар эзэмшиж, шинэ чиг хандлага, технологитой хөл нийлүүлнэ. Байгууллагын дотоодод ашигладаг программууд үргэлж шинэчлэгддэг, зах зээл хурдтай өөрчлөгдөж байгаа тул онлайн хичээл байнга сонсож, мэдээлэл авдаг.

Гэрээ хэлэлцээрийг албаны түвшинд яаж хийх ёстой зэрэг олон зүйл сурсан, одоо ч суралцсаар байна. Төлбөр тооцоо гэж нэг том салбар ч дотроо задраад, маш нарийн мэдлэг шаардсан ажил олон байдаг. Тэр дундаас өөрийнхөө сонирхсоныг илүү гүнзгийрүүлж судлах, олон улсын чиг хандлагатай нийцүүлэн харилцагчдадаа өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хамтарч ажилладаг.

Алдаа гаргахаас айх хэрэггүй. Харин ч эрт алдаад түүнийгээ ойлгоод авсан нь дээр юм уу гэж боддог. “Шинэ ажилтан шүү дээ” гээд өнгөрөх үе тийм ч удаан үргэлжилдэггүй. Гэхдээ хэнэггүй байж, эсвэл нэг алдааг давтаж болохгүй.

Монголд хүн ам цөөтэй гэдэг утгаараа нэг хүн олон үүрэг хүлээдэг. Жишээлбэл, нэг хүн ажлыг А-гаас Я хүртэл бүгдийг нь ямар нэг түвшинд мэддэг байх ёстой болдог. Гэтэл хөгжингүй орнуудад нэг хүн бүхнийг мэддэг байх шаардлагагүй байдаг. Маркетинг хийдэг бол түүнийгээ 100 хувь хүртэл мэдэх ёстой. Бусдыг нь “Би мэдэхгүй” гэж хэлэхдээ ичдэггүй. Манайд бол ингэж хэлэхээсээ ичдэг, ямар нэг байдлаар хариулт өгөх ёстой юм шиг санагддаг.

Харин БНСУ-д “Би зөвхөн бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэхээ л мэднэ. Та маркетингийн талаар маркетингийн, санхүүг нь санхүүгийн хүнээс асууна уу” гэж чөлөөтэй хэлдэг. Мэдээж дөнгөж ажилд ороод ингэж хэлж болохгүй л дээ. 2-3 жил ажиллаж үзчихээд, “Би энэ чиглэлээр явах юм байна” гэж бодвол түүндээ мэргэших хэрэгтэй. Монголд эдийн засаг, бизнес, хууль гээд ерөнхий ярьж байгаа болохоос нарийн мэргэшсэн боловсон хүчин маш дутмаг юм уу даа гэж бодогддог.

-Өмнөд солонгосчууд болон бусад орны хүмүүсээс юуг нь үлгэрлэж авмаар санагдаж байв?

-Ажлыг урьдаас төлөвлөж, нарийн хуваарийн дагуу гүйцэтгэдэг. Хэзээ ч нэг, хоёр шөнө суугаад хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Мөн маш ажилсаг хүмүүс. Өөрсдийгөө бүх талаар хөгжүүлэхийг эрмэлздэг. 40-50 насныхан ч фитнесст явж, арьсаа арчилж байх жишээтэй.

-“Visa international”-ийнхэн Пёнчаны олимпын үеэр хэрхэн ажилласан бэ?

-Манай байгууллага олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэдэг. 1988 оны Сөүлийн олимпоос яг 30 жилийн дараа БНСУ-д болж байна гэдэг утгаараа солонгосчууд маш их ач холбогдол өгсөн. Олимп болох үеэр ажилладаг “Visa international”-ийн тусгай багийнхнаас гадна БНСУ дахь ажилтнууд бүгд олимпын кампуст ажиллалаа.

Төлбөр тооцоог хийх бүх терминал болон ATM-д ямар нэг асуудал үүсэж байна уу, үгүй юү, бүх гүйлгээ хэвийн явагдаж байна уу гэдгийг хариуцаж ажилласан. “Visa international” нь 1986 оноос олимпын үндсэн ивээн тэтгэгчээр ажилаж эхэлсэн. Кампус доторх бүх төлбөр тооцоо зөвхөн виза картаар, эсвэл бусад брэндийн картаар худалдаж авсан урьдчилсан төлбөрт виза картаар хийгддэг. Одоо бид ирэх 6-7 сард ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ажиллахаар бэлтгэж байна.

-Та Пёнчаны олимпын үеэр төслийн багт ажилласан. Бас бамбар өргөж гүйсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу.

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд Сөүл хотод буухиаг үргэлжлүүлж дэд ерөнхийлөгч, БНСУ-ын Олимпын төслийн дарга хоёртойгоо цуг гүйсэн. Үнэхээр мартагдахааргүй мөч байдаг юм билээ.

-Манай арилжааны 12 банк танай байгууллагын гишүүн. Банкууд болон “Visa international”-ийн хамтын ажиллагааны талаар юу хэлэх вэ. Талуудын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү.

-2015, 2016 оны эхэн үед Монголд банкууд кредит картыг чинээлэг хэрэглэгчдэдээ зориулж 100-200 ширхгийг л олгодог байсан. Манай байгууллагын дата баазын мэдээллээс харахад 2007, 2008 онд банкууд кредит картыг олноор олгож байгаад больчихсон байдаг. Энэ нь кредит картын эрсдэлтэй холбоотой. БНСУ-д 1990 оны үед кредит хямрал болж, кредит картын хамгийн том LG компани дампуурч байсан түүхтэй.

Индонез, Вьетнам гээд бусад оронд ч адил түүх бий. 2015 онд манай байгууллагынхан Монголын банкны холбоо, банкуудын төлөөлөлтэй уулзаж байсан. Тухайн үед банкуудад кредит картыг эргэн нэвтрүүлэх хүсэл байгааг олж харж, ярилцаж байсан. Тиймээс бид АНУ-аас энэ тал дээр дэлхийн ихэнх оронд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан зөвлөхийг 2015, 2017 онд Монголд урьж, форум зохион байгуулсан. Улмаар “Голомт” банк 2016 оны наймдугаар сарын эцэст “Зэс” кредит карт гаргасан.

БНСУ-д “Хьюндай”-гийн карттай байх ёстой гэдэг ойлголт залууст нь түгээмэл байдаг. Нэг ёсны имиж нь болдог гэхэд ч буруудахгүй. ХААН банк үүн шиг карт нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ төрөлжүүлж эхэлснээр эмэгтэйчүүдэд зориулсан “Glamour”, залууст чиглэсэн “Signature” карт гаргасан. Мөн тус банк МИАТ-ийн миль цуглуулдаг программ нэвтрүүлсэн. “Хас” банк кредит картаа гарган ажилчдынхаа дунд туршаад бараг хоёр жил болсны дараа МИАТ кобрэнд картыг зах зээлд нэвтрүүлсэн.

Монгол гэлтгүй АНУ, Англи, Энэтхэг, Сингапур гээд ер нь дэлхий даяар дижитал гэдэг ойлголтыг ярьж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд дэвшилт аргаар үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой. Өнгөрсөн гуравдугаар сард ХХБ-ны удирдлагууд манай байгууллагын Сингапур дахь Инновацын төвд очсон. Ингээд олон улсын “Lady loyalty” болон Пёнчаны олимпын алтан кредит картыг зайнаас унших технологитойгоор (visa pave wave) бид өнгөрсөн есдүгээр сард нэвтрүүлсэн.

Энэ нь чип, соронзон туузаар заавал уншуулах шаардлагагүй бөгөөд картаа хүргээд авахад л тооцоо хийгддэг. Түргэн хоолны газар, супермаркет гээд дараалал их үүсдэг газарт хурд маш чухал байдаг. Дараалал үүсгэхгүйн тулд хэрэглэгч бэлэн мөнгө гаргах гэж цүнхээ ухахгүй, карт уншуулж, гарын үсэг зурахад цаг алдахгүй.

Дээрх зайнаас унших технологитой холбоотойгоор бас нэгэн дэвшил нэвтэрч байна. 2016 онд Риогийн олимпын үеэр төлбөр хийхийг хялбаршуулах зорилгоор манай байгууллагаас тусгай бөгж гаргаж байсан. Тэр нь дотроо чиптэй тул түүнийгээ ашиглан төлбөр хийх боломжтой.

Ер нь хүний өмсөж, зүүж болох юу байна, тэдгээрийг ашиглан тооцоо хийх боломжтой (wearable) гэсэн үг. Пёнчаны олимпын үеэр “Lotte card” гурван төрлийн wearable худалдаанд гаргасан. Тэдгээр нь энгэрийн тэмдэг, стикер карт (утасны ард юм уу, хаана ч хамаагүй нааж болох), бээлий байсан юм. Тухайлбал, бээлийнийхээ арын хэсгээр хүрэхэд л тооцоо хийгдэнэ. Өвлийн олимпын үеэр цүнхээ ухаж, түрийвчээ гаргах гэж гараа дааруулаагүй гэсэн үг.

-Монголд картын системийг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг анзаарсан уу?

-Юуны түрүүнд, зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болох хэрэгтэй. Монголбанкны лавлагаа гурван сараар хэтэрсэн зээлийг л харуулдаг. Хугацаа хэтрүүлснийг хоног, сараар бүртгэж, хянаж байж эрсдэл багасна. Гурван сар гэдэг бол банкны зээлийн хувьд боломжийн хугацаа. Харин кредит картаар зээл олгоход хэтэрхий эрсдэлтэй.

Тиймээс нэг хоног хэтэрч байна уу, долоо, 14 хоног байна уу гэдэг нь маш чухал. Татвар, даатгал зэрэг төрийн байгууллага, үүрэн телефоны компани бүгд тухайн хүнд олгох зээлийн хэмжээг тогтооход нөлөө үзүүлдэг байвал хэрэглэгчид санхүүгийн илүү хариуцлагатай болдог.

Би “Голомт”-ын кредит карттай, гүйлгээ тооцоогоо түүгээр хийгээд явдаг байя гэж бодъё. Төлбөрөө төлж чадахгүй болчихвол ХААН банкныхаа кредит картнаас бэлэн мөнгө аваад “Зэс”-ийнхээ төлбөрийг төлнө. Дахиад ХААН банкныхаа төлбөрийг төлж чадахгүй болбол ХХБ-наас мөнгө аваад төлчихнө. Ингэж явсаар хаанаас ч мөнгө авч, төлбөрөө хийж чадахгүй болно шүү дээ. Хэрэв зээлийн мэдээллийн нэгдсэн сантай бол тухайн хүнийг аль байгууллагад ямар өртэй, зээл олгох боломжтой, эсэхийг мэдэж чадна. Хоорондоо мэдээлэл дамжуулна гэсэн үг.

Монгол Улс гурван сая хүн амтай харьцангуй жижиг боловч онцлог зах зээл гэдэг утгаараа БНСУ, Япон, Индонез, Вьетнам зэрэг дотоодын том зах зээлтэй орнуудын хөгжлийн загварыг үлгэрлэх нь зөв үү, эсвэл өөрийн онцлогт тохируулан олон улсын зах зээлтэй одоогийнх шигээ хөл нийлүүлэн хөгжих нь оновчтой юу гэдэг сонголтыг зөв хийх хэрэгтэй.

-Эх орондоо ирж ажиллах бодол бий юү?

-Дахиад тодорхой хугацаанд ажиллавал надад ч, манай банкны салбарт хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа. Энд байгаа дээрээ Монголдоо гадаадын туршлагаас нэвтрүүлэхийг хичээж байна. 2-3 жилийн дараа Монгол руугаа буцах байх аа.


Энэ тухай