Огт өөр

Бид хааяа л уулздаг. Уулзах бүрт тэр надад гэнэтийн бэлэг барьж, гайхашруулдаг. Толгой эргэм, тайлж үл чадам, учир битүүлэг асуулт үлдээгээд явдагт нь заримдаа түүнд хачин ихээр дургүй хүрч, үзэн ядавч бид оюун санааны ертөнцөд хэдийнэ уусан нэгджээ. Урилгагүй айлчлал, гэнэтийн явдал, санаанд оромгүй зочин, гайхашрал, цочрол, асуулт, бодлогошрол. Бидний учралт болзооны өрнөлийг энэ үгсээр илэрхийлж болмоор.

Хоёр жилийн өмнө бурхны оронд заларсан эмээтэй минь тэр намайг саяхан уулзууллаа. Ач, зээдээ “Бижигхэн” хэмээн өхөөрдүүлэн, хочлуулдаг буурай эмээ минь олны нүдийг хариулан байж надад хоёр чихэр өгөөд, гэзгээ өнөөх л янзаараа гурваар даран сүлжүүлэв. Түүнийг юу ч хэлж амжаагүй байтал бидний уулзалт өндөрлөв. Тэр эмээг минь аваад явчихсан.

Сав л хийвэл сөргөлдөж, дуугарах нь битгий хэл, нэг дор байхаас ч игзаар хүрдэг танилтай минь тэр намайг эвлэрүүлсэн. Хиймэл араншин, худал инээдээр үнэн төрхөө халхавчилсан өнөөх бүсгүйтэй халуун яриа дэлгэж, огт өөрөөр түүнийг нээв. Эцэст нь тэр бидний уулзалтыг бусниулж орхисон юм.

Тэр намайг энэ мэтээр гайхашруулдаг. Олонх хүн түүнийг минь хуурамч, хөнгөн хийсвэр, үйлдэл бүр нь утга учиргүй гэж шүүмжилдэг. Харин би ондоо бодолтой. Түүний ааш аяг, үг, үйлдэл бүр утгатай, тайлалтай, тодорхой зорилготой гэж итгэдэг. Тиймдээ ч түүний ертөнцийг таньж, мэдэхийн төлөө шунан тэмүүлж, зөвтгөсөөр. Алдарт сэтгэл судлаач З.Фрейд, А.Гопник хүртэл болзоот нөхрийг минь хөнгөн хийсвэр нэгэн биш гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг юм шүү. Харин та юу гэж боддог вэ.

“Хар дарж, аймшигт зүйл зүүдэлснээ гайхац­гаан, яах вэ гэж бусдаас хариу эрэхийн оронд хоол ундаа тохируулж идээд амраач” гэсэн бүдүүлэг зөвлөгөө цахим орчинд түгснийг хараад түүнийгээ өмөөрмөөр санагдав. Ядмаг сэтгэлгээ, өнгөц бодлоор өнөө маргаашийг аргацаан, амьдралын сайн сайхныг ч ажрах сөхөөгүй жирийлгэн яваа бидэнд саатан тогтож, ухааран эргэцүүлж, өөрөөр орших боломж олгодог нь зүүдний ертөнц байж мэднэ. Болдогсон бол түүний ертөнцөд түүний нууцыг тайлах сан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай