О.Насанбурмаа: Намайг гадаадад тэмцээнтэй үед ээж минь унтах байтугай хэвтэж ч чаддаггүй гэсэн

Чөлөөт бөхийн ДАШТ-ий гурван хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, нэг хүрэл медальтай, Азийн наадмын дэд аварга, Үндэсний шигшээ баг, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаатай ярилцлаа. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн дэвжээнд хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан цорын ганц тамирчин тэрбээр улсын аваргын долоон түрүүтэй.

Хамгийн залуудаа буюу 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д анх түрүүлсэн түүний эгч нь Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, улсын долоон удаагийн аварга О.Мягмарсүрэн. Эмэгтэй бөхчүүдээс эгч, дүү хоёр улсын аварга болсон ганцхан тохиолдлын эзэн нь тэд.

О.Насанбурмаа эгчээсээ үлгэрлэн, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлагад 14 настайгаасаа чөлөөт бөхтэй амьдралаа холбоод удаагүй, ганц ч тэмцээнд хүч сориогүй байхдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, цахиур хагалсан юм. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилтын эзэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн дэвжээнд үзүүрлэсэн билээ.

-Тивийнхээ аваргаас арван жилийн дараа хоёр дахь мөнгөн медалиа хүртсэнд баяр хүргэе. Аваргын төлөө барилдаанд Хятадын бөхөд ялагдсан. Алдаагаа хэрхэн дүгнэв?

-Баярлалаа. Би залуу, шинэ гарч ирж буй бөхчүүдэд боломж олгохын тулд Азийн АШТ-д төдийлөн оролцдоггүй. Энэ жил дөрөв дэх удаагаа өрсөлдлөө. Хошой аварга болох зорилготой оролцсон ч түүндээ хараахан хүрч чадсангүй. Узбекистан, Япон, Казахстаны бөхийг цэвэр ялж шигшээд шалгарсан ч Хятадын тамирчинд дийлдлээ. Түүнтэй анх удаа өрсөлдсөн.

Хүч сорихынхоо өмнө барилдааныг нь нэлээд судалж, төлөвлөгөө боловсруулахад чац урттай, барилдахад эвгүй, уян нь анзаарагдсан. Барилдааны эхнээс санаачилгатай өрсөлдөн, баруун, зүүн хөлийг нь авахаар дэвжээнд гартал миний санаснаас тэс өөрөөр хүч сорьсон. Барилдааныг минь сайн судалсан байна лээ. Хоёр гар таллаж барин, огт зай гаргаагүй. За яах вэ, юм нэгээр дуусах биш дээ.

Түүнтэй дахин таарвал хэрхэн барилдах талаар Т.Сүхбаатар багштайгаа ярилцаж байгаа. Түрүүлж чадсангүй гээд сэтгэл дундуур байгаа ч мөнгөн медалиа юу гэж чамлах вэ. Эмэгтэй бөхчүүд бүгд медалийн төлөө барилдан, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн, багаараа хоёрдугаар байрт шалгарсанд олзуурхаж байна.

-Та хонгодох мэхийг төдийлөн хийдэггүй. Саяын Азийн АШТ-д хэд, хэдэн удаа гүйцэтгэнэ лээ. Хонгодож барилдахыг хэн зөвлөв?

-Баруун, зүүн хөл авах, толгой уургалж, сугадах нь миний барилдааны гол онцлог. Ханийг минь С.Доёддорж гэдэг. Завхан аймгийн харьяат, аймгийн начин цолтой. Манай хүн надад хонгодох мэх хийхийг зөвлөсөн юм. Азийн дэвжээнд анх удаа хийж үзлээ. Өрсөлдөгчдөө хонгодох мэх хийсний дараа бичлэгийг нь С.Доёддоржид үзүүлэх гэж нэлээд яарсан. Хань минь “Сайн сурсан байна” гэсэн. Цаашид дархан мэхээ болгож, улам нямбай хийж сурахын тулд сайн давтана аа.

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жинд өөрчлөлт оруулсны дагуу та 72 кг-д хүч сорьж байгаа. Өмнө нь 69 кг-д барилддаг байсан. Жин өгсөж барилдах амаргүй. Шинэ жиндээ хэр хурдан дасах бол?

-Гуравхан кг-ын зөрүүтэй юм шиг боловч нэлээд ялгаатай. Ойрын хугацаанд шинэ жиндээ дасчих байх аа. Жин өгсөхөөр өөрөөсөө жин, чацаар илүү, бяртай тамирчидтай барилддаг. Тэднээс дутуугаа нөхөхийн тулд хүч, тэсрэлтийн бэлтгэл сайн хийх шаардлагатай. Дэлхийн цомд оролцсоныхоо дараа ганцаарчлан бэлтгэлээ базаахаар төлөвлөсөн.

-Өмнө нь тантай хоёр ч удаа ярилцагын цаг товлохоор холбогдоход “Эко” спорт цогцолборт байрлан, бэлтгэл хийж байсан. Ер нь тэнд бэлтгэлээ тогтмол базаадаг уу?

-Зөвхөн би гэлтгүй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид тэнд бэлтгэл хийдэг. Бид Азийн АШТ-д оролцоод ирснийхээ маргааш “Эко”-д байрласан.

-“Эко” спорт цогцолбор Улаанбаатар хотоос 30 гаруй км-ийн зайтай. Тэгэхээр гэртээ зорин байж очино, үргэлж байх боломжгүй. Ер нь Цагаан сараас хойш хэдий хугацаанд тэнд байрлав?

-Долоон хоног бүрийн ням гаригт бэлтгэлгүй, тэгэхэд л амарна. Бусад өдөр бэлтгэл хийгээд ажил, төрөл амжуулах, гэр бүлийнхэндээ цаг гаргах боломж бараг гардаггүй. Бямба гаригийн орой гэртээ ирж, ганцхан хоночихоод “Эко”-д очдог. За тэгээд, тэмцээнд оролцвол бүр ч завгүй.

-Тамирчны амьдралын хэв маяг жирийн хүнийхээс тэс өөрийн нэг илрэл нь энэ болов уу. Бэлтгэл, тэмцээн гэсээр хувийн амьдралдаа төдийлөн цаг гаргаж чаддаггүй.

Ялангуяа, эмэгтэй хүнд бүр ч амаргүй нь лавтай. Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Ж.Мөнхбат аварга “Тамирчин зодог тайлсны дараа хэмхэрхий хэдэн яс, хэлхээтэй хэдэн төмөр үлддэг” хэмээн тоглоомоор хэлсэн нь гашуун боловч үнэн үг л дээ. Би бүх л тэмцээнд оролцсон, дэлхийн дэвжээнд түрүүлэх, олимпоос медаль хүртэх, аварга болох л дутуу. Хань минь “Зорилгодоо хүртлээ битгий шантарч, хувийн амьдралдаа санаа зовоорой. Чиний минь мөрөөдөл юу юунаас илүү чухал” гэж намайг дэмждэг. Эрэгтэй хүн спортоор хичээллэн, гэртээ байхаасаа байхгүй нь их ч эхнэр нь арыг даачихна.

Эмэгтэй тамирчин гэр бүл, боловсрол, хүүхэд гээд бүх зүйлээ хойш нь тавихаас өөр аргагүй, хангалттай цаг гаргах боломж хомс байдаг гэмтэй. Тэгэхгүй л бол амжилтад хүрч чадахгүй. Үүний сацуу шантармаар, энгийн амьдаръя гэмээр үе тохиолдохыг алийг тэр гэх вэ. Цагаан сар, улсын наадамд хүмүүс баярлаж байхад бэлтгэл, тэмцээн гээд явах энүүхэнд. Эмэгтэй хүн л болсон хойно гэр бүлдээ цаг гаргаж, үрийн зулай үнэрлэх сэн гэж бодолгүй яах вэ.

2003 онд чөлөөт бөхөөр хичээллэж эхлэснээс хойш Т.Сүхбаатар багш “Хүмүүс унтан, өрсөлдөгч чинь амарч байхад хөдөлмөрлөж, бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бусдаас хэдий чинээ илүү хөдөлмөрлөнө, төдий чинээ амжилтад хурдан хүрнэ” гэж захидаг. Сайн ханьтай учирч, гэр бүлийнхэн минь үргэлж дэмждэг болохоор би өнөөгийн амжилтад хүрсэн. “Гэртээ байхаасаа байхгүй нь их” гээд шүүмжилдэг, зэмлэдэг байсан бол элдэв юм бодогдоод бэлтгэлдээ төвлөрч чадахгүй, өдийд чөлөөт бөхөөр хичээллэхээ больчих ч байсан юм бил үү.

Намайг олон улсын тэмцээнд барилдахад ээж унтах нь байтугай ер хэвтдэггүй гэнэ лээ. Учрыг нь асуухаар “Бөх хүний ээж хэвтэхээр охин минь уначих юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор тэмцээнийг нь дуустал унтдаггүй юм” гэсэн. Миний ээж тийм л ухаантай хүн. Цагийн зөрүүнээс шалтгаалаад олон улсын тэмцээн Монголын цагаар өдөр, шөнө, үүрээр гээд хэдийд ч болж магадгүй. Тэр бүхэнд ээж минь цайныхаа дээжийг өргөн, хэвтэхийг цээрлэн, цамцны минь захыг мушгиад суудаг гэнэ лээ. Би тэмцээн дуусангуут ээжтэйгээ холбоо барьж, хурдхан амраахыг хичээдэг.

Хүсэл мөрөөдөлтэй, зорилготой амьдрах хамгийн сайхан. Түүнийхээ төлөө бүхнээ зориулан, уйлж, дуулж явахаас илүү жаргал гэж юу байх вэ. Би чөлөөт бөхгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй, бүхий л эд, эсээрээ мэдэртлээ энэ спортод дурласан. Гэртээ амарч байхад хүртэл өөрийн мэдэлгүй бэлтгэл, барилдаан бодогдож, нүдэнд харагддаг. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. 2003 онд чөлөөт бөхөөр хичээллэн, Азийн цомын тэмцээнд багийнхнаасаа хамгийн балчир нь оролцож байсан үе өчигдөр юм шиг санагдавч нэг л мэдэх нь ээ 15 жил өнгөрч.

Одоо тэгсэн чинь чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч нь болчихсон, дүү нартаа тэг, ингэ гээд зөвлөөд явж байна. Спорт залуу насны ажил. Ялангуяа, олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээний формыг олон жил хадгалж, жигд амжилт гаргах хэцүү. Өдөр бүр бусдаас илүү хичээж, зүтгэхгүй бол тэгж чадахгүй. Жирийн хүн ажлаасаа гарч, гадаадад сурчихаад хэдэн жилийн дараа үргэлжлүүлэн хийх боломжтой. Гэтэл спортод тийм сонголт үгүй.

Залуу насандаа л бүхнээ дайчлахгүй бол “Дараа” гээд хойшлуулбал тамирчны замнал дуусна. Алдарт бөх Валентин Йорданов “Би эх орныхоо төлөө 20 жил цадсангүй” гэсэн нь яг үнэн. Би медалиа ер голдоггүй. Амжилт гаргах бүртээ медалиасаа адис аван, үнсдэг. Учир нь мөнгө, хүрэл ч бай ямар ч медалийг өдөр бүрийн хөдөлмөр, зүтгэлийнхээ хүчээр хүртсэн учраас тэр.

Бэлтгэлийн дараа ядарсандаа цүнхээ ч даахгүй шахам харьсан үе надад зөндөө бий. Тив, дэлхий, олон улсын дэвжээнд амжилт гарган, Төрийнхөө дууллыг эгшиглүүлж, далбаагаа мандуулах бүртээ монгол хүн болж төрснөөрөө бахархдаг, улам их хичээх урам авдаг.

-Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг дэлхийд тахалж явсан О.Мягмарсүрэн таны төрсөн эгч. Зарим эцэг, эх хүүхдүүдээ өөр, өөр салбарт ажиллуулахыг чухалчилдаг.

Ээж, аав хоёр тань “Эгч чинь тамирчны зам сонгосон болохоор өөр салбарт өөрийгөө сорь” гэж эсэргүүцсэн үү?

-Манай гэр бүлийнхэн спортод элэгтэй, эгч бид хоёрыг төдийгөөс өдий хүртэл дэмжсээр ирсэн. Би эхээс долуулаа, хамгийн отгон нь. Нэлээд эрх, аав, ээжийн амь нь. Манайх Биокомбинатад мал малладаг, би аав, ээждээ нэмэр болохын хажуугаар хурдан морь унадаг байв. Хөдөөний ажил барагдаж, мундах биш дээ. Багын спортлог, эгчийгээ тэмцээнд оролцон, амжилт гаргахад их гоё санагддаг байсан.

Тамирчин болох сонирхолдоо хөтлөгдөн Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Тэгж байтал эгч “Миний дүү чөлөөт бөхөөр хичээллэ. Хэрвээ амжилт гаргавал аав, ээжийнхээ нуруунаас ачаа хөнгөлнө” гэж зөвлөсөн. Намайг чөлөөт бөхийн спортоор хичээллэхэд эгч минь их нөлөөлсөн, хамгийн сайн дэмжигч, зөвлөгч, хамтрагч байсан.

Гадаадын тэмцээнд оролцоод ирэхдээ хамгийн сайн чанарын өмсгөл, зориулалтын гутал, хувцас авчирч өгнө. Бусдыг хүндэлж, мэндлэх, чөлөөтийн өмсгөлөө хэрхэн зөв өмсөхөөс авахуулаад надад бүхнийг заасан. Эгчийн 12 настай охин нь сая дүүргийнхээ аваргад түрүүлсэн. Юм юманд авьяастай, зүтгэлтэй, хөдөлмөрч. Надаас илүү амжилт гаргах байх.

-14 насандаа чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Олон насаар эгч тамирчидтай өрсөлдөхдөө өөрийгөө голсон уу, эсвэл...

-Хамгийн анхны тэмцээн маань тэр. Уналт, өнхрөлт, өрөлтийн техник суран, мэх давтана, тамирчид намайг хичээллээд удаагүй шинэ хүүхэд гэж голоод барилддаггүй байсан болохоор тэгж бодох сөхөө байгаагүй. Тэмцээнд өрсөлдөх, барилдах хообийндоо хөтлөгдөөд л зодоглосон юм. Дөрвөн удаа барилдаад хүрэл медаль авсан.

Тэр амжилтаас илүү 2005 онд өсвөрийн Азийн аварга болсноо дурсах дуртай. Багш миний барилдааныг камераар бичихээр очсон юм. Дэвжээ рүү гаргачихаад камераа асаах хооронд нь би аль хэдийнэ ялчихсан өөдөөс нь ирж явсан гэсэн. Түрүүлэх замдаа хийсэн дөрвөн барилдаанаа бүгдийг нь тэгж богино хугацаанд, цэвэр ялснаас болоод багш миний барилдааныг ер дүрсжүүлж чадсангүй гээд инээж байлаа.

-Хэрвээ дийлдвэл ганзага хоосон хоцордог болохоор хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд хариуцлагатай. Тэр хэрээр тамирчнаас туршлага, сэтгэл зүй их шаардана. Дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртэхдээ алинд нь хамгийн их баярлав?

-18 насандаа анхныхаа хүрэл медалийг хүртэхдээ тийм ч их баярлаагүй. Авах цаг нь болсон, хүртэх ёстой медалиа энгэртээ зүүлээ л гэж бодсон. Гурван хүрэл медаль хүртсэнээс илүү 2015 оны ДАШТ-д V байрт шалгарсан минь санаанаас ер гардаггүй, хамгийн харамсалтай нь. Хэдийгээр Риогийн олимпын эрх авсан ч Японы бөхийг ялж яваад харамсалтайгаар дийлдсэн учраас тэр.

2011 оны ДАШТ-ээс хүрэл медаль, олимпын эрхийн хамт авсан минь хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдэж. Тэр жил Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг бид хоёр 67 кг-д барилддаг байв. Би түүнийг УАШТ, сорил тэмцээнд ялаад дэлхийн дэвжээнд өрсөлдсөн. ДАШТ болохоос хоёр сарын өмнө хатиг гараад, бэлтгэлээ санасан хэмжээнд базааж чадаагүй, бие зовиурласан гэж жигтэйхэн. Дэлхийн аваргад оролцохоор явах замдаа халуураад өөрийн мэдэлгүй ус уучихсан байсан.

Маргааш өглөө нь жингээ үзтэл 71 кг болчихсон, өөртөө ч итгээгүй. Багшаас айгаад хэлж зүрхлээгүй. Олон өдөр хасан байж арайхийж жиндээ орон, медаль хүртэхэд үнэхээр гоё санагдсан. Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан багийнхан дээрээ очиход “Дэлхийн аваргын хошой хүрэл медалийг олимпын эрхийн хамт авлаа. ДАШТ-ээс олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин боллоо” гээд баяр хүргэсэн. Тэр амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн.

-Чөлөөт бөхийн олимпын эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. “Лондон-2012”-т таныг бус, С.Батцэцэгийг сойх шийдвэр гаргахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Олимпын эрх авсан мөртлөө Лондоны олимпод оролцоогүй ганцхан бөх нь, би. С.Батцэцэг бид хоёрыг барилдуулаад хэн ялсныг нь олимпод сойсон бол би харамсахгүй. Гэтэл тийм зүйл болоогүй. Намайг бус түүнийг олимпод оролцуулахаар болсныг нэлээд хэдэн хоногийн дараа Монголын чөлөөт бөхийн холбооныхноос бус, хэвлэл дээрх нийтлэлээс мэдсэн.

Тухайн үед уйлахаас өөр хийж чадах зүйл надад байгаагүй. Сэтгэл санаагаар ч нэлээд унадаг юм билээ. “Чөлөөт бөхөөр барилдахаа больё. Амжилтыг минь үнэлэхгүй, хүндлэхгүй байхад барилдаад яах вэ” гээд гэртээ уйлсаар харьсан. Нэлээд хэд хоног хоол, унд ч идээгүй. С.Батцэцэгт ямар буруу байх вэ дээ, түүний буруу биш шүү дээ. Хэдхэн хүний эрх ашгаас болж тэр хүртэлх хугацаанд урсгасан хөдөлмөр, зүтгэл минь салхинд хийсэхэд, амжилтаараа хохироод үлдсэндээ харамссан, бас гомдсон.

Одоо ч сэтгэл дундуур явдаг. Спорт гэлтгүй ямар ч салбар шударга, цэвэр өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Би шударга бус зүйлд, хэн нэгэн эрх мэдлээрээ далайлгахад дургүй. Өнгөрсөн жилээс МЧБХ-ныхон томоохон тэмцээнд өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулалтаар сойх болсныг дэмждэг. Ялсан нь тэмцээнд оролцоно, дийлдсэн нь гэртээ үлдэнэ. Хэн, хэндээ гомдолгүй, шударга. Амжилтаар нь бус нутаг нуга, танил тал, тэрний энэний шавь гээд дэмждэг булхай арилж байгаад баярлаж байна.

-Хэрвээ Лондоны дэвжээнд өрсөлдсөн бол ямар амжилт гаргах байсан бол?

-Би С.Батцэцэгийн бэлтгэл хангагчаар Лондонд очсон. Эмэгтэй чөлөөтийнхнөөс анхны амжилт гаргаасай гээд бэлтгэлийг нь чин сэтгэлээсээ базаалцсан, тусалсан. Хөдөлмөрийн баатар олимпод өрсөлдөхдөө К.Ичод дийлдсэн. Би ер нь япончуудтай хамтарсан бэлтгэл их хийдэг болохоор тэдэнтэй барилдаад сурчихсан. Хэдийгээр тийм ч нэгэнт Лондоны олимпод оролцоогүй болохоор ийм, тийм амжилт гаргах байсан гэж ярих нь дэмий.

-Та Риогийн олимпод өрсөлдөхдөө амжилт гаргаж чадаагүй. Ер нь 2012 оныхоос бэлтгэл, сэтгэл зүйн хувьд хэр ялгаатай байв?

-Хэрвээ 2012 оны олимпод өрсөлдсөн бол “Рио-2016”-д хавьгүй туршлагатай, тэс өөр сэтгэл зүйтэй оролцох байсан шүү дээ. Олимпын өмнө Н.Воробьевад хоёр дараалан ялагдсан. Риогийн дэвжээнд түүнтэй барилдаж байхад “2:1-ээр ялж байна” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэр бодол бүхнийг салхинд хийсгэсэн дээ. ДАШТ-д V байрт шалгаран, олимпын эрх авсан ч намайг “Рио-2016”-д оролцуулахгүй гээд нэлээд юм болсон шүү дээ.

-Яагаад. 69 кг-д Монголдоо тасархай байсан таныг өрсөлдүүлэхгүй байх шалтгаан бий гэж үү?

-Олимп болохоос хоёр сарын өмнө Казахстаны бөхийг цэвэр ялахдаа хөлөө эвгүй болгочихсон юм. Сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, хөлөө чирэн, өвчнөө умартан байж бэлтгэлээ хийсэн ч “Минутанд өрсөлдөгчийнхөө хөлийг дөрвөн удаа авч байна” гэж шүүмжлэн, миний оронд өөр тамирчин өрсөлдүүлэх тухай яриа гарсан. Том тэмцээний өмнө тиймэрхүү зүйл сэтгэлзүйд их нөлөөлдөг юм билээ. Хүний сэтгэлзүйгээр тэгж тоглож, үймүүлж болохгүй. Үүнийг цаашид зөвхөн чөлөөт гэлтгүй бусад холбооны удирдлага, дасгалжуулагч нар анхаарахад илүүдэхгүй байх.

-Нөгөөдөр (өнөөдөр) олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та ер нь баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Өнөөдрөөс баяр эхэлсээн, Төмөр замын цагдаагийн газрынхан маань баярлуулсан, орой тоглолт үзүүлнэ гэсэн. Тийм, ийм бэлэг авах дуртай гэх юм байхгүй ээ. Сэтгэлээсээ өгч буй бэлэг бүхэн сайхан. Спортын бид баярыг тэр бүр өргөн тэмдэглэх цаг, зав хомс. Маргааш (өчигдөр) “Эко” спорт цогцолборт очиж, байрлана. Бэлтгэлээ базаагаад л баярлах байх.

Ээж Биокомбинатад амьдардаг. Бэлтгэлийнхээ завсраар ээжийгээ баярлуулалгүй яах вэ. Тэгж баярлуулна гээд хараахан төлөвлөж амжаагүй л явна. Хань минь Завханд бэлтгэл хийж яваа. Энэ жил хамтдаа баярлаж чадахгүй нь. Цахимаар холбоо бариад л баярлана даа.

Намайг үргэлж дэмждэг Үндэсний шигшээ баг, Төмөр замын цагдаагийн газар, Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” компанийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн халуун ам бүл, гэр бүлийнхэн, ханьдаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Хамгаас хайрт ээж, эгч нартаа, найз нөхөд, Монголын бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, аз жаргал хүсье. Бүгдээрээ сайхан баярлаарай. Үргэлж аз жаргалаар бялхан, нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах болтугай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай