Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд

Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №25


“Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазны хичээлийг…дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа”.

Бавуугийн Лхагвасүрэн.

Хүн амын тоо идэш, амьдрах нөхцөлөөс шууд хамааралтай. Сэхээ (абстракц): Дэлхийн хүн амын тоо найман тэрбум хүрсээр Антарктид тив болон Хойд мөсөн туйлд судалгааны багаас өөр суурин амьдрал үгүй ажгуу (өнгөрснөөс уг нийтлэлийг бичиж буйг хүрэх цаг хугацаа заана). Өдгөө Такла-макан, Каракум болон Сахарын цөл гэх мэтийн тагд хүмүүсийн суурин бараг үгүй ажгуу. Учир шалтгаан нь хүмүүн төрөлхтний бий болгосон ахуйд тохирох оромж дээр дурьдсан тагд (мөс элсэнд) үгүй байна. Өдгөө хамгийн их хүн амтай хан үндэстэн тариалан ахуйн хамгийн сайн таг (хадны бичигт өөрийн орших газар усыг “нтук”  “энү таг” буюу “нутаг” бусдын оршихийг “тэги”  гэжээ.

Дамдинсүрэн хэлээр “энэ таг” нь нутаг, таг нь бусдын орших газар ус болно) болох Шар Хөх мөрний савд оршиж байна. Дүгнэлт: Хүн амын тоо тухайн тагийн идэж уух даацаас хамаарна. Мал болон тариалан ахуйчдын тооны харьцаа түүхэн хугацаанд ямар байсныг мэдсээр хэн нь хэнээсээ ямар соёлыг хэзээ хэрхэн авав гэдгийг тогтоох ач холбогдолтой. Ордны соёл, хөгжим, арван хоёр жил, цаг айлах ёслол, ван, чинсайн, тайж, сэнгүн гэх мэт цол хэргэмийн нэрс, хуушуур, бууз гэх мэт хоолны нэр мал ахуйтных уу тариалан ахуйтных уу? Өнөөгийн хууль буюу “улу” нь хан улсын бичиг болон манай хадны бичигт бичигджээ. Хууль гэдэг төрийн үгийг мал ахуйтны төрөөс гаралтай юу тариалан ахуйн төрөөс гаралтай юу? Улаан хадны соёл тариалан ахуйтных уу мал ахуйтных уу? энэ мэтийн олон асуултад хариулах чигийг уншигч танд хүргэхийг хичээе. Өнөөгийн ШУА-ийн “мундаг” судлаачид энэ тухай сэхээрэх орон зайгүй явна. Учир нь тэдний түүх найман зуу гаруй жил, ганц ном нь сэрээж чадаагүй “Монголын нууц товчоо”, тэд өөрсдийн гаталж ирсэн далайг тогтоох гээд завгүй сууна. Дэлхийн бусад улс орон өдгөө байгаа соёлоо хувааж дуусаж байхад манай ШУА-ийн мундгууд “Би хэн бэ”-тэйгээ үлдэв.

Хүн амын тоо. Хүн амын тоог түүхэн хугацаанд их айлын нутаг болох Хангай түүний дагуул Алтай Хэнтийн газар ус гэж “бага тойргоор”, өнөөгийн бага тойрог дээр кидан, өмнөд хүннү үсүний газар усыг оруулан “их тойрог” болгон тооцно. Богд хаант Монгол Улсын хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, ханууд 100 мянга,оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байжээ. Манж чин хүн ам 1898 онд 395,9 сая байжээ. Тариаланч хан үндэстэний хүн амын тоо мал ахуйтан монголчуудаас 730 дахин их байв.

НТ 605 онд уйгурууд Түрэгийн дотор байж Сэлэнгэ мөрний саваар оршиж дайнд мордох таван түмэн цэрэгтэй нийт арван түмэн хүн амтай байв (Хуучин Тан улсын бичиг Хуй Хэ). Уг хугацаанд түрэг нийтдээ зуу илүү түмэн нум (сая гаруй) агсагчтай байв (Хуучин Тан улсын бичиг, Түрэгийн шастир-дээд). Уг эх сурвалжид 16-50 насны эрчүүдийг оруулсан болов уу. Тэгэхээр Түрэгийн нийт хүн ам хоёр зуун жаран түм орчим (хоёр сая зургаан зуу орчим) байжээ. Уг тоонд баруун Түрэг орохгүй бөгөөд зөвхөн их айлын нутаг орно. VII зуунд Тан ил 50 сая хүн амтай байжээ. Манай мал ахуйтан Түрэг өвөг дээдсээс тариаланч Тан ил 20 дахин их хүн амтай байв. Хүннү НТ 46 он “Харин хүннүд он дараалан ган, царцаан аюул нүүрлэж, хэдэн мянган ли хувхайрчээ. Өвс мод бүгд хатаж, хүн мал өлсөж, өвчилж их хагас нь үхэж дуусчээ” (Хожуу хан улсын бичиг. Өмнөд хүннүгийн шастир).

Хүннү НТ 89-105 он “Хойд зүгт шанью зугтан одов. Сяньби түүний газарт орж суув. Хүннүгийн үлдсэн угсаанууд арав илүү түмэн өрх байв. Бүгдээрээ өөрийгөө Сяньби хэмээцгээв” (Хожуу хан улсын бичиг. Ухуань, Сяньбийн шастир). Дүгнэлт: Энд бага тойрог буюу их айл нутгийг өгүүлж байна. Их айлын дундаж өрх хэдэн хүн амтай байв? Баруун хүннү буюу Үсүн өрх 5.25 хүнтэй байжээ (Нийтлэл 22-оор өрх, хүн амын тоог хүргэсэн). Өмнөд Хүннүгийн тухай: “Гурван түмэн дөрвөн мянган өрхтэй, хорин гурван түмэн долоон мянган гурван зуун хүн амтай, цэрэгт морьдох таван түмэн нэг зуун долоон хүнтэй байв” (Хожуу хан улсын бичиг. Өмнөд хүннүгийн шастир). Өмнөд Хүннүгийн өрх 6,7 хүнтэй байв. Хаана мал ахуй тогтовортой сайн байна тэнд өрхийн тоо өндөр байна. Өмнөд хүннүгийн газар ус Үсүнээс илүү мал ахуйд ээлтэй байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч болох. Уг дүгнэлтийг үгүйсгэх олон хувьсахууд байгаа ч тоо гарах үед аль аль нье анги (дамдинсүрэнгийн буруу хэлээр-тусгаар) оршиж байсан. Умард хүннү буюу их айл нутаг бол мал ахуйд хамгийн сайн газар ус учир өрх нь Өмнөд хүннүгийн өрхөөс хүн ам ихтэй байсан гэж үзэж байна. Багаар тооцход өрхийн хүн ам 10 байжээ. Арав илүү түмэн өрхийг арваар үржүүлхээр сая гаруй хүн болно. Тавин жилийн өмнө хүн амын их хагас нь ган, царцаан нүүдлээс болж үхсэн тухай дээр өгүүлсэн. Тэгэхээр хүннүчүүдийн тоо байгалийн гамшгаас өмнө 2,5-3 сая орчим байжээ. Дүнхүүгий (Дорно хуу) хойчис Ухаань Сяньбигийн хүн ам хэд байв? Хариулт: “Ухуаний их хүн Шан Гу... есөн мянган илүү өрхтэй. Ляо ши-д Чиу ли жуй хэмээгч бий. Таван мянга илүү өрхтэй байв. Бас Ляодун-гийн Су Пү Ян мянга илүү өрхтэй Ү яан зуу илүү өрхтэй.” (Хожуу хан улсын бичиг. Ухуань, Сяньбийн шастир). Ухаань нийт түм зургаан мянган өрхтэй байв. Энэ тоо таван зуун жилийн дараа их айл нутагт төр авах Түрэгийн тоотой дүйж байна. Өрхийн хүн амыг өмнөд хүннүтэй адил гэж бодвол есөн зуун тавин мянган хүн амтай болно. Сяньби нь Ухуаниас хойгуур орших ба хүн амын тоог заасан эх сурвалж үгүй болно. Оршиж буй газар усаар нь дүгнэхэд тэдний хүн ам Ухуаниас нэлээд доогуур байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Хан илийн хүн ам 57 сая байжээ.

Хүч Хүннү илийн орон зай ба Модун шанью НТӨ 234-174 он. Модуны үед Хүннү урьд байгаагүйгээр хүчлэг болов. Умардын бүх улсыг хурааж Дундад илтэй өрсөлдөж байв. Модун Дунхуу (хожмын Ухуань Сяньби), Чин улсад алдсан газар ус (хожмын Өмнөд хүннү), Үсүнь (хожмын баруун Түрг), ойн бүх улсууд (хожмын Кыркыз, Пурам, Барга, Буриад гэх мэт). Нийт хүн ам 7-8 сая орчим байв. Чин илийн дараа үүссэн Хан ил эхэндээ хорь гаруй сая хүн амтай байжээ. Модуны хүн амаас тэдний хүн ам дөнгөж гурав гаруй дахин их байв. Модун дөрвөн буман морин цэргээр Хан илийн Гаоди хааны гурван бум гаруй цэргийг бүсэлсэн тухай “Түүхэн тэмдэглэл”-д бичигджээ. Дөрвөн бум буюу дөрвөн зуун мянга гэдэг нь 1918 онд тоологдсон бүх монголчуудтай бараг дүйж байна. Модун бүх мал ахуйтныг хурааснаар ийм хүчлэг илийг байгуулав. Модуны газар усыг их тойргоор хэмжинэ.

Модуны аав Түмэн шанью НТӨ 221 онд Цинь илээс өмнөд газар усаа буцааж дийлсэнгүй учир умард зүг рүү буцжээ. Цинь илийн хүн амын тоо 20 сая. Түмэнгийн Хүннү илийн хүн амын тоог заасан эх сурвалж байхгүй. Гэвч их айл нутгийн хүн ам 2.6-3 сая болно. Цинь ил ойролцоогоор 8 дахин их хүн амтай байжээ. Дундад улсын Чоу төр НТӨ 1046-256, Шан НТӨ 1600-1046,Ся НТӨ 2700-1600 тухай тэмдэглэл байгаа ч тэдний хүн амын тоо заасан эх сурвалж үгүй. Тариалан ахуйчдын хүн амын услалтын систем. Өнөөгийн Хэнань мужид НТӨ V-IV зуунд суваг татан услалтын систем бий болгов. НТӨ 486 онд Чү улс Хөх мөрөн Шар мөрний хооронд суваг татав. НТӨ316 онд өнөөгийн Чэнду хотын нутагт Хөх мөрнөөс суваг татан услалтын систем хийв. Услалтын системтэй болсноор ган гачгаас багахамаарах, тогтвортой тариалах ахуй бий болов. Услалтын системтэй болохоос өмнөх тариаланч хан үндэстний хүн амын тоо арван саяас хэтрэхгүй болов уу. Мал ахуйтнууд тариалж байсан тухай ийм баримт байна. Тариатын бичиг VII зууны сүүлээр  тариг алхм (тариаг алхам-тариаг алхаж тарина) : сэгс(найм буюу өнөөгийн Кэм мөрөн) Сэлэнгэ Орхон Туула сав талду. Өдгөө тариа будааг өгүүлсэн археологийн баримт: “Хүннү нарт гол мөрний сав дагуу тариалах аж ахуй эрхлэн байсан баримт нь Хараа голын савд орших Бороогийн суурингаас 2005-2007 онуудад Монгол- Швейцарийн археологийн хамтарсан экспедици...газар тариалангийн эд өлгийн зүйлс илрүүлэн олсон бол, Сэлэнгэ мөрний савд орших Ивлэгийн суурин (оросууд Иволга гэдэг) зэрэг газар юм. 1920-иод оноос хойш 1970-аад оны сүүл хүртэл судалгааны үр дүнд...анжисны төмөр хошуу, хүрз, хадуур, үр тариа цайруулах чулуун самбар, газар тариалангийн холбогдолтой зүйлс...тус тус илрүүлэн олсон баримт бий. Монголын нутгаас олдсон хамгийн эртний тариалах аж ахуйн багаж нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Устай Бургастайгаас илэрч олдсон үр тариа цайруулах самбар чулуу, нухуур нүдүүр чулуунууд юм. Эдгээр дурсгал нь он цагийн хувьд 7000 жилийн тэртээд холбогдох буюу Шинэ чулуун зэвсгийн үеийн багажууд юм”. (Археологч Д.Эрдэнэбаатар).

Хүн амын тоонд газар боловсруулах метал гарсан үе буюу Хүрэлийн үе маш чухал ач холбогдолтой. Тариалан ахуйтай хан үндэстэний Хүрэлийн үеийг америкийн National Gallery of Art-ын судлаачид Шан илийн үеийн Эрлитоугийн соёл буюу НТӨ 2000-771он. Хүрэлийн өмнө үеийн нийт хан үндэстэний тоо сая хүрэхгүй хэмжээнд байсан болов уу. Манай хүрэл үетэй холбоотой археологийн баримт:

“Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс Хүрэл зэвсгийн эрин анхны соёлууд НТӨ 3400-1440 жилийн тэртээд холбогдох “Чемурчекийн соёл” нэртэй дурсгал Монгол Алтайн нурууны сав нутгаас илэрч олдсоноос эхлээд Хангайн нурууны сав нутагт НТӨ 2040-1410 жилийн тэртээд холбогдох “Мөнххайрханы соёл” нэртэй соёлууд тус тус илэрч олдоод байна. Эдгээр соёлыг үлдээгч ард түмэн байгальдаа зохицсон мал аж ахуй эрхлэн байсан нь тэдний үлдээсэн аж ахуй, эдийн соёлын олдворуудаас тодорхой харагдаж байна”. (Археологч Д.Эрдэнбаатар). Дүгнэлт: Хүрэл мал ахуйтан тариалан ахуйтанд зэрэг бий болжээ. Мал ахуй ба малтай байхын ялгаа. Малтай байна гэдэг нь малынхаа өвөлдөө идэх бүх өвсийг зундаа бэлдэж өвөлдөө уг өвсөөр малаа тэжээхийг хэлнэ. Ийм малтай газар ус Европ тив, Сибирь гэх мэт. Өмнө зүгийн халуун оронд бэлчээр байхгүй тул мал аж ахуй байхгүй. Мал аж ахуй гэдэг нь мал зундаа тарга тэвээргээ авч өвлийг давахыг хэлнэ. Тарга тэвээргээ угаар үзээр хэлэгдсэн нэг үг бөгөөд Диван Лугатаар:  ”хүчтэй болох” гэсэн утга. Малаа таргалуулана гэдэг нь малаа хүч авхуулна гэсэн утга, тэвээргэ сайтай гэдэг нь хүч сайтай гэсэн утга болно. Харин дотор өөхтэй хүн, малыг “сэмжин” гэнэ. Мал өөрөө өөрийгээ тэжээж, өсөн үржин хориос гучин сая болдог газар ус бол их айл нутаг буюу өнөөгийн Хангайн газар ус болно. Ийм тогтоц дэлхий дээр байхгүй. Хүрэлийн өмнө үед хорь гаруй сая малтай, арвай тариалж нэг доор сая гаруй хүн амьдарж төрөө  бий болгосон мал ахуйтнууд өнөөгийн монголчуудын өвөг дээдэс болно. Хүмүүн төрөлхтний түүхэнд анх удаа ийм олон хүн нэг дор ордны соёл, хөгжим, арван хоёр жил, цаг айлах ёслол, ван, чин сайн, тайж, сэнгүн гэх мэт цолыг манай өвөг дээдэс бий болгов. Махыг гурилд боон жигнэдэг хоолыг “бооз” гэнэ. “Боозыг” ганцаар биш олноор жигнэдэг учир олон тооны “З” залган боо+з бооз буюу бууз болов. Өөхөн тосонд хуурж шардаг ашийг (хоолыг) “хуушар” буюу хуушуур гэнэ. Өөрийн Түрэг, Уйгур өвөг дээдсийн хүннү бичээсээ тайлсаар “бэлэглэсэн”, алдсан түүх соёлоо хураах сайхан үе ирлээ. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Хатгин овогт Димажавын Эрдэнэбаатар. 

Sergelen International Expedi­tion.

Уншигч нарын анхааралд! Дараагийн дугаарууд Sergelen Inter­national Expedition page хуудас, Unuudur.mn website-аас уншаарай. Мэдээллийг сонины тал нүүрнээс үл хамааран илүү дэлгэр, олон зургаар харуулах боломжтой тул ийм шийдвэрт хүрэв. Шаардлагатай нийтлэлийг сонингоор хүргэх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай