“Уйлдаг” Оюун

Ардыг гэгээрүүлэх яаманд орчуулагч, хэлмэрчээр ажилд ороод удаагүй 16 настай охиныг тухайн үеийн Уран сайхны улс төрийн зөвлөлийн зохиолч Ши.Аюуш дуудан “Энэ хүнийг таних уу” хэмээн нэгэн гэрэл зураг үзүүлсэн нь алдарт Н.В.Гоголийнх байж. Гайхаж тээнэгэлзсэн охиноос тэрбээр дахин “Энэ зохиолыг уншсан уу” гэж асуусан нь “Байцаагч түшмэл” байсан гэдэг.

Тэр мундаг зохиолчоос “За, чи наад зохиолоо унш, ойлго. Хэд хоногийн дараа надтай дахиад уулзаарай. Үүнийг чи орчуулна шүү” гэсэн хүндтэй үүрэг авсан мөнөөх охин бол Эрдэнэбатхааны Оюун байлаа. Айх, баярлах давхцуулсан том үүрэг авсан тэрбээр орчуулгаа Ши.Аюуш, М.Ядамсүрэн нарт хэдэнтээ хянуулж, гурван сар “нухсаны” эцэст ард нь гарчээ. Ийнхүү 1935 оны арваннэгдүгээр сард “Бөмбөгөр ногоон” хэмээх Улсын төв театрын тайзнаа “Байцаагч түшмэл” тоглогдсон нь Монголд тавьсан анхны сонгодог жүжиг байжээ.

Зохиолч, орчуулагч, найруулагч, эрдэмтэн судлаач гээд Монголын театрын үүсэл, хөгжилд түүхэн гавьяа байгуулсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой тохиож буй. Тайзан дээр гарч жүжиглэхээс бусдыг хийж, урлагын алтан сүмийн төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ эрхэм хүмүүнийг “Монголын театрын хатан хаан” хэмээн хүндэлдэг нь учиртай.

ЭРХИЙГ БУС БЭРХИЙГ СУРСАН БАГА НАС

Монголын анхны Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааны таван хүүхдийн ууган нь болж мэндэлсэн Оюун “Амьдралын зам” номдоо “Хэдийд яаж зав гарган, эрхэлж нааддаг байснаа санадаггүй юм. Ямар ч байсан аав, ээж минь бидэнд дэмий тэнэх зав огт өгдөггүй байв. Хүүхдүүд биднийгээ ажилтай, хүмүүжилтэй, эрдэм боловсролтой болгохын төлөө их ч шахдаг байсан.

Амьдралын дундуур тэгж өсөхдөө бид эцгийгээ сайд гэж огт мэддэггүй байв” хэмээн дурсчээ. Үнэхээр ч тэрбээр том эгчийн хувиар дүү нараа асарч тойлох, үнээ, тугал болоод сургуульдаа унаж явдаг илжгээ адгуулахаас эхлээд гэр орны ажил амжуулахын зэрэгцээ хажуу айлынхаа хоёр хөгшинд туслах гээд зогсоо чөлөөгүй хөдөлдөг байж.

Мөн хичээлийн хажуугаар аав, ээж нь түүнд Нина Сергеева хэмээх бүсгүйгээр орос хэл заалгаж, хөгжмийн багш Ичинхорлоогоор хуучир, ёочин, шанз тоглож сургахаар гэрт нь давтлага авахуулдаг байсан гэдэг. 1927, 1928, 1929 онд “Бөмбөгөр ногоон” театрт “Баян Доной”, “Лэтийдэг”, “Сахилаа мартсан лам”, “Хоньчин хүүхэн Цэцэгмаа” гэх мэт жүжиг тавихад ээж нь түүнийг байнга дагуулж хамт үздэг байсан нь ирээдүйн театрын нэрт зүтгэлтний нүдийг нээсэн аж.

1928 онд Эрдэнэбатхаан сайдаасаа огцорч, Ленинград руу томилолтоор явахдаа дөрөвдүгээр ангийн сурагч Оюуныгаа дагуулж явсан нь тухайн үедээ охинд маш хэцүү байжээ. Ээж, дүү нараасаа холдож бэтгэрсэн сэтгэлээ ааваасаа нууж уйлдаг байсан тэр хэсэг хугацаа хожим мөн л Э.Оюуныг ажил, амьдралд хатуужихад нь ихээхэн тус болсон гэдэг.

ОРЧУУЛАГЧААС НАЙРУУЛАГЧИЙН ЗАМД

1934 онд Ардыг гэгээрүүлэх яамны захиалгаар Улаан-Үдийн рабфакт нэг жил сурч ирээд, орчуулагчаар ажиллаж эхэлсэн шавилхан охины нуруун дээр Монголын театрын гол ачаа ирнэ гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз. Гоголийн “Байцаагч түшмэл”-ээс хойш Испанийн жүжгийн алдарт зохиолч Лопе де Вегагийн “Хонины булаг”, Италийн зохиолч К.Гольдонийн “Хоёр эзний нэг зарц”, Францын зохиолч Ж.Мольерийн “Скапений дамшиглал”, “Хар санаа, хайр сэтгэл”, У.Шекспирийн “Лир ван”, Софоклын “Эдип хаан” зэрэг сонгодог бүтээлийг орчуулан, Монголын үзэгчдийн хүртээл болгосны зэрэгцээ өөрөө жүжгийн зохиол бичиж эхэлжээ.

1930-аад оны сүүлчээр их Д.Нацагдорж бурхны оронд одож, С.Буяннэмэх, Ши.Аюуш, М.Ядамсүрэн нар хилсээр хороогдон, хоёр дайны хөлд улс орон, ард түмэн чирэгдэж асан хүнд хэцүү он жилүүдэд театрын ханхай орон зайг нөхөх ахадсан ачаа энэ жижигхэн бүсгүйд ирсэн хэрэг. Тэрбээр “Хот айл”, “Ах дүү нар”, “Гарваа”, “Хайр” зэрэг жүжгийн зохиол бичсэнээс гадна найруулагчаар ажиллаж эхэлсэн нь хувь заяаны ямар ч эргүүлэгт шидэгдсэн байлаа гээд түүндээ эзэн байхын сонгодог нэгэн жишээ болон үлджээ.

“1950-1960-аад онд Улсын төв театрт учирладаг Гэндэн, уйлдаг Оюун, ухааруулдаг Ванган гэсэн гурван мундаг найруулагч ноёлж байлаа. Гэндэн, Ванган гуай хоёр Зөвлөлтөд найруулагчийн мэргэжил эзэмшсэн. Оюун багшийн хувьд найруулагч болох “сургууль” нь амьдрал, театр хоёр. Зөвлөлтийн найруулагч А.Ефремов, В.Борейшо, Г.Уварова, А.Рабиновичтай ойр байсны хувьд тэднээс ихийг сурсан нь мэдээж.

“Ий, хонгор үрсүүд минь. Энэ чинь одоо юу л болоод байна даа” хэмээн уйлах гэж байгаа юм шиг бухимдаж, жүжигчдээ загнадаг учраас багшийг тэгж нэрлэсэн хэрэг л дээ. Ер нь Оюун багшаас айдаггүй хүн урлагийнхан дунд байгаагүй болов уу. Гол нь тэр хүнийг хүндэтгэж буйн илрэл юм. Сүүлд Монголын урлагийн ажилтны холбоог байгуулаад театрт байрлаж байхад нь хүртэл найруулагчид “түргэн тусламж” хэрэгтэй болохоороо Оюун багшийг дууддаг.

Уран бүтээлийн тал дээр маш хатуу чанга шаардлагатай хүн. Эмэгтэй хүнээс гарахааргүй хатуу ширүүн үгээр жүжигчдийг хэлж, хурцалдаг байсан” хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Ганхуяг багшийнхаа тухай ярилаа.

Жүжигчидтэйгээ нэг бүрчлэн уйгагүй ажилладаг, тайзны байрлал, алхах хөдлөх бүрийг нь нарийвчлан заадаг, бүр цаасан дээр зураад үзүүлдэг найруулагч байсан тухай Гавьяат жүжигчин Лха.Долгор агсан нэгэнтээ дурссан байдаг.

“ХУВЬСГАЛЧ” ОЮУН

Э.Оюун Зөвлөлтөд найруулагч мэргэжлээр сурахыг үнэн голоосоо хүсдэг байсан ч “Театр эзгүйрнэ” гэсэн ганцхан шалтгаанаар түүнийг явуулдаггүй байж. “Г.Уваровагаар хэлүүлээд, өөрөө учирлаж гуйгаад ч найруулагчийн сургуульд явж чадаагүйдээ гомдож билээ” хэмээн бүр хожим дурссанаас үзэхэд ажлынхаа төлөө том хүсэл мөрөөдлөө зольсон гэлтэй.

Гэвч “золиос” үүгээр дуусаагүй. Охин П.Гүндэгмаа, хүү П.Зориг нарыгаа харуулахын тулд хөөцөлдөн байж ээжийгээ ажлаас нь гаргуулаад, ар гэрийн бүх ажлыг түүнд даатгасан тэрбээр Монголын театрын төлөө хувь амьдралаа ч хойш тавин зүтгэжээ. Тийм ч учраас 1942 онд “Алтан гадас” одон, 1944 онд Ардын жүжигчин, 1946 онд Төрийн шагнал хүртсэнээ бүгдийг ээжийнхээ шагнал гэж онцолдог байж.

“Хань Пүрэвтээ халамж анхаарал тавьж чадаагүй биш, оролдоогүй минь юутай харамсалтай, ямар их нүгэл байгаа вэ гэж одоо санах юм. Ээж, дүү нар болон над шиг үл бүтэх хүнийг үргэлж хайрлаж явсан ханийнхаа ачлал, тусыг огт хариулж чадаагүй нь гаславч баршгүй алдаа. Гэлээ гээд яах ч аргагүй.

Би тэр үед улсын төлөө мөн их зүтгэж байна гэж хий дэмий бодож байснаас биш, хань нөхрийнхөө адил ажил, амьдралаа зохицуулах ухаангүй явжээ” хэмээн “Амьдралын зам” номдоо дурссан байх юм. Э.Оюун гуай бага залуудаа хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт аавыгаа, хожим идэр насандаа ханийгаа алдаж, хорвоогийн хатуу хүтүүг хангалттай амссан ч хэзээд дайчин, хатуужилтай нэгэн байсан тухай ойр дотнынхон нь хэлнэ билээ.

Уран бүтээлийн тухайд хатуу шаардлагатай, зарчимч, зарим үед жүжигчдээ цохиод авахаас ч буцахгүй “Төмөр хатагтай”-н цаана угтаа хүний төлөө гэсэн сэтгэл нь юухнаас ч мэдрэгддэг тийм нэгэн ертөнц байж. “Гарваа” хэмээх зохиолоор нь Б.Баатар найруулагч жүжиг тавихад гол дүрд Д.Мэндбаяр гуай тоглох болж.

Гарваа хэмээх багш эмэгтэйн дүрийг найруулагчийнхаа сэтгэлд хүртэл гаргаж чадахгүй “зовж” явсан тэрбээр эцсийн мөчид Оюун багшийгаа өөрийг нь “барьж авсан” гэдэг. Тэгээд театрын уран сайхны зөвлөлд байдаг багш нь үзээд, юу гэх бол гэхээс яс нь хавталзаж явтал Э.Оюун гуай таараад “Үгүй, чи мөн янзын хүүхэд шүү” гээд нуг нуг инээн, өөрийг нь “хуулах” эрх олгосон тухай Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай дурсах дуртай юм билээ.

“Багш минь өөрөө мөнхийн завгүй, судалгаа шинжилгээ гээд бичиг цааснаас салдаггүй байсан мөртлөө бусдад юм хэлж өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй, тийм их сэтгэлтэй хүн байв. Шинэ кино, жүжгийн тухай бичсэн миний хэдэн юмыг тоож, энд тэндэхийн сонин хэвлүүлд гаргуулна. Хожим нас дээр гарсан хойно нь хүртэл би Улсын их дэлгүүрийн зүүн талд байх гэрт нь очиж, шүүмжээ үзүүлдэг, зөвлөгөө авдаг байв.

Багш минь угийн бие жижигтэй хүн байсан. Жижигхээн, буурал хөгшин цонхны хажууд түшлэгтэй сандал дээр сууж байдаг нь санаанаас гардаггүй юм” хэмээн түүний отгон шавь Н.Ганхуяг ярьсан. Багш нь европ маягийн ахуй амьдралд ойр, сүүтэй цай барагтай бол уудаггүй, тос өөхтэй хоол иддэггүй нэгэн байсан гэнэ.

Эрдэнэбатхааны Оюун хэмээх энэ эрхэм хүмүүнийг Монголын театрын загалмайлсан эх гэж болохоор. Тэрбээр жүжигчин, найруулагч гэх мэт боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхэд анхаарч, МИУС, Улсын багшийн дээд сургуульд шинэ ангиуд нээн, өөрөө багшилж байв. Түүнчлэн Театрын музей болоод Монголын урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай