Ж.ХИЧЭЭНГҮЙ: ТОСК хүүгийн алдагдалд жилд 4.7 тэрбум төгрөг төлж байна

Ж.ХИЧЭЭНГҮЙ: ТОСК хүүгийн алдагдалд жилд 4.7 тэрбум төгрөг төлж байна

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууц”, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ТОСК-ын удирдлагаас мэдээлэл сонслоо. Анх “Түрээсийн орон сууц” хөтөл бөр зарлаж, зорилтот бүлгийг иргэдийг бүртгэж эхлэхэд 700 орчим орон сууцны төлөө 7000 гаруй хүн урт дараалал үүсгэн дугаарлаж байв. Эл хоёр хөтөлбөртэй холбоотой өргөдөл, гомдол Өргөдлийн байнгын хороонд 500 га­руй, УИХ-ын гишүүдэд 60 орчим ирсэн нь ингэж албаныхнаас мэдээлэл сонсоход хүргэжээ. Өргөдөл ирүүлсэн иргэ дийн төлөөлөл ч тус хуралдаанд оролцож,  саналаа хэлэв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өмнөх эрх баригчдын эхлүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 20 мянган айл амьдруулах орон сууцны сан бүрдүүлэхээр тусгасан. Үүнд 1.1 их наяд төгрөг шаардлагатай. Харин өдгөө дөнгөж 1512 айл нийслэл болон цөөн хэдэн аймагт тус хөтөлбөрийн хүрээнд орон сууцанд амьдарч байна. Эдгээрийн 265-ыг нь ахмад настнуудад хуваарилжээ. Уг хөтөлбөрийг иргэдтэй холбодог ТОСК-аас бариулж байгаа “Буянт-Ухаа-2” хорооллын хоёрдугаар ээлжийн буюу өдгөө 60 хувийн гүйцэтгэлтэй (972 айл) болон дөрвөн аймаг дахь 50 хувийн гүйцэтгэлтэй (600 айл) орон сууцнуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг зорьж буй аж. Үүнд 54.5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.

Үүнээс гадна “Түрээсийн орон сууц” хөтөлбөр огт хэрэгжээгүй 11 аймагт тус бүр 60 буюу нийт 660 айлын орон сууц барих ажлыг энэ онд эхлүүлэхийг зорьж буй бөгөөд 33 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Гэвч “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас нэг бус тогтоол баталсан ч санхүүжилтийг нь өнөөг хүртэл шийдээгүй явж ирсэн талаар ТОСК-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй тайлбарласан. Түүний хэлснээр нийт 82.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шилжүүлээгүйн улмаас ТОСК хүүгийн алдагдалд жилд 4.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлж буй юм байна. “Буянт-Ухаа-2” хорооллын хоёрдугаар ээлжийн болон дөр вөн аймагт гүйцээн барьж, энэ онд ашиглалтад оруулах барилгуудын санхүүжилтийг ч Хөгжлийн банкнаас зээл авч бүр дүүлэхээр Засгийн газрын түвшинд ярилцаж буй аж. ТОСК “Буянт-Ухаа-3”, “Эко яармаг” зэрэг хорооллыг ашиглалтад оруулбал нийт 25 мянган айлын орон сууцыг түрээсийн санд шилжүүлэх боломжтой талаар хэлэв.

Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхны хэлж буйгаар хэсэгчилсэн болон дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 89 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар буй ч санхүүжилтгүй гэнэ. Тэд Ханын материал (нийслэлийн засаг захиргааны төв байр барина гэж төлөвлөж байсан) орчимд 1006 айлын орон сууц барьж, түрээсээр өмчлүүлэх зорилгоор барих гэж буй аж. Сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч нь тодорсон тул ирэх тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, байрныхаа нийт үнийг 15 хүртэл жилийн турш сар бүр төлөх замаар өөрийн болгох гэнэ. 2020 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах тус орон сууц нь 40-70 ам метр талбайтай, ам метрийг нь 1.2 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцож буй юм байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хүн амьдрах боломжгүй гэдгийг нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон барилгуудыг буулгаж, дахин барихад 101 тэрбум төгрөг шаардлагатай талаар албаныхан хэлж байсан. Эдгээр барилгын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар бэлтгэж буй аж. Тус хуралдаанаас тэдгээр хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргах, ажлын хэсэг байгуулахаар гишүүд санал нэгдэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай