Тамгын газар, Хэвлэл мэдээллийн албаа чадавхжуулаач ээ, ерөнхийлөгч өө

Аливаа улсын Ерөнхийлөгчийн хэлж, хийж байгаа бүхэн улсаа төлөөлж, олон улсын харилцаанд нөлөөлөх хүчтэй. Тиймээс ч Ерөнхийлөгчийн бодлогыг хүргэдэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэвлэл мэдээллийн алба нь өндөр хариуцлагатай ажиллах ёстой байдаг. Мэдээлэл цахим хуудсаар дамждаг болсон өнөө цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллийг тавьдаг president.mn Монгол төрийн нүүр царайг харуулах суваг болсон гэж хэлж болно. Үе үеийн Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, аливаа асуудлаарх албан ёсны байр суурийг эндээс эх сурвалж болгож ирсэн.

Харин тус хуудсанд энэ сарын 20-нд нийтэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын талаарх мэдээлэл гарчигнаасаа авахуулаад анхаарал татлаа. “Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч айж, бэргэх ёсгүй гэж Баянголынхон үзэж байна”, “Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ыг тараахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг манлайлан ажиллаач хэмээн хүслээ” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Төрийн тэргүүн амралтын өдөр гэлтгүй ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа нь сайн хэрэг ч тэр талаар мэдээлж буй Хэвлэлийн алба нь ингэж ажилласаар байвал тун тоогүй.

Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн албан ёсны мэдээллийг дамжуулж буй атал “танхай”, арилжааны “шар” хэрэгслүүдээс ялгагдахааргүй байдал тэндээс “үнэртэж” буй нь анхных биш юм. Хамгийн гол нь олон улсад ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны эрхлэн гаргадаг уг албан ёсны цахим хуудас дээр үндэслэн Монгол төр, түүнийг тэргүүлж буй хүний байр суурийн талаар мэдээлдэг шүү дээ. Тамгын газар, тэр дундаа Хэвлэл мэдээллийн албаа чадавхжуулаач ээ, Ерөнхийлөгч өө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай