ФОТО: Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргажээ.

МАХН-ын II Их хурлыг өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар зарлан хуралдуулсан. Тус хурлаар оролцогчдын дийлэнх олны саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон юм.

Уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Гэвч өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг төлөөлж тус намын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын гишүүд оролцов.

Шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ:

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ.

Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ.

МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. 

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэв гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай