Хөсөр хэвтэх хөдөө аж ахуйн салбар

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нар арьс, шир боловсруулах чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд урилга өгөөд “Манай сургуульд шалгалтгүйгээр орох давуу талтай” гээд хадаг барих нь холгүй гуйгаад байхад зургаахан оюутан элссэн тухай толгой сэгсрэн ярьж байна. Арьс, шир боловсруулах, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн асуудал өдгөө хурцаар тавигдах хэмжээнд хүрснийг харьяа яамны дарга, даамлууд ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Цагтаа цалгиж явсан арьс, шир боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхныг өнөө “Гэлэн гуай” гэж өргөмжлөх нь байтугай “Гөлөөг” ч гэж тоох хүнгүй болсны нэг жишээ энэ.

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс цалин хөлсний бүтцийн түүвэр судалгааг 2017 онд хийхэд хамгийн бага орлоготой салбар нь мөн л хөдөө аж ахуй байжээ. Малчид, тариаланчид, мал эмнэлгийнхэн, арьс шир угаагч, боловсруулагч, агрономич, комбайнчаас эхлээд ойн аж ахуй, загас барьдаг хүмүүс, ан агнуурынхан гэх зэргээр энэ салбарт 326 мянга орчим хүн ажилладаг.

Тэдний сарын дундаж цалин 500 000 төгрөг байгаа нь уул уурхай, олборлолтын салбарынхнаас гурав, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн салбарт ажиллагсдынхаас 2.5 дахин бага. Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид, үгүй ядахдаа мотоцикл засдаг хүмүүс хүртэл хөдөө аж ахуйн салбарынхнаас бараг хоёр дахин өндөр цалин авч байна. Гэхдээ энэ нь Үндэсний статистикийн хорооныхны өнгөрсөн жил гаргасан монгол хүний сарын дундаж цалин (966.6 мянган төгрөг)-гаар тооцсон үзүүлэлт биш шүү. Түүвэр судалгаанд оролцсон 2376 аж ахуйн нэгж байгууллагын 29 904 хүний дундаж цалин буюу 827 100 төгрөгөөр тооцсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийм дүр зураг тус институтийн 2013, 2015 оны судалгааны үеэр ч давтагдаж байж.

Монгол бол хөдөө аж ахуйн орон. Бид ч ингэж ярих дуртай боловч ачир дээрээ бодит байдал ийм л байна. Хөдөө аж ахуйн салбарын үнэлэмж ийм муу байхад ухдаг биш ургадаг баялгийнхаа үр өгөөжөөр монголчууд хөгжинө гэвэл ёстой л сэрүүн зүүдэлсэн хэрэг биз. Энэ салбарт ажилладаг 326 мянган хүнээс ердөө 18 мянга нь л эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдэг баримтаас харахад ч эрхбиш нэгийг тунгаах цаг болсон мэт. Үүнийг зөвхөн хайнга хэнэггүй малчидтай холбон, өөрсдөөсөө холдуулах аргагүй. Үнэндээ 500 мянган төгрөгийн цалинтай малын эмч ч өнөөдөр тун ховор шүү.

Социализмын үед манай улс одоогоос гурав дахин бага малтай байсан хэрнээ 4000 орчим малын эмч, зоо техникчтэй байжээ. Харин одоо 65 сая малтай атлаа эмч, малзүйч нь 1000 хүрэхгүй аж. 1990-ээд онд мал эмнэлгийн салбарыг хувьчилснаас хойш үйл ажиллагаа нь тасралтгүй уруудан доройтсоор үр дагаварт нь өдгөө Монголд малын гоц халдварт өвчин салахаа байсан. Аль аймгийн ямар суманд бэлчээрийн нөөц хэр болохыг, тэнд ямар мал өсгөвөл тохиромжтойг, түүнийг хаанахын хээлтүүлэгчтэй нийлүүлбэл ашиг шим нь яаж нэмэгдэхийг арван хуруу шигээ мэдэж, зохицуулах учиртай зоотехникч хэмээх чухал мэргэжил өнөө цагт хуучин, хоцрогдсонд тооцогдож, энэ үг мартагдахад хүрээд буй.

Аргаа бараад ХААИС-ийнхан зоотехникч гэсэн хуучин нэрийг нь хүртэл сольж, мал зүйч, мал зүйч технологич, мал зүйн удирдлага, малзүйч менежмент, мал зүйч орчуулга, зоо инженер технологич гэх мэтчилэн орчин үеийн залуусын нүдэнд торж, чихэнд наалдахуйц нэршлүүд сонгож үзжээ. 2000-аад оны эхэнд намар болохоор л арваадхан суралцагч хүлээж авдаг байсан хоосон анги танхимууд үүний ачаар овоо дүүрэх тийшээ хандаж эхэлсэн ч гоё нэрэнд “хууртаж” орсон оюутнууд яваандаа мэргэжлээ ирээдүйгүй гэж үзээд замын дундаас орхидог болжээ.

Агрономич, комбайнч мэргэжил ч мөн адил нийгэм болоод хөдөлмөрийн зах зээлд үнэлэмж муутай, баргийн хүн тоож сонгохооргүй болсон гэнэ. Нэг га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд гол судалгаа шинжилгээ хийж, их ажлыг нугалах учиртай хүмүүсийг бэлтгэх, ажилтай байлгахад анхаарахаас өөр замгүй.

2014 онд Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн инженер, мал зүйч технологич гэсэн хоёр мэргэжлээр нийт39 оюутан төгссөн боловч 50 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн бүртгэл ч байна. Өөрөөр хэлбэл, манайд эрэлт нь байгаа ч хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээ байх ёстой газарт нь “уяж” ажиллуулах бодлого, зохицуулалтгүй 30-аад жил явж ирсэн гэсэн үг. Хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх асуудлыг салбарын яамнаас нь салгаж, БСШУЯ-нд хариуцуулснаараа сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажил хоорондоо авцалдахгүй байна гэдэг ч ортой.

Жишээ нь, ХААИС бусад сургуультай адил нягтлан бэлтгээд сууж байхын оронд хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй байгаа жинхэнэ сайн менежерүүдийг бэлтгэхэд анхаардаг баймаар сан. “ХААИС-ийнханд оюутнуудаараа дөрвөн жилийн хугацаанд 330 сумын бизнес төлөвлөгөөг гаргаад үзээч гэж их хэлдэг. Тухайн нэг сум хэдэн толгой малтайгаас хонь, ямаа, үхэр, адуу нь хэд юм, тэдгээрээс ямар ашиг шим гарах боломжтой, түүнийг нь малчдад яаж илүү үр өгөөжтэй байлгах вэ гэдгийг тооцоолсон цогц судалгаа, төлөвлөгөө гаргаад үзвэл хаана хаанаа хэрэгтэй” хэмээн ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлсэн.

Оны өмнөхөн УИХ-аар баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар харин малын үржил селекцийн асуудал, мал эмнэлэг хоёрыг тусад нь авч үзэх болсон нь давуу тал гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Тухайлбал, өдгөө 330 суманд малын эмч тус бүр нэг байгааг хоёр болгохын зэрэгцээ хөдөө аж ахуйн тасаг байгуулж, тэнд нь мал үржүүлгийн ажил хариуцсан нэг зоотехникч байлгахаар хуульчилжээ. Ингэснээр мэргэжлийн бус, тэтгэврийн насны гэр бүлийн хоёр хүн өмчлөөд авчихсан, дуртай үедээ ажилладаг, дургүйгээ хүрэхээр хөдөлдөггүй хувийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагааг чадавхжуулах боломж бүрдэх гэнэ.

Төрийн албаны тухай хуулиар орон нутагт ажилласан эмч, багш, цагдаа нарт таван жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж олгодог шиг мал аж ахуйн салбарт иймэрхүү дэмжлэг, урамшуулалтай болгох гэсэн ч мал эмнэлэг нь хувийн хэвшлийнх учраас бүтээгүй аж. Гэхдээ олон жилийн турш сууриараа уруудсан хөдөө аж ахуйн салбарыг өөд нь татахад зөвхөн төр, засгийн дэмжлэг гэлтгүй өөрсдийнх нь идэвх санаачилга маш чухал гэдгийг мэргэжилтнүүд сануулав.

“Манай малчид, тариаланчид өөрсдөө сум, багаараа хоршиж, хөрөнгөө нийлүүлээд, нэгдсэн удирдлага зохион байгуулалт, менежментээр хөдөлбөл өнөөгийн нөхцөлд хавьгүй үр дүнтэй гэж хардаг. Тухайн сумын эдийн засгийн онцлог юу болохыг, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бусдаас давуу вэ гэдгээ тодорхойлоод, түүндээ тохирсон бизнес төлөвлөгөө гаргаж, жинхэнэ мэргэжлийн хүнээр хоршоогоо удирдуулах зэргээр томоохон шинэчлэл хийх хэрэгтэй байна.

Тэгвэл адаглаад ноос, ноолуураа ангилж ялгах хүмүүсээс эхлээд арьс, ширний идээлэгч, нярав, нягтлан, савлагч, жолооч гээд хоршоо дагасан бодит ажлын байрууд гарна. Үгүй бол өнөөдөр сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гэсэн хэдэн албан байгууллагад л хүн ажилладаг, бусад нь мянгат малчдын хаяа бараадан амьдралаа залгуулдаг нийтлэг дүр зураг байна. Малчид түүхий эдээ өөрсдөө ангилж ялган, цэгцтэй бэлтгэн нийлүүлээд эхэлбэл үйлдвэрлэгчид ч хоёр, гурван янзын үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой” хэмээн М.Энх-Амар дарга ярилаа.

Нүүдэлчин монголчууд яаж ч ядарч, уул уурхайн баялгийн үнэ уруудаж, эдийн засаг нь элгээрээ хэвтлээ гэсэн өлсөж үхэхгүй буянтай улс. Гэхдээ “Болоод л байгаа юм” гэж аанай салан задгай суух бус, эцсийн мөчид түших гол багана болсон хөдөө аж ахуйн салбараа өөд нь татахад хаана хаанаа анхаарах хэрэгтэй байна. Алийн болгон хятадуудын “гар, хөл” болсон ченжүүдийн хэрмэл сүлжээнд ороолдон, мөлжүүлсээр байх вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай