Б.ЧИНБАТ: ТӨР ӨӨРТӨӨ БУЙ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭНЭЭС НЭХЭХЭЭ БОЛИНО

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газ­рын дарга Б.Чинбаттай ярилцлаа. 

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль, эрх зүйн орчин өнөөдөр ямар байгаа бол? Боловсронгуй болгохоор хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан гэсэн. 

-Хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар ярихын тулд манай салбарын онцлогийг дурдах нь зүйтэй байх. Мэдээлэл, харилцаа холбоо бол технологийн шинэчлэл хурдтай явагддаг, улс орны бусад салбарын хөгжлийг дэмжих хүчин зүйл болдог, орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамаарах боломж олгодог гэх мэт онцлогтой салбар. Энэ утгаараа бодлого, хууль, эрх зүйг шинэчлэх шаардлага бий болсон. Нөгөө талаар 2016 онд УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт манай салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилтууд тусгасан байгаа. Түүнчлэн Засгийн газраас 2017 онд “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, хэрэгжүүлж эхэллээ. Төр, засгийн эдгээр үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх нэг чухал алхам нь хууль, эрх зүйн шинэтгэлийг шуурхай хийх шаардлага байсан юм. Энэ утгаараа Харилцаа холбооны, Радио давтамжийн, Шуудангийн, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна. Мөн Цахим засаг, Өгөгдөл хамгаалах тухай, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажил дуусах шатандаа яваа.

-Тэгвэл та бүхэн энэ жил ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?

Энэ жилийн тухайд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бүрдүүлэн зохион байгуулах, иргэдийн санал, хүсэлтийг төрийн байгууллагууд шуурхай шийдвэрлэх боломж бий болгох, үүнийгээ мэдээллийн технологийн тусламжтайгаар хэрэгжүүлэх ажлыг гол зорилго болгон ажиллаж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, байгууллага хоорондын өгөгдөл, мэдээлэл солилцох ажиллагааг технологийн тусламжтай нэгтгэн зохион байгуулах замаар төрийн үйл ажиллагаанд технологид суурилсан шинэчлэл, дэвшилт хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ үйл ажиллагааг бид дижитал трансформэйшн буюу цахим шилжилт гэж нэрлэж байна. Энэ процесс нь технологийн талын шийдэл байхаас гадна төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан, бас дээр нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалт шаардсан цогц ажиллагаа. Мөн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын үүргийг Ерөнхий сайдын гаргасан захирамжийн дагуу ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл” гүйцэтгэж байгаа юм. Зөвлөлийн ажлын албаны үүргийг манай байгууллага гүйцэтгэж байна. Монгол Улсын яагаад заавал төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх шаардлагатай болсон бэ гэхээр мэдээллийн технологи энэ боломжийг олгож байгаа юм. Нөгөө талаар бусад улс орны жишгийг харахад энэ чиглэлд явж байна. Технологийн талаас нь ярихад бид үйлчилгээнд магистрал архитектур буюу “enterprise service bus” технологид тулгуурлан төрийн байгууллагууд хоорондоо цахим хэлбэрээр өгөгдөл, мэдээллээ солилцох, ингэснээр төрийн нэгдсэн нэг цонхны үйлчилгээний хэлбэрийг бий болгох зорилт тавиад байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар их онцолсон шүү дээ. Энэ тэргүүлэх чиглэлд хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, 3D принтинг, виртуал орчин, робот зэргийг чиглэлийг нэрлэж байгаа. Эдгээр технологийн тусламжтай аливаа үйлчилгээний хэлбэр, хэв маяг, цаашлаад байгууллага, хүмүүсийн харилцаа, бизнесийн орчин бүхэлдээ өөрчлөгдөнө гэсэн төсөөллийг бий болгоод буй юм. Дэлхий нийтийн энэ хандлагаас Монгол Улс хоцорч болохгүй биз дээ. Улс орнуудын тоон буюу цахим шилжилт эхэлчихжээ. Цахим шилжилтийг зөвхөн хөгжингүй орнууд хэрэгжүүлдэг, хэрэгжих боломжтой гэж харж болохгүй. Манай улстай ижил төстэй нийгмийн байгуулал, хөгжлийн онцлогтой улс орон, жишээ нь, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд эрчимтэй шилжих боллоо. 

ОХУ, Казахстан, Узбекистан, Азербайжан, Кыргызстан зэрэг улс шинэчлэлээ эхлүүлж, иргэдэд цахим нэг цонхоор үйлчлэх хэлбэрийг аль хэдийнэ өрнүүлчихсэн байна. Эстони улс харьцангуй эрт орсон, тэр хэмжээгээр дэлхийд цахим шилжилтээр тэргүүлэх улсын хэмжээнд очжээ. Тиймээс дэлхий нийтийг хамарч, олон улсын чиг хандлага болж байгаа энэ үйл явцаас Монгол Улс хоцрох ёсгүй. Өөрчлөлтийн энэ процессыг төр өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энэ бүхэнтэй уялдуулаад бид “Цахим шилжилт цаасгүй төр”-ийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-Энэ шилжилтийг тэгэхээр яаж хийнэ гэсэн үг юм бэ?

-Төрийн үйлчилгээ авах шаардлага гарахад иргэд төрийн байгууллагууд руу ханддаг. Өөрөөр хэлбэл, нэг үйлчилгээ авахын тулд иргэд төрийн хэд хэдэн байгууллагад хандах, лавлагаа мэдээлэл авах хэрэгтэй болдог доо. Энэ нь байгууллага төвтэй үйлчилгээний нэлээд хоцрогдсон хэлбэр. Мэдээж үүнд иргэдийн сэтгэл ханамж тааруу, бүтээмж муу. Төрийн байгууллагууд, үйлчилгээний ажилтнууд хүртэл зарим нь өөрийгөө төр гэж ойлгодог. Энэ ажиллагааг хөнгөвчлөхийн тулд одоогоор төрийн үйлчилгээний ТҮЦ машин ажиллуулж байна. Иргэнийг төрийн байгууллагад очих, дараалалд зогсох ажлыг хялбарчилж байгаа, төрийн үйлчилгээний өнөөгийн тогтолцоонд нийцсэн шийдэл. Төр өөртөө буй мэдээллийг иргэнээс нэхэж байна гэсэн үг. Хэвшил, дадал болсон төрийн үйлчилгээний хэлбэрийг халж, төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ технологийн тусламжтай солилцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ боломжийг бид бүрдүүлсэн. Туршилт хийж эхний байгууллагуудад үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ. Өнгөрсөн оны эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн нэг том ажил нь энэ жилийн цахим шилжилтийн маш том суурь болж байгаа юм. Энэ нь төрийн мэдээлэл солилцооны ХУР нэгдсэн систем. Засгийн газрын 2017 оны 159 дүгээр тогтоолоор Төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох, хадгалах, ашиглах журам баталсан. Өмнө нь байгууллага хоорондын гэрээний дагуу мэдээллээ солилцдог байсан бол энэ тогтоолын хүрээнд ХУР гэх платформоор дамжуулж мэдээллээ солилцоно гэсэн үг. Гадаадын туршлага, тухайлбал, Эстони улс цахим мэдээлэл солилцооны “X road” гэсэн системтэй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулж, мэдээлэл солилцдог болсноор эдийн засаг, нийгмийн олон давуу талыг бий болгоно гэж тооцож байгаа. Энэ системийг Үндэсний дата төвийн залуучууд өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хөгжүүлж байна. Цахим шилжилт хийснээр төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог хэмнэж, үйлчилгээний зардал буурна. Мөн төрийн үйлчилгээнд зарцуулах иргэний цагийг хэмнэж эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх тооцоо, судалгаа байгаа.

-Төрийн байгууллагуудад хадгалагдаж буй мэдээлэл нээлттэй болсноор мэдээллийн аюулгүй байдал яригдах болно. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг гуравдагч этгээдэд алдахгүй байх тал дээр яаж анхаарах юм бол?

-Төрийн байгууллагууд мэдээллээ цахим хэлбэрээр солилцох болсноор мэдээллийн аюулгүй байдлын асуудал зайлшгүй хөндөгдөнө. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд юуны түрүүнд аливаа цахим мэдээлэлд хандах эрхийн асуудлыг тодорхойлох шаардлагатай. Дээр дурдсан Засгийн газрын 159 дүгээр тогтоолоор төрийн аливаа байгууллага нь бусад байгууллагаас цахим хэлбэрээр авах мэдээлэлтэй харилцах үйлчилгээний ажилтнаа томилох үүрэгтэй болсон. Тэр эрх бүхий ажилтан нь үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Дээр нь цахим мэдээлэлд хандаж байгаа байгууллага давхар үүрэг хүлээнэ. Ингэж хандах эрхийн хязгаарлалтын аргаар мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг шийдэж байгаа. Нөгөө талаар ХУР системээр мэдээлэл солилцоход тэр солилцооны түүхчилсэн бичлэг буюу лог файл Үндэсний дата төвд үүсэж хадгалагдана. Ингэснээр иргэн, байгууллагын мэдээлэлд хэн, хэзээ хандсан нь тодорхой байхын зэрэгцээ эрх бүхий байгууллага, ажилтан хандсан, эсэхийг тогтоох боломжтой. Нөгөө талаар, тэр лог файл нь аливаа иргэн, байгууллагын мэдээлэлд төрийн байгууллагаас хандсан тухай мэдэгдэл эзэнд нь очих боломжтой. Ингэснээр иргэн, байгууллага өөрийнхөө мэдээллийг хандалт, хамгаалалтад хяналт тавих боломжийг бий болгож байгаа юм.

-Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн ХУР системээр дамжуулж иргэд мэдээлэл авч болох уу?

 -ХУР системд төртэй харилцах үндсэн гурван хэлбэр байгаа юм. Төрийн үйлчилгээний нэг цонхны үйлчилгээ, мобайл эсвэл дэсктоп аппликэйшн болон ТҮЦ машин байна. Ийм гурван хэлбэрээр иргэн төрийн үйлчилгээ авдаг болно. Одоо төрийн мобайл платформ бий болгохоор хөгжүүлэлт нь судалгааны шатандаа явж байгаа. Удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн эхний ээлжинд төрийн байгууллагуудад хадгалагдаж буй өөрийнхөө мэдээлэлтэй танилцаж болно. Жишээлбэл, ямар үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, нийгмийн даатгалд хэдэн төгрөг төлж байгаагаа харах боломжтой болно гэсэн үг. Дараа нь түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэнэ. Жишээлбэл, цахим үнэмлэхээ гээгдүүлсэн иргэн хүсэлтээ явуулаад, тодорхой хугацааны дараа гэрт нь шуудангаар шинэ үнэмлэх нь “ирнэ” гэдэг ч юм уу. Төрийн байгууллага иргэнтэйгээ харилцах холбоог үүсгэж байгаа болохоор төр иргэндээ ойртож ажиллах боломж бүрдэх юм. Бас нэг жишээ дурдъя. ОӨУБЕГ-т гадаад паспорт авах хүсэлтэй иргэд урт дараалал үүсгэдэг. Энэ нь иргэдийн олонх нь төрийн мэдээллийг дутуу авдагтай холбоотой. Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас хойш, эсвэл дуусах хугацаа дөхөөд сунгуулахаар очиж байгаа шүү дээ. Тэгвэл түүнээс нь өмнө “Сарын дараа гадаад паспортын тань хугацаа дуусна” гээд мессеж очдог байх юм. Ингэвэл тэгж урт дараалал үүсэхгүй шүү дээ. Төр нь иргэндээ мэдээлэл өгдөг, өөрөөр хэлбэл, иргэнээ халамжилдаг хэлбэр рүү шилжих нь. Мөн дээрх сувгийг ашиглаад иргэн бүрээсээ судалгаа ч авч болно гээд олон давуу тал бий. 

-Уг нь өмнөх жилүүдийг бодвол “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдсан, ТҮЦ машины үйлчилгээ гээд иргэд заавал тухайн байгууллага руу очих шаардлагагүй болсон биз дээ. 

 “Төрийн үйлчилгээний нэг цэг”-т төрийн байгууллагууд үйлчилгээгээ үзүүлж байна. Гэхдээ иргэд яг нэг цэгээс бүх үйлчилгээгээ авч чадаж байна уу гэвэл бас үгүй. Учир нь байгууллагуудын дүрэм, журам нь цаасан суурьтай. Тэр хэлбэрээрээ л үйлчилгээгээ үзүүлж байна. Заавал өөрийн биеэр бүх бичиг баримтаа барьж ирэх, нотариатаар батлуулсан байх гэх мэт. Энэ байдлыг халахын тулд “Нэг цонх буюу төрийн үйлчилгээний оператор” гэх ойлголт бий болгохоор бид ажиллаж байна. Одоо байгаа нэг цэгийн үйлчилгээний төвүүдээ өргөжүүлнэ гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхдээ шат дараалалтай явах хэрэгтэй. Хамгийн их үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бүртгэл, халамж, татвар, даатгал зэрэг 5-6 байгууллагыг эхний шатанд шилжүүлэх юм. Эдгээр байгууллагын үзүүлдэг үйлчилгээг цахимаар өөрөөр хэлбэл, жинхэнэ нэг цонхноос өгөх боломжтой болно. Хамгийн гол нь энэ ажлыг хийх суурь бүрдсэн. Энэ нь тоон гарын үсэг, ХУР гэх мэт технологи. Одоо бол дүрэм журамдаа өөрчлөлт оруулъя. Үйл ажиллагаанд шинэчлэл (ре инженеринг) хийе, цахимаар авах боломжтой болгож өөрчилье гэж байгаа юм. 

-Яг хэдий хугацааны дараа таны ярьсан эдгээр үйлчилгээ нэвтрэх боломжтой вэ?  

-ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан мэдээллийн технологийн бодлогын зөвлөл саяхан байгуулагдаж, эхний хоёр хурлаа хийлээ. Хурлаар мобайл платформыг хамгийн эхэнд буюу ойрын гурван сарын хугацаанд гаргая гэж шийдсэн. Ингэснээр иргэд гар утсаараа мэдээлэлтэйгээ танилцах боломж бүрдэнэ. Үүний дараа дээр дурдсан эхний зургаан байгууллагаа төрийн үйлчилгээний оператор руу шилжүүлнэ. Мэдээж бэлтгэл хугацаа шаардлагатай. Ингээд энэ жилдээ багтааж эхний зургаан байгууллагыг нэг цонх руу шилжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай салбарын ололттой болоод дутагдалтай тал нь юу байна вэ? 

-Манай салбарын хувьд ололт ч байна, дутагдал ч бий. Миний хувьд ололт нь давамгай гэж хэлнэ. Манай салбар эрт либералчлагдсан. Үйлчилгээ, хувийн хэвшил давамгайлдаг. Үүрэн холбооны дөрвөн оператор байна. Харилцаа холбоог Монгол Улсын хэмжээнд хүргэдэг. Олон улсын түвшнээс хоцрогдоогүй. Харин дутагдалтай нь төрөөс манай салбарт баримталж буй бодлого нь тогтворгүй. Суурь асуудал руугаа бага орсон нь ажиглагдсан. Хууль, эрх зүйн орчин аль ч салбарт хамгийн чухал. Манай салбарын гол хууль нь Харилцаа холбооны тухай. Энэ хууль 1996 онд батлагдсан. Түүнээс хойш дорвитой өөрчлөлт оруулаагүй. Гэтэл 1996 оноос хойш мэдээлэл, харилцаа холбооны салбар олон улсад болоод манайд хэрхэн хөгжиж байгаа билээ дээ. Хамгийн гол асуудал тэр юм болов уу.

-Цахим орчин, олон нийтийн сүлжээнд хяналтгүй мэдээлэл маш их гарч, үүнийг дагаад сөрөг үр дагавар ч нийгэмд бий болж байгаа. Биеэ үнэлэх, хүний наймаа, мөрийтэй тоглоом гэх зэрэг элдэв гэмт хэрэг гарах болсон. Үүнд хяналт тавих боломж бий юү?  

-Дээр дурдсанчлан мэдээлэл, харилцаа холбооны салбар хурдацтай хөгжихийн хэрээр хэвлэл мэдээллийн салбарт ч бас энэ шинэчлэл нөлөөлж байгаа. Мөн хувь хүн өөрсдөө мэдээлэл түгээгч, үүсгэгч болсон. Үүнийг шууд хянаж, хааж боох нь зөв шийдэл биш. Түүний оронд иргэдийнхээ цахим боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Уншигч, түгээгч нь өөрөө мэдээллийн үнэн, худлыг ялгаж ойлгодог болох нь илүү үр дүнтэй. Хувь хүний боловсролын асуудал их чухал байгаа юм. Салбарын бодлогыг барьдаг байгууллагын хувьд бид энэ асуудалд анхаарч, манай Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийнхэн “Бүх нийтийн тоон бичиг үсэгтэн” үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Энэ нь зөвхөн манайх гэлтгүй бусад улс орны хувьд ч тулгамдсан асуудал болсон. Үүнд түүчээлж ажиллах хүмүүс нь хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид. Нийгмийн сүлжээнд байршуулсан аливаа мэдээллийг ядаж тэр чигээр нь олон нийтэд хүргэхгүй байх хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай