Ш.Тансаг: Эрхий мэргэнийг монгол Супермэн, Бэтмэн болгох зорилготой

Ш.Тансаг: Эрхий мэргэнийг монгол Супермэн, Бэтмэн болгох зорилготой

Дэлгэцийн уран бүтээлийн урд биш, ард ажилладаг нэгэн эрхмийг “Далд хүмүүс” ил гаргах гэж байна. Авьяас билиг, сэтгэл зүрхээ кино урлагт зориулж, түүнээсээ урам, эрч хүч авч яваа энэ хүнийг Ш.Тансаг гэдэг. Киноны уран бүтээлчид түүнийг мундаг графикч гэдгээр нь андахгүй. Тэрбээр “Нэг биеийн хоёр зүрх”, “Дүүлэн нис”, “Содура” киногоороо “Академи авардс” кино наадмын шилдэг графикчаар гурван удаа шалгарч байсан юм.

-Та найруулагч мэргэжилтэй юм билээ. Хэзээнээс компьютер график, тусгай эффект сонирхож эхлэв?

-Би КУДС-ийг 2006 онд Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлагад төгссөн. Оюутан байхдаа компьютер сонирхож, хоёрдугаар дамжаанд сурч байх үеэсээ фотошоп болон дүрс бичлэгийн эвлүүлгийн програмуудыг бие даан сурсан юм. Дунд сургуульд байхдаа зурах их дуртай, зураач болно гэж боддог байлаа. Тэр сонирхол ч нөлөөлсөн байж мэднэ. Намайг сурч байх үед КУДС дэргэдээ видео студитэй болсон. Тэр студид хичээлийнхээ хажуугаар очиж ажилд нь туслан, тэндээс суралцдаг байв.

-Ажлын гараагаа “Монгол кино” үйлдвэрээс эхэлсэн гэсэн үү?

-Нэг жил л ажилласан. Дараа нь С1 телевизэд жил орчим ажиллаад, 2008 онд “Тансаг фильм” студиэ байгуулсан юм.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн киноны график хийв?

-Монголын 30 гаруй уран сайхны киноны график, дүрсний эффектийг гүйцэтгэсэн.

-Уран бүтээлийн гараагаа “Үхэж үл болно, Чингис хаан” киногоор эхэлсэн. Ямар тохиолоор эл кинонд ажилласан бэ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ахын найруулсан эл кинонд санамсаргүй тохиолдлоор ажилласан. Уг нь өөр хүн графикийг нь гүйцэтгэхээр тохирсон юм билээ. Гэтэл нөгөө хүн нь боломжгүй болж, би ажилласан. Их ч зүйл сурсан. Анхны киноноосоо урам авч, цаашид энэ чиглэлээр ажиллахаар зориглосон юм.

-Дараахан нь “Цахирмаа” киног бие даан бүтээсэн байх аа?

-Туршлагагүй ч гэлээ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд л хийчихсэн. Бүх зургаа өөрөө авч, найруулан, эвлүүлэг, графикаа ч хийсэн. Сайн уран бүтээл болоогүй л дээ. Гэхдээ тэр киног хийснээр нэг шат ахих, шинэ зүйлд суралцах, дараа дараагийн уран бүтээлд алдаагаа засах боломж надад олгосон. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Зүгээр яриад суух биш, хөдөлмөрлөөд, тэндээс алдаа, оноогоо дэнслээд урагш ахих нь хамгийн зөв зам гэж би боддог.

Олон хүнд шүүмжлүүлж, магтуулсан. Одоо “Цахирмаа”-г үзэхээр “Би ямар зоригтой байж вэ” гэж боддог юм. Гэхдээ харамсдаггүй. Дараа нь 2012 онд мөн л зориглоод “Нэг биеийн хоёр зүрх” кино найруулж, бас л зураг авах, графикийн ажлыг нь хийсэн.

“Академи авардс” кино наадмын шилдэг графикийн шагналыг эл киногоороо хүртсэн. Тэр үед уянгын төрлийн кино дахиж хийхгүй гэж шийдээд, өнөөдрийг хүртэл хэлсэндээ яваа.

-Яагаад?

-Хэцүү юм билээ. Би адал явдалт, зөгнөлт төрлийн кинонд сонирхолтой. Эдгээр төрлөөр уран бүтээл хийхийг мөрөөддөг. Түүхэн кино хийхэд тухайн түүхээсээ гажиж болохгүй, баригдана. Гэтэл үлгэрийн, зөгнөлт кинонд уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө амьдруулах боломжтой.

-Гэхдээ манай уран бүтээлчид таны дээр дурдсан төрлийн киног бараг л бүтээдэггүй шүү дээ.

-Тийм болохоор л бие даасан дараагийн уран бүтээлээ энэ төрлөөр хийж эхлээд буй юм. “Эрхий мэргэн” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн үлгэрийн, зөгнөлт кино бүтээж байна.

-“Эрхий мэргэн” үлгэрээс сэдэвлэн кино бүтээх гэж буй тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Яагаад заавал энэ үлгэрийг сонгосон юм бэ. “Царцаа Намжил”, “Болдоггүй бор өвгөн” гээд манайх ардын аман зохиолын баялаг сан, сонирхолтой олон дүртэй шүү дээ.

-Найруулагч Петер Жексоны алдарт “Бөгжний эзэн”, “Хоббит” киног үзсэнээсээ хойш үлгэрийн кино хийх сэн гэж мөрөөддөг байлаа. Ингээд жилийн өмнөөс “Эрхий мэргэн”-ээр энэ төрлийн кино хийхээр шийдэж, бэлтгэлээ базаасан. Киноны продюсероор Т.Номуунзул ажиллаж, би найруулна. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Алтан өргөө”, “Бушхүүгийн үлгэр”-ээс өөр энэ төрлийн кино манайд хийгдээгүй.

Өнөөдрийг хүртэл туршлага, техник технологийн хөгжлөөс шалтгаалаад уран бүтээлчид барьж авдаггүй байлаа. Харин бид оролдоод үзэхээр шийдсэн. Хүн бүрийн мэддэг гэдгээс гадна Эрхий мэргэн бол миний хамгийн дуртай дүр. “Эрхий мэргэн” киног үзэгчдэд хүргэхээс гадна франчайзинг хийх юм. Хүүхдүүд Супермэн, Бэтмэн гээд л гаднын баатруудыг шүтдэг, тэднээр тоглодог шүү дээ. Бид монгол баатрыг тэдэнтэй ойртуулах зорилго тавьсан.

“Эрхий мэргэн”-ий хүүхэлдэй, тоглоом, хувцас ч гаргаж болно. Энэ төрлийн кино хийхэд зураачийн баг маш чухал үүрэгтэй. Тиймээс олон уран бүтээлд гар нийлэн ажилласан “Movie art” урлангийн залуустай хамтарч байгаа. Киноны зургийг ирэх зургадугаар сараас авч, 2019 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн.

-Янз бүрийн дүрс эвлүүлж, тэсэрч дэлбэрч буйг үзүүлэн, тэр бүү хэл хэдхэн цэргийг олон мянга болгон харагдуулж, огт байхгүй хот тосгоныг бий мэтээр харуулдаг гэхээр та нарын ажил амаргүй. Ажилдаа шантарч байсан удаа танд бий юү?

-Шантарсан удаа байхгүй ээ. Анх сурч эхлэхэд л маш сонирхолтой санагдсан. Тэгээд улам шунаад, дурлачихсан.

-Гадаадын олон кино үзэж, туршлага судалж, шинээр нэвтэрч буй технологийн хөгжлийг цаг алдалгүй сурахыг эрмэлздэг байх.

-Холливудын шинээр гарч буй кино бүрийг үзэж, тэд ямар арга хэрэглэсэн, ямар технологи нэвтрүүлж вэ гэдгийг нь хардаг. Сайн хийж сурахын тулд эхлээд маш сайн дуурай. Түүн дээрээ үндэслэн өөрийнхөөрөө сэтгэж, сайжруулах ёстой юм. Кино үзэхээрээ үйл явдалд нь хөтлөгдөж, “дотор нь орж” үзэхээ больчихсон.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү багш “Киног үзэх биш, уншиж сур” гэж сургадаг байлаа. Одоо бол киноны хийцийг ажиглаж, суралцахыг хичээж үздэг. Жеймс Камеруны “Аватар” киног үзээд шүүрс алдаж билээ. Дэлхийн кино урлагийн технологийн шинэ дэвшлийг гайхуулсан бүтээл.

-Холливудад ашиглаж буй шинэ техник технологи бүрийг цаг алдалгүй Монголдоо ашиглах боломж хэр вэ?

-Өртөг өндөртэй шүү дээ. Түүхэн болоод үлгэрийн кино илүү өртөгтэй бүтдэг. Технологийн хувьд бусад төрлөөс олон техник хэрэгсэл ашиглана. Тэр бүгдийг Монголд оруулж ирэхэд хэцүү. Авч ирлээ гэхэд дахин ашиглах, бусад уран бүтээлчид түрээслүүлэн хэрэглүүлэх боломж хомс.

-Өнөөдрийг хүртэл ажилласан 30 шахам киноноос хамгийн мартагддаггүй, сонирхолтой нь аль вэ. Танд ямар бэрхшээл ихэвчлэн тулгардаг бол?

-Найруулагчаар сурч, уран бүтээлийн мэдлэгтэй болсон минь бусдад өндөр шаардлага тавьж, нягт ажиллахад дөхөм болж ирсэн. Хамгийн том бэрхшээл бол баг, хамт олон муутай байх. Санаа нийлж, гар нийлэн ажилладаг хамт олонтой байвал ямар ч уран бүтээлийн ард гарч чадна.

Студиэ анх байгуулахдаа бор зүрхээрээ, ганцаараа л байлаа. Гэтэл кино бол багийн урлаг. Одоо хамт ажилладаг багтаа сэтгэл хангалуун явдаг. Энэ мэтчилэн алхам тутамдаа урагш ахиж, шинэ зүйл сурахаар тэмүүлж сууна.

-Хамгийн сүүлд ямар кинонд ажиллав. Хэзээнээс үзэгчдэд хүргэх вэ?

-Найруулагч И.Одончимэгийн “Солиот эх” кинонд ажилласан. Удахгүй найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал”, “Х ТҮЦ” продакшны “Алтан өндөг”, UBS телевизийн “Говийн домог” киног үзэгчдэд хүргэнэ.

-Найруулагч бүрт кино хийх болгондоо тоглуулдаг гарын жүжигчин гэж байдаг даа. Үүн шиг танд ч бас хамтран ажиллаж дадсан найруулагч байдаг байх. Та хэнтэй илүү ойлголцдог вэ?

-Найруулагч Ж.Сэнгэдоржтой их сайн ойлголцдог. Олон ч уран бүтээлд хамтран ажилласан.

-График хийх үед найруулагчтай санал зөрөлдөх тохиолдол гардаг уу?

-Тийм үе гарна шүү. Зарим найруулагч графикийн талаар ойлголтгүй шүү дээ. Дээр нь олонх найруулагч цагийг нь тулгаж, их давчуу хугацаанд гүйцэтгэхийг шаарддаг. Эсвэл өөр графикчийн хийснийг засуулах, үргэлжлүүлэх санал тавьдаг. Тийм тохиолдолд их хэцүү. Бухимдахгүй байх аргагүй.

-Манайд ер нь киноны графикчдын хөдөлмөрийг хэр үнэлдэг вэ?

-Хангалттай сайн биш. Гэхдээ би ашиг олохын төлөө кино урлагт ажиллаагүй. Дуртай болохоороо л хийдэг.

-Хийхэд хүндрэлтэй график, эффект байдаг уу?

-Цэрэг олшруулах, хот тосгон бүтээх, дайн тулааны хэсгийг үнэмшилтэй харуулах гэхчилэн графикийг ихэвчлэн хийдэг. Ярвигтай зүйл байлгүй яах вэ.

-Яваандаа найруулагч мэргэжлээрээ дагнан ажиллах бодол бий юү?

-Би одоо хийж байгаа ажилдаа дуртай. Гэхдээ нэлээд туршлагажиж, овоо хэдэн уран бүтээлийн ард гарсан хойно бодол яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй юм. Эхний ээлжинд “Эрхий мэргэн” киногоороо “Ш.Тансаг ийм график хийдэг. Ингэж найруулдаг болсон” гэдгээ л харуулахыг хүсэж байна.

-Үүнийг л кино болгочих юм сан гэж боддог зохиол байдаг уу?

-Байгаа. Хоёр, гурван зохиол бий. Монгол зан заншлыг харуулсан, түүхэн, тулаант үзэгдэлтэй кино бүтээх сэн гэж хүсдэг. Мөн нийгэмд тулгамдаж буй эмзэг сэдвүүдийг хөндөж уран бүтээл хиймээр санагддаг. Өнөөдөр энэ хэвээр, хайхрамжгүй амьдарвал ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ гэдгийг зөгнөлт маягаар үзүүлбэл сонин шүү дээ.

-Та нэг жилд хэдэн кинонд ажиллаж амждаг вэ?

-Багаар бодоход тав, зургаан кинонд ажилладаг. Зураг авах, график хийх хугацаа харилцан адилгүй. Өдрийн ихэнх цагийг студидээ компьютерын ард өнгөрүүлдэг. Нэг зүйл эхэлж, тэр нь гоё, сонирхолтой болчихвол түүндээ урамшаад л илүү сайхан болгож, цааш нь үргэлжлүүлэх гээд нухаад суучихдаг муу зантай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай