М.Бьорген: Сүүлчийн олимпоо амжилттай өндөрлүүлсэндээ баяртай байна

Н.Энхбаяр


Олон жилийн дараа Пёнчаны өвлийн олимпын наадмыг эргэн дурсахдаа спорт сонирхогчид Марит Бьоргений амжилтын талаар бахдан ярих нь гарцаагүй. Пёнчаны цасан замаас таван медаль хүртсэн норвеги бүсгүй энэ удаагийн олимпын наадмын гол баатруудын нэг болсон.

Тэрбээр зөвхөн энэ удаа бахдам амжилт гаргасан юм биш. Өвлийн таван олимпын наадмаас түүний хүртсэн медалийн тоо 15 болоод буй. Энэ амжилтаараа тэрбээр цагаан олимпын түүхнээ хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж, нэрээ дээд амжилтын номонд тодоор бичүүлэв.

ПЁНЧАНД ҮЗҮҮЛСЭН ТҮҮНИЙ АМЖИЛТ ЗӨВХӨН ДЭЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Сүүлчийн тэмцээн болох эмэгтэйчүүдийн бөөн гараатай 30 км-ийн уралдаанд түрүүлснээр өвлийн олимпын наадмаас найм дахь алтан медалиа хүртэж, О.Эйнар Бьорндален, Б.Дэлигийн дээд амжилттай зэрэгцлээ.

Норвегийн баг Пёнчанаас 14 алтан медальтай буцаж, нэг өвлийн олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн улс болов. Тэгвэл Марит тэрхүү 14 дэх алтыг авчирсан юм.

Өвлийн олимпын нэг наадмаас таван медаль зүүж, дээд амжилт тогтоосон 10 тамирчны нэг нь М.Бьорген. Тэрбээр 2010 оны олимпод мөн таван медаль энгэртээ зүүж байлаа.

Өвөл, зуны олимпын наадмын түүхнээ М.Бьоргеноос олон медальтай ганцхан тамирчин байдаг нь нийт 18 медаль хүртсэн гимнастикчин Л.Латынина (ЗХУ) юм.

Нийт таван олимпын наадамд хурд хүчээ сорихдоо тус бүрээс нь медаль хүртэж байсан ясны тамирчин бол яахын аргагүй М.Бьорген (энэ жил 37 настай). Тэрбээр олимпын наадмын дараа ийн ярьжээ.

ИРЭЭДҮЙНХЭЭ ТУХАЙ

-Энэ улирлын дараа юу болох нь вэ, би юу хийж чадахаар байна вэ гэдгээ харах болов уу. Ирэх жил үргэлжлүүлж уралдах, эсэхээ сайн мэдэхгүй. Би зөвхөн энэ улиралд л хамаг анхаарлаа хандуулна. Мэдээж олимпын таван наадамд оролцож, 15 медальтай болсон нь сайхан хэрэг. Амжилтаа жинхэнээр ойлгож мэдрэхэд хэсэг хугацаа зарцуулах болов уу.

“АМЖИЛТААРАА БАХАРХЛАА”

-Өнгөрснөө эргэн харахад миний амжилт үнэхээр гайхалтай байжээ. Тамирчны замнал маань итгэхийн аргагүй сайхан байлаа. Энэ бол миний олимпын сүүлчийн наадам, түүнийгээ амжилттай дуусгаж чадсандаа маш их баярласан.

Ийм амжилтад хүрсэндээ би өөрөөрөө бахархаж, ер бусын он жилүүдийг өнгөрүүллээ. Ээж болсон болохоор гэрээсээ хол байх их хэцүү юм, ялангуяа сүүлийн гурван долоо хоног хүүгээ их саналаа. Амаргүй байлаа, гэхдээ сүүлчийн олимпоо ингэж өндөрлүүлж байгаадаа баярлалгүй яах вэ”.

СҮҮЛЧИЙН АЛТАН МЕДАЛЬ

“Би энэ олимпод ганцаарчилсөн төрөлд алтан медаль авах зорилготой ирсэн, тэр бол 30 км-ийн уралдаан (сонгодог тэшилт) юм. Энэ зайд л би түрүүлэх ёстой гэж зорьсон, цаг агаар ч яг таарлаа. Өнөөдөр их онцгой өдөр байв. Сүүлийн 100 метрт ганцаараа тэргүүлж эхэлснээр алтан медаль авчихлаа гэдгээ ойлгосон. Ийм цаг агаарын нөхцөлд сайн цанатай уралдвал надад боломж гарна гэдэгт итгэлтэй байлаа”.

Өвлийн олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчид

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай