Тэдний мөрөөдөл бүхэн биелэг ээ

Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна.

Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байгаа билээ.

М.Пүрэвтунгалаг, Ө.Пүрэвсүрэн нар Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин юм. Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнөхөн Баянхонгор аймгийг зорьж, цуврал сурвалжилгын тав дахийг бэлтгээд ирлээ.

ТАВГИЙН БООВ ХИЙХЭД ТАМИРЧИН ОХИН ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

М.Пүрэвтунгалагийнд очиход тэднийх Цагаан сарынхаа тавгийн боовыг хийж байв. Гэрийн эзэн С.Мөнхбат “Манайх тавгийн боовоо жил бүр өөрсдөө хийдэг. Нэг удаа ажил хөнгөвчилж, амарчлах санаатай худалдааны боов авсан чинь тос ч үгүй, амт ч үгүй, дараа нь идэж болдоггүй хачин эд байна билээ. Түүнээс хойш үйлдвэрийн боов авах тухай бодохоо больсон. Боов хийхэд гурил бэмбийлнэ гэж том ажил байдаг. Гартаа чадалтай болохоор Пүрэвтунгалагт энэ ажил ногддог юм. Энэ жил охин маань хичээл, бэлтгэл гэж завгүй явсаар өнөө хүргэчихлээ. Өнөөдөр л амарч, манайх боовоо хийж байгаа нь энэ” гэлээ.

С.Мөнхбатынх Галуутын айл. Галуут нутаг сарлагийн орон, шар тосны орон. Галуутынхан шар тосны боов, цагаан бурмаараа алдартай. Гуриланд нь шар тос багсарч, шар тосонд чанасан зүсмэл боовыг хаваржин, зунжин хадгалсан ч хатаж, хөгцөрдөггүй, аманд ороод бутардаг гэдэг. Насаараа ийм боов таваглаж, идсэн хүмүүс худалдааны боовны амт, чанарыг таашаахгүй байх нь аргагүй.

Хувин дүүрэн шар тос мэлтэлзүүлэн хайлуулж, давс, чихрийг нь тааруулан зуурмаг бэлдээд С.Мөнхбат гурилаа зуурч эхлэв. Тос дааж шаргалтсан гурилыг Пүрэвтунгалаг нухна. Их тостой, хатуу зуурсан гурил эвлэж өгөхгүй бутарч, тамирчин охины гарын тэнхээг шалгаж байгаа харагдана. Гэвч эцэстээ өө сэвгүй бөмбийсөн бөөрөнхий юм болж, охины гараас аавын гарт шилжих аж. Пүрэвтунгалаг гурилаа бэмбийлж, дүү нар нь мод түлээ оруулж, хүн бүхэн дор бүртээ өөрт ногдсон ажлаа хийн, гэрт тун завгүй хэрнээ цолгиун хэмнэл бий болов. Ерөөс боов, бууз хийх, тос холих гээд Цагаан сарын бэлтгэл ажлыг хөдөөгийнхөн ингэж баяр хөөртэйгөөр хийдэг билээ.

Жижиг жижгээр хуваасан хэдэн хэсэг гурилыг ээлж дараалан эвэнд нь оруулснаар бэмбий нухах ажил өндөрлөв. Шар тосны боов хийхэд таваг засахад нураад байхааргүй таарсан хэмжээтэй зүсэх, өнгө, болцыг нь тааруулж чанах гэдэг хамгийн чимхлүүр хэсэг нь. Чанахдаа галыг нь ихдүүлбэл боовны гол нь болоогүй хэрнээ өнгө нь улайж түлэгдэнэ. Харин галыг нь багадуулбал тогоон дахь боов тосоо ууж, бутарч унах эрсдэлтэй. Энэ нарийн технологийг одоохондоо аав л тааруулдаг учир Пүрэвтунгалаг үүргээ гүйцэтгээд, чөлөөлөгдөв.

Аав, ээжийнхээ дэргэд үлдсэн том охины хувиар гэр орноо цэвэрлэх, эмхэлж цэгцлэх ажил бас түүний толгой дээр ирэх нь ойлгомжтой. Биднийг ирэхийн өмнө Пүрэвтунгалаг гэрийнхээ хана, таазны тоосыг унагаж, угааж цэвэрлэсэн гэнэ. Одоо харин гоёж чимэглэх ажил түүнийг хүлээж буй.

С.Мөнхбатын гэр бүлийн хамгийн том бахархал, итгэл найдвар нь тамирчин охин, гэрийнх нь хамгийн гоё чимэглэл нь охиных нь медалиуд. Тиймээс аав нь “Сая аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан алтан медалиа нэмж хадаад, шагналын туузаа хоймортоо байрлуул” хэмээн заавардаж, охин хэлснээр нь хийлээ. Гэр нь ч гэгээ татаж, өнгө ороод явчих шиг болов.

Өвлийн адаг сарын хуучдын 29 буюу тоос гөвдөг өдөр тул хашаа, хорооныхоо хогийг цэвэрлэх ажлыг С.Мөнхбат бага охиддоо даалгав. “Пүрэвтунгалаг хашааны хогоо цэвэрлэлцэхгүй юм уу” гэхэд аав нь “Би охиноо хогтой ноцолдуулах дургүй. Монгол хүн байна даа, барилддаг охиноо хогтой ноцолдуулаад яах вэ” гэв.

Хашааны хог арилгахаас чөлөөлөгдсөн ч Пүрэвтунгалагт ажил мундахгүй. Намар малаа оторт явуулахдаа онд мэнд орох найдваргүй шахам хоёр ишиг авч үлдэн хашаандаа тэжээсэн бөгөөд нөгөө хоёр нь суурин газарт амархан дасаж, бэлэн тэжээлийн амтанд ороод, өвлийг дажгүй давж буй аж. Тэднийг тэжээж, арчлах нь Пүрэвтунгалагийн ажил. Хоёр ишиг охиныг харангуутаа сүүлээ годгонуулан майлсаар гүйн ирж, гар хурууг нь үнэрлэн хоолоо нэхнэ.

Охид гадуур, дотуурх ажлаа амжуулж, аав нь боовоо хийж дууссанаар битүүний өмнөх өдрийн ажил өндөрлөв. С.Мөнхбатынх идээ шүүсээ засаж, элгэн саднаа хүлээж авахад бэлэн болжээ.

Цагаан сарын өмнөх өдрүүдэд аймагт хөл хөдөлгөөн нэмэгдэж, баярын идээ будаа, бэлэг сэлтээ цуглуулсан хүмүүс такси барих нь олширдог болохоор гэрийн эзэгтэй таксинд явж байгаа. Найман ам бүлтэй энэ айлын амжиргааны гол эх үүсвэр нь такси үйлчилгээ бөгөөд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын аль завтай нь машинаа унаад гардаг талаар цуврал сурвалжилгынхаа эхэнд дурдсан билээ.

С.Мөнхбат сар шинэ өнгөрөөгөөд малаа төллүүлэхээр явна. Тэрбээр “Нутагт малын хамар хатгах өвсгүй. Оторлож яваа газар нь овоо идэштэй юм. Хавар нэлээд орой болтол тэндээ байж, богийн ам дүүрэн хазах ногоотой болсны дараа ирэх бодолтой байгаа. Гэвч мал нутаг руугаа гүйгээд тогтохгүй байна гэнэ. Мал хүнээс илүү нутаг орноо санадаг юм шүү дээ. Энд идэх хоолгүйгээ мэдсээр байж л өвстэй газар тогтохгүй наашаа зүтгээд байдаг. Мал нь тогтохгүй болохоор зарим айл буцаж ирсэн сурагтай” хэмээв.

Харин Пүрэвтунгалаг Цагаан сар өнгөрөнгүүт өсвөр, залуучуудын улсын аваргын тэмцээнийхээ бэлтгэлд шамдана. Хэдхэн хоногийн зайтай болох хоёр тэмцээнд ямар амжилт гаргахаас дараагийн тэмцээнүүдийнх нь тов тодорно. Хэрэв амжилт гаргавал тив, дэлхийн аваргын тэмцээний дэвжээнд ойртоно шүү дээ.

ОХИН ЦАГААН САРААР ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧИХГҮЙ

Ө.Пүрэвсүрэн рүү утас цохиход “Би юм угааж байна. Та жаахан байж байгаад хүрээд ирэхгүй юү” гэв. Заасан хугацаанд нь очиход охин “Сая хувцсаа угааж дууслаа. Гэрийнхээ ширдгийг сольж, хогоо цэвэрлэх гэж байснаа таныг ирнэ гэхээр больчихлоо” гэсээр угтав. Ө.Пүрэвсүрэнгийн ээж Баянлиг суманд мал малладаг бөгөөд охин аймгийн төвд нагац ахындаа байж, хичээл, бэлтгэлийнхээ хажуугаар хүүхдүүдийг нь хардаг.

Тэрбээр энэ хавар дунд сургуулиа төгсөх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээнд өсвөр насны ангилалд бус залуучууд, насанд хүрэгчдийнхэд хүч үзэх болсон. Пүрэвсүрэн энэ жил насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэн тухай нь өмнөх сурвалжилгадаа дурдсан билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар яриа эхлүүлэхэд “10:0-дуулаад л явж байна. Шоовдор эгчээр шал арчуулсаар байгаад ирсэн” хэмээн хошигнож, өөрийгөө шоолон инээв. Өнгөрсөн сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт улсын дөрвөн удаагийн аварга, И.Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-д түрүүлсэн Б.Шоовдорт 10:0-ээр ялагдсанаа хэлж буй хэрэг.

-Олон онооны зөрүүтэй ялагдахад нь багш нь зэмлэв үү. Одоо ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Багш нэг их зэмлээгүй ээ. “Чиний нас болсон. Одоо л хэн бэ гэдгээ харуулах цаг чинь. Тиймээс хэнээс ч айж, эмээж, бэргэлгүй барилд” гэж зоригжуулж байгаа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд эмээж байгаад ялагдсан гэж байгаа юм уу?

-Уг нь ч нэг их эмээгээгүй л дээ. Гэхдээ багшийнхаа зөвлөсний дагуу барилдаж чадаагүй. Шоовдор эгчтэй барилдахад тал таарахгүй их эвгүй байсан болохоор боломжоо бүрэн ашиглаж, төлөвлөсөн барилдаанаа гаргаж амжаагүй. Шоовдор эгч улсын аваргад дөрөв түрүүлчихээд байгаа хүн шүү дээ. Жиндээ босоо байгаа, барилдааныг нь үзэж, үлгэр дуурайл авдаг хүмүүсийн минь нэг. Ийм эгчдээ 10:0-ээр ялагдсандаа харамсахгүй байгаа.

Бидний хооронд ийм яриа өрнөв. Тэр одоо ирэх сарын сүүлчээр болох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлийг эхлүүлээд буй. Мөн зургадугаар сард болох сорил тэмцээнд жиндээ түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахыг маш их хүсэж байгаа гэсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний таван байрт орсон бөхчүүдээс хэн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахыг сорил тэмцээнээр шийдэх юм.

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна гэдэг амаргүй даваа. Дэлхийн шилдгүүд тэнд хүч үзнэ. Монголын шилдэг бөхчүүд тэнд зодоглох эрх авахын тулд бэлтгэлээ базааж буй. Сорил тэмцээнд эгч нараа ялна гэдэгтээ итгэлтэй хэр итгэлтэй байгаа вэ” гэхэд “Аваргыг давж аварга болдог гэдэг. Амжилт гаргая, сайн тамирчин болъё л гэж бодож байгаа бол аваргуудыг давахаас аргагүй. Өмнө нь би насанд хүрэгчдийн ангилалд барилдаж байгаагүй. Сая эгч нартайгаа анх удаа гар зөрүүлж үзсэн. Барилдаан нь ямар вэ гэдгийг огт мэдэхгүй байсан нь 10:0-дүүлэхэд нөлөөлсөн болов уу. Нэг барилдаад үзчихсэн юм чинь дараагийн удаа учиртай байх л гэж бодож байна” гэв.

Нийслэлээс 630 км-ийн цаадах хөдөөгийн сууринд нагац ахындаа амьдардаг, хэний ч мэдэхгүй жаахан бор охин ийм бодол тээж явна. Аваргуудыг давна, олимп, дэлхийн дэвжээнд зодоглоно л гэж байна. Өөртөө итгэлтэй, мөрөөдөл, тэмүүлэл дүүрэн ийм охид, хөвгүүд газар бүрт, айл бүхэнд байгаа даа. Сайхан биш гэж үү. Тэдний мөрөөдөл бүхэн биелэг ээ.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо охин яалт ч үгүй эгч нартаа бярдуулаад байсныг С.Мөнхдуулдах багш нь анзаарч, хүчний бэлтгэл түлхүү хийлгэж, штанг өргүүлж байгаа гэсэн. Цагаан сарын дараагаас бэлтгэлийн танхимдаа 24 цагаар байрлаж, дасгал сургуулилалтаа эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Охин сурагчдын улирлын амралтаар, тэр бүү хэл Цагаан сар, зуны урт амралтаар ч ээж рүүгээ явдаггүй гэнэ. Бэлтгэлээ таслахгүйн тулд шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай