П.Орхон “Алтан гран при”-д гурван жил дараалан түрүүллээ

Олимпын хоёр, дэлхийн нэг удаагийн аварга, алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран при” тэмцээн гурван өдөр үргэлжлэн, өчигдөр өндөрлөв. Хорин ес дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл (сүүлчийн өдөр барилдсан бөхчүүдийн амжилт багтаагүй) медаль хүртэн, тааруу амжилт гаргав.

Энэ жилийн “Алтан гран при”-д манай олонх шилдэг тамирчид оролцоогүй, залуус зодоглосон. Хэдийгээр эхний өдөр л гэхэд таван хүрэл медаль хүртэн, гараагаа сайн эхэлсэн ч төгсгөл нь тааруу байлаа. Манай чөлөөтийнхөн хоёр жилийн өмнө хоёр алт, долоон хүрэл медаль хүртсэн. Харин энэ жил дээрх амжилтаа хараахан батлан, ахиулж чадсангүй. Уншигч та бүхэнд “Алтан гран при” тэмцээний зарим жингийн сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.

П.ОРХОН ОНЦГОЙРСООР

Дэлхийн аварга болсон жилээ буюу өнгөрсөн онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, ялагдал амсаагүй яваа Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин П.Орхон “Алтан гран при”-д босоо байлаа. Энэ оны анхны олон улсын тэмцээндээ оролцсон тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглосон. Эл жинд 15 бөх өрсөлдсөнөөс П.Орхон шигшээд Японы бөх К.Сакаег оноогоор цэвэр (10:0) ялж, түрүүлэв.

Гавьяат эхний тойргуудад нутаг нэгт Х.Болортуяа, БНХАУ-ын Кан Ян нарыг цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд өнгөрсөн жил аваргын төлөө барилдсан ОХУ-ын тамирчин И.Тражуковаг 10:8-аар өвдөг шороодуулан, алтан медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн юм. Тэрбээр “Алтан гран при”-гийн дэвжээнд сүүлийн гурван жил дараалан Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа нь энэ. П.Орхон ийнхүү И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Монголын 12 дахь бөх боллоо.

Э.ГАНТУЯА ДЭД АВАРГА БОЛОВ

Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гантуяа мөнгөн медаль хүртэв. Сүүлийн жилүүдэд барилдааны туршлага, амжилт нь ахиж яваа тэрбээр эхний тойргуудад эзэн орны бөх О.Хорошавцева, А.Андреева нарыг цэвэр ялж, аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Жан Кавитай барилдан 6:4-өөр дийлдэв. Манай бөх эхний үед дөрвөн оноо аван, тэргүүлж байсан ч барилдааны үндсэн цаг дуусахаас хэдхэн минутын өмнө зургаан оноо алдсан. Өнгөрсөн онд тус тэмцээний 58 кг-д хүрэл медаль хүртсэн тэрбээр энэ жил амжилтаа ахиуллаа.

Ц.ЦОГБАДРАХ АНХ УДАА ОРОЛЦООД МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Тэмцээний цар хүрээ, чансаагаар “Бага дэлхийн аварга” хэмээн үнэлэгддэг “Алтан гран при”-гээс медаль хүртэхийг чөлөөт бөхийн тамирчин бүхэн хүсдэг. Алдарт бөх К.Ичо, С.Ёшида тэргүүтэй олонх шилдэг онцлон оролцдог цөөхөн тэмцээний нэг нь “Алтан гран при” гээд бодохоор хэр нэр хүндтэйгийнх нь илрэл болов уу. Тэр хэрээр өрсөлдөөнтэй болдог тус тэмцээнээс зөвхөн шилдгүүд л медаль авдаг гэхэд хилсдэхгүй. Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Ц.Цогбадрах тус тэмцээнд анх удаа зодоглон, хүрэл медаль хүртэж, шуугиулав.

Тэрбээр эхний тойргуудад Кыргызстаны Х.Парпиевыг 12:1, Туркменистаны М.Атаевыг 10:0-ээр ялсан ч хагас шигшээд эзэн орны бөх, дэлхийн залуучуудын аварга А.Тускаевт 7:0-ээр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Б.Базилег 5:1-ээр ялжээ. Монгол бөхчүүд өндөр амжилт гаргадаг эл жинд хамгийн сүүлд буюу 2015 онд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Алтан гран при”-гээс хүрэл медаль хүртсэн юм.

Н.ЗОЛБОО ХҮНД ЖИНГИЙНХНИЙ НҮҮРИЙГ ТАХЛАВ

Монголын чөлөөт бөхийнхний амжилт, ур чадвар аль ч орны тамирчдаас дутахгүй. Ялангуяа манай бөхчүүд хөнгөн жинд өндөр амжилт гаргасаар ирсэн. Харин чөлөөт гэлтгүй бөхийн төрлийн спортын хүнд жинд хааяа нэг медаль хүртдэг гэмтэй. Үүнд жингийн өрсөлдөөн сул, бэлтгэл хангагч цөөхөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь мэдээж. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий 125 кг-д зодоглон, хүрэл медалийн оосроос атгаад алдсан, монголчууд хүнд жинд ч өндөр амжилт гаргах боломжтойг нотолсон Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Хүч” спорт хорооны бөх Н.Золбоо “Алтан гран при”-гээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэв.

Тэрбээр эхний даваануудад эзэн орны А.Хизриевт 4:2-оор ялагдсан. Орос эр шигшээд шалгарсан тул түүнд дагах боломж гарсан юм. Удаах тойрогт Н.Золбоо Казахстаны Р.Хатаевыг 5:0, Кубын Ю.Эстевезийг 4:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн гурван удаагийн аварга, АНУ-ын бөх Зак Рейг 3:2-оор өвдөг шороодуулжээ. Тэрбээр ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас “Алтан гран при”-гийн хүнд жинд хоёр медаль хүртсэн анхны бөх болов. Түүнээс өмнө эл тэмцээний 125 кг-д Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2002 онд мөнгө, ОУХМ Ж.Чулуунбат 2015 онд хүрэл медаль авч байв.

Мөн эрэгтэйчүүдийн 61 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, улсын гурван удаагийн аварга, “Аваргууд” академийн тамирчин Т.Түвшинтулга Узбекистаны И.Мусукаевыг 5:1, эмэгтэйчүүдийн 55 кг-д Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, улсынхаа дөрвөн удаагийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг ОХУ-ын А.Ниценког 8:0-ээр, 65 кг-д Азийн АШТ, оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн бөх, ОУХМ З.Болортунгалаг ОХУ-ын тамирчин А.Шербаковаг 17:8, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Цэвэгмид нутаг нэгт О.Оюунтуяаг 4:2-оор ялж, хүрэл медаль хүртэв.

ЗУРГААН БӨХ V БАЙРТ ШАЛГАРЛАА

Эрэгтэйчүүдийн 65 кг-д “Алдар” спорт хорооны бөх Ц.Цогтбаатар, улсын хошой аварга Б.Батмагнай, 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 53 кг-д Армийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, 57 кг-д өсвөр үе, залуучуудын Азийн болон дэлхийн аварга, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ, өсвөр үеийн Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт А.Батцэцэг, 65 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Оюунтуяа нар хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэн, V байрт шалгарав.

Сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97 болон эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын барилдаан ид үргэлжлэн, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 86 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 72 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө барилдаж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай