С.Мөнгөнцэцэг: Надаас олон сонгодог БҮСГҮЙГ олж харж болно

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан МУГЖ С.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Түүнийг гурван толгодын дунд хайрынхаа төлөө тэмцсэн Хоролмаа, улс үндэстнийхээ хувь заяаг дурлалаасаа илүүд үзсэн Аида, ихэмсэг бардам Тоска, насаараа Америк усан цэрэг Пинкертонг хүлээсэн үзэсгэлэнт япон бүсгүй Чио Чио Сан, уянгалаг Татъяанаагаар нь үзэгчид илүүтэйгээр мэдэх биз ээ. Тэгвэл энэ удаад тэрбээр Кармен дуурийн Микаэлагийн дүрд хувилахаар зэхэж буй.

-Таны бодлоор сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлдэг вэ. Эмэгтэй хүний гоо сайхан, дотоод мөн чанар юунд оршдог гэж боддог вэ?

-Сайхан бүсгүйг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Миний хувьд гадаад, дотоод мөн чанар цогцоороо бүрдэж байж “сайхан” гэдэг тодотголд хүрдэг болов уу гэж боддог. Мөн нийгэмд эзлэх байр суурь, бусдад хэрхэн үлгэр дуурайлал болж байгаагаар нь үнэлэгддэг. Монголд ч ийм бүсгүй олон бий.

-Дотоод мөн чанараас дутахгүйгээр гадаад гоо сайхан чухал байх. Та өдөр тутмын гоо сайхандаа хэрхэн анхаарч, санаа тавьдаг вэ?

-Эмэгтэйчүүд гоо сайхандаа их анхаардаг болж. Нийгэм ч өөрөө үүнийг шаардаж байна. Тэр тусмаа үргэлж бусдын нүдэнд ил байдаг урлагийнхан маань өдөр тутамдаа арьс арчилгаа, нүүр будалт, хувцсандаа онцгой анхаардаг. Учир нь бидэнд олон дүрээр хувилж үзэгчдийн өмнө гарах шаардлага тулгардаг. Жишээлбэл, надаас олон сонгодог бүсгүйг олж харж болно. Би Ромын уран зураг шиг гоо бүсгүй Тоска шиг харагдах хэрэгтэй байдаг бол сарын дараа гэхэд японы үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан болсон байх жишээтэй. Эдгээр дүрийг үзэгчдэд хэрхэн тод харуулах вэ гэдэг нь маш чухал. Иймд бидэнд давхар “илүү” сайхан явах үүрэг ногддог. Мэдээж урлагийнхан бид үргэлж будаг хэрэглэдэг учир арьсаа маш сайн арчилж, цэвэрлэж байх ёстой. Арьс арчилгаа урлагийнхан гэлтгүй бүсгүй хүн бүрт маш чухал.

-Та Хоролмаа, Аида, Тоска, Татъяана, Чио Чио Сан, Леонора гэх мэт олон бүсгүйн дүрийг бүтээсэн. Эдгээрээс аль нь эмэгтэй хүний гоо сайхныг илүү тодотгож өгсөн гэж боддог вэ?

-Тэрийг гэж онцлоход их хэцүү. Сарын өмнө гэхэд би Чио Чио Сангийн дүрд хувирсан бол хэдхэн хоногийн дараа Кармен дуурийн Микаэлагийн дүрд дуулна. Энэхүү дуурийн бэлтгэл эхэлсэн цагаас хойш би Микаэлагийн бүхий л чанар, зан ааш, давуу талыг судлаад, Микаэлагийн дүрдээ дурлах шаардлагатай. Чио Чио Сангаас юугаараа ялгаатай, Микаэла дээр өөрийгөө хэрхэн хөглөх ёстой, үзэгчдэд ямар сэдлийг төрүүлэх ёстой вэ гэх мэтчилэн уран бүтээлч хүнд оногддог даалгавар бий. Үүндээ орчихсон явж байгаа болохоор өнөөдөр би Микаэладаа дурлачихсан явж байна. Нэгдүгээр сард Чио Чио Сандаа дурлаад, өөрийгөө япон хүүхэн мэтээр төсөөлж, алхаа гишгээ, зан аашаа хүртэл түүндээ тохируулан өөрчилж явлаа. Тэрэн шиг амьдралдаа тэр дүрдээ илүү хайртай гэсэн зүйл байхгүй.

-Богино хугацаанд дүрээс дүрд хувирна гэдэг нэлээд чадвар, тэвчээр шаардах байх.

-Дүрдээ орох, дүрээс гарахад маш хэцүү. Дуулалтын хувьд ч хоолойн болон сэтгэлийн хөг шаардагддаг. Тухайлбал, Чио Чио Сан дуурь дээр Америк залууд анхны харцаар дурлаад орчлон ертөнцийг ганцхан түүгээр төсөөлсөн 15 настай цагаахан цаас шиг гэнэн япон охины дүр гардаг. Өдөр бүрийг хуримын өдөр шигээ байх болно гэж санаж явсан тэрээр гуравхан жилийн дотор амьдралын бүхий л зовлон шаналал, баяр гунигийг даван туулдаг. Амьдрал хүнийг хэрхэн хатуужуулдаг, амьдралаас хүн юуг сурж болдгийг тэр богино хугацаанд харуулах хэрэгтэй болдог. Хөгжмийн зохиолч маань ч 15 настай охиноос 18 настай нас биед гүйцсэн бүсгүй хүний хоолой шаардсан аяыг бичиж найруулсан байгаа юм. Дараа нь сар хүрэхгүй хугацаанд Микаэла хэмээх хөдөөний гэнэн, өөрийн дурлалдаа харанхуйгаар хөтлөгдсөн охины дүрд хувилах шаардлагатай болсон. Гэтэл дурласан залуу нь Кармен гэгч цыган хүүхэнд дурласан байх жишээний. Энэ мэтчилэн тоглосон дүрүүд маань хоорондоо их ялгаатай. Чио Чио Сан дээр тод хүчтэй гарч ирэх хэрэг гардаг бол Микаэла дээр уянгалаг зөөлөн байдлыг шаарддаг. Иймэрхүү үзэл бодлын зөрчилдөөнийг хурц тодоор гаргаж өгөхийн тулд уйгагүй бэлтгэл сургуулилт, дуучин хүний техник туршлага, чадвар хэрэг болдог.

-Эмэгтэй хүн бүр л цэцгэнд дуртай байх. Харин таныг цэцгэнд илүү ихээр дурлаж, татагддаг юм шиг санагдлаа.

-Бидний ажлыг ойлгодог хүн байхад ойлгохгүй хүн ч гарч ирдэг. Тэд “Та нар их амар ажил хийдэг. Хийх зүйлгүй тайзан дээр дуулаад л зогсож байдаг” гэж хэлдэг. Өнгөц харахад тийм байж болох ч дотроо ороод ирэхээр тийм биш гэдгийг нь ойлгодог. Бид ганцхан дуурийг тавихын тулд бүхэл бүтэн роман, туужийн хэмжээтэй сонгодог зохиолыг үг үсэггүй цээжлэх шаардлага гардаг. Чио Чио Сан, Аида, Тоска мэтийн гол дүрээрээ нэрлэгдсэн дуурийн гол дүр тухайн романы 2/3 хэсгийг ганцаараа, ингэхдээ Испани, Итали, Япон гэх мэт зохиолын эх хэлээр дуулах шаардлагатай. Мөн драмын жүжиг дээр хоорондоо харилцаж, жүжиглэдэг шиг бид ч дуугаар дамжуулан жүжиглэх ёстой байдаг. Үүнийг ч хөгжмийн зохиолч маань шаарддаг. Мэдэхгүй хүний сонсож буй хөгжмийн ноот бүр нь бидний хувьд даалгавар байдаг. Энэ хөгжим дээр тайзны нөгөө тал руу гүйх ёстой шүү, энэ аян дээр би унах ёстой шүү гэдгээ алхам тутамдаа тооцоолдог учир дуучдаас мэргэжлийн ур чадвар, туршлага, хөдөлмөр ихээхэн шаардагддаг. Заримдаа ч үнэхээр ядрах, цуцах үе гардаг л юм. Гэхдээ энэ хичээл зүтгэлийн урам цэцэг, алга ташилтаар дамжин ирдэг юм. Заал дүүрэн хүний алга ташилт, шүтэн бишрэгчдийн минь өгсөн цэцгийн баглаа бидний өдийг хүртэл мэдэрч байсан гуниг, цөхрөл, ядаргааг маань хийсгэчихдэг юм. Ийм болохоор урлагийн бүх хүн цэцгэнд дурладаг гэхэд хилсдэхгүй байх.

-Мартын 8-ныг хэрхэн тэмдэглэдэг вэ. Хэр ач холбогдол өгдөг баяр вэ?

-Улс орон даяар мартын 8-нд татагдахгүй байхын аргагүй уур амьсгал ордог. Миний хувьд дуурьтай, ажил ихтэй байх үе ч гардаг. Үүний сацуугаар хувийн тоглолттой, толгой өндийх завгүй байх тохиолдол ч бий. Заримдаа хэт дөжирчихсөн ч юм шиг санагдаад байдаг юм. Аль 6-наас эхлээд баярын мэндчилгээнүүд ирчихдэг болохоор мартын баяр чинь яг хэдэнд билээ гэж бодох үе ч гардаг шүү (Инээв).

Ер нь баяраар хамгийн үнэнч баярлуулагч маань мэдээж хань минь байдаг. Би өөрөө ч доороо гурван эрэгтэй дүүтэй, айлын том нь. Өглөөд хамгийн түрүүнд аав, дүү нар минь баяр хүргэдэг. Хамт олон минь ч охид, бүсгүйчүүдийгээ сайхан баярлуулж чаддаг.

-Мартаар авсан хамгийн сайхан бэлэг тань юу байв?

-Төрөл бүрийн л бэлэг авч үзлээ. Гэхдээ хүүхдүүд маань зурж бичдэг болсон үеэс хойш тэдний минь хийсэн бэлгийг гүйцэх бэлэг гарч ирээгүй л байна. Чадан ядан алдаатай, муруйлгаж бичсэн, саарийлгаж зурсан зураг шиг сайхан бэлэг хорвоод байхгүй. Чадахгүй ч ээждээ зориулж гаргасан сэтгэл шингэсэн болохоор ч тэр үү сүүлийн үед тэр бэлгийг бут цохиж гарч ирэх бэлэг байхгүй дээ.

-Баярын өдрөөр ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Мэдээж утсаар үргэлж ярьж, сэтгэлийг нь дэвтээдэг. Гэхдээ цаг завгүй ажилладаг болохоор тэр бүр баярлуулж чаддаггүй. Харин өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баяраар театрынхаа хоёр бүсгүйтэй хамтарч зөвхөн ээждээ зориулж “Хамаг Монголын ижий” хэмээх тоглолт хийсэн. Тоглолт дээрээ ээжийгээ маш их тодотгосон. Бас өмнө нь телевизийн нэвтрүүлэгт хамт оролцож байсан. Ер нь уран бүтээлээрээ дамжуулж ээжийгээ баярлуулахыг зорьдог. Юуны тулд охин нь урлагийн хүн билээ, бусад ээжээс илүү онцолж, онцгой байлгахыг хүсдэг.

-Таныг ажиглаад байхад их тайван, амгалан хүн шиг санагддаг?

-Тайван, дөлгөөн гэхээсээ илүүтэйгээр зарчимч байхыг чухалчилдаг. Ийм төрлийн хүн аливаа зүйлд тайванаар хандахад их хэцүү. Бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг зан нь өөрсдийг нь эргээд бухимдуулах гээд байдаг талтай. Гэхдээ өөрийгөө хэзээ, хэрхэн тайван байлгах ёстойгоо мэддэг. Театрын ажлаас гадна хувийн тоглолт хийгээд ирэхээр бидний бие махбодиос гадна тархи маш их ядардаг. Иймд стресс, ачаалал, төлөвлөөгүй зүйлс бий болоход санаа сэтгэлээ чухам яаж амар тайван байлгах вэ гэдэгт суралцах нь чухал юм шиг санагддаг.

-Сайхан бүсгүй, сайн эзэгтэй байхын тулд нөхөр чухал үүрэгтэй байх. Цаг завгүй ажилладаг таны хувьд нөхөр тань хэрхэн хүлээж авч, ойлгож тусалдаг вэ?

-Бидний хувьд хань ижил ойлгож туслахгүйгээр цааш явна гэсэн ойлголт байхгүй. Өдий зэрэгтэй явж байгаа нь ханийн минь хичээл зүтгэлийн ач гэж боддог.

-Тэгвэл таны хувьд гэрийн эзэгтэйн үүргээ хэр сайн гүйцэтгэдэг гэж боддог вэ. Нөхрийнхөө байгуулсан “Танан гарьд”-ын тоглолтыг хэдэн цагаар зааланд сууж үзэж, хоолойгоо сөөтөл орилж дэмждэг хүн бол та шүү дээ.

-Би чинь зааланд хамгийн чангаар хашгирч дэмждэг хүн шүү дээ. Энэ хүн намайг ойлгож, дэмжиж урам өгч яваа болохоор эргээд өртэй гэж санадаг. Өр гэхээр хүнд сонсогдож байж болох ч тухайн хүний сэтгэлийн дэмийн хариу гэж бодохоор харин ч багадна. 

Би өөрөө ч спортод их хайртай. Багаасаа спортын ямар л дугуйлан, секц хичээллэж байна, түүнд очоод бүртгүүлчихдэг хүүхэд байлаа. Одоо ч гэсэн боломж гарвал найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зааланд сагс, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлтээр хичээллэдэг.

-Та ч бас сагс, волейболлын 1-р зэрэгтэй тамирчин байх аа.

-Багаасаа заалнаас салдаггүй охин байлаа. Эхэндээ өндөр маань давуу тал болдог байсан бол удалгүй жижиг тэмцээнүүдэд ороод амжилт үзүүлээд ирэхээрээ урамшаад ирдэг юм билээ. Сүүлдээ багш нар маань орж ирж биднийг заалнаас албан хүчээр хөөдөг байлаа. Ээж аав ч тухайн үед бөмбөг хөөлөө гэж зэмлэдэг байсан ч надад тэгэж явсны хор уршиг гэж байгаагүй. Хүүхэд байхаасаа спортлог байсан учир одоо ч миний бие хөнгөн шингэн хэвээр.

-Хайрлагдана гэдэг чинь өөрөө их том ухаан гэж гэлцдэг. Хайрлагдахад бас учир бий байх. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Юуны түрүүнд хүн өөрөө хайрыг түгээж байж бусдад хайрлагдана гэж боддог. Өөрөө хайрлахгүй байж бусдаас мянган хайр нэхээд ямар ч нэмэргүй. Жижиг ч зүйл дээр хариу нэхэхгүй тусална гэдэг нь эргээд хайрлагдахын тань илрэл юм.

-Та хайрлагдсан эмэгтэй мөн үү?

-Мөн. Тэрхүү хайр нь гэр бүл, найз нөхөд, хамт олон болон өдөр тутам харилцаж байдаг хүмүүсийн минь харилцаа, хүндлэл, харцнаас нь мэдрэгддэг.

-Таны уран бүтээлийн талаар ярилцъя. Спортлог охин урлагийн замыг анх яаж сонгож, орж ирсэн бэ?

-Сонирхолтой санагдсан бүхэн рүүгээ хошуурдаг их сониуч хүүхэд байлаа. Сагс, хөлбөмбөг, шанз хөгжим, тэр бүү хэл морз үсгийн дугуйланд ч явж үзсэн. Дүүгээ дагуулж яваад дугуйлангийн секцэд ч бүртгүүлээд, зун голын эрэг дээр хөвгүүдтэй нийлж хөлбөмбөг тоглоол гэртээ шөнийн бор хоногтоо шороон царайлаад л ордог байв. Тухайн үедээ л “өөрийгөө” эрж хайж, бүтээх гэж явсан юм шиг байгаа юм. Тэгэж байтал зурагтаар дуурийн мундаг эгч нар нээх гоё дэрвэгэр хормойтой, урт даашинзтай гарч ирэхийг харсан юм. Тэдний дуулах нь сонин биш хэрнээ даашинз нь л гоё харагдаад л ганц удаа ч гэсэн өмсөж үзмээр санагдаад байдаг байсан. Үүний дараа театрчилсан жүжигнүүдийг үзээд тэдний гаргаж буй сэтгэл хөдлөлүүд мундаг санагддаг болчихсон байсан юм. Яг энэ үеэс л тайзны урлагт татагдаж эхэлсэн юм уу даа. Тэгсэн наймдугаар ангидаа Төв аймгийн Хүүхэд залуучуудын төвөөс зохион байгуулсан жүжгийн уралдаанд өөрийнхөө найруулсан жүжгээр ангийнхаа удирдаад оролцсон чинь түрүүлж байсан юм. Энэ хугацаанд бөмбөгөө хаяхгүй үргэлжлүүлж байсан ч жүжигчин, бүжигчин болох нь илүүтэйгээр таалагдаж байсан юмдаг. Гэтэл ээж, аав, багш нар маань намайг эмч болгох хүсэлтэй байсан юм. Учир нь намайг урлагаар амжилт олохгүй, хэзээ ч ийм том театрын дуучин болно гэж бодоогүй. Урлагийн хүн болно гэхээр аймгийн хөгжимт драмын хөгжимчин эсвэл бүжигчин болно л гэж бодсон байх. Би Төв аймгийн дөрөвдүгээр сургуулийн анхны төгсөгч л дөө. Энэ нь тухайн сургуулийн түүх биднээс эхэлж байгаа гэдэг утгаараа захирал, багш нар маань намайг анагаахын сургуульд оруулах хүсэлтэй байсан.

Тэгээд л төөрч явсаар СУИС-ийг сонгож байлаа. Одоо бодоход өөрийнхөө зурсан зургаар л явж дээ гэж бодогддог. Хэдийгээр дунд нь төөрөгдүүлэх эргүүлэг бишгүйдээ л гарч ирсэн ч энэ замаасаа ухарч үзээгүй.

-Таны амьдралтай “Трубадур” дуурь салшгүй холбоотой гэж сонслоо. Энэ тухайгаа хуваалцаач.

-Одоогоос 17-18 жилийн өмнө нөхөртэйгөө дөнгөж үерхэж эхэлж байхдаа төрсөн өдрөөрөө энэ дуурьт урьсан юм. Өмнө нь бие биеэ мэддэг, таньдаг байсан ч найзалж эхэлж байсан үе. Миний төрсөн өдрөөр Болгарын Үндэсний дуурийн театрт “Трубадур” дуурь тоглосон юм. Ж.Верди түргэн хэмнэлтэй, хүний сэтгэл хөдөлгөсөн оргилуун хөгжимтэй дуурь бичдэг онцлогтой. Бас энэ дуурийн үйл явдал бусад дууриас илүү сонирхолтой л доо. Төөрөлдсөн ах дүү хоёр, нэг бүсгүйд дурлаж, тэмцэлдэж байгаа тухай өгүүлдэг юм. Манай хүн энэ дуурийг амьсгаа даран үзэж билээ. Түүнээс хойш манай хүн надаас “Чи энэ дуурьт хэзээ дуулах вэ”, “Чи яг одоо “Трубадур”-т дуулах уу” гэж дандаа асуудаг болсон.

Тухайн үед энэ дуурийн партыг барьж авахад эрт байсан ч нөхөртөө таалагдахын тулд ч юм уу, ноотыг нь ноолортол л авч явсан. Олон ч багш дээр очсон. Гэхдээ цаг нь болоогүй, эрт байсан л даа. Миний хоолойнд ч бага зэрэг тохиромжгүй байсан юм. Тэр өдрөөс хойш 10 гаруй жилийн дараа л мөрөөдлөө биелүүлсэн дээ. Тэр өдрийг хэзээ ч мартамгүй. Тоглолтын дараа надад 15 ширхэг цагаан сарнай бэлэглээд, хоёулхнаа баярыг маань хамгийн романтик, сэтгэл хөдөлгөм байдлаар тэмдэглэж билээ.

-Та Болгорын театрт ажиллаж, дэлхийн сонгодог урлагийн од болон гялалзаж байсан цөөн хүний нэг. Яагаад Монголд ирэхээр шийдсэн бэ. Гаргасан шийдвэртээ харамсаж байв уу.

-Нөхөртэйгөө хамт амьдраад 5-6 жилийг үдчихсэн үе. Энэ үед сонголт хийхэд маш хэцүү байсан. Болгарт Монголчууд маш цөөн байсан юмдаг. Хэрэв би нөхөртэйгөө хамт Монгол руу ирээгүй байсан бол өнөөдөр магадгүй Болгар хүний гэргий болчихсон явж байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тухайн үед өөр орчинд өөр хүнтэй хамт амьдарч, өөрийнхөө бүх юманд дасгах эсвэл өөрөө тухайн хүндээ тохируулж дасаж амьдарна гэдэг боломжгүй мэт санагдаж байсан.

Үүнээс гадна Болгарын театр маш хатуу, нарийн нөхцөлтэй. Бүтэн жилээр гэрээ хийгээд ажиллаж байхад жирэмсэн болно, хүүхэд төрүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Дээрээс нь хүүхэд төрүүлээд ажилдаа орлоо гэхэд хүний газарт эцэг эхээсээ хол байгаа нөхцөлд хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуудал маш төвөгтэй байсан. Тийм болохоор би энд ирсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Одоо би сайхан хамт олон, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар гурван хүүхдээ өсгөнгөө хүссэн дүрдээ тоглоод жаргалтай явж байна.

-Өнөөдөр баяраа тэмдэглээд явж буй Монголынхоо мянга мянган бүсгүйчүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөх үү.

-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд маань зүгээр баярлаад өнгөрөх бус эрхээ хамгаалуулахаар тэмцдэг болж. Өнөөдөр эрх нь зөрчигдөж буй олон мянган эмэгтэй бий. Тэднийхээ төлөө дуугараад, тэмцээд явж байгаад нь маш их баярладаг, мөн дэмждэг. Иймээс заавал олныг хамрах бус тодорхой хүрээллийнхээ хүмүүстэй хамтраад тэдэн рүү хандсан олон ажил хийвэл зүгээр болов уу гэж боддог. Ингээд Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Эмэгтэй хүн бүр жаргах эрхтэй. Амьдралынхаа мөч хором бүхнийг жаргалтай өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай