“Эрдэнэс Тавантолгой”-д Хонконг холын мөрөөдөл

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах гэнэ. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд дээгүүр эрэмбэтэй Тавантолгойн ордын дийлэнхийг эзэмшдэг эл компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах үлгэр 2011 оноос эхэлсэн. Хэд хэдэн удаа хувьцааг нь арилжих хугацаа товлосон ч замран алга болдог нь жам мэт болжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Манайх гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах бодлого баримтлан ажиллаж байгаа” гэж сүүлийн үед ярих болсныг шинэ үлгэр эхлүүлсэн хэрэг гэж хардаж байна. Зам зуурт давах олон даваа хүлээж байхад гэрийнхээ үүднээс мордохоо хамгийн сүүлчийн том уулын оройд гарна гэж ярих хэрэг юу сан билээ. Түүний үгийг мэргэжлийн бус, улстөржсөн ээлжит мэдэгдэл гээд санах ойдоо хадгалчихад гэмгүй.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Хонконгийн хөрөнгийн биржид хувьцааг нь арилжина гэж холын мөрөөдлөө ярихын оронд Засгийн газраас иргэдэд тарааж өгсөн үнэт цаасыг нь “амь оруулах” талаар илүүтэй ажиллах хэрэгтэй” гэсэн байр суурийг сүүлийн жилүүдэд илэрхийлсээр буй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөлийг долоон жилийн өмнөхтэй харьцуулахад эрс дээшилсэн. Тэднийх 800 тэрбум төгрөг давсан өрөө барагдуулж бараг дууслаа. Энэ оны эхний хагас жилд багтаагаад Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын зээл төлчихвөл ашигтай ажиллаж эхэлнэ. Бас хэний өмч гэдэг нь мэдэгдэхгүй байсан 15 тэрбум ширхэг хувьцааныхаа учрыг олж, хужрыг тунгааж байгаа бололтой.

Аль 2016 онд байгуулагдсан “хувьцааны учир олох ажлын хэсэг” бүтэн хоёр жил зөрөлдөж, маргалдсаны эцэст нийт хувьцааных нь 65 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 14-ийг иргэд, нэгийг нь аж ахуйн нэгжүүдэд бүртгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 20 хувь буюу гурван тэрбум ширхэг хувьцааг “халаасалж” хоцрох гэнэ. Ашигтай ажиллаад, хувьцааныхаа учир тоймыг олоод ажил урагш алхсан ч хэзээ хөрөнгийн зах зээлд хөл тавих нь мөн л тодорхойгүй.

Нэгэнт л аж ахуйн нэгж, иргэдэд хувьцаагаа эзэмшүүлэх шийдвэр гарган, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данслуулчихсан учир Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад, хөрөнгийн биржид бүртгүүлээд гүйцээ. Өөрөөр хэлбэл, олон жил үр шимийг нь үзэх гэж хүлээсэн 1072 ширхэг хувьцаа “амь орно” гэсэн үг. Гэвч улс төрөөс их зүйл хамаарах нь дамжиггүй. МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг тараах амлалтаа биелүүлэхийн тулд нэг хүнд сая төгрөгтэй дүйлгэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тараасан. Тэгэхээр хувьцааг “амь оруулах”, эсэх нь ч бас л улс төрийн асуудал болж таарах биз.

Шинжээчид “2020 оны сонгуулиас өмнө 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэхгүй” гэж улс төрийн өнцгөөс харсан таамаг дэвшүүлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлбэл хоёр сая иргэн хувьцаагаа арилжих эрхтэй болно. Хувьцаандаа эзэн суусан олон иргэн худалдаж эхлэх нь мадаггүй.

УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авч байна” гэсэн цуурхал сонссон иргэд Урт цагааны гудамжийг дүүргэн “Хэн нэгэн ирж худалдаж авна” гэж өдөр, шөнийг үл ажран горьдон хүлээсэн нь “арилжааны уралдаан” болохыг бэлхнээ илтгэнэ. Монголын хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны арилжаагаар бялуурбал ханш гэрлийн хурдаар уруудах нь ойлгомжтой. Нэг сая төгрөгтэй дүйцүүлж тараасан хувьцааных нь ханш зуун мянган “цаас”-ны үнэтэй болчихвол өнөөгийн эрх баригчид өмнөх амлалтаа биелүүлж чадаагүй гэсэн хэрэгт унана. Тиймээс МАН-ынхан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амь оруулах” нь улс төрийн оноо биш, алдаа болно гэж эмээж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын хөрөнгийн зах зээлд хэзээ хөл тавих нь тодорхойгүй байхад Хонконгийн биржид гарах тухай ярихыг сонсох танд ямар санагдаж байна вэ. Нийт хувьцааны 20 хувь буюу гурван тэрбум ширхэг хувьцааг “халаасалж” үлдсэнийг дээр дурдсан. Үүнийг л Хонконгийн хөрөнгийн биржид арилжих юм гэнэ. Бизнесээ өргөжүүлэх төсөл санхүүжүүлэхийн тулд компанид хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог.

“Эрдэнэс Тавантолгой”-д хэрэгжүүлэхээр шийдчихсэн тодорхой төсөл байна уу. Нүүрсний төмөр замыг “Монголын төмөр зам”, Тавантолгойн цахилгаан станцыг дотоодын MCS, Японы “Марубени” корпорац барихаар болоод буй. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан. Баяжуулах үйлдвэр барихад 500 сая ам.доллар шаардлагатай.

Өмнөговь аймгийнхан Балгасын улаан нуураа орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах усны нөөц дутагдаж, төсөл гацаад буй. Баяжуулах үйлдвэр барилаа гэхэд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг компанид төдий хэмжээний мөнгө босгохын тулд гадаадын хөрөнгийн биржийг зорих хэрэг бий юү. Бараг л гурван жилийн ашгаараа үйлдвэрээ барьчих юм биш үү.

Баталгаагүй эх сурвалж “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжиж, “босгосон” мөнгийг татаж авах санаатай, гадаадын хөрөнгийн биржид гаргахаар зүтгүүлж байгаа” гэж ярив. Тийм байлаа гэхэд Хонконгийн хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бүртгэх үү. Монголын уул уурхай моодонд орж байсан 2010-2012 оны үед Хонконгийн хөрөнгийн биржийн захирал “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх санал тавьж байсан удаатай.

Харин одоо тэд зангаа хувиргаж, Монголын уул уурхайн компаниудаас жийрхдэг болсон гэнэ лээ. Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголд ажилладаг компаниудын үйл ажиллагаа улс төрийн шийдвэрээс шалтгаалж доголдон, хувьцааных нь ханш хэдэн арав дахин унасан гашуун сургамж бий. Тухайлбал, “Энержи ресурс”-ийн толгой компани “Mongolian min­ing corporation”-ы хувьцаа долоон хонконг доллароос 0.24 хүртэл 29 дахин буураад байна. Мөн “МонЭнКо” компанийн эцэг “Mongolia energy corporation”-ы хувьцааны ханш анх 210 хонконг доллар байсан бол 0.19 болтлоо хямдарлаа.

Хувьцааных нь үнэлгээ хэдэн арав дахин хямдарч, мөнгөө салхинд хийсгэсэн хөрөнгө оруулагчид уураа Хонконгийн хөрөнгийн биржийн удирдлагад гаргаж буй нь дамжиггүй. Жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг онцгой анхаардаг хөрөнгийн биржүүд тэдний гомдоосондоо хөндсөндөө гэмшиж байгаа нь гарцаагүй. Тиймээс “найдваргүй этгээд” гэгдэх болсон Монголын компаниудыг хөрөнгийн зах зээлдээ хөл тавиулах нь юу л бол. Нүүрсний төмөр замаа тавьж, тээврийн зардлаа бууруулсны дараа ч юм уу, эсвэл улс төрийнх нь бодлого тогтвортой болсон цагт биднийг арай өөр нүдээр харж магадгүй юм. Тэгэхээр Хонконгийн хөрөнгийн биржид хөл тавих нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд холын мөрөөдөл гэлтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай