Б.Наранхүүд Цэцийн гишүүн дүн тавих учиргүй

Нэр бүхий хуульчид хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар тусгасныг үндэслэл болгосон тэд Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж үзэн, түүнийг эгүүлэн татуулахаар хандсан юм.

Гэхдээ Цэц тэдний ирүүлсэн мэдээлэлд үндэслэн маргаан үүсгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор хуульчид мэдээлэл хийж, Цэцийг улс төрөөс бүрэн хамааралтай, Монголын улс төрд нөлөөтэй намуудын гар хөл болж байна гэх зэргээр сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн. Цэцээс татгалзсан хариу авахаасаа өмнө ч тэд мэдээллийг нь хянаж буй Н.Жанцан болон Б.Наранхүү нар хөөрөг наймаалцсан байж болзошгүй гэх үндэслэлээр ашиг сонирхлоос ангид шийдвэр гаргах, эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлээд амжсан.

Тэгвэл Цэцийн гишүүн Н.Жанцан өчигдөр өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Б.Наранхүү гишүүнтэй ямар нэг ашиг сонирхлын холбоогүй гэдгээ онцолжээ. Тэрбээр “УИХ бол бие даасан байгууллага. Эл байгууллага үйл ажиллагаагаа зохицуулах хууль, дотоод журамтай. Гишүүд нь ёс зүйн дүрэмтэй. Чухам Б.Наранхүү байх, эсэхээс үл хамааран тэр байгууллагын дотоод дэг журмыг биелүүлээгүй, хуралдаанд суугаагүй, ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд тухайн байгууллага л уг асуудлыг авч үздэг тогтсон хуультай.

Үндсэн хуулийн цэц эрх мэдэл ихтэй ч бусад байгууллагын дотоод хэрэгт оролцож, тэр тусмаа хүмүүст хариуцлага тооцдог газар биш. Хардах эрх хэнд ч байж болно. Гэхдээ төрийн албан тушаалтан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгчийг түүний үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, гаднаас нөлөөлөх замаар гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн Б.Наранхүү гишүүнтэй хөөрөгний наймаа хийгээгүйгээ учирлажээ.

Ингэхдээ Цэцийн гишүүн Н.Жанцан Б.Наранхүүг гишүүнийх нь хувиар үнэлж, дүгнэсэн нь тун хачирхалтай санагдлаа. Тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт олон зүйл хамаардаг юм. Гишүүний үйл ажиллагаа зөвхөн хуралдаанд суухаар хязгаарлагдахгүй. Өргөдлийг шалгах явцдаа Б.Наранхүүгийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа тайлантай танилцсан юм. Харин Б.Наранхүү гишүүн тойрогтоо нэлээд сайн ажилладаг юм шиг санагдсан.

Тойрогтоо УИХ-аар олон чухал асуудал шийдвэрлүүлснээс гадна хувийн санхүүжилтээрээ ч хийсэн ажил их юм байна лээ. УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа хүн. УИХ-ын гишүүнийг огцруулах нь зарим хүний бодож байгаа шиг тийм хялбар зүйл биш. Түүнээс биш Улаанбаатар хотын зарим хүний сэтгэлд нийцээгүй явдал нь Дундговь аймгийн сонгогчдыг төлөөлж түүнийг эгүүлэн татах хууль зүйн үндэслэл болдоггүй юм аа” хэмээн “өмөөрчээ”.

Тийм ээ, түүний хэлдэг үнэн. УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа хүн. Хуульчид мэдээлэл гаргахдаа чухам үүнийг л үндэслэл болгосон. Тиймээс ч хуралдаа тун хангалтгүй сууж буй нь эл үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзсэн. Өнгөрөгч намрын ээлжит чуулганд ч Б.Наранхүү гишүүн нийт 39 хурлаас 34 удаагийнхад нь суусангүй. Ингэхдээ есөн удаа чөлөө авч, бусад хуралдааныг ямар ч шалтгаангүйгээр тасалжээ.

Энэ нь одоогийн төдийгүй 1992 оноос хойших бүх парламентын түүхийн тэргүүн эгнээнд бичигдэх үзүүлэлт болж буй. Гэвч энд Цэц, тэр дундаа Н.Жанцан гишүүний Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар маргаан үүсгэхээс татгалзсан шийдвэрийг шүүх гэсэнгүй.

Гагцхүү Б.Наранхүү гишүүний тойрогтоо хийсэн ажлыг үнэлж, түүнд “дүн тавих” нь Цэцийн гишүүний хувьд зөв, зохистой үйлдэл мөн, эсэхийг хөндөж байна. Төрийн жирийн нэг байгууллага бус, Үндсэн хуулийн шүүх гэгддэг Цэц аливаа зүйлийг шууд үнэлж, дүгнэхээс ямагт зайлсхийж, хараат бусаар ажилладгаа нотлохыг эрмэлзэж ирсэн атал энэ удаа Н.Жанцан гэдэг гишүүн нь Б.Наранхүү гэх хүний ажилд хэвлэлээр “дүн тавьчихлаа”.

Харин ч энэ хоёр хүний хооронд элдэв ашиг сонирхол байсан юм биш биз хэмээн эргэлзэхэд хүрэв. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулахын баталгаа байх учиртай Цэц төвийг сахиж, бие даасан үйл ажиллагаа явуулж буй нь энэ үү. Ер нь хуралдаа суухгүйгээр тойргийнхоо асуудлыг шийдвэрлүүлж дөнгөдөг юм бол заавал сонгуульд оролцож, гишүүн болох шаардлага байдаг ч юм уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай