Эх орончийг егүүтгэсэн учир битүүлэг хэрэг II

БНУУ-ын Будапешт хот. Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа 1958 оны арванхоёрдугаар сар


САЙДААС БУУЛГАСАН Ч ХЯНАЛТААС АНГИД БАЙЛГАСАНГҮЙ

БНМАУ, ЗСБНХУ-ын ах дүүгийн найрамдалд байж болшгүй харш зүйл хийсэн буюу эх нутгаа харьд өгөхгүй гэсэн Гадаад явдлын яамны сайд С.Аварзэдийг Монгол, Зөвлөлтийн хил тогтоох хэлэлцээний Монголын талын төлөөлөгчдийн тэргүүнээс Ю.Цэдэнбалын шийдвэрээр даруйхан өөрчилсөн юм. Зөвхөн төлөөлөгчдийн тэргүүнийг бус хил тогтоох хэлэлцээнд эх орноо төлөөлөн оролцсон хүмүүсээс Хязгаарын цэргийн удирдах газрын дарга Б.Цэдэн-Ишийг үлдээн, бусдыг нь сольсон байна.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга Л.Цэндээр ахлуулсны дараа хилийн хэлэлцээ шуударч, БНМАУ Зөвлөлтийн шахалт шаардлагаар хилийн бүсээ дотогш татаж, тэдний хүссэн газрыг өгчээ. Ах хэмээн хүндэтгэж ирсэн Зөвлөлтийн удирдлага ийнхүү манай газар нутгаас дээрэмдсэн юм. Ингэхдээ эх нутгаа хамгаалсан эх оронч С.Аварзэдийг өөрийн гар хөл болсон хүмүүсээр улс төрийн тавцангаас зайлуулж байгаад санасандаа хүрсэн билээ.

МАХН-ын Төв хорооны 1958 оны долдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор бие нь өвчтэй гэх шалтгаанаар түүнийг ГЯЯ-ны сайдаас чөлөөлөв. Түүгээр зогсохгүй мөн оны арваннэгдүгээр сарын 22-ны 331 дүгээр тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаас буулгасан тухай материал Үндэсний архивын ерөнхий газарт хадгалагдаж байна.

Тэрбээр энэ тухайгаа дипломатч Б.Дашцэрэнд ярихдаа:

-МАХН-ын XIII их хурал болж, намайг бүх албан тушаал, сонгуульт ажлаас огцруулсан. Ингэхдээ ямар нэг шалтгаан дурдаагүй. Хилийн хэлэлцээ хийхтэй холбоотой ийм юм боллоо гэж би ойлгосон. Тэр үед Унгарт Элчин сайд суулгах хэрэгтэй болж, намайг тийш нь томиллоо. Тэгээд араас тагнуул тавьж, ёстой нэг балбасан даа. Элчин сайдаар томилогдохоор МАХН-ын Улс төрийн товчооны хурлаар ордог юм байна. Гэтэл Цэдэнбал “Энэ нөхөрт арга хэмжээ авах ёстой байсан юм даа” гэж хэлсэн.

Ер нь бол арга хэмжээ авахаар төлөвлөж байсан юм билээ. Унгарт манай Элчин сайдын яаманд ажиллаж байсан Содов (Элчин зөвлөх, энэ хүн Гэгээрлийн яаманд ажиллаж байгаад халагдсан байжээ) тэндээс 20 зүйлтэй том матаас бичсэн. Хөрөнгөтөн орны диломатчидтай их юм ярьдаг, архи уудаг энэ тэр гээд. Югослав, Энэтхэг, Австрийн дипломатчдаар дамжуулан Барууны орнуудтай харилцдаг ч гэх шиг. Үнэндээ бол тэр гурван улсын дипломатчтай муугүй харилцаатай байсан юм.

Дээрээс нь Унгарын удирдагч Янош Кадараас хүртэл миний ажил байдлын тухай дүгнэлт гаргуулахыг оролджээ. Нөгөөх нь манайд ийм ёс байхгүй гэж нэлээд цааргалсан юм гэсэн. Тэгээд нэг албан захидал маягийн юм бичиж өгснөө Я.Кадар гуай надад үзүүлсэн. Элчин сайдын ажлыг өндрөөр үнэлж байна гээд баахан магтаал байсан. Энэ тухай сүүлд Цэдэнбалд хэлэхэд “За тийм байсан” гэхээс өөр зүйл хэлээгүй гэжээ.

“Маш нууц” гэсэн дардас бүхий нэгэн баримт миний өмнө байна. МАХН-ын Төв хорооны 1959 оны III бүгд хурал дээр Ю.Цэдэнбал үг хэлэхдээ:

-Шинэ хүчнийг дэвшүүлэх ба хуваарилах ажил замбараагүй болсны хариуцлагыг Дамба, Самдан нар юу гэж үзэж байгааг нөхөр Цэнд асуужээ. Монгол, Зөвлөлтийн хил тогтоох хэлэлцээрийг манай талаас сар гаруй саатуулсан байна. Энэ бол Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш зүйл. Зөвлөлтийн гадаад бодлогыг хардсан муухай зүйлийг Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд хийжээ гэж дурджээ. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 1960 оны долдугаар сарын 14-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал болж, хэд хэдэн асуудал авч хэлэлцсэний нэг нь БНУУ-д суугаа Элчин сайд С.Аварзэдийн талаар байв. Энэ хурал дээр Ю.Цэдэнбал:

-Нөхөр Аварзэдийг Унгарт Элчин сайдаар томилсон боловч ажлын дутагдал гаргасан байна. Ямар дутагдал гаргаснаа ярь хэмээхэд:

-Би нэг жил гаруйн хугацаанд маш хичээж ажилласан. Элчин сайдын яамны ажил сайжирлаа. Улсынхаа нэр хүндийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Нэг арга хэмжээний дараа Энэтхэгийн Элчин сайдын машин эвдэрчихээд, би машинаараа гэрт нь хүргэж өгөөд хамт цай уусан явдал бий. Дипломатч хүн олон түмэнтэй харилцаатай байх нь муу юм биш. Зарим хүлээн авалтын үеэр сүүлдэж гардаг нь үнэн. Ийм арга хэмжээний дараа ардчилсан (социалист) орныхон үлдэж зөвлөдөг. Тэднээс түрүүлээд явчих нь эвгүй байдаг гэж хариулжээ.

Энэ мэтээр Улс төрийн товчооны гишүүд түүнээс зарим асуудлаар сонирхсон зүйлээ асууж, шүүмжилсэн байдаг. Тэд С.Аварзэдийг үндэсний үзэлтэй хэмээн шүүмжилсэн аж. Эцэст нь Ю.Цэдэнбал үг хэлэхдээ “С.Аварзэд нь үзэл суртлын талаар тогтворжоогүй. Ангийн тэмцлийн хүнд үед ажиллаж байгаагүй, элдэв яриа гаргадаг. Тиймээс хатуу донгодож, прокурорын мэдэлд шилжүүлье” гэжээ. Ингээд Ю.Цэдэнбал түүнд арга хэмжээ авна гэсэн амласандаа хүрч, эх оронч сайдыг Элчин сайдаас эргүүлэн татсан юм.

Говь-Алтай аймаг, Цогт сум 1968 он

ХӨДӨӨ СУМАНД Ч МЭДЭЭЛЭГЧ НАР ТҮҮНИЙГ АЖИГЛАЖ БАЙЛАА

Ах дүүгийн харилцаатай ч гэлээ эх нутгаасаа өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан сайд асан С.Аварзэд Зөвлөлтийн удирдлагын хатгаасаар бүх албан тушаалаасаа хөөгдлөө. Гэсэн ч энэ бүхэн тухайн үеийн төр, засгийн удирдлагад хангалтгүй байсан бололтой. Тиймээс тусгай албаны ажилтнууд, тэдний мэдээлэгчид түүнийг хаана ч явсан, ямар ч ажил алба эрхэлж байсан байнга хяналтдаа байлгажээ.

Олон улсын хууль, эрх зүйгээр мэргэшсэн, орос, францаар төрөлх хэл шигээ ярьж, бичдэг түүнийг албан тушаалаас нь буулгаад хотод байлгах хэрэггүй гэж үзсэн байж болох. Тэгээд удалгүй Говь-Алтай аймгийн Цогт сум, нэгдлийн даргаар томилжээ. Нэг ёсондоо цөллөгт явуулсан нь тэр. Энд хоёр жил гаруй ажиллахдаа тэрбээр говийн алс бөглүү нутгийг тэр үед хаана ч байхгүйгээр хөгжүүлсэн гэдэг юм.

Энэ тухай МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга Б.Дашзэвэг:

-Эсэргүү Ц.Лоохуузад охиноо үрчлүүлсэн би элдвээр хардагдаж, Говь-Алтай аймгийн Цогт суманд нутаг заагдан очиж С.Аварзэд даргаас ажлыг нь хүлээн авлаа. Хоёр жил гаруйхан ажилласан гэхэд их зүйл хийжээ. Юуны өмнө сумын төвийг цахилгаанжуулж, гараар хийдэг зарим ажлыг механикжуулсан байв. Түүний байгуулсан модон эдлэлийн механик цех улсад үлгэр боллоо. Өөрийн хэрэгцээний модон, төмөр эдлэлийг энэ цехдээ хийж, нэгдлийн мөнгөн орлого нэмэгдсэн байсан.

Сумын төвийг барилгажуулж, Соёлын төв, хүн эмнэлэг, 100 хүүхдийн дотуур байр, эхчүүдийн амаржих газар, сургууль, мал аж ахуйн таван бригадад тус бүр нь найман айлын орон сууц барьж өгсөн нь хөдөөгийнхний талархлыг хүлээсэн ажил болсон юм. Түүнчлэн усалгаатай тариалан эрхэлж, эндээ олон наст ургамал тарьж, сумынхаа өвсний нөөцийг хангах болжээ. Надад ажлаа хүлээлгэн өгөхдөө нутаг орноо цаашид яаж хөгжүүлэх, юу хийх талаар олон зөвлөгөө өгөөд явсан билээ. Би түүнийг нь биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Бензиний машины жолооч болсон хойноо нутаг орныхоо хэрэгцээт шатахууныг таслалгүй зөөсөн.

Ирэхдээ нутгийнхаа, миний ажилтай танилцаж, тэг ингэ гэж зааж зөвлөөд буцдаг. С.Аварзэд гуай моринд гарамгай, унах их дуртай хүн байлаа. Оодон сүүлтэй, жороо хээр морь нутагт нь байх. Ирэхээрээ морио унаж ах дүүгийнхээрээ бууна. Ингэж явахад нь ч түүнийг тагнан мэдээлэх ажиллагаа үргэлжилсээр байсныг би мэдсэн юм. Зөвхөн нэг жишээ дурдахад, “Аварзэд, Дашзэвэг нар говийн нэг айлд хонохдоо “Биднийг “хазгар” Цэдэнбал, “хар” Дүгэрсүрэн нар л балласан” гэж ярив” гэдэг мэдээлэл сумын төвөөс аймгийн удирдлага, тэндээсээ Улаанбаатар, Төв хороонд хүрснийг би сүүлд мэдсэн. Энэ хүний хэлмэгдэж хохирсон нэр төрийг сэргээж, түүхэнд үнэн зөвөөр нь үлдээх ёстой гэж үр хүүхдүүдэд нь хандаж бичсэн нь бий.

ЦАГААН САР БА ХАР ӨДӨР

Хөдөөнөөс хотод ирсэн С.Аварзэд гэр бүлийнхнээ тэжээхийн тулд нэг хэсэг шатахуун тээврийн жолооч хийж, орон нутгийн хэрэгцээт бензин тээвэрлэдэг байжээ. Энэ ажлаасаа гарч хөдөө гадаа бага явдаг хөнгөн тэрэгний жолооч болсон аж. Байгууллагуудын дарга нарт голдуу дуудлагаар үйлчилдэг ажилтай. 1986 оны хоёрдугаар сарын 10 буюу Цагаан сарын шинийн нэгний орой тэрбээр өөрийн танил Лувсандагвын урилгаар Дэнжийн мянгад байдаг гэрт нь очжээ.

Энэ Цагаан сар түүнд болон ар гэрийнхэнд нь хар өдөр болсон юм. Танилындаа 18.00 цагийн үед очсон С.Аварзэд маргааш өглөө нь ажилтай байсан тул 20.00 цагийн үед харихаар гарчээ. Чиглэлийн автобус хүлээж нэлээд зогссон тэрбээр явган явахаар Ногоон нуурыг хөндлөн гарч, далан даган алхаж явтал харанхуйгаас “Чи яагаад Архины хууль зөрчөөд байгаа юм бэ” гэсэн зандрангуй дуу сонсоод цочин харвал түүний өмнө энгийн хувцастай хоёр хүн зогсож байжээ. Учир явдлаа хэлж “Маргааш өглөө эрт ажилтай тул харихаар явж байна” гэхэд “Баривчил наадхыгаа” гэсэн дуу гарсан зүг харвал энгийн хувцастай хоёр хүний цаана шинельтэй өндөр, нам мөн л хоёр хүн зогсож байв гэнэ.

Тэдний царай зүс харагдаагүй гэдэг. Энгийн хувцастай хоёр хүн түүний гарыг мушгиж суулгаад, сүвээ рүү нь хэд хэд өшиглөж машины ар руу чихжээ. Ингэхдээ бүгд өшиглөх нэг нь өшигчиж, цохих нэг нь цохиж байсан аж. Машинд орсон хойноо “Хөгшин ах нь та нар шиг залуустай ажилладаг. Өглөө эрт ажилтай тул нэг удаа өршөөгөөд явуулчих” гэж гуйсан ч тусыг эс олж, машины урд суудалд сууж явсан нэг нь “Энэ яасан олон үгтэй хог вэ” гэж хэлээд толгой руу нь юугаар ч юм цохиод авчээ.

“Маш хүчтэй цохисон, нүдэнд оч үсрэх шиг болоод толгой дүүрч эхэлсэн. Сүхбаатар дүүргийн орчимд явж байх шиг харагдсан тул “Аллаа, амь авраарай” гэж хашхираад ухаан алдсан” хэмээн тэрбээр болсон явдлын талаар бичиж үлдээсэн нь миний өмнө байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байрны цагдаагийн өмнө сууж байж. Ахмад хүн, өндөр алба хашиж байсан түүнийг цагдаа нар элдвээр хараан хамаг хувцсыг нь тайлан өрөө рүү шидэх нь тэр. “Толгой лугшин өвдөж, дотор муухайран, үе үе хий огиж, өглөө болохыг хүлээн” тарчилж хоносон тухайгаа бичжээ.

Харин өглөө нь Эрүүлжүүлэхийн цагдаа “Чамайг хотын захад хэвтэж байхад чинь аз болж эргүүл таарч авчирсан. Тэгээгүй бол чи үхэх байсан” гээд явуулжээ. Энэ үеэс хойш түүний ухаан орж гарсаар, бие нь ихэд муудсан байна. Хүчтэй эм, тарианы хүчээр үе үе ухаан ороход цагдаагийн байцаагч нар мэдүүлэг авахдаа “Таныг Гэмтлийн эмнэлгийн гадаа ухаангүй хэвтэж байхад чинь манайхан олж авчирсан юм шүү дээ” гэдгийг дахин дахин хэлж зөвшөөрүүлэх гээд байсан аж. Түүгээр ч үл барам хүргэн, эхнэрийнх нь дүү нараас мэдүүлэг авахдаа “Аварзэдийг Гэмтлийн эмнэлгийн гаднаас олсон” гэж олон дахин тайлбарлаж байсан гэдэг.

Эцэст нь эхнэрээр нь гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зуруулснаар хэргийг нь хаасан байна. Энэ хэрэгт хэнийг ч буруутгаагүй бөгөөд түүнийг замд нь саатуулан толгой руу нь хүчтэй цохиж гэмтэл учруулсан хүмүүс тодорхойгүй үлдсэн юм. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн халуун эх оронч, сайд С.Аварзэд хүнд гэмтлийн улмаас 1989 онд нас барсан билээ. Энэ эрхмийг цагаатгасан болоод өнгөрсөн нь хангалтгүй, газар шороогоо гэсэн түүний гавьяат үйлсийг мөнхөлж, Монголын түүхэнд зохих байр эзлүүлэх нь шударга ёсонд нийцэх биз ээ.

Үргэлжлэл бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай