Япончуудыг гайхашруулсан монгол үйлдвэр

“Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат хар багын л үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй нэгэн байжээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, орон сууцны унтлагын, ариун цэврийн гэх мэт дотор өрөөний хаалга үйлдвэрлэх компаниа 2005 онд байгуулсан аж. Одоо “Мегавүүд” компани Монголын орон сууцны дотор хаалганы зах зээлийн 50 хувийг дангаар хангадаг гэхээр тэрбээр мөрөөдөлдөө хүрчээ.

Герман болон БНХАУ-ын шилдэг технологиор тоноглосон тус үйлдвэр өдөрт 100 орчим хаалга хийдэг. Жилдээ 18-19 мянган хаалга үйлдвэрлэдэг гэнэ. Ц.Ариунбат захирал “Улаанбаатарт жилд 10 мянга орчим орон сууцыг ашиглалтад оруулдаг. Нэг орон сууцанд дотор гурван хаалга хэрэгтэй гэхээр 30 мянга орчмыг суурилуулах шаардлагатай болно. Үүний тэн хагасыг манайх нийлүүлдэг” гэж зах зээлийнхээ баримжааг танилцуулсан юм.

Тэднийхтэй манайдаа л томоохонд тооцогддог барилгын компани бүгд хамтран ажилладаг гэнэ лээ.

“Мегавүүд” компани бэлэн бүтээгдэхүүн борлуулдаггүй аж. Өөрөөр хэлбэл, захиалгаар хаалга хийдэг гэнэ. Манай барилгынхан зураг төслөө яс баримталж, өрлөгөө хийдэггүй учраас хаалга бүрийг өөр хэмжээтэй үйлдвэрлэх шаардлага тулгардаг байна. Тэдний ажилтнууд барилга дээр очоод хаалга бүрийн хэмжээг авч, түүнийгээ кодлоод тусгай программд шивнэ. Мөн захиалагчийн хүсэлтийн дагуу хаалганы загварыг гаргана. Ингээд программаас өгсөн хэмжээ, загварын дагуу үйлдвэрлэдэг аж. Мэдээж хаалга хийх хавтангаа өөлж, тайрна, наана, захиалагчийн загварын дагуу урлана, хуулга наана, будна, лакдана.

Хаалгыг гялалзтал лакдах технологийг Монголд зөвхөн тэдний үйлдвэр ашиглаж байгаа гэсэн. Үүгээр зогсохгүй захиалагчийн хүссэн зургийг хаалган дээр хэвлэж өгөх боломжтой. Ийм технологийг Ц.Ариунбат захирал санаачилжээ. Хуурай будгийн кабин, тоос сорох шугам зэрэг үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг ч өөрөө зохион бүтээж суурилуулсан байв. Түүний бүтээсэн шинэ бүтээл, оновчтой санаачилгын шаардлага хангасан технологи үйлдвэрт нь олон тааралдаж байлаа. Циллойдыг хайлуулан, хэвэнд оруулаад хоёр талаас нь нааж, агаарыг нь соруулан, ваакум цонх болгож ашигласан байх жишээтэй.

Залуу техникчдийн ордны дугуйланг төгссөн Ц.Ариунбат тоног төхөөрөмж зохион бүтээх сонирхолтой гэнэ. “Би тэндээс л техникийн суурь мэдлэгтэй болсон” гэж тэрбээр ярилаа. Уг нь сонирхолдоо хөтлөгдөн физикч мэргэжилтэй болохоор зорьжээ. Гэвч зарим нэгэн саад тээгээс улбаалаад үйлдвэрлэлийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжил эзэмшсэн байна. Ц.Ариунбат оюутан ахуйдаа богино ханцуйтай цамцан дээр Монгол Улсын газрын зураг хэвлэжээ. Тэгээд түүнийгээ нэгэн аялал жуулчлалын компанид санал болгосон байна.

...Бизнес нь амжилттай яваа “Мегавүүд” компанийнхан үйл ажиллагаагаа өргөжүүлэн хавтан, фаниар үйлдвэрлэх төсөл эхлүүлжээ. Шинэ төсөлтэйгөө хамтатган хаалганы үйлдвэрийн барилгаа томруулан хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гэнэ. Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь нэгэнт тодорхой болсон учраас үйлдвэрийн барилгаа өргөтгөж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тэд Японы зах зээлд хөл тавих бэлтгэлээ хангаж байна гэсэн үг. Мөн маш сайн чанарын фаниар үйлдвэрлэвэл Япон руу экспортлох боломжтой аж...

Ингээд Монголын газрын зурагтай богино ханцуйтай цамц нийлүүлэх 30 мянган ам.долларын гэрээ байгуулж чадсан гэнэ лээ. Олсон мөнгөөрөө тэр бизнесийнхээ суурийг тавьжээ. Шинэ технологи олныг импортлон, дотоодын зах зээлд борлуулсан тэрбээр анхны тоног төхөөрөмжүүдээ түрээсийн байранд суурилуулан, хаалганы үйлдвэрээ нээсэн гэдэг. Ц.Ариунбат “Анх 80 хаалганы захиалгыг сар ноцолдож байж үйлдвэрлэсэн. Эхлээд өөрөө тоног төхөөрөмжөө ажиллуулж сураад, дараа нь ажилчдадаа заадаг байлаа” гэж ярив.

Өдгөө сард 3000 хаалга хийж чадах хүртэл мэргэшиж, туршлагажсан, бас тоног төхөөрөмжөө шинэчилсэн “Мегавүүд” компанийн хамт олон Монголоосоо халин, гадаадын зах зээлийг сонирхож эхэлжээ. Тэднийх ОХУ, цаашлаад Японд хаалга нийлүүлэх сонирхолтой аж. Өнгөрсөн жил тус компанийн хамт олон Японы Токио хотод уламжлал болгон зохион байгуулдаг, олон улсын “Tokuy big sigth” үзэсгэлэнд “уран бүтээл”-ээ сойсон байна. Арьс, модны тайрдас ашиглан, орчин үеийн загварын хэв шинжийг шингээсэн зургаан модон хаалга үзэсгэлэнд дэлгэжээ.

Тус компанийн Гадаад харилцаа, хангамж хариуцсан менежер Ж.Баяраа “Япончууд манай бүтээгдэхүүнийг хараад, өндөр үнэлсэн. “Монголчуудыг сүмо бөх л барилдаж чаддаг хүмүүс гэж ойлгож байсан. Ийм сайн хаалга үйлдвэрлэж чаддаг юм уу” гэж асуух хүн ч таарч байлаа. Үнийг нь хэлэхээр хямдхан санагддаг бололтой бүр гайхсан. Тэдний цэвэр модоор хийсэн хаалга асар үнэтэй байдаг юм билээ. Энийг нь, тэрийг худалдаж авъя гэсэн санал олон хүн тавьсан. Бид зургаан хаалгаа нэг хүнд зарсан” гэж ярилаа.

Тус үзэсгэлэнд оролцож байх үеэр нь Японы Мод, модон бүтээгдэхүүний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Ариунбат захиралтай танилцаад зөвхөн дотоодынхоо урчуудад зориулан зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцохыг урьжээ. “Мегавүүд”-ийнхэн тус үзэсгэлэнд таван хаалгатай оролцсон байна. Ингээд гран при шагнал хүртсэн гэнэ.

Ж.Баяраа “53 жил дараалан зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд өмнө нь гадаадын ганц ч компани оролцож байгаагүй юм билээ. Манайх анхны компани болж урилгаар оролцсон нь бахархалтай санагдсан. Маш нарийн ур шаардсан хаалга үйлдвэрлэдэг урчууд оролцдог үзэсгэлэн байна лээ. Өндөр стандарт шаарддаг Япон улсын үзэсгэлэнд оролцоод гран при шагнал хүртчихсэн учраас манай хаалга хаана ч гологдохгүй гэсэн итгэл төрсөн” гэв. Японы хоёр ч үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон тэд борлуулалтын компаниудтай холбоо тогтоожээ. Хамтран хаалганы дэлгүүр нээх санал ч тэдэнд тавьсан гэнэ.

Бизнес нь амжилттай яваа “Мегавүүд” компанийнхан үйл ажиллагаагаа өргөжүүлэн хавтан, фаниар үйлдвэрлэх төсөл эхлүүлжээ. Шинэ төсөлтэйгөө хамтатган хаалганы үйлдвэрийн барилгаа томруулан хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гэнэ. Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь нэгэнт тодорхой болсон учраас үйлдвэрийн барилгаа өргөтгөж байгаагаа дуулгалаа.

Өөрөөр хэлбэл, тэд Японы зах зээлд хөл тавих бэлтгэлээ хангаж байна гэсэн үг. Мөн маш сайн чанарын фаниар үйлдвэрлэвэл Япон руу экспортлох боломжтой аж. Гэхдээ тэдний шинэ төслийн гол зорилго хаалга, тавилгын үйлдвэрлэл, барилгын дотоод засал чимэглэлд өргөн хэрэглэдэг MDF төрлийн хавтан үйлдвэрлэх аж. Энэ төрлийн хавтанг монголчууд “цаасан хавтан” гэж энгийнээр нэрлэдэг. Угтаа энэ бол модыг гурил шиг нарийн ширхэгтэй болгоод, цавуутай багсрах технологиор үйлдвэрлэдэг хавтан юм.

Улаанбаатарын зүүн талд, олны нэрлэдгээр Хонхорт байрлах үйлдвэрийнхээ хашаанд тэд бөмбөгөр дээвэртэй долоон барилга босгожээ. Хараахан дуусгаж амжаагүй энэ барилгын хоёрыг нь хаалганы, тавыг нь хавтангийн үйлдвэртээ зориулан барьж буй аж. Монгол Улс өмнөд хөршөөс жилд 80 мянган шоо метр хавтан материал экспортолдог байна. Тэднийх жилд 30 мянган шоо метр MDF хавтан үйлдвэрлэхэд дотоодынхоо энэ төрлийн материалын хэрэгцээгээ бараг бүрэн хангах гэнэ. Урьдчилсан тооцоогоор тэдний хавтан Хятадад үйлдвэрлэснээс хямд байх тооцоо гарчээ. Ингэвэл өмнөд хөршийн бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх нь дамжиггүй.

Үйлдвэрээ ашиглалтад оруулсны дараа 24 цагаар ажиллавал бүтээмж өндөртэй байх аж. Одоогоор ажилчдаа гурван ээлжээр ажиллуулахаар төлөвлөөд буй гэнэ. Ингэвэл ажлын байр нэмэгдэх нь тодорхой. Хавтангийн үйлдвэр 150 ажлын байр бий болгох тооцоо гарчээ. Үйлдвэрийн үндсэн түүхий эд нь мод. Модоо дотоодоос нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Модыг гурил шиг нарийн ширхэгтэй болгож нунтаглан, цавуутай холин хавтан үйлдвэрлэдгийг дээр дурдсан.

Тиймээс ямар ч төрлийн мод тус үйлдвэрийн түүхий эд болох нь. Шатсан, хорхойд идүүлсэн, байгалийн жамаараа унасан, нэн яаралтай цэвэрлэх 50 сая шоо метр модны нөөц Монголд байгааг судалгаагаар тогтоожээ. Үйлдвэрт жилд 50 мянган шоо метр мод хэрэглэнэ гэж бодоход асар олон жил ашиглах түүхий эдийн нөөц байгаа гэж “Мегавүүд” компанийнхан үзэж байна. Дашрамд дурдахад, тус компанийнхан мөн л захиалгаар тавилга, барилгын дотоод засал чимэглэл хийдэг юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

Илгээх

Энэ тухай