Б.Энхравдан: “Гэгээн ертөнц”-ийг анагаах нь миний амь амьдрал юм

Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө бодит ажил өрнүүлсэн эрхэм хүнд олгодог “Энхийн шагнал”-ын эзнээр Гавьяат эмч, клиникийн профессор, хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Бадамсүрэнгийн Энхравдан тодорсон билээ. ЭХЭМҮТ-д 43 дахь жилдээ ажиллаж, 61 800 хүүхдэд мэс засал хийсэн түүнтэй ярилцлаа.

-“Энхийн шагнал”-ыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан зэрэг алдартан хүртэж байсан юм билээ. Та анагаахын салбараас анхдагч болов. Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Бидний ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй 43 жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлж олгосон болов уу.

-Шагнал гардуулах үеэр та ХБНГУ-д байсан. Явсан газрын сонин дуулгахгүй юү?

-Бонн хотын томоохон эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй танилцаж, хүүхдийн бөөр, шээсний замын эмгэгийн мэс заслыг дурангаар хийх аргыг Монголд хөгжүүлэх шийдлийн талаар ярилцлаа. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн бөөрний мэс заслын тасгийнхан дэвшилт тоног төхөөрөмжтэй болохоор зорьж байна.

-Та ажлын гараагаа Дорноговь аймгийн Иххэт сумаас эхэлсэн юм билээ. Тухайн үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл ямар байв?

-Анагаах ухааны дээд сургуулийг 1974 онд төгсөх байлаа. Гэтэл зургаан жилээр дүүргэх анхны төгсөлт нь болж таарсан. Сүүлийн жилд нь оюутнуудыг мэс засал, дотор, хүүхэд, эх барих гэсэн дөрвөн чиглэлээр төгсгөсөн юм. Би ерөнхий мэс заслын эмчээр төгсөн, Эвлэлийн төв хорооны илгээлтээр дөрөв дугаартай гэрчилгээ авч, Дорноговь аймагт очсон.

Тэнд 18-уулаа очсоноос 13 нь суманд хуваарилагдсаны нэг нь би. Томилолт өвөртөлж очсон Иххэт сум аймгийн төвөөс 168 км, гэрэл цахилгаан байхгүй учир хүүхэд эх барьж авах, мэс засал хийхдээ лаа барина. Дизель нь хоёр цаг л ажилладаг байлаа. Хэдий алс бөглүү газар эмчийн гараагаа эхэлсэн ч суманд ажилласан нь миний бахархал. Хоёр жилийн гэрээгээ дуусгаад 1977 онд хуучнаар Гандангийн эмнэлэг буюу одоогийн ЭХЭМҮТ-д одоог хүртэл ажиллаж байна.

-Сүүлд Иххэт суманд очиж үзэв үү. Нөхцөл, байдал өөрчлөгдсөн байх даа?

-Сумын 80 жилийн ойгоор очиход сайхан эмнэлэгтэй болжээ. Нийтийн халаагуур, цахилгаантай, рентген, ЭХО-ны аппараттай болчихсон, 3-4 эмч ажиллаж байна лээ.

-Та ЭХЭМҮТ-д амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан. Юу таныг ингэж хааш нь ч хөдөлгөхгүй барив.

-Би хүүхдийн мэс засалч болсондоо баяртай байдаг. Ажлын минь үр дүн маш хурдан гардаг. Хүнд өвчнийг нь аваад хаячихаар хүүхдийн бие махбод эргэн сэргэхдээ амархан. Тэд маргааш нь юу ч болоогүй мэт инээгээд сууж байдаг. “Гэгээн ертөнц”-ийг анагаах нь миний амь амьдрал юм. 1990 оноос манай улсад хүүхдийн бөөр, шээсний замын гажиг элбэг тохиолдох болсон.

Ялангуяа, эрэгтэй хүүхдэд бэлэг эрхтний гажиг түгээмэл. Шээсний сүвээрээ шээх ёстой байтал хуйхнагаараа бие засдаг. Насанд хүрээд бэлгийн харилцаанд орох үед бэлэг эрхтэн нь ажиллагаагүй болох зэрэг гажиг нэмэгдэх төлөвтэй болсон. Тиймээс эмнэлгийнхээ захиралтай ярилцаад 40 ортой тасаг байгуулж, гурван эмч, нэг эрхлэгч, 10 гаруй ажилтантайгаар үүдээ нээсэн.

-Таны өмнө байгаа өнгө өнгийн эдгээр чулуу хүүхдийн бөөр, давсагнаас гарсан гэхээр үнэмшмээргүй том хэмжээтэй юм. Яагаад чулуу үүсдэг юм бэ?

-Энэ Говь-Алтай аймгаас ирсэн гурван настай хүүхдийн давсагнаас гарсан чулуу. (хамгийн том хэмжээтэй хар хөх чулууг үзүүлэв). Шандны хужир, хатуулаг ихтэй ус ууж өссөн хүүхэд байсан. Эдгээр чулууны найрлагыг нь шинжлүүлсний дараа эмчилгээ бичдэг. Бодисын солилцооны үйл ажиллагаанд давс, натри, магни аль нь их байна тэр бүхнийг зохицуулж эмчилгээ хийхгүй бол эргээд чулуу үүсэх эрсдэлтэй.

-Манай улсад хүүхдүүдийн дунд бөөр, шээсний замын өвчлөл хэр тохиолдож байна вэ?

-Бөөр, шээсний замын өвчний 38.8 хувийг эмгэг гажиг, 1.8-2 хувийг чулуу эзэлж байна. Тодруулбал, бөөрний суваг, бэлэг эрхтэн, сүвний гажиг, илүү бөөртэй төрөх чулуу үүсэх гэсэн өвчин зонхилж байна. Увс, Ховд болон говийн аймагт ундны уснаас шалтгаалан иргэдийн бөөр, давсганд чулуу үүсдэг. Элс шиг зүйл бөөгнөрч, нягтаршсаар томордог.

Ийм чулуутай хүүхэд 2000 оноос өмнө орон нутгаас олноороо ирдэг байлаа. Эцэг, эхчүүд нь хүүхдээ чулуутай гэдгийг мэдэхгүй явсаар шээс нь хаагдсан хойно эмчид ханддаг байв. Харин сүүлийн үед ЭХО-д харуулж, давсганд чулуу байвал мэс заслын эмчид ханддаг болсон.

-Тэгвэл чулуутай, эсэхийг нь яаж мэдэх вэ?

-Цус, шээсний шинжилгээ, ЭХО оношилгоогоор илрүүлнэ. Гэхдээ зарим цайвар өнгийн чулуу ЭХО-д харагдахгүй тал бий. Мөн хүүхэд шээхдээ зовиурлах, цусаар бие засах, бөөр нь өвдөх зэрэг шинж илэрч буй, эсэхийг анзаарах хэрэгтэй. Сүүлийн үед гурван салаа бөөртэй, хоёр бөөр нь хоорондоо нийлсэн, суваг нь нарийссан төрөлхийн гажигтай хүүхэд төрж байна. Мөн эрэгтэй хүүхдэд бэлэг эрхтний гажиг цөөнгүй тохиолддог.

Энэ нь голдуу хожуу төрөх үед илэрч байна. Жирэмсний эхний гурван сард ханиад хүрснээс янз бүрийн эм уух, архаг хууч өвчин нөлөөлж байна. Элдэв өвчнөө эмчлүүлсний дараа эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой шүү дээ. Жирэмсний эхний гурван сард янз бүрийн хүчтэй эм, бодис хэрэглэх, нян эхийн биед орсноос болж ургийн гажиг үүсэх эрсдэлтэй.

-Танай тасаг хэдэн төрлийн мэс засал хийдэг вэ. Бусад улстай харьцуулахад дутагдах зүйл юу байна вэ?

-Бөөр, шээсний замын 51 төрлийн мэс засал хийж байна. Гадаадын эмч нар ирж бэлэг эрхтний гажиг засах мэс засал голдуу хийдэг. Тэнд манай эмч нарыг сайн гэж магтдаг ч тоног төхөөрөмж дутагдалтайг хэлдэг. Манай тасагт олон тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Монгол эмч нарыг Африкт очиж хагалгаа хийхэд хүндэтгэн хүлээн авдаг юм. Залуу эмч нараа бэлдээд дурангийн мэс засал хийх төлөвлөгөөтэй.

-УНТЭ бөөр шилжүүлэн суулгаж буй. Харин танайх хүүхдэд ийм мэс засал хийдэг үү?

-Энэ бол маш чухал мэс засал. Гэвч хүүхдийн аарцагны яс жижиг, бөөрний хэмжээ том учраас биед нь суулгах боломжгүй. Тиймээс 16 нас хүрсний дараа бөөр шилжүүлэн суулгадаг. Манай улсад 16 нас хүрээд бөөр шилжүүлэн суулгуулсан хэд хэдэн тохиолдол бий байх. Харин бид дурангаар бөөрний гадна талын цус хуралдсан хэсэг, жижиг хэмжээтэй хавдрыг авдаг.

-Та 61 800 хүүхдэд мэс засал хийсэн гэв үү. Анх ямар хүүхдийг аюулт өвчнөөс аварч байв?

-Анх Дорноговь аймагт байхдаа хурдан мориноос унаж, тархины гавлын яс нь цуурсан хүүхдэд мэс засал хийсэн. Замд төрөх гэж байгаа эмэгтэйг эх барьж авсан минь тодхон санагддаг. Тэмээ тойруулж хэвтүүлээд, салхийг нь хааж элсэн дээр дээл дэвсэж байгаад төрүүлсэн. Эх барьж авсан хүү минь одоо сайхан залуу болсон. Цагаан сараар ирж золгодог юм.

Би жилд 500-600 хүүхдэд мэс засал хийдэг байсан. Сүүлдээ 300 гаруй болж цөөрсөн. Долоо хоногт 20-22 хүүхдэд мэс засал хийхийн зэрэгцээ яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхэд цөөнгүй ирдэг. Мэс засал бүрээ тэмдэглүүлдэг, тэднийг л нэгтгэсэн тоо байх.

-Шагнал гардуулах үеэр Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа танд талархаж явдгаа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлж байсан. Бусдад эрүүл мэнд, амь бэлэглэнэ гэдэг их тавилан байх.

-Дуучин Б.Сарантуяа миний гавьяатын найранд ирж, ая дуугаа өргөж байлаа. Сая шагналын үеэр мэндчилгээ дэвшүүлсэнд үнэхээр баярласан. Түүний хүү гурван настайдаа надаар эмчлүүлсэн юм. Мэс засал хийлгэсэн хүүхдүүд хожим ирээд “Би тэр байна” гээд шархаа үзүүлэх нь өхөөрдөм шүү.

-Саяхан нэгэн цэцэрлэгийн багачуудыг үзлэгт хамруулахад эрэгтэй хүүхдүүдийн бэлэг эрхтний арьс нь шамрахгүй тохиолдол цөөнгүй байж. Энэ хэр ноцтой вэ?

-Тээрхийн арьс хойшоо эргэж байж, шээсээ бүрэн гадагшлуулах ёстой. Гэтэл бэлэг эрхтнийх нь арьс шамрахгүйгээс болж дандаа дүлж шээсний улмаас тээрхийн арьсны салст нарийсан, 3-5 жилийн дараа давсагны үрэвсэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, 100 мл шээсний 40 мл нь давсганд үлдээд байна гэсэн үг. Тиймээс мэс заслын аргаар зүсэж, арьсыг нь наашлуулж өгдөг. Харин охидод давсагны гажиг тохиолддог.

Бөөрнөөс ирсэн шээс дамжуулах суваг нь давсганд биш, үтрээний хажуугаар гарсан гажиг илэрч байна. Манай тасагт хандаж буй хүүхдийн дараалал нь гүйцэгдэхгүй байна. Ивэрхий, төмсөгний уйланхай, төмсөг нь буугаагүй хүүхдүүд ирдэг. Зовиур шаналгаа багатай учраас эцэг, эхчүүд мэддэггүй. 5-6 нас хүрсэн үед төмсөг нь олдохгүй байна гээд ирэх нь бий. Дурангийн аргаар хэвлийгээс төмсгийг буулгадаг. Ингэж удаан явбал хавдар болох аюултай. Хүүхдээ усанд оруулахдаа төмсөг нь байгаа, эсэхийг харах хэрэгтэй.

-Таны үүсгэн байгуулсан тасаг 28 “нас” хүрч, хүнээр бол санаа зовохооргүй болжээ. Одоо биеэ амраая гэж бодох юм уу?

-Хоринтаван жил тасгийн эрхлэгчээр ажиллалаа. Энэ албаа шавьдаа хүлээлгэн өгсөн. Гучин жилийн ойн дээрээ явах санаа байна. Үнэндээ бие хүрэх, эсэхийг мэдэхгүй юм. Тасаг байгуулсан эхний 20 жил ядарсан, харин одоо ачаалал харьцангуй хөнгөрч, бие амарч байна. Өөрийн оюун ухаан, хүч чадлаа ирээдүйн үрсийн төлөө зориулъя, ганц ч болов хүүхдэд тус болох юм сан гэж бодож явдаг учраас энэ эмнэлгээсээ холдож чаддаггүй юм. Найз нөхөд, шавь нар минь хувийн эмнэлэгтээ ирж ажиллаач гэж урьдаг.

Зарим нь уурладаг. “Одоо боллоо” гэж бодсон үедээ л явна. Хойч үеийнхээ сайн сайхны төлөө явъя, хэдэн сая төгрөг олох нь гол биш” гэж хэлдэг юм. Энэ сайхан байгууллагадаа хамт олонтойгоо бужигнаж, мэддэгээ залуустаа хэлэх нь тэдэнд хэрэгтэй болов уу. Бөөр, шээсний замын гажгийн 75 хувийг Монголдоо эмчилдэг болсон. Хүнд хэлбэрийн эмгэг гажигтай цөөн хүүхдийг л гадаад руу явуулж байна даа.

-Таны удамд эмч бий юү. Үр хүүхдээс тань мэргэжлийг тань үргэлжүүлэх үү?

-Манай аав, ээж хоёул багш мэргэжилтэй байсан. Намайг ерөнхий боловсролын сургуульд байхад ээж минь мэс засалд ороход эмч болохоор шийдсэн дээ. Аюулт өвчнийг мэсээр авч, бусдад амьдрал бэлэглэж болох юм байна гэж бодсон хэрэг. Миний гэргий С.Оюунчимэг мөн хүүхдийн эмч. Ядраад ирэхэд хоол цай бэлэн, зоригийг минь чангалж, хурцалдаг, олдошгүй сайн хань бий. Бид хоёр охинтой. Тэд минь Германд сурч байна. Аав гэртээ тогтдоггүй, хэцүү ажил хийдэг” гээд нэг нь багш нөгөө нь эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

-Удахгүй сар шинэ гарах нь. Цагаан сараар хөлд дарагдана биз дээ?

-Гэртээ, эмнэлэгт ч хөлд дарагдана шүү. Ажил дээр бүх тасгийн эмч, ажилтан, мэс засалд орсон хүүхдүүд ирж золгоно. Хоёр жилийн өмнөөс буюу 65 нас хүрээд л Цагаан сар хийсэн. Одоо нас яваад хөгшин бид хоёрыг зорьж ирэх хүн олон болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай