Олимпын эвлэрлээ МӨРДӨХИЙГ УРИАЛЛАА

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өнөө­дөр эхлэх өвлийн XXIII наадмын үеэр олимпын үеийн түр эвлэрлээ сахин мөрдөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриаллаа. “Солон­госын хойгт спортын тэмцээн болох гэж буй учир хэзээ хэзээнээс илүүтэй эртний энэ уламжлалаа хүндэтгэх нь чухал байна” гэж бичгээр явуулсан илгээлтдээ тэрбээр дурджээ. “Пёнчаны олимпын болон паралимпийн наад­мын үеэр түр эвлэрэх үүргээ даган мөрдөхийг сөргөлдөгч бүх талд би уриалж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн гэрэлт цамхаг болон олимпын гал дүрэлзэж байг. Олимпын эвлэрэл даян дэлхийд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд тус болог” хэмээн А.Гутерриш мэдэгдсэн байна.

Спортын тэмцээний үеэр түр эвлэрэх гэрээ байгуулах уламжлал эртний Грек, Ромын үеэс улбаатайг тэрбээр сануулжээ. Манай тооллын өмнөх VIII зуунд бий болсон уг заншил нь тэмцээн болох газраа тамирчид аюулгүй очоод, буцах боломж олгодог юм. Олон улсын олимпын хороо дээрх уриалгыг 1992 оноос мөрдөж байна. Жилийн дараа НҮБ-ын Ерөнхий ассамблей 48/11 тогтоолоо батлан энэ санаачилгыг дэмжжээ. Пёнчаны олимп өнөөдрөөс энэ сарын 25 хүртэл, паралимп ирэх сарын 9-19-нд үргэлжилнэ. Олимпын галын буухиа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Өмнөд Солонгосын Үндэсний олимпын хорооны сон­госон 7500 бамбар баригч дэлхийн өнцөг бу­лан бүрт хүрч, 2018 км зам туулах ёстой. Бам­барын буухианы сүүлчийн шатанд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дахь удаагийн чуул­ганы дарга Мирослав Лайчак оролцоно. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга өнөө орой болох олимпын нээлтийн ёслолд оролцох юм. Тэрбээр Сөүлд хэдийнэ очсон бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзсан байна. А.Гутерриш, эсвэл түүнийг дагалдан яваа хүмүүс Пёнчанд ирсэн БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзах, эсэхийг тодруулахад Умард Солонгосын тал­тай одоогоор холбоо тогтоогоогүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсны төлөөлөгчийн туслах Фархан Хак мэдээлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай