Н.Баянмөнх: Зам, гүүрийн инженерийн тэргүүн зэрэг авчихаад Монголдоо ажиллахыг хүсдэг

Өнөө цагийн барилгын салбарын хөгжлийг өнгөлж, техник, технологиор шагшигдаж буй Япон улсад барилгын инженерийн тэргүүн зэргийн болзол хангасан Намсрайн Баянмөнх хэмээх залуугийн амжилт монголчуудын бахархал, бахдалыг төрүүлээд байгаа билээ.

Японы Ниигата мужийн “Хонда” корпорацад барилгын инженерээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй түүнтэй цахим хуудсаар нь холбогдон ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя.

-Японы барилгын инженерийн тэргүүн зэргийн болзол хангасан анхны монгол хүн болсон гэсэн. Ямар шалгуур даван, болзол хангаж эл зэргийг авав?

-Юуны түрүүнд тэргүүн зэрэг олгох шалгалт өгөхийн тулд барилгын салбарт гурваас дээш жил ажилласан байх шаардлагатай. Шалгалт нь хоёр шаттай. Эхнийх нь барилгын тухай хууль, гүйцэтгэл, тооцоолол, чанар гэх мэт манай салбартай холбоотой ерөнхий мэдлэгийг шалгасан асуулт бүхий тестээс бүрддэг. Дараагийнхыг нь бичгэн хэлбэрээр авдаг.

Энэ шатны шалгалтын хамрах хүрээ өргөн, зайлшгүй мэдвэл зохих стандартын хэмжигдэхүүн, мэргэжлийн үг хэллэг ихтэй. Тухайн инженер хууль дүрэм, стандартын дагуу барилга барьж чадах, эсэхийг нь чухалчилдаг. Хоёрдугаар шатанд тэнцвэл тэргүүн зэргийн болзол авдаг.

-30 мянган хүн шалгалт өгснөөс 5500 нь тэнцсэний нэг нь, та. Ажлынхаа хажуугаар шалгалтдаа хэрхэн бэлдэв?

-Дөрвөн сар шахам бэлдсэн. Олон талын мэдлэг шаарддаг тул бүгдийг нь давтахгүй л бол тэнцэх магадлал бага. Ажил 20.00 цаг өнгөрөөж тардаг. Гэртээ хариад шөнөжингөө сууж, уйгагүй зүтгэсний үр шим гарлаа. Шалгалтын өмнөх шөнө үүр цайтал бэлдэж хоносон. Их сургуульд элссэнээсээ хойш тэргүүн зэргийн болзол хангахыг мөрөөдсөн. Анхандаа мөрөөдөл, бүтэшгүй мэт санагддаг байв.

Хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, уйгагүй хөдөлмөрлөн, тууштай хичээвэл зорьсондоо хүрдгийг мэдэрлээ. Их урамшиж байна. Эхний шатны шалгалтын хариу долдугаар сард гарахад 100 хувийн гүйцэтгэлтэй тэнцсэн. Хариу гартал нэлээд догдолж, сандарсан. Шалгалтын дараа тэгж, ингэж бичдэг байж гэх алдаа байсан болохоор тэнцэнэ гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаагүй ээ.

-Ээжийгээ Монгол руу үдэх гэж байхад тань шалгалтынх нь хариу гарч, баярт мөчөө хамтдаа хуваалцсан гэсэн. Ээж тань хүүгээрээ бахархсан байх.

-Тэгсэн байх аа. Бид хоёр нисэх онгоцны буудал руу метрогоор явж байхад шалгалтын хариу гарсан. Метронд олон хүн сууж яваа гээд тайван байхыг хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан. Ээжид тэнцсэнээ хэлэхэд “Баяр хүргэе. Хүүгээрээ бахархаж байна” гээд духан дээр үнсээд, уйлсан. Хоёулаа уйлаад, япончууд гайхаад хөгтэй юм болсоон. Шалгалтын анкет бөглөхдөө ээжийнхээ оёж өгсөн цамцыг өмсөж очоод зураг авахуулсан юм. Тэр зургаа ээждээ үзүүлэхэд бүр их баярласан.

-Тэргүүн зэргийн инженерийн болзол хангаснаар танд ямар боломж нээгдэж байгаа бол?

-Материал, өндөр, намаас нь үл хамааран ямар ч томоохон барилгын ахлах инженерээр ажиллах эрхтэй болсон. Өдий хүртэл ахлах инженерийн удирдлагад ажиллаж байсан юм, би. Барилгын инженер ажилчдын аюулгүй байдал, ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, явц, чанар, зардлыг хянах гэсэн таван үндсэн үүрэгтэй. Мөн тухайн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал, ажиллах хүчийг тооцож, ажилчдаа зөв хуваарилах нь чухал.

-Бусад компанаас ажлын санал хэр их ирдэг вэ?

-Мэдээж зэрэгтэй болсноор олон давуу тал бүрдэнэ. Гэхдээ тийм санал ер нь ирэхгүй байх. Өөрөө л хүсэлт гарган, шалгалтад нь тэнцвэл өөр компанид шилжин ажиллах боломжтой.

-Ажиллах юм сан гэж боддог байгууллага бий юү?

-Байгаа. Япон улсын барилгын салбарт тэргүүлдэг таван компани бий. Тэдний нэгэнд нь ажиллахыг хүсдэг. Ер нь том төслүүд хэрэгжүүлдэг компаниуд болохоор сонирхлыг минь их татдаг. Олимпын цэнгэлдэх хүрээлэн, онгоцны буудал, 50 давхраас дээш өндөр барилга барихыг мөрөөддөг. Барилгын инженер бүрийн хүсэл дээ, энэ.

-Японы Залуучуудын манлайлал холбооноос зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шагналт байрт шалгарсан гэсэн. Тэр тухайгаа сонирхуулна уу?

-2014 онд “Хонда” корпорацад ажилд орсныхоо дараа тэр уралдаанд оролцож, 1002 хүнээс шагналт байрт шалгарсан. Эсээндээ хүсэл, мөрөөдлийнхөө талаар бичсэн нь хүмүүст их хүрсэн гэнэ лээ. Өнгөрсөн жил тэр уралдаанд дахиж оролцохдоо 1450 эсээнээс шалгарч, Залуучуудын манлайлал холбооны нэрэмжит шагнал хүртсэн. Япончууд оюуны хөдөлмөрийг үнэлж чаддаг юм билээ. Ганцхан нүүр эсээг минь сая төгрөгөөр урамшуулсан шүү.

-“Хонда” корпорацад танаас өөр монгол ажилтан бий юү. Япончууд шинэ ажилтан авахдаа юуг нь илүү чухалчилдаг вэ?

-Байхгүй. Ганцхан гадаад ажилтан нь би. Хамт олон маань намайг их дэмждэг, үргэлж тусалдаг. Манай компани барилга, зам гүүрээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Ниигата мужийн хамгийн том хоёр компанийн нэг нь. Сайхан хамт олонтой, бүгд юм зааж өгөх, туслах юм сан гэсэн сэтгэлтэй. Япончууд ажилд авахдаа мэргэжлийн ур чадвараас илүүтэй тухайн хүний хүмүүжил, харилцааны соёл, нийтэч, хамтран ажиллах чадвар, ирээдүйд юу хийх нөөцтэйг нь чухалчилдаг.

Япон оюутнууд төгсөхийнхөө өмнө ажиллах хүсэлтэй байгууллагаа судлан, олонх нь ажлын байраа олчихсон байдаг. Төгсөөд л шууд ажилд ордог болохоор цаг алддаггүй.

-Монголд баригдсан барилгыг чанар, хийцийн доголдол зэрэг ямар нэгэн шүүмжлэл их дагадаг. Үүнд барилгачдын ажилдаа хандах хандлага нөлөөлж байна уу. Эсвэл техник, технологитой холбоотой юу?

-Монголд барилга барьсан туршлагагүй болохоор энэ талаар ийм, тийм гэж хэлэхэд бэрх. Чанарын шаардлага хангахгүй материалаар барьж байгаа нь үүнд нөлөөлдөг болов уу. Аль болох их ашиг олохын тулд хямд, чанаргүй материал ашигладаг гэж хүмүүс шүүмжилдэг юм билээ. Нөгөө талаар техник, технологитой холбоотой. Япон үйлдвэрлэгч орон болохоор онцлогтоо тохирсон материал үйлдвэрлэн, барилгаа барьдаг. Стандартаа нарийн мөрддөг нь барилгын чанарт нөлөөлдөг.

-Хувийн орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй, бага зардлаар барих хамгийн үр дүнтэй арга юу вэ?

-Монгол шиг эрс, тэс уур амьсгалтай оронд энэ асуудал хүмүүст их хүндрэлтэй байдаг юм билээ. Айлуудын цонх, хаалга, хананы завсраар дулаан их алддаг. Тиймээс юуны түрүүнд барилгын битүүмжлэл чухал. Бас дээвэр, хана, шалаа чанартай материалаар дулаалах хэрэгтэй. Улаанбаатарчуудын хамгийн хүндрэлтэй асуудал бол утаа. Гэр хорооллын айлуудын нягтаршлыг багасгаж, орон сууцжуулах нь арай үр дүнтэй болов уу. Түүнээс биш утаа бага гаргадаг зуух гэх мэт оролдлогууд өнөө маргаашаа аргацаахаас хэтрэхгүй.

-Монголд барилга, орон сууцны дулааныг уурын зуухаар шийдэж байна. Японд хэрхэн шийддэг вэ. Хэсэгчлэн шийдэх гаргалгаа бий юү?

-Япончууд хэрэглээний усаа шатдаг хийгээр халааж, орон сууцны дулаанаа цахилгаан халаагуураар шийддэг. Өндөр зардалтай энэ арга Монголд тохирох, эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Монгол Улс өргөн, уудам газар нутагтай ч Улаанбаатар хотод гишгэх газаргүй шахам шахцалдан амьдарч байна. Барилгыг дахин төлөвлөхөд ямар шийдэл Монголд илүү тохирох вэ?

-Ямар ч улсын хөгжил, иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдралд хот төлөвлөлт их чухал. Сүүлийн жилүүдэд Монголд төлөвлөлтгүй, хэзээ ч нар үзэхээргүй олон давхар орон сууц олноор барьсан байна лээ. Үнэнийг хэлэхэд хот төлөвлөлтийн талаар сайн мэдэхгүй ч шинэ хот байгуулах, томоохон байгууллага, их, дээд сургуулийг хотын төвөөс зайдуу байгуулах хэрэгтэй. Тэгж байж иргэд хотын төв рүү бус, зах руу тэлнэ. Энэ асуудлыг шийдсэн бусад орны туршлагыг сайн судлах нь зүйтэй. Улаанбаатар хотыг дахин төлөвлөхийн тулд зарим барилгыг буулгах шаардлагатай байх.

-Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий даяар ногоон барилга гэж ярих болсон. Уг нь хэрэгжүүлж чадвал Монголд нэлээд тохиромжтой. Таны бодлоор Монголд энэ технологийг нутагшуулах боломж бий юү?

-Энэ талаар сайн мэдэхгүй юм байна. Зав зайгаараа судална аа.

-Монголчууд цаг барих, зарчимчаараа япончуудыг гүйцэхгүй байх. Япончуудаас бид юугаараа онцгойрдог вэ?

-Бид тэднээс шийдэмгий, зоригтой. Япончууд хариуцлага үүрэхээс айдаг болоор ч тэр үү, түрүүлж ам нээх нь ховор. Шийдвэр гаргах зүйл дээр япон хүнтэй хамтарч ажиллахад цаг их алддаг. Япончууд сэтгэлийн хатгүй. Тийм болохоор амиа хорлох нь их байдаг болов уу. Надтай хамт 15 залуу “Хонда”-д орсон ч зургаан сарын дараа нэг нь ажлын ачаалал даалгүй амиа хорлочихсон.

Монголчууд тэднээс хавьгүй хүнд, бухимдалтай амьдарч байгаа ч тэр бүхнийг сэтгэлийн хатаараа давдаг. Гэр бүлийн халуун дотно харилцаагаараа япончуудыг дагуулахгүй. Японд эцэг, эхээ өтлөхөөр нь асрамжийн газар өгчихөөд ганц ч удаа эргэхгүй байх нь энгийн үзэгдэл.

-Япончууд хөдөлмөрчөөрөө алдартай. Үүнээс гадна тэднээс үлгэрлэмээр зүйл юу бол?

-Япончууд харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай. Бусдыг хүндэтгэдэг соёлоос нь суралцмаар. 19.00 цагаас хойш хөршдөө сонсогдохоор чимээ гаргахгүй, доод давхрын айлдаа мэдэгдэхээр чанга алхахгүй гэх мэтээр бусдын амгалан, тайван байдалд их анхаардаг. Энд ирснийхээ дараа оройн цагаар тоос сорогч ажиллуулсан гэх зэргээр хөршүүддээ зөндөө загнуулсаан (Инээв).

Хэцүү үед нэгдэж, нэгэндээ тусалж чаддаг. Хамгийн үлгэрлэмээр нь бусдын хөдөлмөрийг үнэлдэг, хүндэлдэг чанар. Японы ерөнхий боловсролын сургууль үйлчлэгчгүй. Сурагчид нь анги, хонгил, ариун цэврийн өрөөгөө цэвэрлэдэг, гялалзтал нь угаадаг. Багаасаа анги, танхимаа цэвэрлэхээр өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэлдэг, хайрладаг болж төлөвшдөг юм билээ.

-Наран улсад хэзээ очсон бэ. Гэр бүлээрээ амьдардаг уу?

-Би “Шинэ Монгол” ахлах сургуулийг 2008 онд төгссөн. Сургуулийнхаа дэмжлэгээр Япон улсад ирж, “Ниигата” их сургуулийг барилгын архитекторын мэргэжлээр дүүргэсэн. Японд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энд амьдралын өртөг өндөр ч цалин, хангамж сайтай, хүнд сурталгүй. Ямар нэгэн хүндрэл тохиолдох нь ховор. Хэлтэй бол хөлтэй гэдэг үнэн юм билээ.

Бүх юмыг цэгцтэй, ойлгомжтой тайлбарлачихсан байдаг болохоор харьцангүй бага будилсан. Хүүхэд маань таван сартай. Эх хэлээрээ сайн ярьдаг, Монголоороо сэтгэдэг байгаасай гэж хүсдэг. Тиймээс аль болох ёс заншилтай нь ойр өсгөж, жилд ядахдаа нэг удаа ч болтугай эх орондоо очиж, ахуйг нь мэдрүүлэхийг хичээнэ.

-Өнөөгийн залуусын олонх нь гадаадад сурах, амьдрах сонирхолтой. Тэднийг буруутгах аргагүй ч гадаад орныг хэтэрхий шүтэж, Монголоос л явж байвал хаана ч очсон яах вэ гэх болсон нь харамсалтай санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Гадаадад суралцаж буй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Өөрийгөө хөгжүүлье, боловсролоо дээшлүүлье гээд эх орноосоо мордсон залуусыг буруутгаж болохгүй. Эх орондоо буцаж очин, сурсан, мэдсэнээ зориулах нь чухал. Тэгвэл монгол хүн болж төрсний хэрэг бүтнэ, үр хүүхэд маань бахархах болов уу.

Монгол Улс дэлхийд хөгжлөөр хоцорч байгаа ч залуус бид хамтдаа зүтгэвэл өөрчилж чадахгүй зүйл гэж үгүй. Төр, засагт хамаг бурууг тохолгүйгээр бүгдээрээ чаддаг зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулбал сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг. Ер нь ирээдүйгээ эергээр төсөөлдөг шүү.

-Барилгын тэргүүн зэргийн инженерийн болзол хангачихаад дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлов?

-Зам, гүүрийн инженерийн тэргүүн зэрэг авахаар зорьсон. Шалгалтын агуулга нь өөр ч хэлбэр нь барилгынхтай төстэй, хоёр үе шаттай. Мэдэх шаардлагатай стандарт, тоон хэмжигдэхүүн нь барилгынхаас харьцангуй цөөн болохоор арай амар байж магадгүй.

-Зорилгодоо хүрснийхээ дараа эх орондоо ажиллах бодол бий юү?

-Байлгүй яах вэ, юу юунаас илүү хүсэж байна. Сурсан, мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулбал гоё шүү дээ. Хэдэн жилийн дараа эх орондоо очоод ийм, тийм юм хийнэ гэсэн залуус Японд олон байдагт олзуурхдаг. Бусад оронд ч олон байгаа гэдэгт итгэдэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай