А.ДЭЛГЭРМАА: Уран гулгалтын гоёыг, техник, үзүүлбэр, үг хэллэгийг гадаадын тайлбарлагчдаас сурсан

“Пёнчан-2018” олимпын үеэр манай улсад төдийлөн хөгжөөгүй, монголчууд мэргэжлийн үг, хэллэгийг нь сайн мэдэхгүй уран гулгалтын тэмцээнийг ТВ5 телевизээр тайлбарласан Ашгайн Дэлгэрмаа хэмээх бүсгүйн мэдлэг, тайлбар олон хүний сэтгэлд хүрсэн билээ. Орос, англи, япон хэлтэй, хэл бичгийн ухааны доктор зэрэгтэй тэрбээр БСШУСЯ-наас ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж буй “1000 инженер” төслийн хүрээнд япон хэлний багшаар ажилладаг. Багаасаа уран гулгалтын спортод хорхойсон, балетаар хичээллэдэг түүнтэй ярилцлаа. 

-Өнөөдөр (уржигдар) 05.00 цагт босож, ажлаа амжуулсан гэсэн. Олимпын наадмын тайлбар гээд ажил нь цалгардав уу, гайгүй юү?

-Олимп дуустал миний оронд өөр багш хичээл заасан болохоор нэг их цалгардаагүй ээ. Уран гулгалтын тайлбар гээд ойрын хэд хоног балетын бэлтгэлээ ч хийж амжсангүй. Өнөөдөр 11.00 цагт хичээлтэй байсан ч 05.00-д босон, 07.00-д сургууль дээр ирж, хичээлтэй холбоотой материал цуглууллаа. Би ажлыг ингэж тулгаж хийдэггүй. Ер нь хичээлийн төлөвлөгөөгөө долоо хоногийн өмнө боловсруулдаг юм. Харин энэ удаа олимпын тайлбар гээд амжихгүй явсаар тулгачихлаа.

-Монголчууд юмыг тулгаж хийдэг, цаг барьдаггүй гэмтэй. Та үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг уу?

-Холимог гэж хэлж болно. Японд мэргэжил эзэмшсэн ч яг япон хүн шиг сэтгэж, төлөвшинө гэж юу байх вэ. Амьдралд урьдчилан төлөвлөж болохгүй зүйл бишгүй. Тийм гэнэтийн зүйл адармаатай, сонирхолтой шүү дээ. Тулсан зүйлд ухаалгаар хандаж, зөв шийдвэр гаргаж сурах нь хүнд хэрэгтэй чадвар. Гадаад хэлний орчуулагчид ийм бэрхшээл үргэлж тулгардаг. Тухайн арга хэмжээ, ярилцлагын үеэр ямар ч нөхцөлтэй тулгарч, хэн, юуны ч талаар ярьж болзошгүй тул бэлэн байх шаардлагатай. 

-Сонирхогч мөртлөө уран гулгалтын спортын өргөн мэдлэгтэй, тайлбарлахад түвэгтэй мэргэжлийн үг, хэллэгийг энгийнээр, эмх, цэгцтэй илэрхийлдгээр тань олон хүн бахархаж байна. Олимпын наадмын уран гулгалтын тэмцээн тайлбарлах гарцыг хэрхэн олсон бэ?

-Би аль болох нам гүм, даруухан амьдрахыг хичээдэг л дээ. Өмнөх ажлаа өөгүй хийгээд, түүнээсээ таашаал авахыг л илүүд үздэг. Багаасаа уран гулгалтын спортод хорхойсон, гоё, сайхныг нь биширч, шимтэн үзэж, судлаад 30 гаруй жил болж байна. Цаг тутам шахам шинэчлэгдэж буй эл спортын хөгжилтэй аль болох хөл нийлүүлэн алхахыг чухалчилдаг. 2010 оны Ванкуверийн өвлийн олимп хүртэл гадаадын сувгаар тэмцээн үзэн, эргэн тойрон дахь мэдээллийг сонин, сэтгүүлээс уншиж, оюуны цангаагаа тайлдаг байв. Монгол сувгаар уран гулгалтын тэмцээн төдийлөн үздэггүй байснаа нуугаад яах вэ. Гадаадын сувгаар үзээд байхаар дамжуулалт, тайлбар гэх мэт зүйлсэд нь бүр дасчихдаг юм билээ. Монголын телевизийн сувгаар Ванкувер, Сочигийн олимпыг дуу, дүрсний нягтаршил сайтай, тэмцээнээ бүтэн гаргаж дамжуулсан ч тайлбар нь миний сэтгэлд хүрээгүй. Зарим элемент, мэргэжлийн үг, хэллэгийг нь буруу хэлээд л. Тэр үед “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ямар хүчтэй билээ. Мэргэжлийн түвшинд тайлбарлавал уран гулгалтыг илүү олон хүн сонирхож, зөв мэдлэгтэй болох байх. Өөрийнхөө мэдлэгийг бусадтай хуваалцах сан” гэж бодсон ч олны өмнө гарах сонирхолгүй болохоор өөрийгөө шахаагүй. Пёнчаны олимпын уран гулгалтын тэмцээний өмнө “Хүмүүс өмнөх олимпынх шиг тааруу тайлбартай үзвэл харамсалтай” гэж бодон мэргэжлийн үг, хэллэгийг хэрхэн зөв хэлэх, үзэгчдэд энгийнээр тайлбарлах талаар зөвлөгөө өгөх зорилгоор ТВ5 телевизийнхэнтэй утсаар холбогдоход эфиртээ урьсан юм. Тэгэхэд зурагтаар тайлбарлана энэ тэр гэж огт бодоогүй. Тайлбарлагч нартай нь уулзан, мэдлэгээсээ хуваалцчихаад гэртээ харихаар очтол гимнастикийн ОУХМ Болдмаа эгчтэй хамт шинийн 2-нд эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийг тайлбарлуулсан юм. Тэр тайлбарын дараа ТВ5 телевизийн найруулагч “Таныг тайлбарлахад үзэгчдийн хандалт эрс өслөө. Олон хүн үргэлжлүүлэн тайлбарлуулахыг хүсэж буйгаа телевизийн цахим хуудсанд илгээжээ. Үлдсэн төрлүүдийг тайлбарлаад өгөөч” гэсэн юм. Би ч бас тэгэхийг хүссэн ч албаны ажлын улмаас тэр даруйд нь зөвшөөрч чадаагүй. Олимпын шууд дамжуулалтыг БСШУСЯ ивээн тэтгэсэн юм билээ. ТВ5-ынхан харьяа яамаар уламжлуулж байж ажлаас минь чөлөө авч өгсөн. Үнэндээ ийм зүйл болно, үзэгчдийн талархлыг хүлээнэ гэж огт төсөөлөөгүй. Хэрвээ тэгсэн бол хаа хаанаа хүндрэл учруулахгүйн тулд ажлаасаа эртнээс чөлөө авах байсан л даа. Надад олон хүн баяр хүргэн, талархал илэрхийлж байна. Бүгдэд нь баярлалаа. “Уран гулгалт гэж ямар сайхан спорт байдгийг таны ачаар мэдлээ” гэсэн сэтгэгдэл миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн. Монголд уран гулгалтын спортыг ийм олон хүн сонирхож, хөгжүүлэх сэн, тамирчдаа дэмжих сэн гэж байгаад нь олзуурхаж байна. Их урам авлаа. 

-Манай улсад хөгжөөгүй болохоор уран гулгалтын нэр, томъёонууд Монголоор орчуулагдаагүй. Тэр бүхнийг харь хэлээр тайлбарлахаар үзэгчид сонирхохгүй. Хэчнээн мэдлэгтэй ч шууд дамжуулалтын үеэр богино хугацаанд бодол, санаагаа цэгцлэн, түүнийгээ эмх цэгцтэй, энгийнээр тайлбарлахад орчуулагчийн мэргэжил тань хэрэг болов уу?

-Ёстой тэгсэн шүү. Зурагтаар цацаж буй дүрсэнд тохирсон мэдээллийг богино хугацаанд үзэгчдэд хүргэх амаргүй юм билээ. Аль нэг тамирчныг магтаж, нөгөөг нь шүүмжлэн, хувийн үзэл бодлоо илэрхийлж, эсвэл бусдад хэрэгтэй мэдээлэл хүргэж байна гээд хамааралгүй зүйл ярьвал хүмүүс сонирхохгүй. Уран гулгалтын тэмцээнийг дэлхийд алдартай тайлбарлагчдын тайлбараар олон жил үзсэн болохоор тэднээс их зүйл сурсан, үлгэрлэсэн. Хообийдоо хөтлөгдөн, хуримтлуулсан мэдлэг, туршлага минь их хэрэг боллоо. Нөгөө талаар мэргэжлийн орчуулагчаар зургаа, багшлаад 10 жил болж байгаа болохоор харьцангуй нүүр хагарсан, бодлоо богино хугацаанд, эмх цэгцтэй илэрхийлж сурсан нь нэмэртэй байв.

-Таны тайлбартайгаар уран гулгалтын тэмцээн үзээд хичээллэхээр шийдсэн тухайгаа цөөнгүй хүн цахим хуудсандаа нийтэлсэн байна лээ. Танаас хүмүүс зөвлөгөө авч, холбоо барьдаг уу?

-Зөндөө олон хүн холбоо барьж, цахим хуудас руу захидал бичин уран гулгалтаар хичээллэхийг хүссэн ч хэнд хандаж, яах учраа олохгүй байгаагаа илэрхийлдэг. Бүр зарим нь “Таны удирдлагад хүүхдээ уран гулгагч болгоё” гэсэн. Аштай юу даа гэмээр санагдсан ч нөгөө талаар Монголд уран гулгалт хөгжөөгүй, ганц ч клубгүйд эмзэглэдэг. Японд сурч байхдаа мөсөн дээр ганцхан удаа гулгасан би бусдад заана, дасгалжуулна гэж юу байх вэ.

-Уран гулгалтыг хөгжүүлэх мөрөөдлөө биелүүлэх зорилгоор клуб байгуулах бодол бий юү?

-Энэ талаар хараахан бодож амжаагүй явна. Боломж гарвал тэгэхийг хүсэлгүй яах вэ. Ямар ч спортын хөгжилд клубийн систем их чухал. Монголд дэлхийд гайхагддаг, балет чамгүй хөгжсөн болохоор уран гулгалтаар амжилт гаргах бүрэн боломжтой. Гадаадын чадварлаг дасгалжуулагч ажиллуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, мөсөн талбай байгуулан, улсаас нэгдсэн бодлогоор дэмжвэл уран гулгалт Монголд хөгжих нь гарцаагүй. Энэ спорт өндөр хөгжсөн бусад орны туршлага ийм л байдаг. 

-Монголд “Хүннү молл”-ынхоос өөр гулгах талбай байхгүй. Чөлөөт цагаараа гулгадаг уу?

-Түрүүн хэлсэнчлэн 19 настайдаа Японд ганцхан удаа гулгасан. Тэрнээс хойш мөсөн дээр гараагүй ээ. Гулгах сонирхолтой ч ажлынхаа хажуугаар балетаар хичээллэдэг болохоор зав гарахгүй юм.  

-Пёнчаны олимпын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын хоёр тамирчны аль нь түрүүлэх олны анхаарлыг их татсан. Та хэнийг нь олимпын аварга болно гэж таамаглав?

-Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг спортод тэр тусмаа уран гулгалтад таамаг дэвшүүлэхэд бэрх. Би тэр нь түрүүлнэ, тэгнэ, ингэнэ гээд таамаглах тийм ч дуртай биш. Зүгээр л бүх тамирчныг дэмжин, олныг шуугиулсан үйл явдал болоосой, гоё үзүүлбэр гүйцэтгээсэй гэж хүлээдэг. Олонх хүн А.Загитова, Е.Медведева хоёрын нэгийг нь түрүүлнэ гэж таамагласан, бүх хэвлэл мэдээлэл тэднийг онцолсон. Тэгэх нь ч аргагүй, тэдний ур чадвар бусдаас тасарчихсан. Хэн нь түрүүлэх вэ гэдэг л сонирхолтой байсан. Өнгөрсөн жил Медведева дэлхийн хошой аварга болж, түүнтэй ур чадвараар тэр л дөхнө гээд онцлох тамирчингүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэр үед насанд хүрэгчдийн ганц ч тэмцээнд оролцоогүй байсан А.Загитоваг хэн ч таньдаггүй, мэддэггүй байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч салбарт “Би хамгийн шилдэг нь” гэж бодож, өөртөө сэтгэл ханаж болохгүй. Медведева алдаа гаргахаас эмээсэндээ ч тэр үү, лутцын комбинацыг хэзээ ч хийж байгаагүй. Зөвхөн дангаар нь гүйцэтгэдэг, араас нь үсрэлт залгадаггүй. Загитова Пёнчаны олимпод лутцын комбинацыг гүйцэтгэсэнд олзуурхаж байна. Хэрвээ тэр алдаа гаргасан бол медалиас мултрах байсан. Үүний сацуу “Дон Кихот”-ын Китрийн дүр түүнд гоё зохисон, бүжгийн дэглэлт, ая, ур чадварт нь сайхан тохирсон. Хар, цагаан хунгийн хосолсон дүрийг үнэхээр сайн бүтээн, балетын техникийг өөлөх зүйлгүй, сонгодог хэлбэрээр гүйцэтгэсэн тэрбээр олимпын аварга болоод зогсохгүй дэлхийн дээд амжилтын эзэн боллоо.

-АНУ-ын тамирчин Эшли Вагнер А.Загитоваг хоёрдугаар хагасаас хойш бүх үсрэлтээ гүйцэтгэдэг хэмээн шүүмжилсэн байна лээ. Та түүнтэй санал нийлэх үү?

-Э.Вагнерыг би үнэлдэг, жүжиглэлт сайтай, мундаг уран гулгагч. Гэхдээ тэр хэзээ ч дөрвөн минутын үзүүлбэрийн хоёр дахь хагасаас хойш гол үсрэлтүүдээ гүйцэтгэдэггүй, Загитовагийн комбинацыг хийж байгаагүй. Тийм байж өөрөөсөө илүү ур чадвартай тамирчныг шүүмжлэх нь өрөөсгөл. Ямар ч сайн тамирчин хоёр дахь минутаас хойш ядардаг, цуцдаг. Тийм болохоор А.Загитова шиг үзүүлбэрийн төгсгөлд бүхнээ шавхдаг, гол үсрэлтээ хийдэг тамирчин ховор. 

-Монголд уран гулгалтын спортыг сонирхогч олон ч өргөн мэдлэгтэй нь цөөхөн. Эл спортыг бусдаас онцлон, шимтэхэд юу нөлөөлөв? 

-Таван настай байхдаа зурагтаар уран гулгалтын тэмцээн үзсэн минь санаанаас ер гардаггүй юм. Ийм сайхан, гоёмсог спорт байдгийг анх удаа мэдсэн нь тэр. Тэгэхэд миний сэтгэл их хөдөлсөн, уран гулгалтад дурласан. Мөсөн дээр гулгангаа бүжиглэж, төрөл бүрийн үзүүлбэр хийгээд л ямар гоё спорт вэ гэж бодсон. Анхандаа сэтгэлийн таашаал эдлэх, гоё мэдрэмж авах гэж сонирхдог, ур чадвар, амжилтаараа онцгойрч яваа тамирчныг дэмждэг байлаа. Уран гулгалтын талаарх мэдлэг тэлэхийн хэрээр аливаа зүйлийг бодитой, өөр өнцгөөс харах болсон. Дэлхийн шилдэг тамирчин бүхэн дахин давтагдашгүй, бусдаасаа онцгой. Хэн нэгнийг мундаг гэж онцлохоос илүүтэй тамирчин бүхний онцлогийг анзаарахыг эрмэлздэг. Эхэндээ Оросын сувгаар тэмцээн үздэг, хойд хөршийн хэлээр мэдээлэл цуглуулдаг байлаа. Япон, англи хэл сурч, цахим орчин хөгжихийн хэрээр уран гулгалтын талаар мэдээлэл авах хүрээ тэлсэн л дээ. Уран гулгалтаар хичээллэхийг чин сэтгэлээсээ хүссэн ч Монголд хөгжөөгүйн балгаар тэгэх боломж байгаагүй, нөхцөл ч бүрдээгүй. 

-Багаасаа балетчин болохыг мөрөөдсөн юм билээ. 27 насандаа мөрөөдлөө биелүүлэхдээ оройтчихлоо гэж эмээсэн үү?

-Бие султай, хичээлдээ сайн байсан болоод ч тэр үү, намайг балетчин болохыг гэрийнхэн дэмжээгүй. Тухайн үед Монголд сонирхогчийн балет хөгжөөгүй байсан болохоор эрдмийн мөр хөөхөөс өөр арга байгаагүй юм. Балетын цангаагаа дэлхийн сонгодог зохиол уншиж тайлдаг байв. Ер нь санамсаргүй тохиолдлоор балеттай нөхөрлөсөн хүн дээ, би. Миний эгчийн охин балетаар хичээллэхээр шийдэн, Гавьяат жүжигчин С.Отгонням багшийн шавь болсон юм. Би бэлтгэлд нь хүргэж өгдөг байв. Бэлтгэлийг нь дуусахыг хүлээн, зүгээр сууж байхаар дагаад хийж болох уу гээд багшаас нь асуутал зөвшөөрсөн. Суултаас авахуулаад бүхнийг эхнээс нь сурахад үр дүн нь богино хугацаанд мэдрэгдсэн. Тэр хэрээр урамшин, хичээгээд байлаа. Тэгэхэд багадаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хоёр жил хичээллэсэн маань чамгүй их нөлөөлсөн. Отгонням багшийг тэтгэвэрт гарсны дараа Э.Номин-Эрдэнэ багшийн удирдлагад бэлтгэл хийсэн. 

-Цагаан хунгийн дүрд хоёр удаа тоглосон гэсэн. Түүнээс илүү “Сильфида” балетын гол дүрд тоглохдоо сэтгэл тань их хөдөлсөн байх. Тэр тухайгаа дурсахгүй юу?

-Э.Номин-Эрдэнэ багш “Улаанбаатар” чуулгад болсон сургуулийнхаа тайлан тоглолтод “Сильфида”-гийн дүр бүтээх санал надад тавьсан юм. Хэдийгээр балетаар хичээллээд 10 жил болсон байсан ч тоглолт нэлээд тулсан, ганцхан өдрийн өмнө байсан болохоор өөрийгөө гололгүй яах вэ. Багш намайг шахаж, тэр даруйд “Сильфида”-гийн гол дүрийн онцлог, балетын тавилтыг нь заасан. Маргааш нь тоглолт эхлэхийн өмнө сайтар давтан, бэлдэж байгаад бүжиглэж билээ. Тэгэхэд би өөрийгөө нээсэн, олсон. Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг тэр яахын аргагүй мөн. Тоглолтын дараа хүн өөрийгөө сайтар шахаж, хичээвэл 24 цагийн дотор юу бүтээж, амьдралаа өөрчилж чадахыг ухаарсан юм. 

-Аливаа мэдлэгийг мэргэжлийн сур- гуульд сурч бус, сонирхол, хообийгоороо хуримтлуулж болохыг та үлгэрлэж байна. Гадаад хэлийг ч бас ингэж сурах боломжтой нь мэдээж.

-Хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хоёргүй сэтгэлээр зүтгэхэд оройтдоггүй, үр шимийг нь хүртдэг гэдэгт би итгэдэг. Хэл сурахад орчин чухал ч түүнээс илүү хичээл зүтгэл, суръя гэсэн сэтгэл, цөхрөшгүй хөдөлмөр хэрэгтэй. Монголд япон хэлний ном, сэтгүүл, толь огт байхгүй, орчуулагч хэдхэн байсан 1990-ээд онд би япон хэл сурсан. Тухайн үед миний ойр тойронд япон хэлтэй нэг ч хүн байгаагүй. Багшийнхаа хэлсэн үг, өгүүлбэр бүхнийг тэмдэглэж авна, А, Б-гүй цээжилнэ. Нэгдүгээр дамжаа төгссөнийхөө дараа жуулчдад хэлмэрчилсэн маань хэлний мэдлэг ахихад их нөлөөлсөн. Тэгж явахдаа Халх голын дайнд оролцсон нэгэн япон өвгөн “Мэрийлттэй, хөдөлмөрч охин байна. Хичээгээрэй” гээд Японд очсоныхоо дараа толь илгээхээ амласан юм. Тэр өвгөн амласандаа хүрч өвөл нь зузаан гэгчийн толь явуулахад магнайгаа хагартал баярлаж билээ. Сургуулийнхнаасаа ганцаараа тольтой болсон нь тэр. Ангиараа миний толийг хэрэглэдэг байв. Хоёрдугаар дамжаа төгссөнийхөө дараа Японы тэтгэлэгт тэнцэн, Наран улсыг зорьж билээ.

-Бүтээхийг хүсдэг балетын дүр бий юү?

-Хоёр жилийн өмнө нэгэн жижиг тоглолтод “Хунт нуур” балетын хоёрдугаар үзэгдэлд цагаан хун болсон. Одоо дахиад хунгийн дүр бүтээхийг хүсдэг. Мэдээж цагаан. Хар хун миний зан ааш, техникт зохихгүй. Эмгэнэлт “Жизель” балетын 21 сүнсний нэг болох нь миний бас нэгэн хүсэл. Хөдөлгөөн нь уран, удаан хэмнэлтэй болохоор надад илүү тохирно. Би ихэвчлэн 05.00 юм уу 06.00 цагт босдог. Долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Боломж гарвал төгөлдөр хуур тоглож сурах юм сан. Тэгвэл балетаар бүжиглэхдээ хөгжмийн хэмнэл мэдрэх чадвар улам сайжрах байх. Би уран гулгалт, балетаас гадна юм нэхэх хообийтой. Монголын уран гартнаар шалгарч, зээгт наамлаар алтан медаль хүртсэн ээжийнхээ авьяасыг өвлөсөн. Аав минь сайхан зурдаг, хэр баргийн хүнээс дутахгүй. Би япон хэлний орчуулагч мэргэжилтэй. БСШУСЯ-наас ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж буй “1000 инженер” төслийн хүрээнд япон хэлний багшаар ажилладаг. Орчуулгын онол, арга зүйг гадаад хэлний сургалттай холбосон постдокторын судалгаа хийх нь миний мөрөөдөл. Доктор зэрэгтэй хүмүүсийн хийдэг судалгаа л даа. Тэгэхийн тулд Японд сурах шаардлагатай. Үүнийг Наран улс төдийгүй Монголынхоо гадаад хэлний сургалтад нэвтрүүлэхийг хүсдэг юм. 

-Япон улсад хоёр удаа тэтгэлгээр сурсан, доктор зэрэгтэй хүний хувьд гадаадад сурахаар зорьж буй залууст зөвлөгөө өгнө үү?

-Би эх оронч үзэлтэй. Япон улсад сурахдаа алхам тутамд хүний нутагт амьдарч байгаагаа мэдэрсэн. Сургуулиа төгссөний дараа харийн нутагт үлдэх, амьдрах боломж надад байсан. Би тэгэх талаар огт бодоогүй, санаанд ч багтаагүй. Гадаадын оронд ажиллаж, сурахаар явж буй залуусыг буруутгах аргагүй. Гэхдээ авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гадаадын оронд л очвол, тэнд амьдарвал бүх зүйл сайхан байдаг юм биш. Монгол ухаан, өв уламжлал, түүх соёл гээд дэлхийд давтагдашгүй зүйлээ умартаж болохгүй. Харийн нутгийг зорьсон хүн бүхэн эх орондоо ирээсэй, сурсан, мэдсэнээ улсынхаа хөгжилд зориулаасай гэж хүсдэг. 


Энэ тухай