Уламжлалт ёс: Цагаан сарын зоог, идээний ёс заншил

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байсан түүхтэй аж. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Тиймдээ ч сар шинийн баяраар уламжлалт ёс заншлаа эрхэмлэн дээдэлж ирсэн түүхтэй. Тиймээс бид цагаан сарын зоог, идээний ёс, зан үйлийг бэлтгэн хүргэж байна.

Цагаалгын ёс

Хуучин цагт цагаан сарын бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан байна. Цагаалга бол цагаан сарын идээ будааны тэргүүн зоог бөгөөд бууз банш ч мөн улаан махыг цагаан гурилаар бүрхэн цагаалгын шинжтэй болгосон хоол юм.

Золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга тавагтай идээтэйгээ орцгоон, айл айлаас ирсэн идээнээс дээжлэн, шинээр цай чанаж, хүндэтгэлийн хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараагаар золгож шинэлэх ба ахмад настай хүнээс эхлэн дараалан цагаалганаас барина. Хүн бүр гурав гурван удаа эсвэл долоон удаа идэхийг маш сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж  өгсөн аягатай цагаалга дээр бага багаар нэмж хийдэг ёстой.

Ийнхүү ахмад настныдаа золгосны дараа цагаалгаа хуваан айл айлд өгч явуулах ба ирсэн зочдоо дайлдаг уламжлалтай.

Сар шинийн баяраас хойш олон хоног цагаалгыг зоогловол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг учраас цагаалгыг аль болох их, хүн бүрт хүрэлцээтэй хийдэг байна.

Монголчууд ихэвчлэн цагаалгыг бэлтгэхдээ тутаргын сүүнд агшаасан аарц, шар тос хийн зөөхий бурмаар амталдаг.

Хүндэтгэлийн тавгийн идээ

Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Ингэхдээ тухайн өрхийн тэргүүний нас сүүдэр, үр хүүхэд, ач зээгийн тооноос хамаарч “тэдэн улыг элээжээ” хэмээн хэдэн давхар байхаа тооцон засдаг. Мөн таван биеийг бэлгэдэж суурийг таван боовоор засах ёстой байдаг. Сүүлийн үед монголчууд минь дөрөв эсвэл гурван давхраар засаг болсон нь буруу ажээ.

Жаран наснаас наян нас хүртэл таваар таван үе, наян наснаас зуун нас хүртэл таваар долоон үе, зуугаас дээш насалсан хүн тавар есөн үе засдаг байсан учиртай. Хэрвээ гэрийн эзэн нас бараад гурван жил болоогүй бол хүндэтгэл үзүүлж таваар есөн үе тавгийн идээ засдаг учиртай.

Шүүс дэвшүүлэх ёс

Ууцыг эртний хаадын идээ хэмээн нэрийддэг байжээ. Улс орон удирдаж буй төрийн дээд албан тушаалтан хүн л тавьдаг байжээ.

Харин одоо үед гэрийн эзэн бусдынхаа өмнөөс “гэр орноо тэжээж, сайн үйл хийдэг” хэмээн бэлгэдэн ууц тавьдаг болжээ.

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг хэлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайд чөмөг дагуулан тавьдаг. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.

Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусад нь тавина.

Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас таллан авч хишиг хэмээн тараадаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай