Э.Батзориг: Атаач нийгэмд амьдарч байгаадаа харамсдаг

“Aim4r” продакшны захирал, бүжигчин Э.Батзоригтой ярилцлаа. “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээчээр ажиллаж, өдгөө “Оддын академи” реалити шоуны үзүүлбэрүүдийг дэглэж, UBS телевизийн “Perfect dance” уралдаант нэвтрүүлгийг шүүж буйгаар нь үзэгчид түүнийг эчнээ мэдэх биз ээ.

-Та хаана төрж, өссөн бэ. Улаанбаатарын унаган хүүхэд үү?

-Улаанбаатарт төрж, өссөн. XIX хороолол, хуучнаар Нэхмэлийн шар байранд хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын том. Эмэгтэй дүүтэй. Дүү минь намайг дагаж гурван жил бүжиглэсэн. График дизайны чиглэлд илүү сонирхолтой учраас тэр чиглэлээрээ одоо ажилладаг. Манай продакшны бүх л бичлэг, эвлүүлэг, графикийг гүйцэтгэдэг юм.

-Багаасаа бүжиглэсэн үү?

-Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэсэн. Дунд сургуульдаа ч бүжгээр хичээллэсэн. Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа сургуулийнхаа урлагийн наадамд оролцож буй залуусыг хараад би яагаад энэ хообийгоо хөөж болохгүй гэж, уралдаанд оролцъё гэж бодсон. Тухайн үед бүжгийн клуб ч бараг байгаагүй. Бүжгийн хамтлагууд л бор зүрхээрээ бүжгээ бэлддэг, уралдаанд ордог байсан үе шүү дээ. Энэ чиглэлийн дамжаа, авьяас хөгжүүлэх газар хайсан боловч олоогүй. Тэгээд л бие даан суралцаж эхэлсэн.

-Аль нэг хамтлагт бүжиглэж байсан уу?

-Эхэндээ ч ганцаараа зүтгээд байлаа. Сүүлдээ ганцаардсан юм. Тэгээд бүжгийн студи маягийн зүйл байгуулаад үзье гэж бодлоо. Цахим ертөнц одоогийнх шиг хөгжөөгүй байв. Тухайн үед би “Hi5” цахим хуудас хэрэглэдэг, түүн дээрээ байнга “Бүжгийн сургалт хичээллүүлнэ. Бүжигчидтэй хамтарч ажиллана” гэсэн зар байршуулан, гадуур ч зарлал наадаг байлаа. Гэвч хэн ч олж хараагүй. Хоёр жил орчим хэн ч ирэхгүй ёстой шатсан даа. Ингээд 2008 онд зургуулаа болж, хамтлагт нэгдсэн.

-Хамгийн анх тайзан дээр хэрхэн гарч байв?

-Багадаа цэцэрлэг, сургуулийнхаа урлагийн арга хэмжээнд оролцон тайзан дээр гарч байсан. Сүүлд 2008 онд хамтлагаа байгуулаад шөнийн клубт бүжиглэдэг байлаа.

-Та МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн юм билээ. Мэргэжлээрээ огт ажиллаагүй юү?

-Олон улсын харилцааны эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Сургуулиа төгсөнгүүтээ “Зоос” банкинд ажилд орсон юм. Төлбөр тооцооны агентлагт теллерүүдийн гүйлгээг хянах ажил хийдэг байлаа. Эхний нэг жил ямар уйтгартай байсан гэж санана. Дараа жил нь тус банкныхаа маркетингийн албанд, нэг хэсэг салбар хариуцсан захирлын туслахаар ажилласан.

Удалгүй банк дампуурч, би Хятад руу сургуульд явсан юм. Монголдоо ирээд хоёр ч барилгын компанид, Төрийн шагналт, дуучин Д.Болд ахын “В” продакшнд ажилласан. 2010 оноос хойш “Aim4r” продакшныхаа үйл ажиллагааг гардан явуулж байгаа.

-Эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлаа орхин бүжиглэхээр шийдэхэд гэрийнхэн тань эсэргүүцсэн үү?

-“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир бид хоёр дунд сургуулийн нэг анги л даа. Сургуулиа төгсөөд СУИС-д хамт элсэнэ гэж ярилцдаг байв. Гэтэл элсэлтийн шалгалт өгөх өдөр аав минь “Өнөөдөр энэ хаалгаар гарвал тэр чигтээ яваарай” гэсэн. Тэгээд л би шалгуулж чадаагүй. Сүүлд ажлаа орхин, бүжиглэж, продакшнаа байгуулахад ч намайг дэмжээгүй. Одоо бодоход хэрэв тэр үед би СУИС-д элсчихсэн бол өнөөдрийн амьдрал, амжилт минь надад ирэхгүй байсан ч юм бил үү.

-Гадаадад алдартай бүжиг дэглээч, бүжигчин олон. Гэтэл манайд тийм ч олон биш. Бас үнэлүүлж чаддаггүй мэт санагддаг.

-Бүтэн дөрвөн минутын бүжиг дэглэн, бүжиглэж телевизийн бичлэгт орж байхад нэг ч удаа намайг гаргалгүй, зөвхөн дуучныг нь үзүүлж байсан тохиолдол бий. Одооноос л энэ хандлага арай өөрчлөгдөж байна. Манай продакшн оролцож буй телевизийн нэвтрүүлгүүдийнхээ багтай хамтран ажиллаж, “Энэ талаас ингэж аваарай” гэхчилэн бүжгээ илүү тод илэрхийлэх зураг авах өнцгийг нь хэлж өгдөг.

Би одоо UBS телевизийн үзэгчдэд хүргэж буй “Per­fect dance” уралдаант нэвтрүүлгийг шүүн, гүйцэтгэх продюсероор давхар ажиллаж байна. Эл нэвтрүүлэгт өрсөлдөж буй оролцогчдын үзүүлбэрийг илүү урнаар үзүүлэхийг зорьж байгаа. Мөн дуучин А.Хишигдалайн шинэ клипэнд манай продакшны бүжигчид оролцсон. Зөвхөн дуучныг онцлох биш, тус дуунд бүжиглэж клипийг амилуулж буй бүжигчин охидоо ч бид онцгойлж харуулах ёстой. Тус клипний зургийг мөн энэ зарчмаар авсан.

-Давхар ажил эрхлэхгүйгээр зөвхөн бүжиглээд амьдрах боломж Монголд байна уу?

-Хэцүү шүү дээ. Банкинд ажилладаг байхдаа би хангалттай цалин авдаг байлаа. Гэхдээ авч буй цалингийн хэмжээндээ биш, хийж буй зүйлээсээ сэтгэлийн таашаал авах нь л гол шүү дээ. Дуртай зүйлээ хийгээд сэтгэл хангалуун амьдрах замыг би сонгосон. Хүмүүс янз бүрээр л боддог юм билээ. Надад унааны мөнгөгүй болчихоод гэр рүүгээ алхаж харих үе тохиолддог. Гэхдээ шантрах эрх байхгүй. Харин ч “Би хичээх ёстой юм байна. Алхаж яваа минь миний буруу” гэж өөрийгөө зоригжуулдаг.

-Б.Шижирболд, Kai зэрэг “Aim4r” продакшныхаа залуусыг хэрхэн нэгтгэсэн бэ?

-Бид дунд сургуульд байхаасаа зүс таньдаг, өөр өөр хамтлагт бүжиглэдэг байсан. Хамгийн түрүүнд Б.Шижирболддоо санал тавьж, уруу татсан. Араас нь Kai нарын залуусыг нэгтгэсэн.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон болохоор ч тэр үү Т.Саруултөгсийг танай продакшны үндэслэгч гэж хүмүүс ойлгодог юм билээ.

-Тус шоунд бид продакшнаараа, 23-уулаа оролцохоор бэлдэж эхэлсэн. Гэвч хүмүүсийн хувийн ажил давхцаж, бид өнжихөөр болсон юм. Гэтэл шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтын өмнөх өдөр Т.Саруултөгс “Би ганцаараа оролцлоо” гэсэн. Бид ч дэмжсэн. Олонх хүн түүнийг санаачлагч нь гэж ойлгодог юм билээ. Т.Саруултөгс “116” гэж бүжгийн студиэ байгуулсан шүү дээ. Харин манай продакшн Б.Шижирболд, Kai, Э.Батзориг гэсэн гурван “толгой”-той.

-Яагаад “Aim4r” гэж нэрлэсэн юм бэ?

-Aim for revolution гэсэн утгатай. Товчлоод бичихэд аймаар гэсэн утга илэрхийлж буй нь таалагдсан. Тогтооход амар, сонирхолтой нэр шүү.

-“Aim4r” продакшн бүжгийн сургалт хийдэг бил үү. Бас продакшндаа ямар шалгуураар бүжигчин нэмж авдаг юм бэ?

-Нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулдаг. Нийт 12 удаагийн хичээл ордог. Найман төрлийн ангид элсэлт авч байгаа. Бүжгийн “Ассасин” студи манай продакшнд харьяалагддаг. 60 бүжигчинтэй. Жилд хоёр удаа шалгаруулалт зарлаж, бүжигчин нэмж авдаг.

Бүжигчдээ аль болох багаас нь бэлдэхийг зорьдог. Эцэг, эхчүүдийн сонгодог, цэнгээнт бүжгийг л ойшоож, бидний бүжиглэж буй төрлийг гудамжны хэмээн дорд үздэг ойлголт өөрчлөгдөж байна.

-Уралдаан шүүх хэцүү юү. Оролцогчид “Чи хасагдлаа, тэнцсэнгүй” гэж хэлэх эвгүй байх?

-Анх удаа уралдаан шүүж буй юм биш л дээ. Гэхдээ “Чи тэнцсэнгүй” гэж хэлэх их хэцүү. Тэр хүний амьдралд хар толбо үлдээж байгаа ч юм шиг. Гэхдээ уралдаанаас хасагдаж байгаа бол тухайн оролцогч, эсвэл баг хангалтгүй байжээ гэсэн үг. Шийдвэртэй санал нийлэхгүй, бухимдлаа илэрхийлдэг хүмүүс ч бий.

-Оролцогчдын ямар чадварыг та илүү онцолж хардаг вэ?

-Гүйцэтгэл, илэрхийллийг нь илүү хардаг.

-Та “Оранж” энтертайнмент, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Бүхнээс дээгүүр” кинонд тоглосон. Мэргэжлийн бус хүн кинонд тоглоход шүүмжилдэг хүн олон. Та тийм үг сонсов уу?

-Бүжигчид өөрсдөө эл киног хийгээгүй шүү дээ. Тухайн киноны продюсерын баг бидэнд, надад санал тавьж, тоглосон. Бүжгийн хэсгийн зураг авахуулахад түүртэх зүйл байсангүй. Харин харилцан яриа, жүжиглэх хэсэгт самгардсан шүү. Найруулагчдаа ч чамгүй загнуулсан.

-Кинонд тоглуулах санал дахин авсан уу?

-Хоёр ч киноны санал ирсэн. Сурагчдадаа элэг бариулдаг дунд сургуулийн багшийн дүрд тоглуулъя гэсэн санал ч тавьсан. Киноны зураг авах ажил удаан хугацаанд үргэлжилдэг учраас бусад ажил саатчих гээд байдаг юм. Тиймээс одоохондоо энэ төрлийн саналаас татгалзаж байгаа. Гэхдээ надад эсрэг дүрийн санал тавиасай гэж нууцхан хүлээдэг шүү.

-Та “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчдын үзүүлбэрт оролцон, бүжгийг нь дэглэдэг. Энэ нэвтрүүлэгт хэрхэн хамтрах болов?

-Тус телевизийн нэвтрүүлгийн баг судалгаа хийн манай продакшныг олсон юм билээ. Эхний жилийнхэд манай продакшн 60 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Дараа жил нь дахин хамтрахаар болж, бүжигчдийнхээ тоог ч нэмж оролцсон. Энэ жилийнхэд ч хамтарна. Одоо “Оддын академи” реалити шоуны оролцогчдын бүжгийн хичээл, үзүүлбэрийг мөн дэглэж буй.

-Бие даан уран бүтээл туурвих, хувь уран бүтээлчтэй хамтран ажиллаж тухайн хүний дуунд тохируулан бүжиг дэглэхэд ялгаатай байх.

-Аль аль нь ярвигтай. Өөрсдийгөө илэрхийлэх бүжиг дэглэхэд тохирох дуу, уран бүтээл олох их хэцүү. Сүүлийн хэдэн жил энэ байдал их өөр болж байна. Дуучин Ч.Цэлмүүний “Хайрласан болохоор”, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын “Маргаашийн нар руу хамт аялах уу”, “Don’t stop” зэрэг дууны клип үүний нэг жишээ. Дуу, дуучны имиж бүрдүүлэлт, бүжиг дэглэлт, зураг авалт, график бүгд уусаж, нэгдэж чадсан.

Сүүлд реппер Gee-гийн “Real lebel”-ийн уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа. Үр дүн нь хүмүүст харагдаж буй. Нэг ялгаа нь, дуучин, жүжигчин, хөгжимчин гээд өөр өөр мэргэжилтэй хэдий ч уран бүтээлч хүнтэй ажиллахад илүү хялбар. Тэд хэдийнэ төлөвшчихсөн байдаг. Зөвлөгөө, зааврыг маш хурдан тусгаж, биелүүлж чаддаг. Харин “Оддын академи”-ийн оролцогчид шиг өмнө нь тайзан дээр гарч байгаагүй хүмүүст заах их хэцүү.

-Дуучин С.Гантогоо “Монгол контент” компанийн албан ёсны уран бүтээлч болж, та түүний бүх клип, тоглолтын бүжгийг дэглэхээр болсон гэсэн. Энэ уран бүтээлчийг үзэгчдэд хэрхэн өөрөөр харуулах гэж байна вэ?

-Дуучин С.Гантогоогийн бүжигчдийн эхний шалгаруулалтыг энэ сарын 16-нд хийлээ. 560 бүжигчнээс 113-ыг нь дараагийн шатанд шалгаруулсан. Тэдгээрээс 16-г нь шилж авах юм. Сонгогдсон бүжигчдийн тоглолтын хувцас, бүжгийн болон фитнессийн бэлтгэл зэрэг бүх нөхцөлөөр хангана. С.Гантогоогийн шинэ уран бүтээлийн клип, тоглолтын бүх бүжгийг би дэглэж, тэд бүжиглэнэ.

Дуучин Гантогоогийн хэв маягийг ч эвдэнэ. Үзэгчдэд “Жимми, жимми” гэж танигдсан түүнийг бид огт өөрөөр харуулахаар бэлтгэж байна. Уран бүтээл бүрийнх нь өнгө төрх өөр байх юм. Реалити шоу биш, бодит амьдрал дээр хэрэгжих төсөл учраас их сонирхолтой байгаа. Ирэх хавраас бидний хийж буй зүйлийн эхний үр дүн харагдаж эхэлнэ.

-Бүжиглэхэд авьяас, мэдрэмж, гүйцэтгэлийн аль нь илүү чухал вэ?

-Дээрх бүгд байж гэмээнэ цогц болно. Сонсголгүй хүн мэдрэхгүй. Мэдрэхгүйгээр илэрхийлэхгүй. Илэрхийлэхгүйгээр бүжиглэнэ гэж үгүй. Хөлсөө урсгаж байж л амжилтад хүрнэ. Ширээний ард суугаад хийчихдэг ажил биш шүү дээ. Бүх бие эрхтнээрээ хөдөлж, бодож, сэтгэж байж уран бүтээлийн ард гардаг. Тиймээс тууштай, хөдөлмөрч зан бас их чухал.

-Хөдөлгөөний эвслийг хичээл зүтгэлээр суулгаж болох уу. Эсвэл энэ нь төрмөл авьяас байдаг уу?

-Хичээгээд хичээгээд урагш ахидаггүй хүн бий. Гэтэл огт эвсэлгүй ч хичээл зүтгэлээр өөрийгөө эвддэг хүн байдаг. Хөдөлгөөний эвсэлтэй ч хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй нэгэн байхад зөвхөн бүжиглэх л гэж төрсөн мэт төрмөл авьяастан байдаг. “Perfect dance” шоунд ороцож буй таван настай А.Сарнай үүний жишээ. Сонсгол, мэдрэмж, авьяасаараа алмайруулдаг шүү.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Би дэлхийн хэмжээний бүжигчид бэлтгэх, тэдний гүүр болж өгөхийг хүсдэг. Яах вэ, нэг үеэ бодвол гарц нээгдэж эхэлсэн. Одоохондоо би овойж оцойсон их мөнгө олохгүй байна. Би баян айлын хүүхэд биш. Гэхдээ би хөдөлмөрлөсөөр, зүтгэсээр байгаа цагт үр дүнд хүрч л таарна. Би одоо хэн ч биш. Хэн нэгэн болохын тулд өдөр бүр хөдөлмөрлөх ёстой. Зарим хүнд тогтсон тэнэг хэв маяг, ойлголт байдаг даа. Сайн яваа нэгнээ араас нь чангаадаг.

Залуу хүн амжилт гаргахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй атаач нийгэмд амьдарч байгаадаа харамсдаг. Намайг “Энэ муу мангар бацаан юу хийсэн болоод уралдаан шүүж байгаа юм бэ. Энэ яаж продакшн удирдаж, продюсерын ажил хийдэг юм бэ” гээд л янз бүрээр хэлдэг. Ер нь салбар салбартаа хийе, бүтээе гэж тэмүүлж яваа залуусыг нийгмийн, хүмүүсийн энэ мэт хандлага зовоодог байх. Өөрөө урдахаа хийж чадахгүй байж чаддаг нэгнийг нь үзэн яддаг. Тийм муухай сэтгэлгээг үгүй хийх сэн гэж хүсдэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай