“Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан дуулианаар 49-ийнхнийг баатар болгох ажиллагаа

Өнгөрсөн зуунд, магадгүй бүх цаг үеийн түүхэндээ аж үйлдвэрийн салбарт хийсэн монголчуудын хамгийн том бүтээн байгуулалт нь “Эрдэнэт үйлдвэр” байх. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн, 4.5 мянга орчим тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг, Монгол Улсын жилийн төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг, зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид дээгүүрт ордог хэмээн энэ үйлдвэрийг магтах, бишрэхийн хооронд ярихыг та бишгүйл сонссон биз. Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлэхийн хажуугаар улстөрчдийн халаасыг түнтийлгэх давхар ачаа үүрдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг “саалийн үнээ” хэмээн авгайлах нь ч бий.

Гэтэл “саалийн үнээ” маань зэлэн дээрээ байна уу, хээрийн чонотой нийлсэн хотны нохдод хаа, гуяа ханз татуулж, жалга бараадан “үхлээ” хүлээж, өт хорхой хооллож хэвтэнэ үү гэдэг нь тодорхойгүй өдөр хоногууд өнгөрч байна.

ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан 49 хувийг “Монгол зэс корпорац” авсан нь хууль зөрчсөн, эсэх талаар ид шуугиж, Засгийн газар, хувийн хэвшил өмчөө булаацалдан бужигнаж байтал Монголын Засгийн газрын эзэмшил дэх 51 хувийг гадаадын банкинд барьцаалан, зээл авсан асуудал босож ирэв.

49 ХУВИЙГ ЗУВЧУУЛАХ ОРОЛДЛОГО

Сонгуулийн үеэр бид улстөрчдийн гэнэтийн бэлгэнд дарагдаж, дөжирдөг билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын өмч болж буйг баяр ёслолын байдалтай дуулгасан нь 2016 оны УИХ-ын сонгуулийн оргил сюрприз байв. Энэ мэдэгдэл Н.Энхбаяр “Их өрийг тэглэлээ” гээд нулимсаа арчиж зогссоноос ч дутахгүйгээр олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын Засгийн газрын эзэмшдэг хувийг мэдэлдээ авах нь монголчуудын зуун дамжсан мөрөөдөл байсан юм.

49 хувийг Монголын талд авчирсан нь талархууштай хэрэг мөн боловч үүний ард нүдээ аниад өнгөрч болохооргүй хууль зөрчсөн хуйвалдаан явсан нь нэгэнт ил болоод байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монгол зэс корпорац” худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан УИХ-ын ажлын хэсэг “49 хувийг худалдан авах ажиллагаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан байна.

Иймээс Засгийн газрын 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэн, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой” гэж үзсэнээс эхлээд УИХ, Үндсэн хуулийн цэц хүртэл ийм шийдвэр гаргаад буй. УИХ-аар жил тойрон яригдсан энэ асуудлыг хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц эцэслэн тогтоолоо.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 28-ны дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын 2017 оны 23 дугаар (“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай) тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг УИХ 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн 15 дахь заалтад олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх хэмээсэн. Түүнчлэн холбогдох хуульд соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх ёстойг заасан. Мөн УИХ-аас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн УИХ-д хадгалах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны 330 дугаар тогтоолоор халдаж, Үндсэн хуулийн болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Иймд Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж заасны дагуу УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны 330 дугаар (“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монгол зэс корпорац”-ын мэдэлд өгөх тухай) тогтоолыг хүчингүй болгосон нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэрхэхийг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой байтал Засгийн газар дур мэдэн, асар олон ойлгомжгүй байдал, асуултын тэмдэг үүсгэн байж хэний ч танихгүй хорин хэдтэй залууд шилжүүлсэн нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан хэрэг гэдгийг давтан нотолсон гэсэн үг.

51 ХУВИЙГ ТАВЬЖ ТУУСАН ТҮҮХ

“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй хэдэн нөхөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл аваад, өрөө төлөөгүйгээс “саалийн үнээ”-г маань битүүмжилж, хураах шийдвэрийг Лондоны Арбитрын шүүх гаргасан нь өдгөө хуучирсан мэдээлэл болжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр нарын “Эрдэнэт үйлдвэр”-т үүсээд буй нөхцөл байдлыг тодруулахаар Ерөнхий сайдад тавьсан асуултад “2009-2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан нь үнэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон.

2010-2013 онд “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам.долларын орлогын гүйлгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон байна. Энэ мөнгө нь “Меркентал хаус”, “Миллфорд глобал” корпорацаас төлсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-т тээврийн хөлсний төлбөрт 55.6, “Жаст” компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41.2 сая ам.доллар зэргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шилжүүлсэн байна” хэмээн хариулсан.

Харин асуулт тавьсан гишүүд “Засгийн газраас өгсөн уг хариулт санаанд хүрсэнгүй. Энд дурдсан үг, өгүүлбэр бүрийн ард холбогдох бичиг баримт бий. Түүнийг олж дэлгэмээр байна” гэсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Стандарт” банктай “Жаст групп”-ийн байгуулсан зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргажээ. Тиймээс бид Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт уначихлаа. Унах унахдаа зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хуулийн компанийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг ч төлөхөөр болсон байна. Дээр нь өдөр бүр 900 ам.долларын алданги нэмэгдэж байгаа.

Арбитрын шийдвэрт “Барагдуулаагүй үлдсэн үнийн дүн дээр хоног тутамд хүү, алданги тооцно” гэсэн юм билээ. Энэ төлбөрийг Засгийн газар, “Эрдэнэт үйлдвэр” төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Засгийн газар, ТӨХ яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт үйлдвэр” маань өдөр ирэх тусам эрсдэлд орж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас энэ мэдээллийг авахын өмнө бид “Эрдэнэт үйлдвэр” арай ч баталгаа гаргаагүй байх, улайм цайм луйвар, авлигын шинжтэй зүйл гэдгийг мэдсээр байж арай ч ийм юм хийгээгүй байлгүй гэсэн найдвар, итгэл үнэмшил тээж байсан.

Харамсалтай нь, 213.3 сая ам.доллар “Эрдэнэт үйлдвэр”-ийн данс руу ороод, түүгээр дамжиж, гарын үсэг зурагдаж гарсан байна. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд бурууг бусдад тохох, асуудлаас бултаж, зугтах аргагүй. Гарын үсэг дуурайлгаж зурсан гэж олон нийтийг хуурч, Ш.Батхүү гэдэг хүн л хариуцах ёстой гэх мэтээр өөрөөсөө холдуулах байдлаар энэ асуудал үргэлжлэх ёсгүй” гэсэн.

Дээрх асуудлаас болж “Эрдэнэт үйлдвэр” үндсэн зээлийн үлдэгдэл 50 988 425, үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардал 44 362 608 ам.долларыг “Стандарт” банкинд төлөхөөр болоод буй. Түүнчлэн “Стандарт” банк Английн Худалдааны дээд шүүхэд өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд хэлэлцээд, ёсоор болгосон.

ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ЭНДЭЭС ЭХЭЛЖ Ч БОЛОХ ЮМ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалан, улсын өмчийг эрсдэлд оруулсан, УИХ-ын бүрэн эрхэнд халдан 49 хувийг худалдаж авсан дээрх хоёр тохиолдлын аль аль нь төрийн хуулийг уландаа гишгэжээ. Хоёулаа л Монголын төр дэх асар том бүлэглэлийн хийсэн луйвар гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Тэд шинэ дуулианаар өмнөхийг нь дардаг уламжлалт тактикаа ашиглан, 49 хувийг зувчуулах булхай илрэнгүүт 51 хувийг барьцаалж, зээл авсан тухай мэдээллийг “сэвж”, олон нийтийн анхаарлыг өөрөөсөө холдуулан, өөр зүгт хандуулж, саармагжуулж байна.

Түүгээр зогсохгүй 51 хувийг гадаадын банкинд барьцаалсан тал хаашаа ч булзах аргагүй болоод ирэхтэй зэрэгцүүлээд 49 хувийг хууль зөрчин авсан талыг гавьяатан болгож тодруулах пиар эхэллээ. Тэд төр хувийн хэвшлийн хөрөнгийг булааж авлаа хэмээн уйлан дуугарч, хохирогчийн дүрд тоглож байна. Гэхдээ Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” хэмээн заасныг мартаж болохгүй. Төрийн өмнүүр орж, хууль зөрчин, шударга бусаар авсан хөрөнгийг хувийн өмч гэж өмгөөлж хамгаалах боломжгүй юм.

Төрийн өмчийг барьцаалж, ганц үйлдвэрээ өрөнд унагасан томоохон албан тушаалтнуудын нэр мэдээллээс нэг нэгээрээ арчигдсаар одоо “Жаст”-ын Ш.Батхүү хэмээх дийлдэшгүй ганц луйварчин байдаг мэтээр ухуулж байна. Үнэндээ улсын эдийн засаг, төсөв санхүүг үүрч явдаг ганц стратегийн үйлдвэрийг барьцаалж зээл авах тэр том шийдвэрийг Ш.Батхүү мэт нь хэчнээн хүсээд гаргуулж чадахгүй. Түүний нэрээр халхавчлан энэ ажлыг хийсэн жинхэнэ эзэд гэм зэмгүй сугарч үлдээд, Ш.Батхүү нь оргон зайлсан, эсвэл дампуурсан, төлбөрийн чадваргүй гэсэн үгээр хэрэг хаагдан, төр төлбөрийг нь төлснөөр асуудал дуусах дүр зураг тодорч эхэллээ.

Ийм л юм бүү болоосой. Аль нэг бүлэглэл хуулийн дээгүүр алхан УИХ, Засгийн газрын өмнүүр орж, төрийн өмчийг дээрэмдэж авдаг жишиг бүү тогтоосой. Үүний тулд Засгийн газар 49 хувиа төрийн мэдэлд авах уу, хувийн хэвшилд шилшүүлэх үү гэдгээ хуулийн дагуу шийд. Хувийн хэвшилд өгөх болбол бүгдэд боломж олгосон нээлттэй сонгон шалгаруулалт явуул.

Ханаж цаддаггүй шуналтнуудын учруулсан хохирлыг ард иргэд нуруундаа үүрч, ичих нүүргүй тэднийг хариуцлагаас мултлан үлдээдэг явдал 51 хувийн хэрэгт бүү давтагдаасай. Үүний тулд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалах ажилд оролцсон хэнийг ч бүү хаацайл. Бүгдэд хариуцлагыг нь үүрүүлж, хохирлыг нь төлүүлэх арга хэмжээ ав. Төрийг цэвэрлэх ажил эндээс эхэлж ч болох юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай