Эмэгтэйчүүдийн асуудлаар шоу хийхээ больё

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр гэгддэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон дэлхийн энх тайвны төлөөх өдрийн мэндийг эрхэм уншигчдадаа хүргэе!

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл хэдэн зуун жилийн түүхтэй ч Мартын 8 гэх энэ өдрийг 1913-1914 оны үеэс тэмдэглэж эхэлсэн юм байна. Дэлхийн I дайны жилүүдэд эмэгтэйчүүд зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, дэлхийн энх тайвны төлөө Мартын 8-нд буюу гуравдугаар сарын 8-нд жагссан түүхтэй. Тиймээс ч дэлхий даяар энэ өдрийг нийгэмд оруулж буй эмэгтэйчүүдийн хувь нэмэр, тэдний эрхийн талаар ярилцахад зориулдаг болсон юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн жишгээр гуравдугаар сарын 8 бол баярлаж, цэнгэдэг өдөр биш. Манайх болон хуучин социалист системийн орнуудад л энэ өдөр цэцгийн баглаа барьсан эрчүүд, хөөрч баярласан эмэгтэйчүүдтэй хаа сайгүй тааралддаг онцлогтой. Бид гуравдугаар сарын 8-ныг баярын өдөр гэж тэмдэглэдгээс биш жендерийн тэгш эрх ямар түвшинд явж байгаа, өнгөрсөн хугацаанд хэр ахиц гарсан талаар төдийлөн нухацтай ярилцаж, бодит шийдэл гаргадаггүй нь гашуун үнэн.

Урьд нь сонгууль өгөх, өмч эзэмших эрхгүй байсан эмэгтэйчүүдийн өмнө өдгөө тулгарч буй асуудлууд нь далд, илүү ярвигтай байна гэж тодорхойлж болно. Дэлхийд төдийгүй Монголд эмэгтэйчүүдийн ихэнх нь ядуу амьдарч байна. Тэд яг адилхан ажил хийсэн ч, эрчүүдийн дундаж цалингийн 77 хувийг л авч байгаа. Мөн хүчирхийлэлд, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хүчирхийлэл гэх энэ сэдвээр бид ч өнгөрөгч жил нэлээд шуугилаа.

Харамсалтай нь, дорвитой өөрчлөлт авчрахуйц ажлыг хохирогчдын төлөө хийж чадсангүй. Хэн хүнгүй загвар хөөн, дуу дуугаа аван буруушаасан хэрнээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн хамгийн түрүүнд очдог, халуун цэг болсон Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хороодын хамтарсан баг гэхэд л сарын бичиг хэргийн хэрэглээний хоёр боодол цаасаа дуусчихвал “гуйлга” гуйдаг хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ. Зодуулчихаад, цус нөжөө гоожуулаад ирсэн хүнийг орогнох байр руу нь хүргээд өгөх машин, унааны мөнгө ч тэдэнд алга.

Ажилтнууд нь гэртээ ээлжлэн авч хонодог гэх юм. Эмэгтэй гишүүд санаачлан хүүхэд хамгаалалд зориулж төсөвт суулгасан таван тэрбум төгрөгөөс эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах ажил хийж байгаа энэ хүмүүст л лав очоогүй. Мөнгө суулгаад орхих биш, арай илүү сэтгэл гаргаад хэрэгтэй хүнд очсон, эсэхийг нь хянасан бол хэдэн танилцуулга хэвлээд л энэ мөнгө дуусчихгүй байсан биз.

Нийслэлийн хэмжээнд нийт 500 сая төгрөг төсөвлөхөд л эдгээр хамтарсан баг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Хүчирхийлэл гэдэг нь өөрийгөө сурталчлах арга биш, үүний цаана хүний амь нас, амьдрал хөндөгдөж байдаг гэдгийг хэзээ ухамсарлах вэ.

Хороодын хамтарсан багийн тухай “Өнөөдөр” сонины бэлтгэсэн “Дугаарын онцлох сэдэв”-ийг уншаад бизнес, нийгэмд тэргүүлж буй эмэгтэйчүүд, бүсгүйчүүд давамгайлдаг сэтгүүл зүйн салбар, мөн эрчүүд бодит өөрчлөлт авчрахад өөрсдийн хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Эрхэм хүндэт УИХ-ын эрэгтэй, эмэгтэй гишүүд ээ, улстөрчид өө, та нарын мэндчилгээ сайхан ч хоосон магтаал төдий юм. Энд тэнд цуглуулж, биднийг цэцэг цэврүүгээр нь дуудах ч хэрэггүй. Эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудыг бага багаар ч болов шийдэж өгөөч ээ гэж чин сэтгэлээсээ хүсье!

Эрхэм уншигч танд энэ хамтарсан баг болоод хүчирхийллийн эсрэг санаа, бодлоо хуваалцах зүйл байвал манай сонин руу захидал илгээх юм уу, www.unuudur.mn сайтад сэтгэгдлээ үлдээнэ үү. Таны нэрийг бид нууцлах болно. Дэлхийн олон улс орны хувьд гуравдугаар сар нь түүхэнд оруулсан эмэгтэйчүүдийн хувь нэмрийг дурсдаг үе билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай