Хүүхдүүд хүчирхийллийг зургаар илэрхийлж, хаалганы цаадах үнэнийг ил болгов

Хүүхдүүд хүчирхийллийг зургаар илэрхийлж, хаалганы цаадах үнэнийг ил болгов

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг "Гинжийг тасал" сэдэвт гар зургийн уралдаан ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдож өнөөдөр бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ гэх мэдээллийн дагуу  BlueMon-ыг зорилоо.

Бүтээлээ тайлбарлах хүүхдүүд дунд зурагт дүрслэгдэх хүнд дүр зургийг өөрийн  биеэр үзэж туулсан нэгэн ч байлаа.

Уг гар зургийн уралдаанд нийт 150 бүтээл ирж, хаалганы цаадах зарим  үнэнийг ил болгох шиг...

Тэмцээнд дөрвөн байр шалгаруулснаас тэргүүн байранд орсон Т.Цэлмэг бүтээлээ тайлбарлахдаа "Зурагт байгаа аав хэдий инээж байгаа эможитой цамц өмссөн ч үнэндээ эхнэр хүүхдээ ч үргэлж уйлуулдаг бас архи уудаг. Энэ гэр бүл инээж буй багны цаана амьдардаг"  гэв.

 Гутгаар байранд орсон Б.Батхуяг өөрийн зургаа тайлбарлахдаа бага зэрэг санаа зовж, сандарч байгаа нь мэдрэгдэх ч үнэнээ ний нуугүй ярьж буй бололтой.

"Үе тэнгийнхэн нэг нэгнээ нийлж дээрэлхдэг, гадуурхдаг, шоглодог. Өөрөө хэдий дээрэлхээгүй ч  хараад зүгээр л инээж суудаг.  Хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодод халдахын нэр биш байх. Сэтгэл санаагаараа дарамтлуулах түүнээс ч хүнд. Энэ мэдрэмж үнэхээр муухай. Намайг бага ангид байхад хүүхдүүд дээрэлхдэг байсан. Би өөр сургуульд шилжин орж, чөлөөт цагаараа зураг зуран, үеийнхэнтэйгээ нийлдэг болсон ч тэр үеийг ерөөсөө мартдаггүй" гэв. 

Тэмцээний 2-р байранд 1-р сургуулийн сурагч Б.Түвшинзаяа, 4-р байранд 59-р сургуулийн сурагч С.Мичидмаа тус тус шалгарсан. Байр эзлээгүй ч бодолд автуулж сэдэл өгмөөр, урд нь хүмүүс удаан зогсож хараад л баймаар бүтээлүүд энд цөөнгүй.  

Хүүхдүүд ямар амьдрал үзэж туулсан болоод ийм дүр зураг буулгаа вэ гэмээр гашуун түүх ардаа тээх бүтээлүүдийг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Хүүхдүүд бүтээлээ нулимсаараа зуурч бүтээсэн үү гэлтэй.  

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай