Монгол дахь “олигархи ажиллагаа”-2

-Багануурын ордыг “булаах” үндэслэл хувийн хэвшлийнхэнд байна уу-

Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бүлэглэлийн “Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 49 хувийг төртэй булаацалдсан “зодоон” дуусаагүй байхад тэдэнтэй холбоотой дахин нэг маргаан шүүхийн танхимд өрнөөд байна. Монголын хамгийн том банкийг тойрсон бүлэглэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон Багануурын ордын дийлэнх хэсгийг авахаар улайрч эхэлсэн талаар болон түүнийг хэн гэгч зайнаас удирдаж байгааг манай сонин өмнө нь хөндсөн. Тэгвэл энэ удаад Багануурын ордын нийт нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсийг ашиглах тусгай зөвшөөрөл ямар замаар хувийн хэвшлийнхний гарт орсон, хэрүүл маргаан хэрхэн өрнөөд, өдгөө ямар нөхцөлд хүрснийг тоймлон хүргэе.

“Алтай гоулд” компанийг 2006 оны хавар гурван хөрөнгө оруулагч хамтран байгуулжээ. Тухайн оныхоо арваннэгдүгээр сард Ашигт малтмалын газраас Багануурын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан байна. Зөвшөөрөл олгосон хүн нь тухайн цагт Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд юм. “Алтай гоулд”-ынхан нэг жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд мөн л Ашигт малтмалын газрын дарга Л.Болдоос мөнөөх газраа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Хамгийн сонирхолтой нь дээрх шийдвэрүүд төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон төрийн өмчит “Багануур” компанийн 60 жил ашиглах эрхтэй ордыг булаах зөвшөөрөл байв. Энэ тусгай зөвшөөрлийг олгохдоо тэд аливаа ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтоосны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог хуулийг зөрчжээ.

Багануурын ордын хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон нийт талбайг “Багануур” компани хашаалж, хамгаалсан байдаг аж. Тиймээс өөр ямар ч компани тухайн талбайд нэг ч өрөм тавьж, хайгуул хийх боломжгүйг тус “Багануур”-ынхан баталж буй юм. Хөрөнгө зарж нөөцийг нь тогтоосон талбайгаа бусдад эзэмшүүлэхийг “Багануур” компанийнхан хүлээн зөвшөөрөхгүй нь дамжиггүй. Ингээд тэд холбогдох газарт гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар 2008 онд “Алтай гоулд” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Энэ явдлын дараа “Алтай гоулд”-ынхан шүүхэд гомдол гаргасан аж. Шүүхээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрөл цуцлах эрх зүйн чадамжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээсээ давсан шийдвэр гаргасан гэж үзсэн хэрэг.

Улмаар тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн “Алтай гоулд”-ынхан 2010 онд “Алтайн гянт” компанид лицензээ шилжүүлжээ. “Алтайн гянт” компанийг 2007 онд байгуулсан байдаг. Цаг хугацааны нэгэн сонирхолтой давхцал “Алтай гоулд”, “Алтайн гянт” компани хоёрыг холбодог. “Алтай гоулд” компани 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан өдөр үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа эрхлэх чиглэлээр байгуулсан “Алтайн гянт” компани 2037 он хүртэл ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны туслах эрх авч байсан юм билээ. Иймээс “Алтай гоулд”-ынхан хүний толгой эргэм төстэй нэртэй “Алтайн гянт”-д Багануурын ордын лицензийг шилжүүлэхээр эртнээс бэлтгэж байсан гэж хардах үндэслэлтэй болж байна.

Энэ ээдрээтэй “зохиол”-ын хоёрдугаар бүлэг Уул уурхайн сайд ашигт малтмалын хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тушаал гаргаснаар эхэлсэн. Уг шийдвэрийн улмаас 2012 оны аравдугаар сарын 13-нд тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Г.Алтансүх “Алтайн гянт” компанийн Багануурын ордод эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихжээ. Мэдээж “Алтайн гянт”-ынхан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шууд гомдол гаргасан. Хачирхалтай нь шүүхээс гомдлыг нь авч хэлэлцэхээр хурал зарласан өдөр нэхэмжлэгч талаас нэг ч төлөөлөгч ирээгүй гэнэ. Дахин хурал зарласан ч шүүхэд хүсэлт гаргасан “Алтайн гянт”-ынхан сураг алдарчээ.

Сураг алдарсан “Алтайн гянт” компанийнхан 2015 онд буюу гурван жилийн дараа гэнэт “сэрж” нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд дахин гомдол гаргасан байна. Гэвч анхан шатны шүүхээс гурван жил усанд хаясан чулуу мэт алга болж, өөрсдийн гомдол гаргасан шүүх хуралдаа ч ирээгүй “Алтайн гянт”-д Монгол Улсын хуулийн дагуу уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар өгчээ.

Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн байна. Шүүхээс нийтдээ гурван удаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг “Алтайн гянт”-ынханд өгсөн баримт бий. Ингээд хэрэг явдал хэсэг намжжээ. Харин дахин босож ирэхдээ өдгөө олны анхаарлын төвд ороод буй Ц.Пүрэвтүвшинтэй нэр холбогдов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг ОХУ-аас худалдаж аваад, Засгийн газартай маргаан үүсгээд байгаа “Монголын зэс корпорац”-ын “цаасан дээрх эзэн” Ц.Пүрэвтүвшин “Алтайн гянт”-ын эзэн болох нь тэр.

“Алтайн гянт” компани 2015 оны тавдугаар сард хувь нийлүүлэгчийн бүтцээ өөрчилж, гурван хөрөнгө оруулагчийнх нэг нь хасагдаж, хоёр нь үлдэн, гүйцэтгэх захирлаараа Д.Дамбасүрэнг томилсон байдаг. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Алтайн гянт”-ын хоёр хувь нийлүүлэгч, нэг “нөхөр”-т компаниа шилжүүлэн, гүйцэтгэх захирлаар нь өнөөх “алдар”-т Ц.Пүрэвтүвшинг томилжээ. Энэ цагаас хойш “Алтайн гянт”-ынхан Багануурын ордын лицензийн төлөө идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Бүр гурван шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзсэн хэргээ хүртэл сэргээлгэж чадсан аж.

Тэд Монгол Улсын хуулийг ямар аргаар ялсан юм бол. “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Ганбаа нь гурван жил ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлсэн гэсэн “мэх”-ийг Ц.Пүрэвтүвшин сонгожээ. Шүүх үүнийг нь үндэслэлтэй гэж үзэн хэргийг сэргээсэн байна.

Өөрөөр хэлбэл, тухайн гүйцэтгэх захирал гурван жилийн турш тасралтгүй эмчилгээтэй байж, ямар ч ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй байсан гэсэн баримтад итгэн, уг он жилүүдийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас хассан. Ингээд нэгэнт “Алтайн гянт”-ын талд эргэж эхэлсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн намар болж, “Багануур” компанийн бүрдүүлсэн зарим нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг түдгэлзүүлсэн аж. Тухайлбал, “Багануур” компани тус ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон зардлыг улсад тушаасан баримтыг үнэлээгүй гэнэ. Энэ бол шүүх хэнийх нь ч талд ороогүй асуудлыг маргалдагч талуудын дунд хаясан явдал. Харин захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь үнэн гэсэн шийдвэр гаргажээ. Хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст Дээд шүүх хэргийг өнгөрсөн сарын 7-нд хэлэлцээд захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан юм. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг анхан шатны шүүхээс дахин эхэлнэ гэсэн үг.

Багануурын ордын хүрэн нүүрсний нөөцийг 1974-1976 онд хайгуул хийж тогтоосон түүхтэй. Улмаар 1989 онд гүйцээх хайгуулыг нь хийж дуусгасан байна. Хайгуулын ажилд зарцуулсан 94 мянган ам.долларыг “Багануур” компани 1999 онд Засгийн газарт эргүүлэн төлсөн нь энэ ордыг улсын төсвийн хөрөнгөөр илрүүлж, нөөцийг нь тогтоосон гэх хөдөлшгүй баримт болж байгаа. Дахин сануулахад, “Багануур” компанийнхан Ашигт малтмалын тухай хуулийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн агуулгатай заалт хүчин төгөлдөр үйлчилж байх үед “Алтай гоулд”-д зөвшөөрөл олгосон гэж тайлбарладаг.

Бас нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд Багануурын ордоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой “Алтайн гянт”-д алдахдаа тулаад буй “Багануур” компанийн өөрийнх нь хувьцааг ч Худалдаа хөгжлийн банк мөн л худалдан аваад амжчихсан байж магадгүй аж. Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангадаг “Багануур” компанийн хувьцааны 75 хувийг Засгийн газар эзэмшдэг. Харин “Монголиан нэшнл коал корпорэйшн” компани 21 хувийг нь эзэмшиж байна. Тэгэхээр олон нийтэд арилжсан 25 хувийн хувьцааны ердөө дөрвөн хувь нь иргэдийн гар дээр байгаа гэсэн үг. “Монголиан нэшнл коал корпорэйшн”-ыг Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бүлэглэл эзэмшдэг гэсэн явган яриа бий. Энэ ярианаас үндэслэн тэднийг Багануурын ордод эзэн суухаар тал талаас нь “дайрсан” төлөвлөгөө эртнээс боловсруулсан гэж хардах эх сурвалж ч таарч байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай