Дархлаагүй Монголоор даажигнасан өвчин

Бэлтгэсэн: Ж.Сувдмаа, Г.Равжаа, З.Амгалан


Цагтаа манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг гэгдэж, ДНБ-ий 70 орчим (өдгөө 10 гаруй) хувийг бүрдүүлдэг байсан хөдөө аж ахуйн салбар улам л доройтсоор. Салбарын орлого, хүний нөөц, ажиллагсдын үнэлэмж эрс багасаж, мал сүргээс нь халдварт, гоц халдварт өвчин салахаа болилоо. Ялангуяа мал, амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, богино хугацаанд хөвдний түймэр шиг хурдан тархдаг, олон улсын худалдааны хорио цээрт шүлхий монгол мал, малчин хоёрыг өөдийн нар үзүүлэхээ байв.

Шүлхийн вакцины технологи боловсруулахаар сүүлийн таван жилийн турш хөдөлмөрлөсөн, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийнхантай уулзахад “Шүлхийг эсэргүүцэх, сэргийлэх эм бэлдмэл, вакцин хомс, шуурхай арга хэмжээ авах хүн бүл дутмаг цаг үед ийм өвчин дэгдэхэд яаж ийгээд л намжаадаг байсан.

Гэтэл одоо яаж ч “зэвсэглээд” дөнгөхгүй юм. Тиймээс бид энэ өвчнөөс сэргийлэх вакцин дотооддоо үйлдвэрлэхээр зорьсон” хэмээн халагласан. Мал эмнэлгийн байгууллагын чадавх, үйлчилгээ тааруухан байсан социализмын үед ч “номхруулж” дөнгөдөг байсан шүлхийд бид ингэтлээ дарлуулахад юу нөлөөлөв.

Мал сүрэг нь шүлхийгээр өвчлөөгүй аймаг, сум Монголд өдгөө бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. “Тэр аймгийн суманд шүлхий гарлаа”, “Тэнд хорио цээрийн дэглэм тогтоов”, “Шүлхийтэй төчнөөн мал устгалаа” гэсэн мэдээлэлд бид дөжирч гүйцлээ. Сүүлийн жилүүдэд ийм халдварын тохиолдол ер бүртгэгдээгүй, өвчлөлгүй бүсэд тооцогдож байсан нийслэлд өнгөрсөн онд шүлхий хоёр ч удаа дэгдэж, улаанбаатарчуудыг сандаргасан. Сонгинохайрханы I, XXII, Хан-Уул дүүргийн VIII хороонд эл өвчин гарсан билээ.

Шүлхий сүүлийн жилүүдэд гаарсныг ганцхан баримтаар тодруулъя. ОБЕГ-ынхны мэдээлснээр 2016 оны эхний арван сард улсын хэмжээнд шүлхийн таван тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд 62 болж өсчээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеэс 12 дахин нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн он шүлхийд хамгийн “ээлтэй” жил болжээ. Найман аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт 451 удаа хөл хорио тогтоож, 9000 гаруй толгой мал устгасан мэдээлэл байна.

Манайд түгээмэл гардаг гоц халдварт таван өвчнөөс хамгийн их асуудал дагуулдаг нь шүлхий гэдэг. Сүүлийн 19 жилийн зургаад нь энэ өвчин гараагүй, 13-т нь дэгджээ. Ингэхдээ голдуу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас эхлэн төвийн бүс рүү тархдаг байж.

1974 оноос хойш сураг нь сонсогдоогүй шүлхий 2000 оноос Монголоос салахаа больсон гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. 2000 оноос эхтэй шүлхийн “шуурганд” өртөлгүй, тайван бүсэд тооцогдож байсан баруун аймгуудад ч 2013 оноос ийм өвчин дэгдэх болсон. Тэр ч бүү хэл, манай улс баруун бүсийн долоон аймгаа шүлхийн халдваргүй, тайван бүс нутаг гэж бүртгүүлэхээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад хүсэлт илгээгээд, ажил хэрэг болдгийн даваан дээр хэрэг мандсан.

Өдгөө гэхэд Сүхбаатар, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган аймгийн 10-аад суманд ийм шалтгаанаар хөл хорио тогтоогоод буй аж. Он гарснаас хойш шүлхийтэй 3200 гаруй мал устгажээ. Энэ янзаараа бол 2018 он шүлхийн тохиолдлоор өмнөх жилээсээ ч “дээд амжилт” тогтоож мэдэх нь.

Шүлхий ямар замаар халдварладаг нь тодорхой атал, түүнтэй тэмцэхээр жил бүр тэрбум тэрбумаар хөрөнгө төсөвлөж, өвчин гарсан даруйд хөл хорио тогтоон, голомттой бүсийг тусгаарлаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байхад энэ аюул намжихгүй, харин ч нэмэгдээд буйн учир юу вэ? Хүмүүсийн ярьдгаар шүлхийг даамжруулах нууц сонирхол хэн нэгэнд байна уу. Эсвэл бид хэрхэн тэмцэх учир зүйгээ олохгүй байна уу. Малчид нь чанаргүй, баталгаагүй вакцин хийснээс боллоо гэж буруутгадаг, салбарын мэргэжилтнүүд нь “Малчдын хариуцлагагүйгээс үүдэлтэй” хэмээн толхилцсоор бид хэдий болтол шүлхийтэй тэмцэх вэ. Биднийг ийн мунгинаж, гайхширч суух хооронд улсын төсвөөс тэрбум тэрбумаараа хөрөнгө урссаар. Манай улс шүлхийн эсрэг вакцинд 2001-2010 онд ихдээ хоёр тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол зөвхөн 2016 онд 8.7 тэрбум болтлоо өсчээ.

Бас нэг тулгамдсан асуудал бий нь эдийн засгийн үр ашиг, экспортоо бодоод малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг нууцалдаг “моод” сүүлийн жилүүдэд дэлгэрсэн. Өнгөрсөн жил нэг аймгийн Засаг даргатай холбогдож мэдээлэл авах гэхэд “Та нар энэ талаар нэг их сүржин мэдээлээд хэрэггүй. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх гэж байгаа том төсөлд нөлөөлж мэднэ” гэсэн юм. Тэгвэл өдгөө ч энэ асуудал хариуцсан зарим байгууллагынханд шүлхийн дэгдэлтийн талаар дорвитой мэдээлэл өгөхгүй байх чиглэл өгсөн сураг дуулдав. Уг нь энэ талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байж гэмээнэ урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрнэ. “Нууцын зэрэглэл”-тэй өвчинтэй хэрхэн тэмцэх билээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Нүглийн нүдийг гурилаар хуурсан ариутгалын цэгүүдээ буулгавал яасан юм бэ

Малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн газруудаас Улаанбаатарт хамгийн ойр нь Төв аймгийн Баянцагаан сум аж. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам цасаар шуурч, Ногоон дов орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж байлаа. Тухайн хэсэгт өнөө жил цас их унаж, зам даваа хаагдсаныг Төв аймгийн АЗЗА компанийнхан цэвэрлэн, зорчих хэсгийг нээсэн ч тэр хэсэгт жолооч нар удаан явцгааж байсан юм.

Уг нь ХХААХҮЯ-ны мэдээлснээр Ногоон дов, Дов толгой орчимд тавдугаар сарын 1 хүртэл ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж эхэлсэн гэх. Шуургатай байсныг дурдсан учир нь хуйларсан цасан дундаас энэ цэгийг нь олж хараагүй өнгөрсөн юм болов уу гэж бодсоных. Өчигдөр өглөө эртлэн гарсан манай сурвалжлах баг 11.30 цагийн үед тус сумын I багийн нутагт төв замаас Баянцагаан сум руу салдаг уулзварт “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул явахыг хориглоно” гэсэн самбар босгожээ.

Шүлхийн голомттой газарт очоод хамаг хувцсаа хлорын шохой шатааж ариутгуулах юм байх гэж бодтол огт тийм зүйл таарсангүй. Монгол орны зүүн аймгуудад 2000-гаад оны эхэн үед энэ өвчин дэгдэж, Цагаан сараар гэртээ хариад хөл хорионд орж, сар гаруй хичээлээс чөлөөлөгдсөн оюутнуудын нэг нь би. Сүүлдээ нэгдсэн журмаар аймгийн төвд аваачин цүнхтэй болон гадуур хувцсыг маань том асарт аваачин хлорын шохой шатааж утаагаар нь утаж ариутгаж байсан юм даг.

Биднийг ч тийм утаатай майхнаар оруулж гаргаж байв. Тэгээд “Зил-130”-д ачин хот руу хүргэж байж билээ. Ийм л зарчмаар ариутгах юм байх гэж бодсон минь эндүүрэл байв.

Тэндээс 10 гаруй км зайтай Жаал толгойд нутаглаж буй малчдын хот, тэндээс холгүй орших хяналт тавьж буй төрийн албан хаагчдын сууж буй гэрт очлоо. Хэдийгээр тэнд цас багатай ч жавартай байв. Малчин Б.Мөнхболдын хотонд энэ оны нэгдүгээр сарын 3-4-ний үед гоц халдварт энэ өвчний шинж тэмдэг илэрсэн аж. Гоц халдварт өвчний голомтын бүс гэсэн пайз босгож хөл хорьсон хэсэг рүү бид орохыг урьтал болгосонгүй.

Тэр хотноос хөл хүнд нэгэн бүсгүй сум руу явдаг зам дагуу байх худгаас ус авахаар гарч байгааг хараад ховоо татаж өгөнгөө хэсэг ярилцлаа. Түүний ярьснаар хөршийнх нь нэг үхэр сүргээсээ тасарч голомттой бүс рүү идээшилж яваад ирэхдээ халдвар авсан гэнэ. Улмаар хотныхоо хэд хэдэн үхэрт халдааж, өөрийнх нь гэрээс 3-4, хөршийнхөөс нь мөн тоогоор өвчлүүлжээ. Уг нь тэр айлууд өнгөрсөн аравдугаар сард шүлхийн вакцин тариулсан юм байна.

Гэсэн хэдий ч тариулаагүй үлдсэн, “шилэрч явсан” хэд нь халдвар авсан бололтой гэж мөнөөх бүсгүй өгүүллээ. Тэгж байтал малчин Б.Мөнхболд эхнэрээ мотоциклдоо сундлан ус авахаар ирэв. Түүнтэй ярилцахад “Үхэр маань урагшаагаа тасарч бэлчээд халдварын голомттой айлын малтай нийлэн өвчин туссан бололтой. Хаа сайгүй л шүлхийн халдвар гарах боллоо. Хамгийн сүүлд Булганд илэрлээ гэж зурагтаар ярьж байна. Манай эндхийн хөл хорио удахгүй тавигдах байх” гэв.

Хяналтын цэгт Баянцагаан сумын I багийн Засаг дарга Н.Долгорсүрэн гэдэг эмэгтэй ганцаараа байлаа. Тэрбээр “Та нарыг машинтайгаа голомттой бүс рүү давхиад оччих нь уу гэж айж байлаа. Хамт гардаг цагдаа маань эргүүл хийхээр явчихсан юм. Тэгээд ажиглаад байтал ашгүй та нар айл руу очсонгүй” гэсээр угтсан юм. “Малд нь гоц халдварт өвчин гарсан айл бол залуу гэр бүл. Энэ намар өрх тусгаарлаад ах нь хэдэн мал бэлэглэсэн юм билээ.

Энд тэндээс авчирсан үхрийнх нь заримд вакцин тариагүй байснаас халдварт өвчин туссан. Түүнээс гадна өвөлжилт хүндэрч болзошгүй, газрын гарц тааруу байсантай холбоотойгоор аймгийн хойд талын сумдаас олон айл нүүн ирж өвөлжиж, хаваржиж буй. Тэдний мал нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй, халдвартай байсан байх магадлалтай гэж бодож байна.

Ер нь тэгээд улс даяар хөрөнгө гаргаад малаа эрүүлжүүлэх кампанит ажил өрнүүлэх хэрэгтэй болсон гэж санагдана. Тэгэхгүй бол улс даяар энэ гоц халдварт өвчин газар авлаа. Мал эмнэлгийг хувьчилсны сөрөг үр дагавар нь бараг мартагдаад байсан өвчин өвөл, зунгүй дэгдэхэд нөлөөлж байна” гэж ярив.

Шүлхийн хяналтын пост, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгт байгаа тэрбээр хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын тусгай багаж хэрэгсэлгүй үүрэг гүйцэтгэж байлаа. Учрыг нь лавлахад тавьж өгсөн хувцас, бээлий нь гарын ая даахгүй урагдан, амны хаалт нь нэвтэрч, ариутгалын бодис нь аманд нь амтагддаг гэнэ. Өдөртөө 30-40 тээврийн хэрэгслийн дугуй руу химийн бодистой ус цацаж буй болохоор биед нь шингэж буй бололтой.

Уг нь өмнөд хөршид үйлдвэрлэсэн бололтой ариутгал хийх зориулалтын хоёр цацагч байсан ч хүйтний ая, тээврийн олон хэрэгслийн ачааллыг даалгүй эвдрээд гэрийнх нь хаяанд хэвтэж байлаа. Ариутгагч төхөөрөмж нь эвдэрсэн учраас тэрбээр ундааны саванд ариутгалын шингэнээ хийгээд тонголзон машины дөрвөн дугуй руу цацаж зогсоно. Цагаан сарын үеэр их ачаалалтай, гэртээ ч харьж шинэлж чадаагүйгээ Засаг дарга бидэнд учирласан.

Өдөрт тээврийн 60-70 хэрэгслийг ариутгасан бөгөөд тэнд цагдаа байхгүй л бол малчид, сумын иргэд дураараа давхилдах гээд болж өгөхгүй байгаа гэнэ. Гэвч хяналтын цэгт ажиллаж буй Засаг даргад бүү хэл, цагдаагийн ажилтанд нэмэгдэл хөлс олгохгүй нь харамсалтай. Харин Онцгой байдлын алба хаагчид нэмэгдэл хөлс авдаг гэдгийг тэд онцолж байлаа.

Ойр хавьд нь төв зам дагуу Баян- Өнжүүлийн, цаашлаад Дундговь аймгийн хойд сумдад гарсан шүлхий өвчний хяналтын пост, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж буйг Н.Долгорсүрэн дарга хэлсэн. Түүнийх нь дагуу төв зам дагуу Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг хүртэл явлаа. Баян-Өнжүүл суманд харьяалагдах газарт нутаг сэлгэж, хаваржаандаа буухаар яваа малчинтай таарч, түүнтэй хэсэг хөөрөлдсөн юм. Тэрбээр “Манай энэ хавьд гоц халдварт өвчин гайгүй.

Ер нь гардаггүй. Ах нь 65 хүрч байна. Дөрөвдүгээр анги төгсөөд л насаараа мал дагалаа. Бидний бага залууд ийм өвчин гэж мэддэггүй байсан юм шүү дээ. Тэр нь төр, засгаас малаа эрүүлжүүлэх бодлого үргэлж барьж, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийж байсны ач. Зун мал угаах гэж сүртэй кампанит ажил хийж, керолинтэй усанд оруулж гаргадаг байсан нь элдэв шимэгч, халдварын нян тээхээс урьдчилан сэргийлдэг байж.

Зах зээлд шилжээд хуучин тогтолцооны бүхнийг устгаж үгүй хийсний гор ч гэж хэлж болох байх. Бас шүлхийн вакцин нийлүүлэгч, эсвэл гадаад улсын бодлогоор ийм өвчин Монголыг бүрхээд байж ч болзошгүй” хэмээв.

Дундговийн Адаацагийн нутаг хүртэл явахад нэг ч ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг алга байв. Буцахад цасаар шуурах нь намжсан бөгөөд дээр дурдсан Дов толгойн орчимд ийм цэг байгаа болов уу гэж нэлээд ажигласан ч байсангүй. Төв аймгаас хот руу орж ирдэг замд Айцын давааны урд замын хураамж авдаг цэгийн хажууд нэг гэр нэлээд удаан хугацаанд ариутгал хийж буй нэрээр мөнгө авч, олон нийтийн сүлжээнд иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Гэтэл өчигдөр зэвтэй том таглаагаар таглаж, хятад цоож зүүгээд алга болсон байлаа.

Шүлхийн голомт болон зам дагуух ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн ажил нэг ийм аястай, нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр л ажиллаж байхад энэ өвчин газар авахгүй гээд ч яах билээ.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Шүлхий нь олон орны мал аж ахуйд үлэмж хохирол учруулдаг гэрийн тэжээмэл болон зэрлэг салаа туурайтан амьтны хамгийн аюултай өвчнүүдийн нэг учраас дэлхий нийтийн асуудалд тооцогддог. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын мэдээлснээр өдгөө 65 улс вакцинжуулалтгүйгээр, нэг орон вакцинжуулснаар шүлхий өвчнөөс ангид байна.

Мөн есөн улс вакцинжуулсны үр дүнд, зургаан улс вакцин хийгээгүй хэрнээ шүлхийгүй бүсэд хамаарч буй аж. Гэвч 120 гаруй улсад уг өвчин дэгддэг, эсвэл үе үе гарсан хэвээр байна. ДАЭМБ нь 178 гишүүн оронтой аж. Өдгөө тус байгууллага шүлхий өвчинтэй тэмцэх дөрвөн стратегийг хүлээн зөвшөөрч байна.

Тэдгээрийн гуравт нь өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтныг бүгдийг устгахаар заажээ. Харин ганц л тохиолдол буюу өвчин илэрснээс хойш 18 сарын хугацаа өнгөрсний дараа өвдсөн малд вакцин хийдэг гэнэ.

Дээр дурдсан бүх тохиолдолд мал, амьтанд нь шинжилгээ хийсний дараа нян илрэхгүй бол шүлхийгүй улс, эсвэл бүс нутаг гэсэн статусыг нь заавал сэргээдэг байна. Өдгөө Австралиас бусад Европ, Ази, Африк, Өмнөд Америкийн олон улсад шүлхий гарсаар буй. Өвчтэй мал, амьтнаас халдварладаг эл өвчний О, А, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн долоон хэвшил шинжлэх ухаанд танигдсан байдгаас О, А, Ази-1, САТ-2 хамгийн түгээмэл илэрдэг байна.

БАЙР СУУРЬ

Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт сүүлийн жилүүдэд газар авсантай холбоотойгоор төр, засаг, холбогдох байгууллагууд арга хэмжээ авч буй ч дорвитой үр дүн гарахгүй байгаагийн шалтгааныг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Цагаан зээрээс шүлхийн вирус илэрсэн

Д.БАТЖАРГАЛ (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга):

-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Орхон, Өвөрхангай аймгийн 30 суманд гоц халдварт шүлхий өвчин дэгдээд буй. Нийт 4353 мал өвчилснөөс 3200 орчмыг нь устгасан. Одоогоор Булганд нөхцөл байдал хүнд, аймгийн төвд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Гоц халдварт шүлхий өвчин намжихгүй байгаа гол шалтгаан нь хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж чадахгүй байгаа явдал.

Жишээлбэл, саяхан Цагаан сар болж иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн нь халдвар тархах гол шалтгаан боллоо. Мөн БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад уг өвчин байнга дэгдэж байна. Энэ жил цас их орсонтой холбоотойгоор зээрийн нүүдэл ихэссэн. Сүхбаатар аймгаас Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг руу цагаан зээр олноор ирлээ.

Уг амьтнаас шинжилгээ авахад шүлхийн вирус илэрсэн. Энэ нь мал өвчлөх нэг эрсдэл болж буй юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга бол вакцинжуулалт. Ингэхдээ голомтын бүстэй ойролцоо халдвар гараагүй аймгуудын болон хамгийн сүүлд өвчлөл гарсан бүсийн малд вакцин хийх замаар урьдчилан сэргийлэх нь хамгийн оновчтой. Гэтэл манай улсын нөөц, боломжоос шалтгаалан үүнийг төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй.

Мал устгаад нэмэргүй

С.ДИВАНГАР (Малын эмч):

-2015 оноос өмнө зүүн бүсийн нутагт л шүлхий дэгддэг байснаа сүүлийн үед төв болон баруун бүсийн нутагт ч тархлаа. Энэ нь өвчний голомтыг бүрэн хянаж чадахгүй байгаатай холбоотой. Уг нь шүлхийг бүрмөсөн дарах боломжтой. Гэвч манай улс малын шилжилт хөдөлгөөнийг хянаж, голомттой бүсээ хамгаалж чаддаггүйгээс уг өвчлөлийг устгах нь битгий хэл, улам гааруулчихдаг. Мал эмнэлгийн газрынхан хууль журмаа хэрэгжүүлж чадахгүй байна.

Жишээ нь, 2015 онд Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор төвийн бүсийг шүлхийгүй бүс нутаг хэмээн зарлаж, тойруулан хяналтын хэд хэдэн цэг байгуулах үүрэг өгсөн боловч хэрэгжүүлэхгүй байсаар ийм байдалд хүрлээ. Мал эмнэлгийн газраас тандан судлаад, шүлхийн анхны шинж тэмдэг илэрсэн малыг устгах ёстой. Вирусийн халдвар хэдийнэ авсан малыг устгаад ямар ч нэмэргүй.

Мал халдвар авч, бусдадаа тараасны дараа устгах нь хөрөнгө мөнгөө үргүй зарснаас ялгаагүй. Халдварт өвчин дэгдсэн үед машины дугуй руу уусмал шүрших, зам дээр шохой цацах зэргээр халдваргүйжүүлдэг. Гэтэл өвлийн цагт уусмал хөлдөж, хөлдсөн уусмалыг шүршигчээр машины дугуй руу ёс төдий цацдаг. Эдгээр нь мэргэжлийн үүднээс маш том алдаа болж буй юм.

Гал унтраах төдий арга хэмжээ авсаар байна

Б.БОЛДБААТАР (Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга):

-2016 онд Төв аймгийн Баян суманд шүлхий өвчин гарч, Баянцагаан, Баяндэлгэр суманд тархаад, сар гаруйн дараа намжсан. Харин өнгөрсөн жил Сэргэлэн, Алтанбулаг суманд эл өвчин дэгдэж, дөрвөн сарын турш хөл хорио тогтоон, 100 гаруй толгой үхэр устгасан. Шүлхий хяналтаас гарсан нь малчдын хариуцлагагүй байдалтай ихээхэн холбоотой. Малаа хугацаанд нь тогтмол вакцинжуулж, сэргийлэхдээ хойрго ханддаг. Манай аймгийн тухайд их онцлогтой.

Төвийн бүсэд оршдог учраас нүүдэл, шилжилт хөдөлгөөн дайран өнгөрөх цэг болдог. Өөрөөр хэлбэл, эрсдэлд өртөмтгий. Малчид дуртай газраа нутаг сэлгэн замбараагүй буудаг. Өнгөрсөн зун ихэнх нутгаар зуншлага тааруу, гандуу байсан тул одоо 10 гаруй сумын малчид 500 орчим мянган малтайгаа зэргэлдээх аймгуудад өвөлжиж байна.

Ер нь тэд дуртай газраа нутаг сэлгэн буудаг. Гэтэл тэр аймгуудад өдгөө шүлхий дэгдчихсэн байгаа. Малчид ийм эрсдэлтэй нөхцөлд буй. Гал унтраах төдий арга хэмжээ авах бус, үндэс сууриар нь тэмцэх хэрэгтэй. Тухайлбал, вакцинжуулалтад бүх аймаг, сумын малыг хамруулах ёстой. Өнгөрсөн онд ОХУ-аас буцалтгүй тусламжаар 500 мянган тун вакцин авахаар болсон.

Энэ нь ердөө 500 мянган үхэрт хийх хэмжээнийх юм. Богоор тооцвол нэг сая орчим малыг вакцинжуулахад хүрэлцээтэй гэсэн үг. Ингэж хэсэгчилсэн байдлаар тарихын оронд бүрэн хамруулах нь чухал.

Вакцин үйлдвэрлэх тусгай лаборатори шаардлагатай

Б.БОЛДБААТАР: (Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор)

-Манай лабораторийн судлаачид мал, амьтны төдийгүй вирусийн гаралтай зооноз өвчний үүсгэгчийг илрүүлэх, оношлуур, вакцины технологи боловсруулах чиглэлээр ажилладаг. Шүлхий өвчний оношлуур, вакциныг манай улс гадаадаас худалдан авдаг. Өөрийн орны нөхцөлд вакцин үйлдвэрлэх нь маш хүндрэлтэй. Учир нь тусгай тоноглогдсон лабораторигүйгээр шүлхий өвчний амьд үүсгэгчтэй ажиллах боломж байдаггүй.

Дэлхий нийтэд аливаа өвчний үүсгэгчийг био аюулгүйн зэрэглэлээр нь I-IV хүртэл ангилдаг бөгөөд шүлхий үүсгэгч нь энэ зэрэглэлийн III түвшинд хамаардаг. Энэ үүсгэгчтэй ажиллахад тухайн газраас ямар нэг үүсгэгч гадагшлахгүй байх бүх нөхцөлийг хангасан, сайтар тоноглосон, өндөр өртөгтэй лаборатори зайлшгүй шаардлагатай. Манайд ганц УМЭАЦТЛ-д био аюулгүйн III түвшний лаборатори бий.

Манай хүрээлэн ийм лабораторигүй учир бид амьд үүсгэгчтэй ажиллах боломжгүй. Гэхдээ манай зарим хүрээлэнгийн ажилтнууд боломжийнхоо хэрээр арга зам хайж, туршилт, судалгаа хийсэн. Өвөлжилт хүндэрч, малын шилжилт, хөдөлгөөн ихэссэнээс төвийн бүсэд өвчин гарлаа.

Шүлхийн дэгдэлт, тархалтын хүрээ тэлж байгаа нь вирус идэвхтэй эргэлтэд буй эрсдэлтэй бүс нутаг руу отроор ирсэн, вакцин хийлгээгүй мал орж халдвар авах, эсвэл эсрэгээр вакцинжуулаагүй, эрүүл бүс нутаг руу халдвар тээсэн мал зөөх зэрэг шилжилт, хөдөлгөөнөөс үүдэлтэй учир өвчнийг хяналтад авах асуудал тулгарлаа.

Вирус зөвхөн засмал замаар “явдаг” хэрэг үү

Ц.ӨЛЗИЙТОГТОХ (“Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий технологич, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга):

-Ханиад хатгалгаа, улаан бурхан зэрэг өвчинтэй Эрүүл мэндийн яам, хүний эмч нар тэмцдэг. Гэтэл малын өвчин, тэр дундаа гоц халдварт шүлхий өвчинтэй болохоор Онцгой байдлын газрын офицер, өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус хүмүүс тэмцэж байна. Өнгөрсөн намар манай Биокомбинатад буюу Хан-Уул дүүргийн XII хороонд шүлхий дэгдсэн. Хорио цээр тогтоож байна гээд Өлзийт хороолол, Морингийн давааны авто замыг хааж, Онцгой байдлын газрын хэдэн хүн замын хажууд сар гаруй унтлаа.

Зөвхөн засмал замыг л хаасан, бусад газраар хүн, мал, машин чөлөөтэй холхих боломжтой. Шүлхийн вирус зөвхөн засмал замаар “явдаг” хэрэг үү. Мөн тэд 20.00-08.00 цагт буюу шөнө ажилладаггүй. Шүлхийн вирус бас шөнө “унтдаг” болж таарах нь. Ийм хорио цээр гэж байх уу. Авч байгаа арга хэмжээ нь утга учиргүй, үр дүнгүй болохоор шүлхий тархахаас өөр аргагүй. Өвчний халдвар авахаас өмнө, урьдчилан сэргийлэхийн тулд бид хүүхдэдээ вакцин хийлгэдэг биз дээ.

Малыг ч ялгаагүй, өвчлөхөөс өмнө, эрүүл байхад нь вакцинжуулах ёстой. Гэтэл одоо манайхан өчнөөн вакцин аваад, тариад байгаа хэр нь л өвчин дэгдээд буй. Вакцин нь хамгаалж чадахгүй байна гэсэн үг биз дээ. Нөгөө талаас иргэдэд буруу мэдээлэл өгч, төөрөгдүүлдэг байдал газар авлаа. Нэг айлын 50 үхрээс хүнд өвчилсөн шинж тэмдэг илэрсэн 10-ыг нь буудаж устгачихаад, хөнгөн өвчилсөн 40-д нь вакцин тариад, хорио цээр дуусахаар хаяад явдаг.

Шүлхийн вирус өвчилсөн үхэрт, хашаан дотор, эргэн тойрных нь ус, бэлчээрт зургаан сар хадгалагдана. Дээр нь мал эмнэлгийнхэн халдвар тараадаг. Нэг айлд очоод, малынх нь ам, хамрыг татаж үзчихээд, шууд дараачийнхаа айл руу давхих жишээтэй. Энэ чинь халдвар тарааж байгаа хэлбэр мөн биз дээ. Цаашид тэмцэх арга замаа өөрчилж, утга учиргүй устгадгаа болих хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай