Монголчуудын гарал үүсэл

Монголчуудын гарал үүсэл

“Манай Монгол улс маш эртний улс аа…

Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор”. Д.Нацагдарж.

“Их зохиолчийнхоо зөн билгийг биширмүй”. С.Сэргэлэн.

Өөрийн гарал үүслээ харийнхнаар бичүүлсэн үндэстэн Ази тивд Монголоос өөр үгүй болов уу. Хан, Орос, Солонгос, Япон, Энэтхэг гэх мэт үндэстэн харийн хэн нэгнээр түүхээ бичүүлэх үү? Хариулт: Хэзээ ч үгүй. Өөрийн нутаг дээр буй түүхэн бичээсүүдийг харийхнаар тайлуулж тайлбарлуулсан үндэстэн Монголоос өөр үгүй болов уу. Хан, орос, солонгос, япон, энэтхэг судлаачид өөрийн нутаг дээр буй түүхэн бичээсүүдийг харийхнаар судлуулан тайлбарлуулахыг үндэстнийхээ оюуны тураал гэж үзэн үл тэвчих юм. Монголын Шинжлэх ухааны академи үүнийг оюуны тураал гэж үзэхийн оронд дэлхийн мэдлэг Монголд гэж харах юм. Харийн сургамжийг баримталдаг, эрдмийн цол, зэргийг харьд хамгаалахыг дэлхийн мэдлэг Монголд гэж үздэг Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн харийн санхүүжилт, судалгаагаар саваа дүүргэсээр үндэсний ул судалгаа хийх хүн, хүчин, зүрх сэтгэл үгүй болов. Аливаа үндэстний хэл, түүхийн ул судалгаа нь тухайн үндэстнийг үндэстэн байлгадаг гол “soft” буюу түүхэн ой санамжийг бүрэлдүүлдэг, өвөг дээдсийн сургаалийг баримтжуулан системчилсэнээр харийн онолоор ирж буй далд санаархлаас оюунаа дархлаажуулдаг, үр хойчист газар, усных нь эзэмшлийг маргашгүй болгодог агаар, ус шиг чухал юм. Монголын ШУА уг ажлыг эс хийснээр монголчуудыг код нь гээгдсэн гашилж буй хэлтэй, наймхан зуун жилийн түүхтэй, сэрээгүй ганц түүхэн номтой болгов. Монголын ШУА Түрэг, Уйгар өвгөдийн маань түүхийг харийнханд бэлэглэв. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академч Л.Болд хадаган дээр өөрийн мэдэхгүй хэлээр бичсэн хоёр номоо тавин Туул голд буй Тонюкукын бичиг, Орхон голд буй Билгэ хааны бичээс Монголынх биш гэдгийг миний хоёр ном, миний албан тушаал, миний академч цол үүнийг баталж байна гэсэн мянганы тодорхойлолтыг харийханд барив. Л.Болд үр хойчсийн маань толгойг цустах ажил хийв. Мануусын татварын мөнгөөр санхүүждэг Академийнхан судлаачид биш түүх арилжаалдаг, харийн төслийг гүйцэтгэдэг хүмүүс болов.   

Монголчуудын гарал үүслийг буруу тогтоосон нь эх сурвалжийн хомсдолд бус мал ахуйтны мөн чанарын эс билирсэнд оршино. Зарим хүн монголчуудыг эсгий туургатан гэж тодорхойлно. Эсгий туурганд ойн зүгийн модон байшинд оршдог манай буриад, барга ах дүү нар үл орох тул уг тодорхойлолт манууст таарахгүй. Харийнх нь мануусыг nomad будюу нүүдэлчид гэнэ. Өтүгэнийг тойрсон хамгийн шигүү хүн ам, малтай Архангай, Өвөрхангайд өвөлжөө, зуншлагын хооронд 2-4 км буюу тэд буурь сэлгэдэг болохоос нүүдэггүй байхад бусад нутгаар 150-240 км байна. Завхан аймгийн малчид үүнээс хол газар отор хийж буй. Ойн зүгийн монголчууд модон байшиндаа суурин. Нүүдэлчид гэдэг тодорхойлолт манууст үл таарна. Мануус мал ахуйтан болно. Тариаланчдын түүх тариалан ахуйгаас гаралтай. Тариалан ахуйн мөн чанараар тариаланч угшилын судлаачид мануусын түүхийг бичсэнээр монголчууд болон дэлхий нийт том төөрөгдөлд хүрэв. XII зуунаас өмнөх манай түүхийг Дундад улсын эх сурвалжуудаар судалдаг байв.  Хүннү-монгол хэлээр бичсэн хадны бичээс буюу өвөг дээдсийн үлдээсэн эх сурвалж манай түүхийг илүү дэлгэр, дотроос нь өгүүлсэнээр түүхийн хуучин баримтлалууд буруу болох нь нотлогдож буй. Хадны бичээсийн хэл амьд хэл буюу өнөөгийн мануусын хэл гэдгийг олон давтсан билээ. Монголчуудын түүх угаасаа буруу гэдгийг ахин сануулмаар байна. Энэ нийтлэлээр VI-XIII зуун хүртэл түүхийг илүү дэлгэр энгүй хүргэх болно. Мал ахуйтны төв нутгийг  их айл (эзэмшил) нутаг гэж Билгэ хаан болон Тэсийн уйгур бичээсэнд тэмдэглэгдэв. Их айл нутаг нь өнөөгийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөлийн урд хэсэг, Булган, Төв аймгийн газар ус болно. Их айл нутаг хүн ам, мал хамгийн ихтэй учир “их айл нутаг” гэсэн болов уу. Их айл нутагт дахин хуваарилалт хамгийн олон явагддаг тул овог гэж үгүй. Төв нь Орхоны сав, гол уул нь Өтүгэн ойс буюу өнөөгийн Хархорины баруун уулс болно. XI-XIII зуун хүртэл хэрэйд гэж нэрлэгдэж байсан биетэн өнөөгийн монголчуудын ул өвөг дээдэс болно. Хэрэйдүүд хүн ам, малаар Наймануудаас хамаагүй олон, монголчуудаас оронгоор их болно. Хэрэйдүүд буюу “их айл нутгийнхан” дотоодын зөрчлөөс  болж хуваагдмал байсан тул зах нутгийн овгууд бие даан хаантай болсон. Зах нутгийнхан хуваагдмал Хэрэйдийг нэгтгэх сонирхолгүй тул хүч муудсан нэгэнд нь байнга тусалж байв (Есүхэй баатар, Найманы хааны тус гэх мэт). Нэгдэж том болох сонирхолтой хүч үеийн үед их айл нутгийнхан өөрсдөө байсан. Их айлын нутгийнхан мал ихтэй хүн дутуу, нэгдэж томрохоор тэд дандаа хождог. Хэрэв Хэрэйд нэгдсэн бол Найман, монголчууд мөн хэрэйдэд хураагдсан байх байсан. Найманууд ХII-XIII зууны манай баруун өвөг дээдэс болно. Газар ус нь Алтай болно. Баруун өвөг дээдсийн нутаг мал ихгүй, бэлчээр тарчиг, өвөлжөө зуншлага хоёрын хооронд 70-150 км. Хүн ам таруу суурьшилтай. Том хот балык байх үндэсгүй нь газар усны учир болно (найман голын савыг эс оруулав). Их айлын нутаг задран хуваагдахад анги болж, өөрийн удирдлагатай болно. Их айлын нутаг нэгдэхээр баруун нутаг хураагддаг (энэ явдал 1916 онд давтагдсан). Энэ үедээ их айлын нутаг руу ажиллах хүчин илгээдэг. Наймааны Таян хаан Хэрэйдийн Ван хаан хоёр узай ор нэг хүмүүс бөгөөд Таян хааны хаан удам тасарч, их айлын нутаг задрахаар сэргээсэн нь Ван хааны хаадын удам тасраагүй болно. Үүнийг  МНТ-189: Найманы Таян хааны эх Күрбэсү өгүүлрүүн: “Ван хаан эртэни отоку их хан бүлэ’э”. Диван Лугатаар  “от-гал” гэсэн утга болно. От-Оч (Т,Ч зармин) нэг үг болно. Монголчууд гал сахих хүүгээ отгон хүү гэх бөгөөд хамгийн багийгаа отголсон гэнэ. Күрбэсү эх Ван хааныг “эртний отог” гэдэг нь эртний их хаадаас отгон нь гэжээ. МНТ хажуугийн орчуулга хийсэн хүмүүс хан хэл сайтай монгол хэл маруухан байсан тул “хөгшин” “настай” гэж синтаксийн алдаа гаргав. Алтай нутагт дахин хуваарилалт удаан явагддаг тул овгууд харьцангүй тогтвортой. Хамаг монголчууд буюу Их Монгол Улсын өмнөх монголчууд мануусын зүүн өвөг дээдэс болно. Газар ус нь өнөөгийн Хэнтий болно. Тэдний мал их биш. Хойд хэсгээрээ тайгатай учир мал цөөн, урд хэсгээрээ хээр тал бөгөөд усгүй, дунд хэсэг нь гол устай малд таатай нутаг боловч ус нь хур тундасынх учир ган гачиг элбэгтэй болно (Хангай-усны хагалбар). Хүн ам цөөн. их айлын нутаг задрахад анги болж өөрийн удирдлагатай болно. Их айлын нутаг нэгдэхээр зүүн нутаг хураагдана. Тоо тооллогоны дараа Их айлын нутаг руу хүн хүч илгээж байсан. Буйр хээрд Тогтога бэхийн өргөөг дайлсаны дараа Тэмүүжин Тоорил хаан, Жамуха хоёрт “Эх Өтүгэндээ хүргэмуй” гэж өгүүлсэн нь бүгдийг нэгтгэе гэсэн утга бөгөөд энэ үг хэрэйдүүдэд ихээр таалагдсан байх ёстой. Татарын Мэкүжин тэргүүтнийг Алтан хааны тушаалаар Чингис Хаан Тоорил хаантай хамт сааруулсанаар (оргүй болгосноор) Алтан хаанаас цол авсанаас гадна хэрэйдүүдэд ямар удирдагч болохоо харуулав. Хэрэйдүүдтэй хамтран Ван хааныг мөхөөснөөр Чингис хаан Их Монгол Улсыг байгуулав. Их Монгол Улсын хүн амын бүтцэд хэрэйдүүд 95 орчим хувь, монголчууд 5 орчим хувь болно. Чингис хаантай нийлсэн хэрэйдүүд “монгол” гэсэн нэрийг дуртай хүлээж авсан нь хүн ам, газар нутгийн дахин хувиарлалтыг  тэд таалав. Их Монгол Улсын гол цөм нь генийн хувьд их айл нутгийн хэрэйдүүд хэвээрээ, хэрэйд малгайг монгол малгайгаар сольж дахин хуваарилалт явагдав. Малгай сольдог дахин хуваарилалтыг өдгөө улс төрийн намууд хэрэгжүүлсээр байна. Сонгууль болгоны дараа Хөдөө аж ахуйн яам-Хөдөө аж ахуй төмсний яамнаас Хөдөө аж ахуй талхны яам болсоор дахин хуваарилалтад ордог. Уйгур: Уйгурын орон зайг Уйгур ил, Уйгур автоном буюу улс Кидани доор байсан үе гэж хуваана. Уйгур улсын тухай “Лиао улсын түүх, 68 дугаар боть”- д, гурван он, дахиад хүй хэ (уйгур) хотноо харив, Э у ду гуан (Өтүгэн) ууланд гөрөөлж, хүй хэ (уйгур) хотноо хонов. Энэ явдал 924 онд буюу X зуунд болов. Махмуд ал Кашгари 1077онд буюу XI зуунд Диван Лугатыг бичиж дуусгав. Диван Лугатад  төвд -түргийн нутаг дээр орших том аймаг. ... тэдний газар ус нь таван зуун фарас бөгөөд дорно талд нь Син (Чин-China) баруун талд нь Кашмир, хойд талд нь Уйгур, өмнө талд нь Энэтхэг далай гэжээ. Дүгнэлт: XI зуунд эх сурвалжаар мануус Кидан доор байсан. Гэвч Уйгарын нутаг гэж заажээ. Энэ үе бол Хэрэйдийн үе. Тэгэхээр хэрэйдүүд болон Найманууд болон бусад нь Уйгарын задралаар бий болжээ. Уйгурчуудын уугуул нутгийнхан найманууд гэж “Судрын чуулганд” тэмдэглэжээ. Уугуул  уйгурчууд цөөн хүн ам, их айл нутгийн уйгур маш олон хүн амтай. Уугуул монголчууд цөөн хүн амтай, их айл нутгийн монгол маш их хүн амтай. Уйгур Илийн тухай: VII зууны сүүлчээр  Уйгур ил их айлын нутагт төр засав. “Хуй Хэ (уйгур), дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө.” Хуучин Тан улсын бичиг. Хуй хэ. Лиу шу. Энэ эх сурвалжаас үүдэн дэлхий нийтээрээ уйгуруудыг Хүннүгийн шууд хойчист тооцдог. Уйгур ил үүсэхийн өмнөх Тариатын эх сурвалж ийм зүйл өгүүлнэ:                                                    

 Өтүгэн  ил  Өгүрс  ил  кинорой (хоё­рын орой-хооронд-хоёрын дундуур) Орхон угстай (жийргэвч Г авахад ус болно. Урсгал усыг-ус гэнэ). Уйгурын Ач хөлөг хааны бичээсэнд “Өтүгэн ил Өгүрс ил хооронд...сув Сэлэнгэд байж байсан гэжээ”. Эдгээр хоёр бичээсээс Түрэг ил аль хэдийнээ задран, их айл нутагт Өтүгэн Өгүрс хоёр ил бий болсон байв. Уйгурууд Түргийн доторх нэг хэсэг нь байж байгаад, Түргийн задралаар анги болж дараа нь их айлын нутагт төрөө хашив. Тэсийн бичээс Ачхөлөг хааны бичээс нэг зүйлийг өгүүлнэ: Ач хөлөг хаан хоёр хүүдээ йабгу, шад цол өгөн Тардуш, түлс хоёр аймгийг захируулав. Дотоодын эх сурвалжаа тайлснаар хаана ч байгаагүй чухал мэдээлэл гарч буй нь энэ. Их айл нутгийн Тардуш, түлс нар хэвээрээ байж цөөхөн уйгуруудтай нийлэн дахин хуваарилалт хийв. Их айл нутгийнхан Уйгур ил болсон ч дийлэнх хүн ам нь хэвээрээ. Уйгурчууд өнөөгийн монголчуудын туг барьсан ул өвөг дээдэс болно. Ши вэй: есөн Ши вэй дотор монгу Ши вэй хамаг монголын эх гэж дэлхийн судлаачид үздэг. Ши вэй нь манай зүүн өвөг дээдэс болно. Ши вэйгийн тухай хуучин Тан улсын бичиг, Бэй Ди-ийн шастираас уншаарай. Түргийн Жэ Ли хаан Тан улсын Танзун хаанд орогнол гуйснаар хэсэг хугацаанд түргүүд Тан улсад хураагдав. VII зууны эхээр түргүүд хаантай болж түүнийгээ Илтэрсхаан гэж өргөмжлөв. Билгэ хааны бичигт: Илтэрс хаан бусдыг хурааж Тардуш, Түлсийн йабгу шадыг томилов гэжээ. Илтэрс хааны санаа бодлыг их айл нутгийнхан дэмжсэн гол шалтгаан нь тэр Тан илд татвар сэлт төлөхгүй, Тангаас анги төртэй байхыг уриалсанд оршино. Их айлын Тардуш, Түлс хэвээрээ байж цөөн сар түргүүдтэй хамтран дахин хуваарилалтыг хийв. Есөн угс өөрийнхөө хааныг Абаж хаан гэж өргөмжлөв. Угсууд Кидан, Тангаас Илтерсийг дарах тусламж хүсэв. Үр дүн нь Абаж ялагдаж, Абажийн гавлыг Илтерсийн оршуулганд хэрэглэв. Роу-ран буюу Жужанаас төрийг нь Ашнаа авсан тухай Умар төрийн түүх “Түрэг, Тэ Лэ” Ли Янь-Шоу Сяньби төрийн тухай “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастир Фань, Гурван улсын ойллого, Вэй улсын бичиг “Уван, Сяньби, зүүн И-ийн шастир” Чэн Шоу. Хүннү төрийн тухай “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир Сыма Цэни, “Хан улсын бичиг” Хүннүгийн шастир Бангугаас уншигч та мэдээлэл аваарай. Эдгээр эх сурвалжийг докторант Б.Батжаргал (Сэргэлэн интернашионал экспидишин) уншигч та бүхэнд монгол хэлээр буулган барьж буй.

Дүгнэлт: Тариалан ахуйчдын төрийн нэр, тариалах газар усных нь нэр давхцдаг (Тайланд-Тай газар, Шотланд гэх мэт) тул тэнд амьдарч буй хүмүүсийн гарал үүсэл буюу этносын (үндэстний) нэр болдог. Мал ахуйтны төрийн нэр нь төр баригчдын өгсөн дахин хуваарилалтын нэр болохоос үндэстний нэр биш болно. Монгол бол манууст 800 гаруй жилийн өмнө хийгдсэн дахин хуваарилалтын нэр болохоос үндэстний нэр биш. Мануус малгай сольсон болохоос толгой солиогүй нь төр баригчид солигдохоос этнос хэвээрээ гэсэн утга.  Нийтлэл 6-д Эзэн Чингисийн өгүлрүн: “Бодохоор манай шаньюйгийн төрд 1000 жил 100 үеэс нааш ийм юм болоогүй ажээ”. Чингис хаан Модун хоёрын хооронд үнэхээр мянган жил зуун үеийн хугацаа байгаа. Хүннү, Сяньби, Жужаан, Түрэг, Уйгур, Их Монгол бүгд Модуны үр хойчсийн төр гэдгийг Чингис хаан хоёр утга үгүйгээр өгүүлжээ. Манай этнос зургаан мянган жилийн өмнөөс мал гаршуулж ирсэн үеэс хэл нь бүрэлдэж хоорондоо тоо тоймшгүй холилдон бий болсон мал ахуйтан болно. Мал ахуйтан гэж мань эхэлж хэлээгүй. “Судрын чуулган”-д Рашид ад Дин монголчууд, түргүүд, уйгуурууд бүгд дээрээсээ гарал үүсэл нэг гэдгийг тодорхой өгүүлсэн. Сыма Цянь НТӨ II зуунд үүнийг баталсан тухай хожим өгүүлнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Дараагийн дугаарт: Мал ахуйн газар усны онцлог.

FB: Sergelen international expedition

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (57)

Илгээх

Энэ тухай