Бурханч лам Г.Пүрэвбат: Залууст сайн, нялхаст дунд, хөгшдөд муу жил болно

Бурханч лам Г.Пүрэвбат: Залууст сайн, нялхаст дунд, хөгшдөд муу жил болно

Бурханч лам Г.Пүрэвбат гуайгаас XVII жарын  "Тийн унжлагат" хэмээх шар нохой жилийн ерөнхий төлөв байдлыг тайлбарлалаа. 

-Ирж буй шороон нохой жил нь  санскритаар “Виламва”, түвдээр “Тийн унжлагат”, нангиад хэлээр “Вү сүй” хэмээдэг. Энэ  жилийн ерөнхий төлөв байдал  судар номд өгүүлснээр “Хулгай дээрэм олшрон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно” хэмээжээ. 

Ургаж буй шороон нохой жилийн махбод  Амь-шороо, бие-мод, эрхтэн-шороо, хийморь-төмөр, сүлд-гал, эр мэнгэ нь есөн улаан, эм мэнгэ нь зургаан цагаан, суудал нь гал, шарагчин туулай өдөр эхэлнэ.

Хаан гараг нь сумъяа,  түшмэл гараг нь бархасвадь, эзэн гараг нь санчир,  хийн гараг нь санчир, сэшиг зүгт хэсэхүй, жилийн махбод 434, хоногийн тоо 354, тогтоосон хоногийн тоо 338, жилийн үргэлжлэх хугацаа 2018.02.16-2019.02.04 юм.

Хаан гаригийн үр нь хур буун, эмийн шим төгөлдөржинө. Ус мөрөн дээрээсээ арвижна. Ой, цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Үхэр, малын сүү арвижна. Залуус наадан бүжнэ. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.

Түшмэл гаригийн үр нь өргөл, өглөг хоёр арвижна. Ном төгөлдөртнүүд алдрыг олно. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс, цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижмуй. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрнэ.

Жилийн лууны тоо хоёр,  үхрийн тоо 11 байна.  "Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд" хэмээн зурхайн зурлагад зурагджээ. 

“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл үхэр нь толгой, бие нь шар эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан, ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон, хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна.

Үхэр хариулаач нь "Ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, унгасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна" гэж дүрслэгдэв.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн. Хууль цаазын хэрэгжилт сайжрах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна. Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно. Малд сайн, хүнд дунд байна. 

Зурлагат яаж ч буусан бай хүн өөрөө хичээвээс өөрчлөгдөх боломжтой. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай