Эдийн засгийн хатуу бодлого баримтлагч Жером Пауэлл

АНУ-ын Төвбанкны 16 дахь тэргүүн Жером Пауэлл саяхан тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Үнийг тогтвортой байлгаж, ажлын байрыг дээд хэмжээгээр нэмэгдүүлэх үүргийг түүнд Конгрессоос нь өгчээ. Тус улсад ажлын байр, цалин нэмэгдэж, эдийн засаг тогтвортой өсөх шатандаа орж буй энэ үед тэрбээр энэ нэр хүндтэй албан тушаалыг хашиж эхэллээ хэмээн “Assosiated press” сонинд бичсэн байна.

Тэрбээр 1953 оны хоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Вашингтон хотод хуульчийн гэр бүлд мэндэлжээ. Эхийн талын өвөө нь Америкийн Католик шашны их сургуулийн декан байв. Элисс Леонардтай гэрлэж, гурван хүүхэд төрүүлж, өсгөжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Ж.Пауэлл 2012 оны тавдугаар сараас Төвбанкны Удирдах зөвлөлд ажилласан. Түүнийг уг албан тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама санал болгожээ. Хоёр жилийн дараа Сенат нь 14 жил ажиллуулахаар баталсан байна. Тус зөвлөлд ажиллах хүртлээ Сангийн яамныхаа хөрөнгө оруулалт, банкны салбарт ажилладаг байжээ.

1975 онд Принстоны их сургууль төгссөн. 1979 онд Жоржтауны их сургуульд төр, эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Эдийн засгийн боловсролгүй. Жоржтауны их сургуульд сурч байхдаа сургуулийнхаа хуулийн сэтгүүлийн ерөнхий редактор нь байжээ.

Принстоны их сургууль төгсөөд Пенсильвани муж улсаас сонгогдсон сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Ричард Швайкерийн туслахаар нэг жил ажиллажээ. Жоржтауныг төгсөөд АНУ-ын хоёр тойрог буюу Нью-Йоркийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нарийн бичгийн даргаар, 1981-1983 онд Нью-Йорк дахь олон улсын хуулийн “Davis Polk & Wardwell”, 1983-1984 онд “Werbel & McMillen” компанийн хуульчаар ажилласан байна.

1984 оноос Ж.Пауэлл ажлаа өөрчилж, “Dillon, read & co” компанийн хөрөнгө оруулалтын ажилтан болж хамтарсан санхүүжилт, банк нийлэх, “залгих” асуудлыг хариуцдаг болжээ. 1990 онд ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байв.

Дараа нь Сангийн яаманд туслахаас эхлээд сайд Николас Брейди (Тэрбээр 1970-1988 онд “Dillon, read & co” компанийн Захирлуудын зөвлөлийг тэргүүлж байв)-гийн орлогч хүртэл дэвшин ажиллажээ. Хөрөнгө оруулалтын “Sa­lomon Brothers” банктай холбоотой дуулианы дараа мөрдөн шалгах ажлыг Ж.Пауэлл хариуцсан байна. Нэг трейдер үнэт цаасны талаар худал мэдэгдэл хийснээс дуулиан дэгдсэн аж. Шалгалт хийгээд зогсохгүй улсын үнэт цаасны дуудлага худалдааны тогтолцоонд өөрчлөлт оруулах саналыг бэлтгэжээ. 1993 оноос томоохон “Bankers trust” банк (1998 онд “Deutsche Bank” худалдаж авсан)-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд удалгүй “Dillon, read & co” банкандаа эргэн ирсэн байна.

1997-2005 онд хөрөнгө оруулалтын томоохон “Carlyle group” сангийн түнш, 2010-2012 онд билийн бэлгэдлийн нэг долларын цалинтай, урилгатай эрдэмтний хувиар Хоёр намын бодлогын төвд төрийн сангийн асуудал хариуцан ажиллажээ.

Үүнээс гадна буяны болон боловсролын янз бүрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан нэгэн юм. 2008 онд тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулдаг Дэлхийн экологийн сангийн удирдах түнш болсон байна.

ТОМИЛОГДОХ ҮЙЛ ЯВЦ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Төвбанкныхаа тэргүүний албан тушаалд түүнийг дэвшүүлснийг өнгөрсөн сард Конгрессын Сенатын танхим сайшаажээ. Өдгөө 65 настай Ж.Пауэлл нь сүүлийн 30 жил тус банкны удирдах албан тушаалд нэр дэвшсэн эдийн засгийн ухааны докторын зэрэггүй анхны хүн болов. Үүний сацуу сүүлийн 40 жилд анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Төв банкныхаа тэргүүнд улиран ажиллахыг санал болгоогүй байна.

Тухайлбал, “Washington post” сонинд тэмдэглэснээр Ж.Пауэлл 1934-1948 онд тус улсын Төвбанкны тэргүүн байсан Марринер Экклзийн үеэс хойших энэ байгууллагын хамгийн баян хүн болжээ. 2012-2017 онд түүний хөрөнгө 22-55 сая доллароор үнэлэгдсэн байна. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдсөн Жон Маккейны сонгуулийн кампанит ажилд 30 мянга орчим доллар хандивлажээ.

ТӨВБАНКНЫ ТЭРГҮҮНИЙ ХУВИАР ХИЙХ АЖИЛ

“Wall street jounal”-д бичсэнээр сүүлийн таван жил Ж.Пауэлл нь Төвбанкны Удирдах зөвлөлийн гишүүн, өмнөх тэргүүн Жанет Йеллений үнэнч холбоотон гэгддэг учир эдийн засаг сэргэж буй өнөөгийн нөхцөлд хямралын үеийн аядуу бодлогыг үргэлжлүүлэн баримталж магадгүй. Хамт ажиллаж байсан, Нөөцийн банкны ерөнхийлөгч асан Даллас Ричард “New York times” сонинд ярьснаар Ж.Пауэллийг шонхрууд буюу манлайлагчдын эгнээнд оруулахгүй байхын аргагүй, эдийн засгийн хатуу бодлого баримтлагч, бас энхийн гэхгүй байхын аргагүй, мөнгөний бодлогыг зөөлрүүлэхийг дэмжигч аж.

“Бид ухаант шар шувуу байхыг эрмэлздэг. Энэ тодорхойлолтод Пауэлл яг тохирно” хэмээн Фишер тэмдэглэжээ. Мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ хянамгай, аядуу үзэл бодол нь ойрын хугацаанд ажлаа амжуулахад нь түүнд тус болно. Гэхдээ тэрбээр хямралын байдалд хэр үр нөлөөтэй удирдагч байхыг мэдэхгүй гэнэ.

Төвбанкныхаа одоогийн байр суурийг буюу эдийн засгийн өсөлттэй уялдуулан бодлогын хүүг аажмаар нэмэх бодлогыг үргэлжлүүлэн мөрдөхөө Ж.Пауэлл мэдэгджээ. Тус байгууллага энэ онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэх төлөвтэй байгааг ажиглагчид тэмдэглэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай