Л.Мөнхцог: БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 10 аймагт дулааны станц барина

Идэр есийн хүйтэнд буюу өнгөрсөн сарын 10-ны үед Говь-Алтай аймгийн айл өрх, аж ахуйн нэгжүүд гурав хоног халаалтгүй болжээ. Холбогдох байгууллагууд тухайн үед арга хэмжээ авсан ч асуудал бүрэн шийдэгдсэнгүй, дулаан хангамж нь өдий хүртэл доголдсоор буй аж. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн мэргэжилтнүүд тус аймагт ажиллаад иржээ. Хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхцогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Говь-Алтай аймагт дулаан хангамж яагаад доголдсон юм бэ?

-Тус аймгийн дулаан, шугам сүлжээг хариуцдаг “Мандал голомт” компанийнхан өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд засвар, шинэчлэлийн ажлаа хийгээгүй нь асуудлын гол шалтгаан болжээ. “Мандал голомт” компани тус аймгийн дулааныг бүрэн хариуцдаг. Нийт гурван уурын зуух ажиллуулдгаас хоёрдугаар зуухных нь үйл ажиллагаа доголдсон байсан.

Энэ нь 900 орчим айл өрх, 10 аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг юм билээ. Бид уг зуухыг засаж шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулж хийлгэсэн ч найдвартай арга хэмжээ авахгүй бол цаашид дахин доголдох эрсдэлтэй байна.

-Тус аймгийн дулааны шугам сүлжээ хувийн өмчийнх болсноос ийм асуудал тулгарсан гэх юм билээ. Төрийн мэдэлд шилжүүлж болдоггүй юм уу?

-2006, 2007 оноос өмнө бол орон нутгийн өмчит байсан. Түүнээс хойш “Мандал голомт” компани өмчлөлийн гэрээгээр шилжүүлж авсан юм билээ. Гэрээг нь одоохондоо судалж үзээгүй байна. Орон нутгийн удирдлагатай уулзахад өмчлөлийн асуудлаа эргэн харах, цаашлаад гэрээгээ дүгнэхээр төлөвлөж байгааг хэлсэн.

-2014 онд 10 аймагт дулааны станц барина гээд аймаг бүрт гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан. Энэ ажил ямар шатанд явж буй бол?

-Уг ажил эхлээгүй, төрөөс аймгуудад төсөвлөсөн хөрөнгө он дамжаад буцаад хураагдсан. Одоо харин БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дулааны станц барихаар урьдчилсан судалгаа хийж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай