Монгол дахь “олигархи ажиллагаа”

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийнхан Багануурын ордыг авахаар шүүхдэлцэж байна

“Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх маргааны үеэр Ц.Пүрэвтүвшин хэмээх цэл залуухан хуульч эр олны анхааралд оров. “Саалийн ганц үнээ” хэмээн нэрлэгдэж байсан, улс орны эдийн засагт чухал хувь нэмэртэй том үйлдвэрийн хувьцааг ОХУ-аас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ын “цаасан дээрх” эзэн нь Ц.Пүрэвтүвшин яах аргагүй мөн.

Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлд “Монголын зэс корпорац”-ын хувьцааг 100 хувь түүний өмч гэж бүртгэсэн байдаг. Залуухан хар хүү 400 сая ам.доллар халааснаасаа гаргаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг худалдаад авчихсан гэдэгт хэн ч итгээгүй. Гэтэл тун удалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын улстөрч ард нь байгаа “асаалттай танк” Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг гэж тодорхойлов.

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хэрэг маргаан яажшуухан өрнөж, одоо ч хэрхэх нь тодорхойгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс монголчууд олон удаа сонссон, уншсан. Тэгвэл 49 хувийн “цаасан дээрх” эзэн Ц.Пүрэвтүвшинтэй холбоотой өмч хөрөнгийн маргаан дахин дэгдэв. Тэр “Монголын зэс корпорац”-аас гадна “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирал аж.

“Алтайн гянт” компани цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж, монголчуудыг гэрэлтүүлж, дулаацуулдаг Багануурын ордын лизенцийг авахаар шүүхдэлцэж байна. “Багануурын ордын лиценз биднийх” гэсэн агуулгатай тэдний гомдлыг Дээд шүүх энэ сарын 7-нд хэлэлцээд, анхан шатны шүүх рүү буцаажээ. “Алтайн гянт” компани аль социалимзын үед илрүүлж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордын лицензийг яагаад эзэмших ёстой юм бол? Анхаарал татах асуулт биш гэж үү.

Баримт сөхвөл, Ашигт малтмалын газраас 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Алтай гоулд” компанид Багануурын ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс өмнө Багануурын ордыг хайгуулд зарцуулах 94 мянган ам.долларыг улсын төсвөөс гаргаж байсан түүхтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуульд байдгийг санаарай. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноосоо нэг жилийн дараа хайгуулын ажлын тайлан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэргүйгээр “Алтай гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэнэ лээ.

Ингээд гурван жилийн дараа буюу 2010 онд өдгөө Ц.Пүрэвтүвшингийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй “Алтайн гянт” компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлжээ. Харин 2017 онд олгосон уг тусгай зөвшөөрлийг хууль бус байсан гэж үзэн, 2012 оны намар цуцалсан байдаг. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш буюу 2015 онд “Алтайн гянт”-ынхан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Мэдээж шүүхээс хууль ёсны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариулт “Алтайн гянт”-ынханд өгсөн байна.

Гэтэл нэг жилийн дараа шүүх өмнөх шийдвэрээ үгүйсгэн, хэргийг сэргээжээ. Багануурын ордын нийт нөөцийн 60 хувь буюу 530 сая тонн хүрэн нүүрсний төлөөх тэмцэл шүүхийн танхимд үргэлжилнэ. Уг тулааны гол дүр мэт явж буй, “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн, “Алтайн гянт”-ын Ц.Пүрэвтүвшинг энэ удаад ч “цаасан дээрх” эзэн гэж хардах үндэслэл бий. Харин ард нь мөнөөх л “асаалттай танк” Д.Эрдэнэбилэгийн хийж буй “ажиллагаа” гэж явж байна уу?

Банк санхүү, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ, хэвлэл мэдээллийн салбарт гараа дүрсэн Д.Эрдэнэбилэгийг таних, тандахын хүслэн монголчуудад төрөх болсон нь нууц биш. Түүний нэр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, “Монголын ипотекийн корпорац”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” компани, “Эрдэнэт үйлдвэр”, “Монросцветмет”-ийн 49 хувийн хувьцаатай холбогддог. Энэ бол олонд ил болсон хэсэг нь. Ил болоогүй хэчнээн бизнес байдгийг хэн ч мэдэхгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг хүртэл сэргээх хүчтэй нууц ноёнтон Д.Эрдэнэбилэг улстөрчид, хууль хяналтынхныг өөртөө “ажиллуулж” байна гэсэн хардлага төрүүлэв. Монголчууд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг олигархи гэж эндүүрдэг. Тодорхой нэг салбар, цаашлаад улстөрчид, хууль хяналтынхан нэг хүний төлөө ажиллаад эхэлбэл тэр жинхэнэ олигархи болдог. Олигархийн бусдаас онцгойрох бас нэг хэв шинж нь хөшигний ард нуугдан, зааварчилгаагаараа ажлаа явуулдаг. Дээрх хэв шинжийг бүрдүүлсэн Д.Эрдэнэбилэг Монголд мэндэлж буй цорын ганц олигархи болж байна.

Худалдаа хөгжлийн банк Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг худалдаж авлаа, бас “Хөтөлийн цемент шохой” компанийг худалдаж авчээ гэсэн явган яриаг уншигч авхай та сонссон биз. Төрийн өмчийг үрэн таран хийж, үнэгүйдүүлж, ашиггүй ажиллуулдаг менежментээс залхсан монголчуудын нэг хэсэг “Хувийн хэвшилд шилжүүлэх нь зөв. Чадаж байгаа нь аваад ашиг орлоготой, эдийн засагт өгөөжтэй ажиллуулаг” гэж дэмжсэн. Дараа нь өнөөх л “Эрдэнэт үйлдвэр” компанийг 49 хувийг тойрсон маргаан боссон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ярьснаар ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал С.Чемезов Д.Эрдэнэбилэг нар Сингапурт уулзаж, “Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 49 хувийг наймаалцах анхны тохиролцоог хийсэн гэх.

Энэ бүлэглэл нийгмийн тодорхой хэсгийн дэмжлэгийг хүлээдэг. Гэвч тэд Багануурын ордод эзэн суухаар улайрч буй нь юуны дохио вэ? Хэтэрсэн шунал биш үү. Энэ бүлэглэлийн Баганууртай холбогдсон зарим баримтыг цухас өгүүлье. Нэмэлт хувьцаа гаргаж, “Багануур” компанийн 24 хувийг хувийн хэвшилд эзэмшүүлэх шийдвэр АН-ыг эрх барьж байх үед гарч байв. Тус компанийн хувьцааны 51 хувийг төрд үлдээгээд бусдыг хувийн хэвшилд шилжүүлэх төлөвлөгөө гаргасан байсан. Нэмэлт хувьцаа гаргах андеррайтераар Худалдаа хөгжлийн банкны охин компани “ТиДиБи капитал” ажиллаж байв.

Гэрээ ёсоор хэрэв “Багануур”-ын нэмэлт хувьцаа нь зарагдахгүй бол “ТиДиБи капитал” өөрийн хөрөнгөөр худалдаж авах байж. “Багануур”-ын нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг хийх үед “ТиДиБи капитал” брокер дилерийн компани гэрээний дагуу хувьцаа эзэмшигч болох өндөр магадлалтай болсон ч “тоглоом”-ноос гарсан билээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хойш суусан гэсэн үг. Ингээд “Багануур”-ын нэмэлт хувьцааг арилжих ажил гацсан.

“Багануур” компанийн нэмэлт хувьцааг “ТиДиБи капитал” худалдаж авахаас татгалзсан, “Алтайн гянт” Багануурын ордын талаас илүүг эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлөө сэргээлгэх шүүхийн маргааныг дахин эхлүүлсэн хугацаа давхцаж буй юм. Үнэн хэрэгтээ хөшигний цаана ямар үйл явдал өрнөснийг өнөөдөр ч олон нийт мэдэхгүй байгаа.

Гэхдээ Худалдаа хөгжлийн банкийг тойрсон бизнесийн бүлэглэлд эрчим хүчний салбартай холбоотой ямар нэгэн ашиг сонирхол байгаа нь үүгээр илэрхий болсон. Зарим эх сурвалж Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл ДЦС-3-ыг хувьчилж авахаар бэлтгэж байсан гэж барин тавин баталж байна.

Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн их хөрөнгөтэй нь. Энэ банк жилд 100 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг болсон. Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл банкны ашгаас гадна Худалдаа хөгжлийн банкнаас хамааралтай компаниудад нь зээл олгох замаар олон компанийг хувьчлан авч, шинэ бизнес эхлүүлж байгаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хэллэг бий. Чөлөөт эдийн засгийн нийгэмд тийм байж болох ч улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж илрүүлсэн, нөөцийг тогтоосон ууган ордын лицензийг мэдэлдээ авахаар “олигархи ажиллагаа” явуулж байгаа нь ямар учиртай вэ.


Энэ тухай