Ж.Доржханд: Том хүүгээ төрүүлэхэд ээж минь шөнө дунд Дарь-Эхээс III амаржих газар хүртэл алхаж ирсэн

Алдарт эх Ж.Доржханд, хань В.Баянмөнх болон хөвгүүдийнхээ хамт


Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг, “Амгалан” дулааны станцын урдхан талын нэгэн хашаанд цуварсан гурван гэр байх. Хамгийн урд талын бага таван ханатад нь 1-7 насны таван “бакал”-тайгаа залуухан аав, ээж хоёр амьдардаг. В.Баянмөнх, Ж.Доржханд нар долоон жилийн өмнө өрх тусгаарласан бөгөөд өдгөө Б.Чинзориг, Б.Чинбат, Б.Мөнхсүлд, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Очир хэмээх таван сайхан хүүтэй, өнөр өтгөн айл болжээ. Тэд хоёул 5-6 хүүхэдтэй айлын том нь юм билээ.

Өлчир чийргээ илтгэн нүцгэн гүйлдэх mэрсхэн “бацаанууд”-ын нэг нь биднийг харангуутаа хамгийн ойр тааралдсан гутлаа хөлдөө угласан нь “хэрэг” мандаав.

“Энэ надад таарч л байгаа ш дээ” хэмээн ахынхаа гутлыг өмчирхөхөөр санаархсан түүнийг Б.Чинбат гэдэг. Б.Чинзориг ахаасаа хоёр насаар дүү боловч бие хаагаар эн зэрэгцэхүйц чацтай энэ хүү бусдаасаа хамгийн сэргэлэн цовоо нь аж...

Орчлонгийн хамгийн сайхан алдар болох ээж хэмээх нэрийнхээ өмнө “алдарт” гэсэн хүндэт тодотгол нэмсэн Ж.Доржхандтай Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ярилцсанаа хүргэе. Алдарт ээж маань одоо 26 настай.

-Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье. Таны хувьд мартагдашгүй дурсамжтай Мартын 8 хэзээ байв?

-(Инээгээд) Сүүлийн жилүүдэд үнэндээ Мартын 8-наар нэг их сүртэй баярлаагүй санагдана. Том хүүгээ төрөхөөс өмнө нөхөртэйгөө, найзуудтайгаа зугаалгаар зуслан явж тэмдэглэснээ л санаж байна.

-20 настайдаа ууган хүүгээ төрүүлсэн гэсэн. Хөл хүндтэй болсноо анх мэдэх ямар байв?

-“Би ээж болох нь байна шүү дээ” гээд бодохоор их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Тухайн үед би МСҮТ-д үсчин, гоо сайханч мэргэжлээр сурч байсан юм. Тиймээс аав, ээж минь “Хүүхэдтэй болох гэж яарах хэрэг байна уу” гээд жаахан дургүйлхсэн. Гэхдээ зөрсөөр байгаад ууган хүүгээ төрүүлсэн.

-Ээж болно гэсэн тийм нэг гоё догдлол, хүлээлт хүсэл мөрөөдлөөс тань чухал байсан гэсэн үг үү?

-Тийм ээ.

В.Баянмөнх, Ж.Доржханд нар том хүү Б.Чинзориг, удаах хүү Б.Чинбат болон ихэр хөвгүүд Б.Мөнхсүлд, Б.Мөнх-Эрдэнэтэйгээ. 2015 он

-Эмэгтэй хүн өөрөө ээж болохоор л ээжийгээ илүүтэй ойлгож, хайрладаг гэдэг. Эх хүн болсон тэр өдрийнхөө мэдрэмжээс хуваалцаач?

-Би том хүүгээ нэлээд хүндрэлтэй төрүүлсэн л дээ. Ухаан санаа орж, гараад байсан учраас тухайн үед яг юу мэдэрснээ сайн санадаггүй юм. Гэхдээ намайг төрөхөөр өвдөөд шөнө эмнэлэг явсан хойно ээж минь араас алхаж ирснийг сонсоод их өрөвдсөн. Тийм шөнө дунд Дарь-Эхээс III амаржих газар хүртэл алхсан гэхээр эх хүний сэтгэл үнэхээр агуу юм билээ. Хэдийгээр эхэндээ дургүйцэж байсан ч төрсний дараа ээж минь хажууд байж, асарч тойлсон шүү.

-Эмэгтэй хүн амаржих гээд өвдөж байхдаа “Дахиад хэзээ ч төрөхгүй юм шүү” гэж боддог ч төрсөөр л байдаг гэж онигоорхуу яриа бий. Таны хувьд тэгж бодож байв уу?

-Тэр үнэн байх аа. Том хүүгээ төрүүлэх гэж байхдаа “Дахиж л ёстой төрөхгүй юм шүү” гэж бодож байсан. Гэвч одоо тавын таван хүүхэдтэй болчихсон байна (инээв). Дунд хоёр хүү минь ихэр юм. Орчлонд ирэх гэж зорьсон бяцхан хүний амийг тийм амархан тасалж хэрхэвч болохгүй гэж би анхнаасаа л боддог байсан.  

-Та хоёрын хэн нь ихрийн удамтай вэ?

-Хоёулаа ихрийн удамтай.

-Уучлаарай, хоёр, гурав, дөрөв дэх хүү тань төрөхөд охин хүсэж эхэлсэн үү?

-Үгүй. Миний хувьд хөвгүүдтэй болохыг хүсдэг байсан. Хүсэл минь ч биелсэн. Би гурван эмэгтэй дүүтэй учраас охид яаж хоорондоо тэмцэлддэгийг сайн мэднэ (инээв). Нөхөр минь харин “Хөөрхөн охинтой болбол гоё юм биш үү” гэдэг байсан шүү.

-Одоо нэг охинтой болж, “Алдарт эх”-ийн I одон авах санаа бий юү?

-Байхгүй байхгүй. Одоо ёстой болсон.

-10 жилийн өмнөх 16 настай Ж.Доржхандын мөрөөдөл юу байв?

-Би барилгачин болохыг хүсдэг байлаа. Зав чөлөөгөөрөө барилга дээр ажилладаг байв. Гэхдээ яг МСҮТ-ийн хуваарь авах болтол оёдолчны ангийг сонгож таарсан. Тэр нь сонирхолгүй байсан учраас үсчний анги руу шилжсэн дээ.

-Тэгвэл одоо чиний мөрөөдөл юу вэ?

-Одоо хүүхдүүдээ эрдэм боловсролтой, сайн хүн болгож хүмүүжүүлэх л миний мөрөөдөл болоод байна.

-Доржханд гэдэг хувь эмэгтэйн мөрөөдөл хүүхдүүдийнхээр солигджээ дээ?

-Тэгж хэлж болно оо. Нөхөр минь барилгын ажлаар ийш тийшээ их явдаг учраас би хүүхдүүдээ харж, хандах том үүрэг хүлээдэг. Хүүхдүүдээ гараас гарахаар нь ажил хийнэ гэсэн бодол мэдээж байлгүй яах вэ.

-Нэгдүгээр ангийн жаалыг сургуульд нь зөөх, авахаас эхлээд хичээлийг нь давтуулах гээд сүрхий ажил ундарна биз?

-Тийм ээ. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй болоод, энэ жил бүр их ажилтай байна. Аавыг нь эзгүй үед доод айлын нэг хүүхдийг гуйгаад Б.Чинзоригийгоо сургуульд нь хүргүүлж, авахуулдаг юм. Хичээлийг нь давтуулах гэж бөөн юм болно оо. Дүү нар нь ном, дэвтрийг нь булаалдана, заримдаа урж, сараачсан байх нь ч энүүхэнд.

-Таван хүү өсгөнө гэдэг таны төсөөлснөөс ямар байх юм бэ?

-(Инээгээд) Бид ч гэртээ ёстой жинхэнэ алаан болно шүү дээ. Төсөөлснөөс хавьгүй хэцүү юм байна. Тэглээ гээд яах вэ, болгоно доо. Миний хувьд багаасаа гэрт бараг амьдарч үзээгүй болохоор эхэндээ эвгүй л байсан. Түүртэж, бухимдах үе ч хааяа гарна. Түлээ нүүрс бэлдэх, ус авахаас эхлээд гэрт амьдрахад багагүй ажилтай шүү дээ. Одоо дасчихсан.

-Дундах гурван хүүгээ цэцэрлэгт өгч болдоггүй юм уу. Зөөх хүнгүй байна уу, эсвэл нөгөө “сугалааны” цэцэрлэг хүрэлцсэнгүй юү?

-Цэцэрлэг ч хүрэлцээгүй байна. Нөгөөтэйгүүр тогтмол зөөх хүн ч одоохондоо алга. Тэгээд ч цэцэрлэгт явахаараа дүүдээ ханиад “хүртээгээд” байх юм. Тиймээс нэгэнт л би гэртээ суугаад, хүүхдээ харж байгаа юм чинь нэг ч ялгаагүй, дөрөв ч ялгаагүй гээд зүтгэж байна.

-Ингэхэд та ямар хоолонд дуртай вэ. Өөрийнхөө дуртай хоолыг хийж идэх зав гардаг уу?

-Би бүх төрлийн хуурганд дуртай. Гэхдээ сүүлийн жилүүдэд ч ихэвчлэн шөлтэй хоол л идэж байна даа. Эх хүн хүүхдүүдийнхээ эрх ашгийг л ямагт нэгдүгээрт тавьдаг байх.

-Найз бүсгүйчүүдтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бол?

-2011 онд том хүүгээ төрүүлсний дараахан найзуудтайгаа тухтай уулзсан юм байна шүү. Түүнээс хойш үнэндээ уулзалдсангүй. Найзууд гэхээр заавал ойр ойрхон уулзалдах албагүй гэж би боддог. Бүгд тус тусын ажил, амьдралтай, сайн сайхан аж төрж байхад уулзах өдөр гарах биз дээ.

-Та амьдралын утга учрыг юу гэж боддог вэ?

-Өнөө маргаашийн идэх уух, өмсөх зүүх юмаар гачигдах бол даваад гарах боломжтой бэрхшээл гэж боддог. Харин хүүхдүүд эрүүл саруул, гэр бүлээрээ элэг бүтэн байх л амьдралын аз жаргал, утга учир юм болов уу. Хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл үгүй юм билээ. Ихрүүдийг өвчин нэлээд ороодог байсан.

-Нөхөр тань барилгын ажил хийдэг гэсэн. Энэ ажил манайд улирлын чанартай учраас танай гэр бүл тогтмол орлогогүй байдаг болов уу. Мөнгөтэй болохоороо хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Барилгын ажил зогслоо гээд нөхөр минь зүгээр суудаггүй юм. Барилга дээр ажиллаагүй үедээ машин засах, таксинд явах зэргээр хийж болох бүхнийг хийж, амьдралаа залгуулдаг даа. Бусад хүн шиг “Цалин авахаараа тэгнэ, ингэнэ” гэж төлөвлөх арга бидэнд байхгүй. Гэхдээ мөнгөтэй болсон үедээ хэдэн хүүхдийнхээ хэнд нь, нэн тэргүүнд юу хэрэгтэй байгааг тооцож байгаад, түүндээ зарцуулдаг.

-Тэрсхэн хөвгүүд нэг талаар амар юм шиг байдаг. Нэг гайгүй хувцас аваад өгчихвөл дараа дараагийнх руугаа дамжаад явчихдаг. Танай бага хүү ихэвчлэн ах нарынхаа хувцсаар гангардаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Очироо хүүдээ бид шинэ хувцас бараг авч өгөөгүй байх аа. Ах нарынхаа хувцсаар л болгочихдог юм. Одоо энэ өмссөн цамцыг нь гэхэд л хамгийн том ах нь ой гарантай байхдаа өмсөж байв. Ер нь хүүхэд хуучин юм өмссөнөөрөө муудна гэж байхгүй. Бас дутуу гуцуу орчинд өслөө гээд тэр хүүхэд ирээдүйд байнга тийм амьдралаар амьдарна гэж ч байхгүй. Хэр зэрэг зөв хүн болж төлөвших вэ гэдэг нь амьдралын боломж нөхцөлөөс шалтгаалдаггүй байх.

Таван хүүхдийн ээж гэхээргүй хүүхдэрхүү төрхтэй, сэргэлэн тунгалаг нүдтэй Ж.Доржханд хайнга хэнэггүй ч гэмээр яриатай. Энэ нь баргийн юманд шантарч, ялархаад байхааргүй эрсхэн занг нь илтгэх мэт өөрт нь зохисон гэж ванлий. Сүүлийн долоон жилийн турш цагаан сүү тасралтгүй ивлэж буй ангир цээжинд нь ассан “таван эрдэнэ” хожмоо ижийгээ, эх орноо тийм их хайраар эргээд хайрлах биз ээ.

Биднийг буцахын өмнөхөн В.Баянмөнхийн гадна цагаан өнгийн суудлын автомашин ирсэн нь гэрийн эзнийг Өмнөговийн Цагаан хад руу өнөө жилийн эхний томоохон ажилд нь хүргэх унаа аж. Амьдралыг хэдийнэ өөрсдийнхөөрөө таньж, хэрсүүжиж яваа ийм нэгэн залуу гэр бүл хөвгүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахын төлөө чадах чинээгээрээ зүтгэж буйг та бүхэн ойлгосон болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай