“21 000” НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ЦУВРАЛД УИХ-ЫН ГИШҮҮД ӨРСӨЛДӨНӨ

Монголын телевизийн урлагийн түүхэнд анхны гэх тодотголтой олон сонирхолтой нэвтрүүлэг хийж буй “МN 25 дугаар суваг” телевизийнхэн 2014 оноос хойш “21 000” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож байна. Энэ шоуны найм дахь цуврал өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нөөс үзэгчдэд хүрээд буй. Энэ удаагийн нэвтрүүлэг БНСУ-д үргэлжилж буй бөгөөд “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адъяа нар өрсөлдөн, 21 мянган воноор 10 хоногийн турш амьдарч, нэвтрүүлгийн багийн өгсөн даалгаврыг биелүүлж байгааг үзэгчид мэдэж буй биз ээ. Маргааш ялагчийг нь тодруулах эл нэвтрүүлгийн найруулагч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа нартай ярилцлаа.

Зүүн гар талаас: Ж.Пүрэвдаваа, Д.Эрдэнэбаяр

-Танай телевизийн уран бүтээлчид гадаадын нэр хүндтэй контентыг албан ёсны эрхтэйгээр юм уу, дуурайн хийхээс илүү үндэсний контент санаачлахыг илүүд үздэг мэт санагддаг.

Д.Э: -Манай хамт олон Монголынхоо үзэгчдэд зориулж, тэдний сонирхолд нийцэхүйц нэвтрүүлгүүд бэлтгэхийг зорьсоор ирсэн. Гаднын контентыг хуулбарлахаас илүү үндэсний хэв шинжтэй, монгол ахуй, ёс заншлаа сурталчилсан, танин мэдэхүйн ач холбогдолтой реалити нэвтрүүлэг бэлтгэхийг хичээдэг. 

-Яг одоо үзэгчдийг дэлгэцийнх нь өмнө “уяж” буй “21 000” шоу нэвтрүүлэг үүний нэг баталгаа. Энэ удаагийн цувралаа яагаад БНСУ-д үргэлжлүүлэхээр шийдсэн юм бэ?

Ж.П: -Дэлхийгээр тархан сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд олон. Монголчуудын хамгийн их зорьдог, очихыг тэмүүлж буй улс нь Өмнөд Солонгос. Эхний удаад ханш ойролцоо, цаг уур төстэй, газар сонгохыг хүссэн юм. 

Д.Э: -Өмнөд Солонгост нэвтрүүлгээ үргэлжлүүлэх нь оролцогчдыг өмнөх цувралуудын оролцогчдоос илүү сорино. Хэл, соёлыг нь мэдэхгүй газарт бага мөнгөөр хэрхэн амьдрах нь өөрсдөд нь сонирхолтой, адал явдалтай. Энэ нь үзэгчдэд сонин. Өмнөд Солонгост 30 мянган монгол хүн амьдардаг гэсэн тоо байдаг юм билээ. Нэвтрүүлгээ тэнд хийнэ, оролцогчид 21 000 воноор 10 хоног амьдарна гэхэд “Нэг таваг хоол хамгийн хямдаар 6-9 мянган воны үнэтэй. Та нар бүтэхгүй юм хийх гэж байна” хэмээх хүн олон байлаа. 

Ж.П: -Нөгөө талаас, сүүлийн жилүүдэд тус орныг зорих хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдэж буй. Тэнд очиход үнэхээр ажиллаж, амьдарч, мөнгө хураах боломжтой юу, ямар нөхцөлд байдгийг үзүүлэхийг хүссэн юм. Оролцогчдоор дамжуулан үзэгчид харж байгаа байх. 

-“21 000” шоу нэвтрүүлэгт зөвхөн олны танил хүмүүсийг оролцуулдаг байсан бол өнгөрсөн цувралд энгийн үзэгчдээс сонгосон. Харин энэ удаа яагаад жүжигчин Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарыг сонгов?

Ж.П: -Долоо дахь цувралын дараа үзэгчдээс хоёр эрэгтэй хүн өрсөлдүүлээч гэсэн санал их ирсэн. Ингээд л уран бүтээлч залуустаа санал тавьсан даа. Нэвтрүүлгийнхээ зургийг гадаадад авах учир эрэгтэй хүмүүс оролцуулсан нь зөв болсон. 

-Зураг авах газраас зөвшөөрөл авах, оролцогчдын гүйцэтгэх даалгаврыг бэлтгэх гэх мэтчилэн гадаадад нэвтрүүлгийн зураг авахад бэрхшээл тулгарсан уу?

Д.Э: -Амаргүй байсан шүү. Телевизийн уран бүтээлч биднээс илүү оролцогчдод л их хэцүү байсан байх. Хаашаа ч явсан алхана, бусадтай хэл нэвтрэлцэж чадахгүй гэхчилэн. Гэхдээ санал тавьсан хүмүүс их уриалгахан тусалсан. Ялангуяа тэнд үйлчилгээ эрхэлж буй монголчууд.

-Үзэгчид өмнө нь “21 000”-д хэн хэн орох бол хэмээн хүлээдэг байсан бол одоо хаана үргэлжлэх вэ гэдгийг ч илүү сонирхох болсон. Дараагийн цувралд ямар хүмүүсийг өрсөлдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

Ж.П: -Бид үзэгчдийнхээ саналыг илүү сонсохыг хүсдэг. Ирэх цувралд УИХ-ын 76 гишүүнээс хоёрыг нь сонгон оролцуулахаар төлөвлөсөн. Үзэгчдийн сонирхлыг их татах байх. Удахгүй үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. 

-“Улаанбаатарт нэг удаа”, “Тайгад нэг удаа”, “Ар, Өвөрмонголд нэг удаа” цуврал нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэсэн. Удахгүй “Монгол, Өмнөд Солонгост нэг удаа” нэвтрүүлэг хүргэхээр зэхэж буй гэсэн үү?

Д.Э: -Ирэх дөрөвдүгээр сараас үзэгчдэд хүргэнэ. Үзэгчид энэ нэвтрүүлгийн агуулга, хэлбэрийг санаж буй байх. Оролцогчдыг өмнө нь очиж үзээгүй газарт нь аваачиж, тэндхийн соёл, орчинтой танилцуулдаг. Өмнө нь Баян-Өлгийн Б.Мугалым гэх залууг Улаанбаатарт авчирч, реппер Темпо буюу Б.Болдбаатарыг тайгад амьдруулан, Төв аймгийн Өндөрширээт сумын мянгат малчин Б.Тунгалагтамир, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Эхбулаг сумын малчин С.Ванчигдорж нарыг нэгнийх нь гэрээр айлчлуулж байсан. Харин энэ удаа Б.Тунгалагтамир БНСУ-д амьдарч, тус улсын иргэн Хэ Гёныг Өмнөговь аймагт мянган тэмээтэй айлд зочлуулна. 

-Ихэнх телевиз олон ангит кино бүтээн үзэгчдийн хүртээл болгож байна. Танай хамт олон ч “Ханилснаас илүү амраг” кино бүтээж байсан туршлагатай. Энэ төрлийн уран бүтээл хийхээр төлөвлөсөн үү?

Ж.П: -Телевизийнхээ 23 жилийн ойг угтан 25 ангитай кино бүтээхээр зохиол дээрээ ажиллаж байна. Ирэх намраас үзэгчдэд хүргэх юм. Үндэсний ёс заншил, өв уламжлалыг энэ кинонд тод үзүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай