Мартаж боломгүй түүх

“Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байв. Энэ үед Оспан шилдэг 22 баатрынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаасаа мордуулсан байна.

Байтаг богдын хилийн цаад талд Хятадын Гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв. Дээрэмчид долдугаар сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хил зөрчжээ. Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа хоёр цагаан пуужин буудан сумандаа дохио өгч, хилчин Ч.Пэлжээд Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж, өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ.

Тулгаралт хоёр цаг орчим үргэлжилж 09.30 цаг гэхэд дайсан буцаж, бараагүй болсон байлаа. Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт хоёр сум туссанаас үзэхэд маш хүчтэй мөргөлдөөн болсон нь илэрхий. Хилчид хэдий амь эрсэдсэн ч дайсантай баатарлагаар тулалдаж, үлэмж хэмжээний хохирол учруулжээ” хэмээн Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэлд бичсэн байдаг. Түүхэнд үлдсэн ч төдийлөн дурсагддаггүй эл явдлаас сэдэвлэсэн бүтээлийг “Жийж”, “Фантастик” продакшн, “Рэд пойнт” студи хамтран тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох нь.

Нэгэн жарнаас өмнө болсон эл түүхийг өгүүлэх “Маш нууц 2: Байтаг Богд” уран сайхны киноны үйл явдал хилийн зурвас, цэргийн хуаран, хилчин эрсийн дүр зургаар эхэлдэг. Эх орон, газар шороо, дархан хилийн аюулгүй байдлыг сахиж, хатуужиж, өсөж, томоожиж, нөхөрлөлийн үнэ цэнэ, хөл нийлүүлэн алхах, мөр зэрэгцэн зүтгэх, ажиллахын утгыг ойлгосон дайчин нөхдийн түүх энэ кинонд дурайна.

ТЭДНИЙ ГАВЬЯАГ ДУРСАХ УЧИРТАЙ

“Зүрхэнд шивнэсэн үг” , “Ноён солиот”, “Уулын Төмөр” , “Чиний эзгүйд” , “Хайрыг хайрла”, “Нар сарны зааг”, “Маш нууц” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий зохиолыг нь бичиж, найруулсан шинэ уран бүтээл “Маш нууц 2: Байтаг Богд” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-нд болно. Түүний шинэ бүтээлийн продюсероор гэргий нь буюу Ардын жүжигчин С.Сарантуяа ажилласан бол нэгдүгээр найруулагчаар хүү Б.Тамир нь ажиллажээ.

Хоёр жилийн турш бодсоны эцэст бүтээл болгохоор шийдсэн эл киноныхоо талаар найруулагч О.Бат- Өлзий “2015 онд “Маш нууц” киногоо бүтээсний дараа үзэгчдээс маш олон хүсэлт, санал ирсэн. Энэ киноны үйл явдал цааш үргэлжлэх үү, дахиад өөр анги хийх үү гэж их ч асуусан. Би үзэгчдийн болон одоогийн залуусын сайн мэдэхгүй түүх, өдгөө ч маргаантай байдаг болон мартагдсан сэдвээр кино бүтээн, залууст эх орон, газар нутгийн үнэ цэнийг мэдрүүлэх гэсэн юм. Киноныхоо зургийг 70 жилийн өмнөх хилийн мөргөлдөөн болсон газарт авлаа. Тус газарт, Байтаг Богдын өндөрлөгт гарахад тухайн үед буудалцсан сумны хонгио, дэлбэрэлтээс үүдсэн хадны ан цав тэр чигтээ байдаг юм билээ. Сэтгэл маш их хөндүүрлэсэн.

Түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл учраас бид түүхчид, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласан. Түүхэн арван баатрын дүрээс гадна уран сайхны дүрүүд бий. Эх орон, газар шорооныхоо төлөө амиа өгсөн тэдгээр баатрын гавьяаг үеийн үед дурсах учиртай. Энэ бол мартаж болохгүй түүх гэдгийг хойчийн залууст энэ бүтээлээрээ сануулах гэсэн юм” хэмээв.

ДАДСАН ХАМТРАГЧИД

1948 оны үеийн монгол ахуй, цэргийн хуаран, хилчин эрсийн амьдралын сүүлчийн мөчийг харуулсан энэ кинонд зураачийн үүрэг чухал байр суурь эзэлнэ. Учир нь тухайн үеийн хувцас, хэрэглэл, эд зүйлсийг нарийн нандин цуглуулгатай, гарын уртай нэгэн бүтээхгүй л бол өнөө цагт бидний хэрэглэж байгаа зүйлсээс ялгаатай. Тухайн үеийн дүр зургийг бий болгох ажлыг ерөнхий зураач Н.Батжаргал хариуцсан.

Тэрбээр 1988 оноос хойш “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Чин ван Ханддорж”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Бодлын хулгайч”, “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг уран сайхны 60 гаруй киноны зураачаар ажилласан туршлагатай. Зураач нар кинонд ашиглаж болох жижиг хэрэглэл, эртний эд зүйлс цуглуулдаг болчихдог юм билээ. Монголын киноны зураач нараас арвин цуглуулгатай нь Н.Батжаргалыг гэдэг. Түүнд бараг л музей байгуулахаар хэмжээний, 1000 гаруй жижиг хэрэглэл, “эртний” эд зүйлс бий.

“Маш нууц” уран сайхны киног 2015 онд дэлгэцэнд гаргасны дараа залуу зураглаач Г.Гүенбаатарын гүйцэтгэлийг мэргэжил нэгтнүүд нь хараад дуу алдаж байсныг энд дурдах нь зүй. Найруулагч О.Бат-Өлзий энэ удаа ч түүнтэй хамтарчээ. Радио, телевизийн дээд сургууль дүүргэн, “Миний ах атаман”, “247 градус” уран сайхны киноны зураглаачаар ажилласан тэрбээр өдгөө “Рэд пойнт” студийг толгойлон яваа. Өнгө шүүлт, зураг авах ажил гээд мэргэжлийн хүний нүдээр өөлөгдөж болох пост пропакшны олон шалгуурыг “Маш нууц”-ынхан торолгүй давжээ.

ТҮҮХЭН ЭРСЭД ХУВИРСАН “ФАНТАСТИК”-ЫНХАН

Энэ кинонд залуусын нөхөрлөл, хайр дурлал, амьдралын үнэн, чин хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл гээд хүний амьдралд тохиодог бүхэн багтсан. Киноны гол, түүхэн баатруудын дүрд залуу жүжигчин Э.Одбаяр, “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва, Ж.Алтаншагай, Б.Батжаргал, Э.Алдар, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр тэргүүтэй уран бүтээлчид тогложээ. Түүнчлэн тус уран бүтээлд жүжигчин М.Баярбат, Ц.Алдармаа нар авьяасаа гайхуулсан байна. Эх орныхоо даалгавраар Хятадын Гоминданы цэрэгт шургалж, эцэст нь харамсалтайгаар амь эрсэдсэн тагнуулч Хангал хэмээх дүрд Б.Тамир тогложээ.

Нэгдүгээр найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө кинондоо тоглож, сэтгэл эмтрүүлэм эмгэнэлтэй хувь заяатай залуугийн дүр бүтээх түүнд амаргүй байсан байх. Өмнө нь “Амингоо”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Зүрхний хилэн” кино найруулаад амжсан түүний чадварыг үзэгчид хэдийнэ харсан биз ээ. Залуус голдуу тоглосон ч туслах дүрд нь Гавьяат жүжигчин Г.Золбоот, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд гээд туршлагатай шилдэг жүжигчид тоглосныг хараад найруулагч О.Бат-Өлзийг бүтээлдээ уран шаглаа нэмжээ гэж ойлгосон.

Учир нь гол дүрээ тодруулж, түүнийг илүү хүчирхэг болгох үүргийг туслах дүрүүд хүлээдэг. Хагас зуунаас ч урт хугацааны өмнө задраагүй нууц одоо дэлгэцийн бүтээл болон амилж, үзэгчдийн мэлмий, оюуныг мялаах гэж буй учир бүх тайллыг дурдах нь илүүц биз. Ирэх гуравдугаар сарын 1-нээс хойш заавал үзэх киноныхоо жагсаалтад “Маш нууц 2: Байтаг Богд”-ыг багтааж, морилон саатаарай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай