БИДНИЙ МОНГОЛЧУУД ХААНААС Ч НҮҮЖ ИРЭЭГҮЙ

Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №23

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар....

Хүннү, Сүннюгийн үеэс хөгшид, өвгөдийн минь нутаг... Дашдоржийн Нацагдорж

“Sergelen international expedition” Монгол Улсын нутаг дэвсгэрээс илрүүлэн олсон эртний хадны бичгүүд Хүннү нарын үүсгэн хожим он удаан жил хэрэглэсээр ирсэн эртний монгол хэлний анхдагч бичиг болох талаар өөрийн судалгааны зарим эх сурвалжийг цувралаар нийтэлсээр ирлээ. Би судлаач хүний хувьд энэхүү цуврал нийтлэлүүдэд үнэхээр анхааралтай хандсан. Аливаа зүйлд эргэлзэж, яагаад гэж асуух эрх нь хэн хүнд зайлшгүй байдаг. Тэр ч үүднээс би эдгээр нийтлэлүүдэд хандаж өдгөө саналаа хэлэх цаг нэгэнт болсон гэж үзсэн учраас дээр гарсан нийт 21 цуврал нийтлэлүүдийн үргэлжлэл болгон өөрийн саналаа нэмэрлэх үүднээс уг нийтлэлийг тэрлэж байна.

Хүннүгийн хадны бичиг бидний өвөг дээдсийн бичиг болох нь баталгаатай, хожмын бүх үеийн монголчуудын өвөг “малгай сольсон болохоос тол­гой солиогүй...” гэсэн С.Сэргэлэнтэй са­нал нийлж буй хүний хувьд Монгол нутаг дахь археологийн дурс­ галуудын байршил, зарим археологийн дурсгалд илэрч буй дүрс, хэлбэрийн болон зан үйлийн ёслолуудын талаар өгүүлэх болно. Хүннү бичиг яах ар­ гагүй мал аж ахуйт хү­ мүүсийн ахуй, оюун сэтгэлгээнээс үүсэлтэй учраас тэрхүү бичиг мал аж ахуйт бидний олон зан үйл, амьд­ ралын хэв маягийн тухай маш тодорхой олон баримтуудыг өгүүлсэн байна. Хамгийн түрүүнд одоо мал аж ахуйт соёлыг үүсгэн бүтээгч болох нь маш тодорхой байгаа “Буган хөшөөт хиргисүүрийн соёл” түүнийг үлдээгчид хаа нэгтэйгээс нүүж ирээгүй өнөөгийн Хангай нурууны бүс нутагт үүсэж, эндээсээ баруун тийш аажимдаа шилжин нүүдэллэсэн болохыг тайлбарлах ёстой. Өнөөгийн монголчуудын эрхэлж буй сонгодог мал аж ахуйг бий болгосон “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”-ыг бүтээгчид Хангай нурууны бүс нутаг дахь мал аж ахуйг тааваараа хөгжих тааламжтай нутагт байсан учраас эндээ хүчирхэгжин Төрт улс болон цэцэглэжээ. Өнөөгийн Монгол нутаг дахь буган чулуун хөшөө бүхий хиргисүүрийн дурсгалын нягтаршил байршил нь Хануй, Тамир, Дэлгэрмөрөн, Идэр, Орхон голуудын уужим сав нутагт оршин буй бөгөөд саяхан доктор Ж.Баярсайханы бичсэн “Монголын умард нутгийн буган хөшөөд” номд Хөвсгөл аймагт 193, Завхан аймагт 50, “Монголын археологийн өв” цувралын II боть “Монголын буган хөшөө” номд Архангай аймагт 51 хөшөө тус тус байгаа тухай дурджээ. Эдгээр буган чулуун хөшөөнүүдийн тооны тухай асуудал чухал бус харин зориулсан эзэд нь ямар хүмүүс байсан тэд нарын улс төр, эдийн засгийн гол төв нь хаа байсан бэ гэдэг асуудал чухал юм. Өнөөгийн Монгол Улсын Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг Хангайн нурууны бүс нутагт орших эдгээр аймагт зонхилон өндөр дээд язгууртнуудад зориулсан “буган чулуун хөшөө, түүний тайлга тахилгын байгууламжууд байна. 3500-3200 жилийн өмнө аль хэдийнэ Төрт улс, соёлын хэлбэрээ олчихсон байсан энэ “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”-ыг бүтээгчдийн үлдээсэн бас нэг дурсгал дугуй болон дөрвөлжин хүрээтэй, дөрвөн хөшөө чулуу бүхий булшны уг дөрвөн хөшөө чулуу хадны бичигт дурдсан “булан” гэдэг утгыг батлан харуулж байна. 

Тэрхүү дөрвөн хөшөө чулуу өнөөгийн зүг чиг заагчаар тодорхойлоод байдаг хойд, урд, баруун, зүүн зүгт байдаггүй харин ертөнцийг дөрвөн буланд хуваасан тэр чиглэлд таарч байгааг хадны бичигт маш тодорхой өгүүлж байна. Тэгэхээр бидний өвөг дээдсийн баттай бий болгосон оюун соёл, хэл хадны бичигт Хүннү нарын үед зүг чигийн тухай ойлголт нэгэнт тусгалаа олчихсон байжээ. “Толгой солиогүй, малгай сольсон” дараагийн баримт бол “Буган хөшөөт хиргисүүрийн соёл”-ыг бүтээгчдийн дараа хүчирхэгжин мандсан Хүннүгийн төрт улс юм. Бидний өнөөгийн ойг нь тэмдэглээд төрийн наадмаа хийгээд байгаа манай тооллын өмнөх 209 он бол зөвхөн Модун хаан Хүннүгийн төрт улсын хаан болсон он цаг болохоос, Хүннүгийн Төрт улс үүсэн мандсан он цаг биш, Модун хааны өмнө эцэг Түмэн хаан байсан Түмэн хаанаас өмнө дахиад лавтайяа дөрвөн их хааны нэр эртний Хятад түүхэн бичгийн сурвалжид гарч байна. Тэгэхээр бид Төрт улс үүсэн мандсан ойгоо бас л буруу тэмдэглэж байна гэсэн үг. Гэвч хэзээ нэгэн цагт энэ алдаагаа залруулан тэмдэглэх нь зайлшгүй. Гэхдээ би энэ тухай бичих гэсэн биш өнөөдрийн Хангай нуруун бүс нутагт Орхон-Тамир голын сав, бэлчирт Хануй, Хүнүй голын савд “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”-ыг үлдээгчдийн дурсгал маш олон, илүү их нягтаршилтай байдагтай нэгэн адил Хүннү нарын үлдээсэн хаад, язгууртны болон жирийн иргэдийн булшны тоо, хот суурингийн үлдэгдлийн тоо мөн илүү олон тоотой, их нягтаршилтай байна. Бүр тодруулбал, Тамирын голын сав нутагт хүннү иргэдийн булшны тоо өнөөдөр манай аль ч аймаг сумын нутагт байхгүй олон байна. Энэ тоон үзүүлэлтийг доктор Ц.Төрбат “Хүннүгийн жирийн иргэдийн булш” хэмээх 2004 онд хэвлүүлсэн номдоо тэмдэглэсэн, 2004 оноос хойш энэ тоо өнөөдрийг хүрэхдээ улам бүр нэмэгдээд байгаа. Тэгэхээр бидний Хүннү нар хаа нэгтэйгээс нүүж ирж, Монгол нутагт суурьшсан байх боломжгүйг харж байна. Хүннүгийн хаад язгууртны оршуулгын газар Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын сав нутагт Гол мод гэдэг газар, ӨндөрУлаан сумын нутаг Хануй голын сав нутагт Балгасын тал дахь Гол мод-2 зэрэг газруудад байна. Аливаа Төрт улсын улс төрийн төв нь хаа байна? тэнд л ихэс дээдсийн онгон, тайлга тахилгын газар тэнд л байна. Энэ нь археологийн баримтуудаар хөдөлшгүйгээр нотолгоо болон өдгөө хүртэл Монголын газар шороон дээр оршсоор л байна. Дараагийн асар том хүчирхэг Төрт улс Түрэг, Уйгурчуудын хаад язгууртны бунхант булш ч мөн ялгаагүй Орхон-Тамирын сав нутаг, бэлчирт олноороо байгаа төдийгүй Хүннү нараас эхэлсэн хадны бичгийн хамгийн том дурсгал болох Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө цайдамын Бильге хаан, Куль-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалууд, Тамирын голын савд Бугатын гэрэлт хөшөө, Могойн шинэ усны Гэрэлт хөшөө, Тэрхийн голын бичээс зэрэг олон цогцолбор дурсгал үүнийг гэрчилж байна. Өөрсдийн аж төрж байсан уугуул нутагтаа үлдээсэн ул мөр нь бидний Монголчуудын өвөг хаанаас ч нүүж ирээгүйг баталж байгаатай нэгэн адил өнөөгийн мал аж ахуйн оршин байсаар ирсэн хамгийн тааламжтай нутаг нөгөө л Орхон-Тамирын голын сав нутаг, Хануй, Хүнүй, Идэрийн голын сав нутаг, Хангайн нуруу тойрсон бүс нутаг хэвээрээ л байна. Хангайн нурууны бүс нутагт яагаад үе үеийн Төрт улсын улс төр, эдийн засгийн төв болоод байв? Хүний амьдрах орчин хаа сайн байна? Тэр газар үеийн үед хүмүүс хүчирхэг оршин байсны баталгаа нь өнөөгийн Монгол нутаг дахь малын тоо толгой олонтой аймаг, сумдыг нэрлэн тоочиход л энэ асуултын хариуг олох боломжтой. Хүн төрлөхтөн одоо “тогтвортой хөгжлийн” тухай их ярьж түүнийг хэрхэн яаж бий болгох вэ? хэмээн “толгой гашилган” дэлхийн улс орнууд хэлэлцсээр байна. 

Манай Монголчуудын бүхий л үеийн түүхэнд ган гачиг, зуд турхан болсон тухай түүхэн мэдээ байдаг боловч үүнээс үүдэн хүмүүс үй олноороо үхэж үрэгдсэн тухай түүхэн бичгийн эх сурвалж, өөрсөд нь ч байхгүй, хөрш өнө эртний Хятадын Төрт улсын түүхэн бичгийн эх сурвалжид ч алга. Тэгэхээр “тогтвортой хөгжил” гэдэг хэзээ ч эдийн засаг нь үл хямрах, хэзээ ч өлсгөлөн гуйланчлал үл болох тэр мал аж ахуйт нийгмийн ач буян, тэр л байгалиас үргэлж нөхөгдөн хангагдаж байдаг уул, ус, бэлчээрийн ургамлын үр шимийг хүртэгч мал маллан амьдарч ирсэн мал ахуйт хүмүүс байжээ. Харин “толгой биш, малгай солихдоо” энэ тогтвортой аж ахуйгаа хэзээ ч өөрчилж байсангүй. Энэ баримтыг бид одоо ч Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Баянхонгор аймгийн нутагт аж төрөн суугаа малчин ард түмнийхээ жишээгээр харж байна.

Археологич, профессор Хатагины Д.Эрдэнэбаатар

FB: Sergelen international expedition

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

Илгээх

Энэ тухай