У.Галхүү: Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ч хийж бүтээж чадна гээд төр, засагтаа хандсан

Хэнтий аймгийн иргэн У.Галхүүтэй ярилцлаа. “Би улсынхаа ирээдүйг бүтээх залуусын төлөөлөл. Над шиг залуу хүмүүс бусдын буруугаас болж хохирохгүй байгаасай гэсэндээ би олон нийтэд дуу хоолойгоо хүргэж байна” хэмээсэн тэрбээр ид хийж бүтээх 27 насандаа хөдөлмөрийн чадвараа 80 хувь алджээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө таван давхар барилгаас унаснаас хүнд бэртээд, гурван жилийн хугацаанд хэвтэрт байсан аж.

Хэдийгээр хүнд бэртсэн ч ах дүү, хамаатан садан, Монголынхоо сайхан сэтгэлт иргэдийн тусламж, дэмжлэг, урмаар өдгөө хөл дээрээ босоод буй аж. “Залуу насныхаа эрч хүчээр би гэр бүл зохиогоод сайхан амьдаръя гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр орон нутагтаа ирсэн боловч ажил олдоогүй. Гэсэн ч би амьдрахын эрхэнд ажил голохгүй хийдэг байсан. Ар гэрээ авч явахын тулд хамгийн сүүлд би барилгын ажилд ороод, 2014 оны гуравдугаар сарын 30-нд унаж, маш хүнд бэртсэн.

Аймгийн шүүх байгууллагад маш их гомдож явдаг. Таван давхар барилгаас уначихаад байхад ахуйн осол гэсэн дүгнэлт гаргадаг шүүх байгууллагыг би анх удаа үзлээ” гэж хэлэх түүнийг зарим хүн олон нийтийн сүлжээгээр эчнээ таних болсон биз ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзахад У.Галхүү тулгараад буй олон асуудлаа ярьж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

-Та 2014 онд барилга дээрээс унаж бэртсэн гэсэн. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдүүлж чадахгүй явсаар аргагүй эрхэнд Ерөнхий сайдыг ирэхэд ханджээ дээ?

-Орон нутагт ажлын байр байхгүйгээс болж би хохирсон гэж Ерөнхий сайдад хэлсэн. Энэ зөвхөн миний асуудал биш. Олон монгол залууст ийм бэрхшээл тулгарч байна. Ганцхан би асуудлаа шийдүүлэх биш, над шиг олон залуу хүн ажилтай болоосой, төр тэднийг анхаараасай гэж бодсон юм. Их, дээд сургууль төгссөн олон залууг нутагтаа очиход нь ажилтай байлгаач гэж хүссэн. Тэр залуусын төлөөлөл болсон намайг ажлын байранд зуучилж өгөөч гэж Ерөнхий сайдын нүдэн дээр аймгийн удирдлагаасаа гуйсан юм.

Би 27-хон настайдаа хөгжлийн бэрхшээлтэй болоод, гурван жил тэргэнцэртэй явлаа. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар хэцүү амьдардгийг, өдөр тутам ямар ямар бэрхшээлүүдтэй тулгардгийг мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болонгуут эхнэр минь салаад явсан. Насан туршдаа хэвтэрт байж болохгүй, хоёр хүүхдээ өсгөх үүрэгтэй учраас би шүд зуун байж хоёр хөл дээрээ бослоо. Ослын улмаас нуруу болон хоёр хөл хугарч, удаа дараа хагалгаанд орж, эмчлүүлсний эцэст арай гэж алхдаг болсон

. Надтай хамт өөр нэг хүн унаж бэртсэн. Тэр хүн бүр босож ч чадаагүй. Ажил үүргээ гүйцэтгэж байх, мөн ажилд ирэх, явахдаа гэмтэж бэртсэн хүнийг үйлдвэрлэлийн осолд орсон гэж үздэг. Гэтэл ажлын байран дээр, таван давхар барилгаас хоёрын хоёр хүн унаж гэмтчихээд байхад үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гаргаагүй шүүхэд би маш их гомдож байна.

Хатуухан хэлье, “Мөнх шувуут” гэдэг компанийн Мөнхсайхан, “Шүгдэн-Уул” компанийн захирал Болд гэдэг эрх дархтай хүн биднийг ингэж хохироосон. Мөнхсайхан гэдэг хүн надад хоёр өрөө байр өгсөн гэж гадуур яриад явдаг. Гэтэл тэр нь аль хэдийнэ актлагдчихсан, чийг бамтай муу байшин. Би байшин дээрээс унаад амиа алдах шахсан бол одоо бараг муу байшиндаа дарагдаж үхэж ч мэдэхээр байна.

-Аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон холбогдох албаны хүмүүс танайд очиж, зарим асуудлыг шийдвэрлэхээ амласан байсан. Яг ямар ямар асуудал шийдэж өгнө гэсэн бэ. Шийдэж хэрэгжүүлсэн зүйл бий юү?

-Тэр ослоос болж би хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Гэтэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс буюу олны нэрлэж дадсанаар бол группийн хурлаар намайг хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан гэж дүгнэсэн юм. Ерөнхий сайд, олон нийтэд хандсаны үр дүнд аймгийн Засаг дарга ирж уулзан, тулгамдаж буй асуудлыг минь шийдвэрлэх үүргийг хариуцсан байгууллагуудад өгсөн. Үүний ачаар би хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэж үнэн мөнөөр нь дүгнэлтээ гаргуулчихаад байна.

Өмнө нь би хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон аав хүн гэдэг утгаараа хүнсний талон авъя гээд холбогдох байгууллагад хандсан. Гэсэн ч намайг оруулаагүй юм. Гэтэл мянгат малчин хүртэл хүнсний талон авч байсныг би мэдсэн. Энэ асуудлыг минь ч аймгийн Засаг дарга харгалзан үзэж, хүнсний талонд хамруулахаар боллоо. Ирэх сараас аваарай гэж байна лээ. Сэтгэл байвал шийдэж болдог юм гэдгийг харуулсан аймгийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлье. Энэ мэт асуудлыг минь шийдчихээд байна. Одоо миний хөөцөлдөх хамгийн чухал зүйл бол үйлдвэрлэлийн осолд өртсөн гэдгээ тогтоолгох.

Хөндлөнгөөс харсан ч үйлдвэрлэлийн осол байхад орон нутгийн шүүх болон Мэргэжлийн хяналтын газар одоо болтол үйлдвэрлэлийн осол гэж тогтоож өгөөгүй. Үүний улмаас Хэнтий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссынхон аргагүйн эрхэнд ахуйн осол гэж надад групп тогтоосон. Мэргэжлийн хяналтад байсан зураг нотлох баримтууд устгагдсаны улмаас үйлдвэрлэлийн осол гэсэн акт гаргах боломжгүй болсон юм билээ. Осол гарснаас хойш зургаан сарын дотор акт тогтоолгох ёстой байдаг ч нотлох баримт алга болсноос зургаан сарын хугацаа нь дууссан.

Одоо ослын акт гаргах хугацааг нь сэргээж өгөхийг би Монгол Улсын шүүх байгууллагаас хүсэж буй. Мэргэжлийн хүн биш болохоор зарим зүйлийг нь сайн мэдэхгүй юм. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг хуульчид надад туслаач гэж гуймаар байна. Энэ бол зөвхөн миний асуудал биш гэж би харж байгаа. Надаас өөр олон хүн янз бүрийн шалтгаанаар өдөр тутамдаа ингэж хохирдог. Хийж бүтээх хүсэлтэй залуу хүмүүс ингэж хохирох ёсгүй учраас би заавал шударгаар бүхнээ шийдүүлж, шийдэж болдог, шударга ёс ялах ёстой гэж бодож энэ бүхний төлөө тууштай зүтгэхээр шийдсэн.

-Ямар шалтгаанаар осолд өртсөн юм бэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй юм уу?

-Анхнаасаа хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа, хувцас, багаж хэрэгсэл өгч байгаагүй, хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй. Барилгын компаниуд ажлын хувцас, хамгаалалтын малгай зэргээр хангадаг биз дээ. Гэтэл бид бээлийгээ хүртэл өөрсдөө авчирдаг байсан. Аюулгүй байдлын ямар ч дүрэм, журам байхгүй, “Дээшээ гараад ажил хий” гэдэг. Тэр барилгыг “Мөнх шувуут” компанийн захиалгаар “Шүдэн-Уул” гэдэг компани барьж байсан юм.

Гүйцэтгэгч, захиалагч компани хоёулаа л буруутай. Ашиглаж байсан техник, тоног төхөөрөмж нь муу, дээр нь инженер буруу холбосноос болоод бид унаж гэмтсэн юм. Ган татлагаар (тросс) дээш нь явуулдаг өргөх төхөөрөмжийг барилгад ашигладгийг хүмүүс мэдэх байх. Бид барилга дээр ажиллаж байгаад доошоо буух гэтэл өргөх төхөөрөмж гэнэт гацаад, дараа нь бэхэлгээ төмөр нь тасарч, доош унасан. Захиалагч компанийнхан нь хуучирсан тоног төхөөрөмж авчирч, өнөөх нь гацсан юм билээ.

-Таныг эмчлүүлэхэд барилгын компанийнхан тусалсан уу?

-Хоёр компаниас нэг ч төгрөг гаргаагүй, тэр битгий хэл бие нь яаж байна гэж асууж ч үзээгүй. Харин хөдөлмөр хамгааллын инженер залуу “Миний буруугаас болж хоёр хүн унаж бэртлээ. Би ямар ч байсан та хоёрыг эмчлүүлнэ” гээд хувиасаа мөнгө гаргаж, бид хоёрыг хагалгаанд оруулсан. Хагалгааны дараах эмчилгээнд ч чадлаараа тусалсан.

-Ажилд орохдоо яагаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм бэ?

-Зургаан сар дагалдангаар ажилласны дараа гэрээ байгуулж ажиллана гэж ярьж тохирсон юм. Харамсалтай нь, дагалдангаар ажиллах хугацаа дуусаагүй, зургаан сар ч болоогүй байхад барилгаас уначихсан.

-Цаашид барилгын ийм осол гэмтэл гаргахгүй байхын тулд ажил олгогч, ажилчид, цаашлаад бүр хянаж, шалгадаг төрийн байгууллагууд юунд, хэрхэн анхаарах ёстой вэ?

-Залууст ажил олдохгүй, амьдрахын тулд юм юм л хийж байна. Барилгын компанид ажиллахдаа хамгийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Ямар нэгэн осол гарахаас сэргийлэхийн тулд багаж хэрэгслүүдээ тогтмол шалгах хэрэгтэй. Хамгаалалтын малгай, бүс зэргээ тухайн компанийнхнаасаа нэхэж авч, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах шаардлагатай.

Монголын ирээдүйг авч явах олон залуу хүн над шиг ингэж хохирч, алдахгүй байгаасай гэсэндээ би энэ бүхнийг яриад буй юм. Би хоёр хүүхэдтэй. Надтай хамт бэртсэн хүн бас хоёр хүүхэдтэй. Нэг ослоос болж дөрвөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй аавтай болчихлоо шүү дээ. Аль аль талдаа л анхаарах ёстой. Сэтгэлгүй, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хүний амь, бие хамаагүй юм байна. Тиймээс залуус өөрөө өөрсдийгөө л сайн хамгаалах нь чухал.

-Та ямар мэргэжил эзэмшсэн юм бэ. Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Би 2009 онд “Тэнгэр” дээд сургуулийг төгсөж, төрийн захиргаа, удирдлагын мэргэжил эзэмшсэн. Аймагтаа ирэнгүүтээ төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн. Гэтэл ажилд орох болсон чинь гурван жил ажилласан туршлагатай байх ёстой гэдэг шалгуурт тэнцээгүй. Дөнгөж сургуулиа төгссөн хүнд юуных нь туршлага байх вэ дээ.

Арга барагдахдаа “Цалинг нь багасгаад ч хамаагүй намайг 2-3 жил дагалдангаар ажиллуулаач” гэсэн хүсэлт тавьсан боловч хуульд гурван жил гэж заасан гээд халгаагаагүй. Тэгээд л амьдрахын эрхэнд хар бор гэж гололгүй олдсон ажил бүрийг хийх болсон юм. Хамгийн анх аймагтаа FM радиогийн найруулагчаар жил гаруй ажилласан. Дараа нь “Мобиком”-д ажилд орлоо.

Түүний дараа шатахуун түгээх станц, бааранд хүртэл ажилласан. Хамгийн сүүлд барилгын ажил хийж байгаад гэмтчихлээ. Яг над шиг их, дээд сургууль төгссөн ч ажил олдохгүй олон залуу бий. Бас яг над шиг олон янзын ажил хийж яваад хохирсон нь ч бий байх. Ажилгүйдэл гэдэг чинь залууст тулгамдаж буй хамгийн том асуудал болчихоод байна.

-Ерөнхий сайдын уулзалт дээр та ажилтай болгож өгөөч гэж хэлж байсан. Ажилд орсон уу?

-Одоогоор ажил хийгээгүй. Хэдийгээр би хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ч хийж бүтээж чадна гээд төр, засагтаа хандсан. Гуравдугаар сарын 1-нээс ажилд оруулах талаар судалж байгаа гэж аймгийн ЗДТГ-ынхан хэлж байна лээ.

-Та Хэнтий аймагтаа тэргэнцэртэй иргэдийн холбооны удирдах зөвлөлд байдаг юм байна. Хэзээнээс санаачлан эхлүүлсэн бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Хэнтий аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоо байгуулагдаад нэг их удаагүй, жил ч болоогүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон бэрхшээлийг мэддэг хүний хувьд зөвхөн өөрийнхөө тухай яриад явах биш, эрх нь зөрчигдсөн, төрөөс авах ёстой халамж, тэтгэлгээ хүртэж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө ажиллахаар шийдэж уг холбооны үйл ажиллагаанд оролцож буй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн халамж аваад зүгээр суудаг юм биш, баялаг бүтээж ч чаддаг юм шүү гэдгийг харуулахын тулд бид тууштай ажиллах зорилготой. Үүний зэрэгцээ хүн бүр орон нутагтаа сайхан амьдарч, ажиллах орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэж сууна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай