Л.Дугармаа: Өвгөнийг минь зохион байгуулалттай егүүтгэсэн

Шатахуун тээврийн “сайд жолооч” С.Аварзэд хүүхдүүдийнхээ хамт


Газар шорооныхоо төлөө их гүрний түрэмгий бодлогыг сөрөн зогсож, бүх албан тушаалаасаа халагдан эцэст нь учир битүүлгээр амиа алдсан Монгол Улсын Гадаад явдлын яамны 17 дахь сайд, эх оронч С.Аварзэдийн талаар “Дуулиант хэрэг” цувралаараа бид уншигч Та бүхэнд хүргэсэн билээ. Энэ удаа сайд асны хань Л. Дугармаатай 2012 онд хийсэн ярилцлагаа толилуулж байна. Тэрбээр 1986 оны Цагаан сарын шинийн нэгний орой болсон хэргийн талаар өгүүлсэн юм.

-Тэр орой чухам юу болсон юм бэ?

-Манай хүн тэр үед I авто баазаас халагдаж, 37 дугаар буюу Дуудлагын авто баазад ажиллаж байлаа. Дарга нар энэ баазаас жолооч дуудаж үйлчлүүлдэг юм. Цагаан сарын шинийн хоёронд зураач Цүлтэм гуайтай хамт Нүхт рүү явах ажилтай боллоо гэж надад хэлсэн. Тэр жил худ маань бие барсан тул манайх цагаалаагүй, ер нь социализмын үед Цагаан сарыг одоогийнх шиг өргөн тэмдэглэдэггүй байлаа шүү дээ.

“Манай найз Лувсандагвын эхнэрийнх нь 50 насны ой болж байгаа гэнэ. Цагаан сартай давхцуулан тэмдэглэх юм байх. Тэгээд бидний хэдэн хүнийг урьжээ. Далиманд нь тэдний хөгшчүүлтэй золгочихоод ирье. Маргааш өглөө эрт Цүлтэм гуайтай явах тул архи дарс уухгүй ээ хө” гэж хэлээд явсан юм. Эрт ирнэ гээд гарсан хүн чинь байдаггүй, би шөнөжин хүлээсэн.

Энэ хүний тухай ганц Раднаа биш, манай өвгөний жолооч байсан Шагдар “Лувсандагва НАХЯ-тай холбоотой, тийш нь мэдээлэл бичдэг байжээ.Саяхан бүр үнэмлэх энэ тэр авчихсан явна лээ” гэж сүүлд хэлсэн юм...

-Тэр айлаас яагаад ганцаараа гарсан юм бол. Найзуудтайгаа уригдсан гээ биз дээ?

-Тэрийг би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн маргааш өглөө эрт ажилтай гээд тэр айлд архи дарс уугаагүй гэж сүүлд нь ярьсан. Гэрийн эзэн архиар их шахаж байсан гэнэ лээ. Тэр Лувсандагва манай өвгөнтэй танилцсан нь их сэжигтэй. Юу гэхээр манай хүн Оюун (найруулагч, Ардын жүжигчин,Эрдэнэбатхааны Оюун) гуайн дүү, багш Раднаа (Багшийн дээд сургуулийн захирал асан)-тай нөхөрлөдөг байлаа. Раднаа тэр хүнийг манай өвгөнтэй танилцуулжээ.

Өвгөнийг нас барсны дараа Раднаа “Лувсандагвыг би сайн мэддэггүй байжээ. Аварзэд гуайтай танилцах юмсан гээд байхаар нь л би тэр хоёрыг уулзуулсан. Талийгаачтай ойр байх гэж намайг ашигласан юм байж. Гэтэл Лувсандагва жирийн хүн биш байсан бололтой” гэж надад ярьсан. Энэ хүний тухай ганц Раднаа биш, манай өвгөний жолооч байсан Шагдар “Лувсандагва НАХЯ-тай холбоотой, тийш нь мэдээлэл бичдэг байжээ. Саяхан бүр үнэмлэх энэ тэр авчихсан явна лээ” гэж сүүлд хэлсэн юм.

Өвгөний найз нар үе үе манайд цуглаж, зүсэн зүйлийн л юм ярина. Тийм уулзалтад Лувсандагва заавал ирнэ. Тэдэнтэй ярьж хөөрч сүйд болохгүй. Яриаг сонсоод сууж байдаг. Одоо бодоод байхад Цагаан сарын шинийн нэгний тэр уулзалтыг Лувсандагва зохион байгуулсан нь тодорхой. Өвгөнийг нас барснаас хойш хоёр жилийн дараа Раднаа бурхан боллоо.

Оршуулгынх нь үеэр би Лувсандагватай таарч, “Нөгөөх ажлаа л хийж явна уу” гээд хэлчихлээ. Гэтэл ямар ажил, юу гэж асуугаагүй хэрнээ “Чи юу яриад байна. Би яасан юм бэ. Нүгэл чинь нүдээрээ гарна шүү” энэ тэр гээд цамнаж өгдөг юм байна. Хариуд нь би “Харин чиний нүгэл л түрүүчээсээ гараад байна даа” гэж хэлээд салсан.

-С.Аварзэд гуайг хүнд зодуулсан, эрүүлжүүлэхэд хоносон гэдгийг та хэзээ нь мэдэв?

-Найзууд уулзсан юм чинь хууч хөөрсөн байлгүй. Тэд Лувсандагвындаа хонож дээ гэж бодсон. Гэтэл манай хүргэн рүү эрүүлжүүлэхээс ярьж, Аварзэд гэдэг хүн энд байна гэж дуулгасан юм билээ. Бид тэгж л мэдсэн. Тэгээд юу болчихов гээд хүүхдүүд тэр доороо очсон. Өөрийнх нь хэлснээр бол Лувсандагвынхаас оройхон гарчээ, архи уулгах гэж их шахсан ч “Өглөө эрт ажилтай гээд уугаагүй” гэсэн. Тэгээд Дэнжийн мянгын цагаан байшингуудын нэгэнд амьдарч байсан тэр айлаас гарч автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь явган харихаар зам хөндлөн гарсан юм билээ.

Тэр үед манайх “Баянгол” зочид буудлын арын байранд амьдардаг байв. Зам гараад явж байтал 69 машин (УАЗ-469)-тай хүмүүс иржээ. Дотроос нь дөрвөн хүн бууж ирсэн гэнэ лээ. Тэгээд архи уусан байна, авч явна энэ тэр гэж. “Ах нь архи уугаагүй, шалгасан ч болно. Өглөө эрт ажилтай хүн юу гэж архи уух вэ” гээд ярьж байтал араас нь толгой руу нь дүүртэл цохисон гэдэг юм. Тэгээд ухаан алджээ.

Ухаан алдсан байхад нь тэд Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн байгаа юм. Эрүүлжүүлэхийн цагдаа “Манайх хүлээж авахгүй ээ,эмнэлэгт хүргэж өгсөн нь дээр” гэж ярьж байхыг там тум сонссон гэсэн. Гэтэл тэр хүмүүс “Шал согтуу байгаа биз дээ, эрүүлжүүл” гээд орхиод явжээ.

Гэртээ ирсэн хойноо толгой өвдөөд болдоггүй гээд байхаар нь эм өглөө. Эм уугаад нэмэр алга. Бүр болохоо байхаар нь шөнө түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Түргэний эмч “Ингэж их өвдөж байгаа бол Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн нь дээр” гээд хүргэж өгсөн юм. Гэтэл сүүлдээ юу болсон гэж санана. Өвгөний зодуулсан хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч “Аварзэдийг хүнд зодуулсан бололтой цус нөжтэйгээ холилдоод Гэмтлийн эмнэлгийн хашааны гадна хэвтэж байхад нь цагдаагийнхан олж, таньдаг сувилагчаа гуйж үзүүлсэн” мэтээр асуудлыг гуйвуулсан.

За тэгээд түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт очоод л ухаан алдсан. Хорь шахам хоног ухаангүй хэвтлээ. Ухаан ороод францаар яриад байсан гэдэг. Тэгснээ оросоор ярьж эхэлж. Эмч нар “Энэ хүн Францаас гараад одоо Орос руу ирлээ. Хэзээ Монголд буух юм бол доо” гээд инээлдэж байсан гэсэн. Нээрээ л ухаан орсноосоо хойш хоёр хоногийн дараа “Би хаана байна вэ” гэж монголоор асуужээ. Ингэж нэг юм ухаан орж, эмнэлэгт хэд хоноод гарсан.

-Тэгээд танд юу болсон талаар ярьсан уу?

-Тийм ээ, би өвгөнийхөө ярьсаныг хэллээ.

-Дараа нь юу болов. Ямар ч гэсэн цагдаагийн байгууллагад хандсан юм байна.

-Эмнэлгээс гараад бие нь сайжраагүй. Даралт нь ихдээд болдоггүй. Манай хүргэн I эмнэлгийн мэс заслын эмч. Эмнэлэгтээ хэвтүүлж эмчлээд ч олигтой засал авахгүй болохоор нь III эмнэлгийн Мэдэрлийн мэс заслын эмч нарт үзүүллээ. Тархиных нь зургийг авч үзээд мэс засал хийх шаардлагатай гэсэн. Эмч нараас нь зөвшөөрөл авч, хүргэн минь мэс засал хийхэд нь хамт байсан юм.

Тархиных нь суурь яс цуурч, цус харвасан байж. Мэс засал хийж байсан эмч нь “Аварзэд гуай тархиндаа ямар хүчтэй цохиулаа вэ” гэж ярьж байсан гэнэ лээ. Эмнэлэгт их удаан хэвтсэн. Мэс засал хийлгээд нэмэр болсонгүй. Сүүлдээ ухаан нь орж гардаг болсоор 1989 онд нас барсан.

-Яагаад хүнд зодуулав, тэр энэнээс боллоо гэж танд ярьдаг байсан уу. Монгол, Оросын хилийн хэлэлцээрт оролцож байсан тухайгаа ч юм уу.

-Төрийн ажлын нарийн ширийн юмаа ярьдаггүй байсан. Би ч сонирхож асуудаггүй байж. Хэзээ хойно найз нартайгаа ярилцаж байхад нь хоол цайг нь бэлтгэх зуураа орон гаран сонссож байсан. “Оросуудын авах гээд байсан газар нь манай нутаг. Түүнийгээ нот луулахаар Увсаас таван хөгшин авчирч Улс төрийн товчооны хуралд хүртэл оролцуулсан” гэж ярьж байхыг сонссон.

Тэр нутагт төрж өссөн, насан туршдаа амьдарч байгаа тэр хүмүүсийн үгийг манай дарга нар авч хэлэлцээгүй юм билээ. “Явж явж Цэдэнбал дарга чинь манай хүн мөн ч юм уу, биш ч юм уу. Төрж өссөн өвөлжөөгөө хүртэл май гээд хүнд өгчихсөн юм даа” гэж ярьж байсан. Гэхдээ Бал даргыг хэзээ ч буруутгаж байгаагүй юм шүү. “Цэдэнбал ийм юм хийх хүн биш. Цаанаас нь шахаж, даргаар хийлгэсэн байх” л гэдэг. Албан тушаалаасаа бууснаасаа хойш Унгарт Элчин сайд, нэгдлийн дарга, жолооч хийсэн.

Нэлээд сүүлд Цалин хөлсний улсын хорооны дарга Лхамсүрэн манай хүнийг хуулийн зөвлөхөөрөө авахаар Сайд нарын Зөвлөлд санал оруулж л дээ. Тэгээд өвгөнийг СнЗ-ийн хурлаар хэлэлцэх үеэр Бал дарга тэр хоёр уулзсан гэдэг юм. Бал дарга манай хүнийг дуудаж хажуудаа суулгаад яаж амьдарч, юу хийж байгааг нь асууж их л дотно ярилцсан гэж байсан. Тэгээд тус хорооны хуулийн зөвлөхөөр арав шахам жил ажиллаад гарсан. Оросуудтай хэл амаа ололцоход амар юм гээд СОТ-1-д хүртэл жолооч хийв шүү дээ.

-Юунаас болоод амь насаа алдав гэж та боддог вэ?

-Шалтгаан энэ тэрийг нь сайн мэдэхгүй юм. Харин ийм байдалд хүргэсэн хүн бол тэр Лувсандагва. Тэр хүн бүх юмыг зохион байгуулсан нь илт байдаг. Өвгөнийг минь зохион байгуулалтай егүүтгэж дээ гэж би боддог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай