З.Энхболд: Цэргийн албыг гурван жил болгож, цалингүй, албадан ажиллуулна гэдэг бүгд цуурхал

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газар “Олноо өргөгдсөн төр” хэмээх баримтат уран сайхны киног захиалан бүтээлгэжээ. Яагаад ийм кино хийлгэх болов?

-Эх түүхээ үнэн, бүтэн болгохыг зорьсон. Кино зохиолыг архивын баримтад тулгуурлан А.Баатархуяг бичиж, “Херо интертайнмент” бүтээлээ. Тухайн үйл явдалтай холбоотой дүрс бичлэг байхгүй учраас уран бүтээлчид үзэгчдэд ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс түүхэн хүмүүстэй төстэй иргэдийг олж, дүрсжүүлсэн. Нэг хэсэг монголчууд түүхээ өөрсдөө бичих ч эрхгүй байж, гадаадынхны зохиосон үзэл сурталжсан түүхийг уншиж, сонсож, нийтээрээ түүнд итгэж явсан.

Түүх бичихдээ үзэл суртал шингээж, аль нэг үйл явдлыг дөвийлгөж, нөгөөг нь дардаг байж болохгүй. Бүх зүйл байгаагаараа л байх ёстой. Гэтэл түрүү үеийн түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг бүрхэгдүүлж, 1921 оноос Монгол Улс тусгаар тогтносон мэт суртал ухуулгыг сүүлийн 90 жилийн турш хийж ирсэн.

Харин сүүлийн жилүүдэд түүхч, судлаачид 1921 оноос ч илүү чухал үйл явдал 1911 онд болсныг, Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныг ярьж байгаа. 2011 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр болгон тэмдэглэх болсон.

Бөх барилдуулан Ерөнхийлөгчийн нэрэмжит цом өгч, төрийн одон медалиар шагнадаг. Ерөнхийлөгчийн шагналын зарлигт Их Монгол Улс байгуулагдсаны, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, Ардын хувьсгалын, Ардчилсан хувьсгалын төдөн жилийн ой гэж дурддаг нь улсын түүхэн дэх ач холбогдлоороо нэг нэгнээсээ дутахааргүй том үйл явдлуудыг сануулж байгаа хэрэг юм. Энэ кинонд 1924 онд анхдугаар Үндсэн хууль батлахдаа Монгол Улсын хэд дүгээр он гэж өгүүлж байгааг анзаарсан уу?

-Олноо өргөгдсөний 13 дугаар он.

-Энэ нь 1911 онд Монгол Улс Манжаас тусгаарлаад, өөрийн он тооллоо эхлүүлсний баталгаа. Японы Эзэн хааны төд дүгээр он гэдэг шиг манайх ч өөрийн он тоололтой байсан. Монгол гэж улс гэхэд хэцүү, замбараагүй, хоцрогдсон хүмүүс байхад нь 1921 онд Ардын хувьсгал ялж, бүх зүйлийг шинээр үүсгэсэн юм шиг ярьдаг. Тийм биш шүү дээ. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүнийхээ хувиар ийм үзэл сурталжсан түүхийг бодит баримтад тулгуурлан залруулах, улсынхаа түүхийг бүрэн бүтэн, зөв болгох, үүнийгээ иргэддээ маш энгийнээр ойлгуулах зорилго тавьсан юм.

Хэрэв анзаарч байгаа бол жил бүрийн Наадам, Цагаан сараар аль 1950-1960-аад онд хийсэн хэдэн киног ээлжлэн гаргаж байна. Өөр бүтээл байхгүй. Тиймээс түүхээ үнэн бодитоор нь өгүүлсэн, ямар ч хүн үзэхэд ойлгомжтой, сонирхолтой кино бүтээе, үүнийг маань телевизүүд үнэ төлбөргүй гаргаж байг гэсэн санаагаар “Олноо өргөгдсөн төр” баримтат киног бүтээлээ.

Түүхээ үнэн бодитоор нь мэдүүлэх талаар санаачилга гаргахгүй бол бусдын бодлогоор зохиож өгснөөр нь ойлгосон хэвээрээ л байна. Миний үеийнхэн бол дунд сургуулиасаа эхлээд зохиомол түүх заалгаж, түүндээ итгэж, үнэмшчихсэн.

Түүхээ судалж мэднэ гэдэг асар ач холбогдолтой. Бид талаар нэг тарчихсан малчид биш, 2200 жилийн өмнө дэлхийн их гүрнийг байгуулсан түүхтэй улс гэдгээ мэдэж, түүгээрээ бахархах нь монгол хүний үндэсний, эх оронч үзэл төлөвшихөд чухал үүрэгтэй. Хэдхэн зуун жилийн өмнө тэргүүлэх гүрэн байсан Монгол Улс тарж бутраад, газар нутаг, хүн ам нь ч хэд хуваагдаж, янз бүрийн зовлон үзсэний эцэст өнөөдөр ингээд сууж байна.

Энэ түүхээ ч үнэнээр мэдүүлэх хэрэгтэй. Ямар ч үзэл сурталгүй улс байж болохгүй шүү дээ. АНУ бол хамгийн их үзэл сурталжсан улс. Түүнийг нь санхүүжүүлдэг механизм, үйлдвэрлэдэг “Холливуд” гэдэг машинтай. АНУ бол дэлхийн хамгийн аугаа гүрэн гэдэг ойлголтыг өдөр бүр иргэдийнхээ толгойд хийж байна. Түүнтэй адилхан иргэдээ мэдээлэлжүүлэх, зүгээр нэг цээжээ дэлдэх биш, бодит түүхээ мэдэж байж эх орноороо бахархах үзэлтэй болоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Улс төрийн намууд түүхийг өмчилж, хоёр хуваагаад байгаа нь баяр ёслол, тэмдэглэлт ой, төв талбайн нэршлээс эхлээд олон зүйл дээр харагддаг. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалыг ч тэр өнцгөөс харах хүмүүс байдаг?

-Тэр бол МАН-аас явуулдаг бодлого. МАН ганцаараа 1921-1990 он хүртэлх бүх түүхийг өмчилж, бүгдийг зөвхөн өөртөө ашигтайгаар тайлбарлаж байсан. Харин сүүлийн жилүүдэд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Түүхийн тэнхимийнхэн үзэл суртлын гайгаар буруу бичигдсэн түүхээ засаж эхэлж байна.

1990 оноос өмнө Эзэнт гүрнийхээ түүхийг ч ярих эрхгүй байсан бол одоо түүхчид Чингис хаанаас ч өмнөх үеийн түүх рүүгээ ямар ч хязгаарлалтгүй орж, судалж, сайн бүтээлүүд туурвиж байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдол, нөлөөг ч үнэлж байгаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзсаных, Төрийн тэргүүний баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.

Ерөнхийлөгч цэргүүдийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах талаар ярьсан нь багагүй шүүмжлэлд өртөөд байна.

-Эсрэгээрээ. Иргэд бол дэмжиж, сайшааж байгаа. Твиттерт л түүхээ мэддэггүй, зорилготой, бас гадаад эхнэр, нөхөртэй хэдэн хүн орилоод байгаагаас өөр зүйл байхгүй. Э.Бат-Үүл шүүмжилсэн харагдсан. Юм унших хэрэгтэй л дээ. Нийтийг хамарсан ажил хийж, эдийн засгийн хямралаас гарсан жишээ олон шүү дээ. Үүнийг ганц манай Ерөнхийлөгч одоо яриад байгаа юм биш.

1929 оны их хямралын дараа АНУ олон удаагийн нийтийг хамарсан ажил хийсэн. 1930-1945 онд Лас-Вегасын Хүүвэр дам, Вашингтоны Көүлээ дам усан цахилгаан станцыг байгуулаагүй бол далангийн доорх газар тариалан нь усалгааны системтэй болж, өнөөгийн АНУ-ын өрсөлдөх чадвартай ХАА болж хөгжихгүй байсан. Ажилгүй болоод хоолны талонд шилжсэн хүнд үед дээрх хоёр усан цахилгаан станцыг барихад олон мянган хүн ажилтай, орлоготой болсон.

Үүнийг хувийн хэвшил нь хийж чадахгүй, өөрсдөө дампуурчихсан байсан үе. АНУ-ын төр үүнийг нуруундаа үүрч, иргэдээ дайчлан ажиллуулж, ажил, орлоготой болгосноор их хямралын ард гарсан. Үүгээр зогсохгүй төмөр болон засмал зам, цахилгаан станцууд барьсан нь эдийн засгийн дараагийн өсөлтөд түлхэц болсон. Монголд цэргээр яадаг юм бэ, цэргүүд барилга барина гэж юу байдаг юм бэ гээд байгаа хүмүүс бусад улсын хөгжсөн энэ мэт түүхийг судлах хэрэгтэй.

Франц улс 1997 онд бүх нийтийн цэргийн албаа зогсоосон. Тухайн шийдвэр нь учир дутагдалтай, сөрөг тал ихтэй байсан учраас одоо энэ шийдвэрээсээ буцаж, бүх нийтийн цэргийн албаа сэргээсэн байна. Цэргийн албыг эсэргүүцээд байгаа хүмүүс “Франц хэнтэй байлдах гээд байгаа юм бэ” гэж асуух байх л даа. Иргэддээ эх оронч хүмүүжил олгох, нийгмээ цаашид зөв чиглүүлж явахад цэргийн алба хэрэгтэй юм байна гээд өмнөх үзэл бодлоосоо татгалзаж байгаа юм, тэд.

-Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулна гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа гэж ойлгож болох уу?

-Хэвээрээ байгаа. Энэ бол тооцоо судалгаанд үндэслэсэн зүйл. Ажил хийдэггүй, сургуульд сурдаггүй, курст ч явдаггүй 100-гаад мянган залуу бий. Сард сая төгрөгийн цалинтай, байр сууц нь үнэгүй гэвэл тэд явж ажил хийнэ гэж тооцож байгаа юм. Мөнгөнөөс ч илүү чухал зүйл болох эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг цэргийн алба олгоно.

-Цэргүүдээр бүтээн байгуулалтаа хийлгэчихээр хувийн хэвшил, бизнесийн байгууллага нь юу хийх вэ гэдэг асуулт ургаад байгаа?

-Асгатын мөнгөний орд руу очдог зам шиг бүтээн байгуулалт хийхэд л цэргийн албыг ашиглана шүү дээ. Хувийн хэвшлийнхэн тэр замыг төсөвлөсөн өртгөөр нь хийхгүй гэснийг цэргийн ангиудад өгч гэрээгээр гүйцэтгүүлсэн. Хэцүү ажил байсан л даа. Асгатын мөнгөний орд руу очих аргагүй, огцом өндөр уултай тул ОХУ-ын нутгаар дамжиж очдог байсан юм билээ. Тэр уулыг нь дэлбэлж, зам тавья гэтэл хувийн хэвшлийнхэн мөнгийг нь чамласан учраас цэргийн ангиудаар энэ ажлыг хийлгэсэн. Тэд төсөвлөсөн мөнгөөр нь, хугацаанд нь хийж дуусгасан.

Энд нэг зүйл хэлэхэд, цэргийн албыг гурван жил болгоно, цэргүүдээр албадан ажил хийлгэнэ, цалингүй ажиллуулна гээд байгаа нь бүгд зориудаар тарааж байгаа цуурхал шүү. Ерөнхийлөгчийн амнаас ийм үг огт гараагүй.

-Ер нь яаж ажиллуулахаар тооцож байгаа юм бэ?

-Манай цэргийн алба хязгааргүй шүү дээ. Өнөөдрийн хуулиар гэрээт цэрэг гэдэг нь тэтгэврийн насанд хүртлээ хааж болдог. Хугацаат цэргийн албаа хааж дуусаад үргэлжлүүлэн ажиллая гэвэл гэрээ байгуулж, цалин аваад, ахлагчийн орон тоон дээр тодорхой үүрэг гүйцэтгээд явдаг.

Хилийн цэргээс маш олон хүн гэрээт рүү шилжиж, цалин аваад хил манаж суугаа. Үүнтэй адилхан цалингаа аваад төмөр зам, засмал зам, далан, усан цахилгаан станц, барилга барьдаг болгох гээд байгаа юм. Ингэлээ гээд цэргийн коммунизм болохгүй.

-УИХ, Засгийн газар үүнийг дэмжих болов уу?

-Энэ хавраас ажлаа эхлүүлэхийг зөвлөсөн ҮАБЗ-ийн шийдвэр гарч, Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн. ҮАБЗ гурван гишүүнтэй, тэгэхээр энэ бол ганц Ерөнхийлөгчийн шийдвэр биш. Эдийн засаг царцсан энэ үед нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажлууд дээр ажлын байр олноор бий болгох замаар дэд бүтцийн олон асуудлаа шийдэх хэрэгтэй. Ажлаа хурдан эхэл, газар гэслээ шүү гэсэн үг.

-Ерөнхийлөгч нийслэлийн есөн дүүрэг, 12 аймгийн иргэдтэй уулзсан. Генералуудыг хүлээж авсан. Энэ уулзалтуудын зорилго юу юм бол?

-Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ард иргэдийнхээ саналыг сонсож байна. Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулбал яах вэ гэдэг асуудлаар санал солилцох гэж генералуудтай уулзсан.

-Цэргийн албаны хугацааг уртасгах талаар ярьж, генералуудтай уулзсан нь зарим хүнд хувьсгал, цэргийн эргэлт хийх вий гэх болгоомжлол төрүүлэх шиг болсон?

-Бүх залуусаа эр, эмгүй цэрэгт татаад, гурван жил цалингүй ажиллуулах талаар Ерөнхийлөгч огт яриагүйг дахин хэлье. Харин цэргийн албаны нэг жилийн хугацаанд нь ямар нэг мэргэжил эзэмшүүлж, хугацаа нь дууссаны дараа гэрээт цэргээр үлдэн, сурсан ажлаа үргэлжлүүлэн хийх үү гэж асуугаад, зөвшөөрвөл ажиллуулж, зөвшөөрөхгүй бол халаад явуулах юм.

Үүнийг л зарим хүн мушгиж, зориуд гуйвуулаад байгаа хэрэг. Иргэдтэй уулзахдаа энэ талаар ярихад танхимд байгаа хүмүүсийн 90 хувь нь дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийг ажлаа хурдан эхлүүлээч, хавар боллоо, газар гэслээ гээд л байгаа. Энэ жилийн төлөвлөсөн ажилд гэхэд гурван их наяд төгрөг хэрэгтэй. Ийм их мөнгийг яаж олох вэ гэж Засгийн газар асуугаад байгаа.

Нэгэнт ажил хийнэ гэж засгийн эрхэнд гарсан юм чинь, ажил хийх аргаа Засгийн газар, УИХ олох ёстой. МАН 2008-2012 онд засгийн эрх барьж байхдаа гурван их наяд төгрөгийг зүв зүгээр байхад тараагаад өгч болсон, одоо бүтээн байгуулалт хийхдээ үүнийгээ олох байлгүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар энэ УИХ нэлээд шаргуу ярьж байгаа. Бэлэн болсон төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах гэх мэт эрхийг хасахаар тусгасан.

Энэ талаар Ерөнхийлөгч болон Тамгын газар нь албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байх аа?

-Хийнэ гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь нэг их дорвитой зүйл биш л байна билээ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх мэдлийг хаана, хориг тавихгүй болгоно гээд байгаа. Тэр бол байж болохгүй зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах төслийг санаачлаад буй УИХ дахь МАН-ын 65 гишүүн бүгдээрээ нийлээд нийт санал өгсөн сонгогчдын 44 хувийн саналыг авсан бол Ерөнхийлөгч ганцаараа нийт санал өгсөн сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан.

Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх чадвар энд яригдана. Сонгогдоод удаагүй байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхээр оролдох нь муухай л харагдаж байгаа юм. Үндсэн хуульд оруулсан ямар ч өөрчлөлт 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэрэгжихээр хийхгүй бол дахиад л төр, засгийн тогтворгүй байдал бий болно.

Үндсэн хууль өөрчлөгдсөн юм чинь Засгийн газраа сольё гэж ч болно шүү дээ. Тийм зүйл рүү явуулж болохгүй.

-Батлан хамгаалах тухай хуулиас Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалтыг хүчингүй болголоо шүү дээ. Тэр ер нь ямар учиртай заалт байв аа?

-Энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэнгүүтээ, 2016 оны есдүгээр сард баталсан хуульд техникийн алдаа гаргасан байна билээ. УИХ-ын эрх мэдэл дотор байдаг өгүүлбэр Ерөнхийлөгчийнх дээр оччихсон, “Ерөнхийлөгч хууль батална” гээд биччихсэн. Угаасаа Үндсэн хуульд Ерөнхийлөгч хууль батлах эрх байхгүй шүү дээ.

-Техникийн л алдаа байсан гэж үү. Тэгээд түүнийг Үндсэн хуулийн цэц хүртэл явуулдаг нь яаж байгаа юм бол?

-Харин Үндсэн хуулийн цэцээр засуулах хэрэггүй шүү дээ. Редакцын алдаа байна, үүнийг ингэж өөрчилье гэсэн төсөл байнгын хороо юм уу, нэг гишүүн санаачлаад л байранд нь тавьчих ёстой юм. Гэтэл Цэцээр оруулж, сүр бадруулаад явсан.

-Хууль батална гэдэг чинь бүх байнгын хороо, нэгдсэн чуулганаар 3-4 шатны хэлэлцүүлэг дамждаг, салбарын яам болон мэргэжилтнүүд оролцдог, УИХ-ын Тамгын газрынхан ч бичиг, цаасны ажилд нь тусалдаг, нэгдсэн чуулган эцсийн найруулгыг нь хянаж уншдаг, олон шат дамжлагатай ажил шүү дээ.

Гэтэл ийм алдаа гаргаад, ҮХЦ-ээр түүнийгээ засуулсан гэхээр гайхмаар санагдаж байна?

-Гишүүд анхаараагүй л байхгүй юу. Хуулиа бүрэн уншаагүй байна. УИХ-ын Тамгын газар бас хариуцлагагүй, яам нь ч хянаагүй байна. Иймэрхүү зүйлийг хууль батлагдахын өмнө УИХ-ын даргад оруулж өгөөд, энд ийм алдаа гарчихаж, үүнийг засаж залруулахын тулд байнгын хорооны гишүүдэд санал гаргая гэж замыг нь зааж өгөх ёстой шүү дээ. Тэгээгүйгээс дөнгөж бүрдсэн УИХ, туршлагагүй, шинэ гишүүд учраа мэдэхгүй явуулчихгүй юу.

-Ерөнхийлөгч иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ыг тараая гэсэн санал олонтаа гарч байгааг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Энэ парламент өнгөрсөн хугацаанд Засгийн газраа солихоос өөр ажил хийсэнгүй. Эдийн засаг сайжрахгүй, иргэд ажил, орлогогүй байгаа нь нийгэмд бухимдал үүсгээд буй. Муу дээр муу гэж, УИХ өөрөө их хэл аманд ороод байна. Гишүүн нь хүчингийн хэрэгт хүртэл холбогдлоо. Уг нь хүчин хийсэн гэгдэх хүн нь ганц байтал нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэдэг болж, УИХ нийтээрээ муухай харагдав. Муухай харагдуулж байгаа хүнээсээ салчихгүй, байлгаад байгаа нь хүмүүсийг улам л бухимдуулаад байна.

-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Шинэ албандаа дасаж байна уу?

-Ажлаа хийгээд л байж байна.

-Таныг хоёр дахь Ерөнхийлөгч боллоо, Ерөнхийлөгчөөс илүү өөрийгөө тодруулж харагдууллаа гэх мэтээр шүүмжилж байна. Энэ албаны жин банг нь тааруулахад түвэгтэй байна уу?

-Аль шар сонины үгээр үг хийх вэ дээ. Би ажлаа л хийж байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчид миний ажил таалагдаж байвал байгаад л байна. Таалагдахгүй бол яваад л өгнө. Манай аппарат цомхон 54 ажилтантай. Цөөхүүлээ ч гэсэн ажил их байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (54)

Илгээх

Энэ тухай