Говийн чимэг, жуулчдын соронз

Гадаадын төдийгүй дотоодын жуулчдыг татдаг, байгалийн өгөгдөл, ил музей олонтой, хөгжлийн тэргүүлэх салбаруудынхаа нэгээр аялал жуулчлалыг тодорхойлсон Өмнөговийг “Монголоороо аялъя” буландаа онцоллоо. Засгийн газар ирэх жилүүдэд “Аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж, нийслэл, баруун, зүүн, төв, говийн гэсэн таван хэсэгт тухайн газар орны онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй.

Энэ хүрээнд говийн бүсэд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гол цөм нь Өмнөговь руу чиглэж байгаа бол орон нутгийн удирдлагууд нь ч аймгийнхаа газар нутгийг гурван бүсэд хувааж, баруун, зүүн бүсийг аялал жуулчлал, соёл уламжлалын төв болгох зорилт дэвшүүлжээ.

Өмнөговьд юу үзэж болох, аймгийн есөн гайхамшиг зэрэг улиг болсон мэдээллээс илүүтэй жуулчдад мэдлэг олгох, мэдвэл зохих зүйлсийг хүргэхийг зорилоо. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “Гайхамшигт говь” ТББ-ынхнаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Аялагчдад санал болгодог гол чиглэлүүд (жуулчид хамгийн их зорьдог)
-Даланзадгад-Баянзаг-Даланзадгад. 350 км
-Даланзадгад-Хонгорын элс-Даланзадгад 650 км
-Даланзадгад-Хэрмэн цав-Даланзадгад 1050 км
-Даланзадгад-Ханбогд-Даланзадгад 975 км 

Аялал жууулчлалын голлох бүтээгдэхүүн, арга хэмжээ

 

Тэмээний баяр

-Сарлагийн баяр

-Хонгор их хурд

-Ингэний айрагны баяр

-Элсэн манхны баяр

Хэзээ

Гуравдугаар сарын 6-8-нд

Тавдугаар сарын гурав дахь долоо хоног

Наймдугаар сарын 15-нд

Хоёрдугаар сард

Есдүгээр сард

Хаана

 Булган сум

Ёлын ам

Сэврэй сум

Даланзадгад сум

Хонгорын элс

Жуулчид зорин очдог, өвөрмөц тогтоцтой газар өмнийн говьд цөөнгүй бий. Тэдгээрээс өнгөрсөн гурван жилд хамгийн их аялагч очсон гурван газрыг онцгойлон танилцуулъя.

Хонгорын элс

Өмнөговийн газар нутгийн гурав орчим хувийг элсэн нуруу, манхан, тармаг элс эзэлдэг. Тэдгээрээс хамгийн том нь Хонгорын элс. Энэ нь 185 км үргэлжилнэ. Элсэн манхан ёроолоосоо оргил хүртлээ 10-195 метр бөгөөд салхитай үед хөгжим эгшиглэх мэт өвөрмөц дуу авиа гардаг гэж нутгийн иргэд ярьдаг. 2017 онд баталсан “Аялал жуулчлал, өрхийн орлого” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, аяллын шинэ брэнд бий болгох зорилгоор өнгөрсөн жилээс Элсэн манхны баярыг Хонгорын элсний хормойд зохион байгуулсан юм. Үүнд 3000 гаруй хүн оролцсон бөгөөд цаашид тогтмол зохиохоор төлөвлөжээ. Тус аймгийн БОАЖГ-ынхан “Говийнхон бидний гол нөөц баялаг болох Хонгорын элс нь туруутан амьтад нүүдэллэн амьдардаг, унаган төрхөө хадгалан үлдсэн цөөн газрын нэг” гэв.

Баянзаг

Монголын төдийгүй дэлхийн түүх, археологи, шинжлэх ухааны үнэт дурсгал, олдворууд харьцангуй сайн хадгалагдсан гэгддэг Арц богдын уулсын дагуух хөндийд энэ нь оршдог. 2010 онд Монголын есөн гайхамшгийн нэгээр тодорч байжээ. Одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан өндөг эл газраас олдсон нь Баянзагийг дэлхийд алдаршуулсан юм. Шинжлэх ухааны салбарынхан, тэр дундаа археологи, палеонтологийн хамтарсан экспедицийнхэн энэ газрыг зорих нь олон.

Ёлын ам

Аймгийн төвөөс 56 км зайтай, Зүүнсайхан ууланд байрладаг Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаардаг. Ёл шувууны нэртэй эл хавцлын дээрээс дөрвөн хүрхрээ урсдаг аж. Нар тусдаггүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газар олон байдгаас өвлийг санагдуулам, сэнгэнэсэн хүйтэн агаар зонхилдог. Жуулчид долдугаар сараас есдүгээр сарын дунд үед Ёлын амыг зорих нь түгээмэл гэнэ. Жилийн турш мөстэй байдаг боловч дэлхийн дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд ихэнх хэсгийнх нь мөс үгүй болжээ.

Аялал жуулчлалын ирээдүй

Өмнөговь аймгийг аялал жуулчлалын голлох бүс болгохын тулд “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-нд дараах зорилтыг дэвшүүлжээ.

  • Жуулчдад үзүүлж буй үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулан, олон улсын стандартад нийцүүлэх
  • Аяллын зорилтот газруудын тоог нэмэгдүүлэх
  • Орон нутгийн иргэд, нөхөрлөлийн амьжиргааг дэмжих
  • Хил орчмын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх.

Шинэ бүтээн байгуулалт

Үлэг гүрвэлийн мөр, чулуужсан өндөг бүхий палеонтологийн баялаг олдвортой Шар цав, соёлын дурсгалын өлгий Хүрдэт агуйг хамгаалах зорилгоор Өмнөговийн ЗДТГ, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг, “Оюутолгой” компани хамтран өнгөрсөн онд Манлай сумын Өгөөмөр багийн нутагт аяллын чиглэл гаргаж, жуулчдад зориулсан томоохон цогцолбор барив. Тэнд очсоноор байгалийн болон соёлын өвийн дурсгалуудтай танилцах боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд судалгаа нь нэлээд идэвхжиж буй Цайны зам энэ газраар дайрдаг учир жуулчдыг татах нэг өгөгдөл болно хэмээн тэд үзэж буй юм.

Соёлын дурсгал

Жуулчдыг татдаг бас нэг зүйл нь аймгийн музей юм. Өмнөговийн музей нь дэргэдээ байгалийн болон тэмээний гэсэн ангилал бүхий үзмэрийн танхимтай аж. Говь нутгийнхны зан заншил, амьдралын онцлогийг илэрхийлсэн, ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн 2500 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулга музейн сан хөмрөгт байдаг гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай