Дотоодын асуудлыг олон улсад гаргахын учир

“Монголын зэс корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Reuters” агентлагийн Лондон дахь салбарын сэтгүүлчид мэдээлэл өгчээ. Тэрбээр өөрсдийн төлөөлөгч болох “Omnia strategy” хуулийн компанитай уулзахаар тус хотыг зорьсон юм байна.

М.Мөнхбаатар “Монголын төр Үндсэн хуулиа зөрчсөн”, “ОУВС-гийн нөхцөлийг биелүүлэхэд нь хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл өгч байна. Иймэрхүү явдал дахин давтагдах аваас Монголд хэн ч ирэхгүй” гэх зэргээр ярьсныг олон улсад нэртэй дээрх агентлагийн цахим хуудсанд нэгдүгээр сарын 10-нд бичжээ.

“Өөрсдийн эзэмшлийн эрхийг дотооддоо болон олон улсад хамгаална” гэж тэрбээр нэмж ярьсан байна. “Монголын зэс корпорац” ХХК, ОХУ-тай хийсэн гэрээн дээр бус, 100 хувь Монгол эзэмшилтэй компани, Монголын Засгийн газар хоёрын дунд гарч буй маргаан дээр яагаад гадаад руу хандаж байгаа нь сонин. Уг нь өөрийн гэсэн төртэй тусгаар улсын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохыг олон улсын туршлагад өөгшүүлдэггүй юм сан.

Монгол Улсын Дээд шүүх өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мэдэлд өөрчилсөн нөхцөлтэйгөөр авах шийдвэрийг энэ сарын 4-нд гаргасан. Шинэ Засгийн газрын гаргасан шинэчилсэн нөхцөлтэй шийдвэрт Монгол Улсын аль ч шүүх дүгнэлт гаргаагүй байгаа бөгөөд “Монголын зэс корпорац” дотоодын шүүхэд хандсан, эсэх нь ч тодорхойгүй. Мөн уг мэдээнд “Монголын зэс корпорац” ХХК 2016 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвшөөрөлтэйгөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оросуудаас худалдаж авсан гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (96)

Илгээх

Энэ тухай