Д.Цогт-Очир: Золголт бол настнаа хүндлэх том соёл

Зохиолч, багш, судлаач Дамбын Цогт-Очир 70 жил ханилсан гэргий Тувааны Лхамтайгаа.

Зохиолч, багш, судлаач Дамбын Цогт-Очир хэмээх эрхэм нэгэн хүнийг уншигчидтайгаа уулзуулъя. Хүн болсныхоо учир утгыг гаргаж, улс эх орондоо хийж бүтээснээрээ тамгалагдсан тэрбээр хорвоод ирснийхээ 90, Тувааны Лхам хэмээх бүсгүйтэй тоонотод толгой холбосныхоо 70 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн юм билээ. Түүнтэй Цагаан сарын тухай яриа өрнүүллээ.

Эднийх гурван хүү, хоёр охинтой. Ууган хүү Өлзийдэлэг нь 68 настай. Удаах охин Мөнхтуяа нь 67-той, түүний дүү Жаргалтөгс 65 настай. Энхгэрэл охин нь 60 гарч яваа бол отгон хүү Жаргалсайхан нь 59 настай.

Хүүхдүүд нь салаалан мөчирлөсөөр өдгөө ач, зээ, гуч нь 31 болсон талаар Цогт-Очир, Лхам гуай нар бахархан ярив.

“Миний дунд хүү Жаргалтөгс хурандаа, хөлбөмбөгийн спортын мастер хүн дээ. Өдөртөө бид хоёрын хоолыг хийж, “зарагддаг” хэмээн өвгөн хүүгээ магтахад ээж нь “Идмээр байгаа хоолныхоо нэрийг хэлчихэд л болно. Дор нь хийгээд өгдөг юм” гэж “тэнгэрт гаргав”. Аав, ээжийн гар, хөл болсон үнэхээр буянтай хүү аж.

-Сайхан өвөлжиж байна уу, Цогт-Очир гуай. Цагаан сарын идээ, шүүс, бууз гээд бэлтгэлээ базаагаад жин тан болгов уу. Жижиг өрөөндөө зөндөө бэлэг өрсөн харагдана. Танайх Сар шинээр хөлд нэлээд дарагддаг байх. Барагцаагаар хэчнээн хүн золгуутаар ирдэг вэ?

-300-гаад хүн ирнэ шүү. Үр хүүхэд, хамаатан садан, миний шавь нар, хүүхдүүдийн найз нөхөд гээд хөл ихтэй байдаг.

-Хэчнээн ширхэг бууз, банш хийж, хөлдөөв. Буузаа бөөнөөрөө сууж байгаад чимхдэг үү, таван “цэрэгтээ” даалгавар өгч тус тусад нь бэлтгүүлдэг үү?

-Хэдэн хүүхэд, ач зээ гээд бөөнөөрөө цуглаж, суугаад л чимхдэг. Энэ удаа хоёр хоногт 2000 гаруй бууз, 1000 давсан банш чимхлээ.

-Та энэ улсын сүүлийн 100 жилийн түүхийг бичилцэж яваа хүн. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд монгол түмний аж амьдрал, нийгмийн хувьсал өөрчлөлт, хөгжил дэвшлийг үнэн бодитоор өгүүлж чадах “ном”.

Хүүхэд нас болон идэр залуу үед тань Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байсан талаар сайхан хууч хөөрч, бас залуу хүмүүст мэдүүштэй, сургамжтай сургаалаа хайрлана уу?

-Монголын Цагаан сар бол эртний уламжлалтай, түмэн олны бэлгэдэлтэй сайхан баяр. Ирээдүйн сайхныг бэлгэдэн ерөөж, ахмад настнуудаа хүндлэн дээдэлж золгодог жинхэнэ монгол баяр шүү дээ. Бүр бага байсан үеийнхээ тухай санахгүй ч таван настайгаасаа өдийг хүртэлх 85 жилийн хугацаанд болсон Цагаан сарын тухай бол “төсөөлж” байна аа.

Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүн. Аав, ижий минь Цагаан сарыг яаж тэмдэглэдэг байсан нь нүдэнд бүр харагдаж байна. Жишээлбэл, аав минь битүүний орой ууц чанаж, идээгээ засаад, айл саахалтынхантайгаа битүүлэг, банш, буузаа солилцдог. Үүний өмнөх өдөр нь бурхан тахил, хашаа хороо, гэр орон гээд бүгдийг гялалзтал цэвэрлээд ирж буй цагийг цэвэр цэмцгэр угтана даа. Аав Битүүнээр бэлгэдлийг бодож шимийн архи хундагалж, Раднаа гэдэг хүргэн ах маань сайхан ерөөл хэлдэг сэн.

Хүүхэд багачууд шагайгаар наадаж, дөрвөн бэрх буулгах гэж үзнэ дээ. Шинийн нэгэнд аав их эрт босож, мөрөө гаргаж, уул овоондоо идээгээ өргөөд ирнэ. За, тэгээд нар ургахтай зэрэгцээд золгож гарна даа. Тухайн үед аав маань 40 гаруй настай байсан болов уу. Ер нь төдий насныхан бараг ахмад үед тооцогддог байлаа, тэр цагт.

Золголт бол агуулгаараа настнаа хүндлэх том соёл. Золгуутын дараа идээ ундаагаа хүртээд, айлын эзэн багачууд хүүхдүүдийн гарыг цайлгаж нэг хавсай, хэдэн ёотон өгдөг байлаа. Авгай хүүхнүүдийн гар дээр дээлийн торго, дурдан, эмжээр өгдөг айл ч байсан санагддаг юм.

Нэг үе тодруулбал, дэлхийн II дайны үед, дараа нь ч Цагаан сарыг тэмдэглэхээ бараг больсон. Засаг, төрийн зүгээс дуртай байгаагүй ч бүр мөсөн хориглоогүй. Малчдын баяр гэж тэмдэглэдэг болсон. Би 1950 онд Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Хот хүрээний хүмүүс ойр дотнынхоо хүрээнд л золгож, цаг төрийн байдалд тохируулаад намдуухан тэмдэглэж ирсэн.

Харин хөдөөгийнхөн Малчдын баяраа боломжийнхоо хэрээр тэмдэглэж, золгуут хийдэг байсан. 1990-ээд оноос Цагаан сарыг төр, түмний баяр гэж их өргөн тэмдэглэх болсон. Гэхдээ хотлоороо заавал тэмдэглэх ёстой гэсэн тогтоол журам гаргаагүй, хүмүүс сэтгэлээрээ л тэмдэглэж ирсэн.

-Сүүлийн үед монголчууд маань Цагаан сарын баярын учир утгыг жаахан гуйвуулаад, төрийн хүрээнд ч, нийгмийн хүрээнд ч хэтэрхий цамаан загнаж, бас дээл, хувцсаараа өрсөлдөж, тансаглах зэргээр зохисгүй аашлах хандлага байгааг хүмүүс шүүмжилдэг. Та энэ талаар юу хэлэх бол?

-Хүмүүсийн амьдрал ахуй дээшилсэн үед дор бүрнээ хэр чинээгээрээ тэмдэглэхийг айхтар буруушаахгүй. Гэхдээ идэж, уух хэрэглээндээ анхаарах ёстой. Ялангуяа архийг гурван хундагаас хэтрүүлэх хэрэггүй. Учиртай уувал архи чинь утгатай ундаа юм шүү. Настай хүмүүс тааруулаад хэрэглэвэл биед хэрэгтэй. Би өдөр, оройн хоолныхоо дараа ганц хундага татдаг. Тэрнээс огт хэтрүүлдэггүй.

Сүүлийн үед миний ажигласнаар хүмүүс бэлгэндээ их анхаарч аль болох аятай, хэрэгтэй зүйл өгдөг болжээ. Үүнтэй адил архины асуудлаа зохицуулаад Цагаан сараа сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй согтоод гудамжинд хөлдөж, гэмт хэрэгт холбогдох гэм энэ сайхан өдрүүдэд гардаг нь харамсалтай. Өөр нэг зүйл гэвэл, Цагаан сарыг архигүй тэмдэглэх ёстой гэдгийг би хувьдаа зөв гэхгүй. Архитай тэмдэглэнэ гэдэг нь архидан согтуурна гэсэн үг биш. Хүний ухамсрын л асуудал.

-Битүүнд халуун ам бүлээрээ цуглаад хүмүүс шагайгаар наадаж, “ясан” морь уралдуулдаг. Энэ уламжлал одоо хэр байдаг бол. Танайх ямар “тоглоомоор” нааддаг вэ?

-Биднийг бага байхад аав, ээж минь шагайгаар морь уралдуулдаг байсан. Би энэ уламжлалаар явж ирсэн. Манай хүүхэд, багачууд ч шагайгаар нааддаг. Ер нь аливаа баяр, ёслолоор өвөг дээдсийнхээ ёс, уламжлалыг хадгалж, өвлүүлж явах учиртай. Манайхан шагайгаар морь уралдуулаад түрүүлсэн нэгэндээ өгөх бэлгээ тусгайлан бэлддэг.

-Түрүүлсэн “уяачийн” бэлэг нь юу бол?

Тувааны Лхам: -Нууц шүү. Сонинд нууцаа дэлгэж болохгүй.

Дамбын Цогт-Очир: -Үүнээс гадна тотгон дээрээ харгана, мөс тавьдаг уламжлалыг би хадгалж ирсэн. Жижиг уутанд мөс хийгээд хаалган дээрээ скочоор тогтоочихдог юм. Энэ бол муу бүхнийг зайлуулна, ундаассан нэгэнд буян болно гэсэн бэлгэдэлтэй. Уламжлалт ёс заншлыг мартаж болохгүй. Мэддэг нь үр хойчдоо хэлж, мэдүүлэх учиртай. Тэгэхгүй бол мартагдсаар сүүлдээ бүр мэддэг хүнгүй болно.

Жишээлбэл, Цагаан сараар монгол эмэгтэй үсээ хэзээ ч задгай тавьдаггүй юм. Гэтэл орчин үеийн хүүхнүүд үүнийг мэдэхгүй байгаад би их эмзэглэдэг. Үсээ задгайлахыг монголчууд эртнээс цээрлэж ирсэн. Үхэл хагацал болсон үед гашуудлаа илэрхийлж үсээ задгай тавьдаг учраас тэр.

Түрүүн хэлсэн дээ, архийг хэтрүүлж болохгүй. Цагаан сараар согтвол заяа буяндаа хор хүргэж, тэр жилдээ өөдлөхгүй, хөлчүү явна гэсэн үг. Тэгэхээр хүндэтгэлтэй баяраараа согтохыг цээрлэх ёстой.

-Айл гэрийн санхүүгийн албаны дарга нь голдуу эхнэр байдаг. Танай “нярав, нягтлан” хэн бэ. Цагаан сарын бэлтгэлд хэчнээн төгрөг зарлагадав, тэтгэврийн хэд нь хүрэв үү гэдгийг “байцаах” санаатай ингэж асуулаа.

Т.Л: -Би л хариулах юм байна даа. Сайхан үр хүүхдүүдийнхээ буянаар бид хоёр алзахгүй сайн л бэлтгэлээ. Одоогийн байдлаар зөвхөн бэлгэнд 1.2 сая гаруй төгрөг зарсан байна.

Энэ үед ээжийнхээ ард сууж байсан “асрагч хүү” гурван хуруугаа гозойлголоо. Түүний тооцоогоор бол Цогт-Очир гуайнх шар нохой жилийг угтах бэлтгэлд нийт гурав орчим сая төгрөг зарсан аж.

Өдөржин хоёр хөгшнийхөө дэргэд байж, хоол ундыг нь хийгээд гэртээ харьж, дараа өдөр нь “ажилдаа” эртлэн ирдэг, чухал албаны дарга Жаргалтөгс тооцоон дээр алдаагүйг батлах мэт Лхам гуай “Ууц, идээ, хоол ундны мөнгийг тусад нь тооцсон. Яг хэд болсныг би мэдэхгүй байна” гэлээ.

-Цогт-Очир гуай, энэ жилийн Цагаан сарын барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэх бол гэсэн таамаг бөхийн хорхойтнуудын дунд хэдийнэ өрнөсөн. Та хэнийг түрүүлнэ гэж бодож байна вэ?

-Тэр нь түрүүлж, энэ нь үзүүрлэнэ гэж таамаглахад хэцүү болжээ. Бяртай, мэхтэй, самбаатай, уран барилдаантай бөх олон гарч ирж байна. Улсын цолгүй бөх ч цойлоод гарчихыг үгүйсгэхгүй. Залуу бөхчүүд тогтмол бэлтгэл, сургуулилалт хийдэг болсон нь үүнд нөлөөтэй.

Гайгүй барилдах болов уу гэж харж байсан хүүхэд хоёр, гурвын даваанд уначихаж байна. Тэгэхээр таах аргагүй. Гэхдээ сэтгэлийн мухарт хэд хэдэн “нэр” байгаа. Тэр дундаас Санжаадамба түрүүлж магадгүй. Хангай гэж сайхан хүү гарч ирсэн дээ, бас.

-Энэ баяраар хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулдаг ёс бий гэдэг. Цагаан сараар авсан хамгийн гоё, мартагддаггүй бэлэг тань юу вэ?

Д.Ц: -Хүүхдүүдийн өгсөн мөнгөн аяга, хөөрөгний даалин их дурсгалтай санагддаг.

Т.Л: -Би хэлж болох уу. Бага байхдаа Цагаан сарын бэлгэнд чанасан үнхэлцэг, зүрх, хавсай аваад ямар их баярладаг байсан гээч. Үгүй мөн хүндэтгэлтэй хандана даа, бэлгэндээ. Тэр доор нь идчихгүй, саванд хийгээд, хавар урь ортол хадгалж байгаад гаргана. Шар тостой, хатсан хавсайг цайнд дэвтээж идэх мөн ч гоё доо. Үүнээс гадна хүүхдүүдийнхээ өгсөн дээл болгоныг гоё бэлэг гэж боддог. Энэ жил яагаан торгон дээл оёулсан байна лээ.

Ингэж хэлээд тэрбээр “Миний хүү, сурвалжлагч “охинд” дээлийг минь үзүүлчих” гэж шавдуулах нь, үе үе өвгөнийхөө яриаг дэмжин үг “дэвсэж” өгөх нь үнэхээр хөөрхөн. Эх нялхсын төвд 30 гаруй жил нягтлан бодогчоор ажиллаж байсан, удахгүй зуун настай зуузай холбох хөөрхөн “охин” үзмэн ягаан өнгөтэй, үйтэн хуаран дээлийнхээ энгэрт одон медалиудаа зүүгээд, цэмцийтэл эвхээд тавьчихжээ.

Д.Цогт-Очир, Т.Лхам нар дунд хүү Жаргалтөгсийн хамт

-Сүүлийн жилүүдэд цастай хахир цагаар морь уралдуулдаг болсныг буруу, зөв гэхчилэн янз бүрээр л ярьдаг. Ер нь Цагаан сараар морь уралдуулахыг та юу гэж боддог вэ?

-1947 оны үед шиг санагдана. Манай сумын дарга Ядамсүрэн нарын хэсэг хүн Цагаан сараар анх удаа морь уралдуулж байсан нь сэтгэлд их тод үлдэж. Тэр үед их л сонин санагдаж байсан. Миний бодлоор өвлийн цагт морь уралдуулах нь тун буруу. Ерөөсөө болохгүй. Морины тухай ярьсных нэг зүйл хэлчихье. Хүүхдийг морин дээр зайдан унуулж, уралдуулах нь туйлын буруу. Эмээлгүй болохоор хүүхэд холбирч унаж, бэртээд байгаа юм шүү дээ.

-70 жилийн турш хамтдаа байсан хүмүүс ёстой л ихэр мэт болж, бие биедээ ууссан байх. Гэсэн ч хааяахан ам зөрж, маргаж байв уу. Ялангуяа энэ баяраар ууц, эсвэл өвчүү чанаж тавина, тавгийн идээгээ төдөн давхар засна гэх зэргээр санал зөрөлдөж байсан уу?

Т.Л: -Ер нь хэрэлдэж сүйд болж байгаагүй. Тэр тусмаа ийм сайхан бэлгэдэлтэй баяраараа ам зөрвөл ёстой нүгэл болно.

Монголын уран зохиолын ертөнцөд адал явдалт төрлөөр дорвитой бүтээлтэй цөөхөн зохиолч байдгийн нэг нь Д.Цогт-Очир гуай гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн онцолдог юм билээ. Эх орныхоо төлөө амиа өргөсөн баатрууд, хилчид, тагнуулчид, цэрэг эрсийн тухай “Би “Од” байна”, “Хатан зоригт тагнуулч”, “Данжаадын үйлийн төгсгөл” зэрэг баримтат тууж бичсэн түүнийг Монголын “Конан Дойл” гэхэд хэтрүүлэг болохгүй буй за. 

Өдгөө ч цаас, үзэг “ноцолдуулж” уран бүтээл туурвиж яваа тэрбээр өнгөрсөн жил хоёр тууж бичжээ. Удахгүй нэг номоо гаргана гэсэн. Бас “Би сэтгүүлч хүн. Олон сонинд бичсэнээ хэвлүүлсэн. Саяхан хуралдсан хэвлэл мэдээллийнхэн маань хөлөө гэдсэндээ хийлцэх шахлаа. Юу болоод байна аа. Ер нь манай сэтгүүлчид нийгмийн бараан талыг түлхүү бичдэг болжээ. 

Харин “Өнөөдөр” сонин их ханатай, тэнцвэртэй бичдэгээрээ ялгардаг. Энэ бол зусардсан үг биш шүү. Хэзээнээс л танай хамт олон ийм зарчимтай байсан. Цаашид энэ шугамаа дагаж, хөдөлмөрлөж бүтээж буй жирийн хүмүүсийн тухай их бичиж байгаарай” гэж захилаа.

Ерэн настай гэж хэлэхээргүй жигтэйхэн толиотой, ухаан саруул, үг хурц, цогтой Д.Цогт-Очир хэмээх энэ буурал “Хүн хөдөлгөөнөөр дутагдаж болохгүй. Би өглөө босоод гимнастик хийж, бас бясалгадаг. Бас ой ухаанаа дасгалжуулж шатар тоглодог. Өдөр тутмын бүх сониныг захиалаад уншдаг. Сүүлийн үед эссэ их уншиж байна. Хоолоо зохицуулж, таарсан бүхнийг идэхгүй дээ. Ингэж амьдрахад хүн зөнөж, хөгшрөхгүй” гэлээ.

“Түмэн олон минь эрүүл, түвшин амгалан байж Сар шинээ сайхан гаргаарай. Эв найрамдалтай байж, ажилд хичээнгүй хандвал санасан бүхэн аяндаа бүтдэг юм шүү” гэсэн Д.Цогт-Очир, Т.Лхам гуай хоёрынхоо үгээр ярилцлагаа өндөрлөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай