Шинжлэх ухааны “журамт цэрэг”-ээр 65 жил зүтгэсэн Доржийн Дандий

Шинжлэх ухааны “журамт цэрэг”-ээр 65 жил зүтгэсэн Доржийн Дандий

Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, биологийн ухааны доктор, профессор, шилдэг зохион бүтээгч Д.Дандийтай ярилцахаар гэрт нь очлоо.Буурал эрдэмтэн хэв маягаа болгоод удаж буй донжтой малгайтайгаа угтлаа.“Нэг голд тоглож өссөнЖ.Бадраагийн номын хуримд очоод ийм бэлэгтэй ирсэн” гээд нэрт соён гэгээрүүлэгч агсны дөрвөн боть ном харуулаад суухад нь яриагаа эндээс эхэлье гэж шийдлээ.

-Та Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул байх нь ээ?

-Тийм ээ.Би Их уулын өвөр Номт гэдэг газар 1929 оны шороон могой жилийн намрын дунд сард малчин ард Доржийнд төрсөн хүн.Би гурван ахтай. Ж.Бадраа бид нар их ойр байсан улс.

-Та 90 нас хүрч байгаа гэхээргүй, ануухан хүн юм. Урилга заллагад явж, арга хэмжээнд оролцсоор байгаа юм байна.

-Тийм ээ.Саяхан Төрийн шагналт түүхч Өлзийбаатар интернэтэд миний тухай бичиж, хамт авахуулсан зургаа тавьсан юм.Их олон хүн харжээ.Зарим нь бараг намайг байдаг юм уу гэх ухааны юм асуусан байна.Аль хэдийний хүн, өнгөрчихсөн байх гэж бодсон хүмүүс байна.Бидний мэдээлэл бүр 600 лайк авсан байна лээ.Мэдээллийн хэрэгсэл ингэтлээ өөрчлөгдөх гэж.

-Та орчин үеийн хүн юм. Ном байнга уншиж байгаа бололтой.

-Ном уншдаг хүмүүсийн ухаан санаа муудах нь гайгүй байдаг гэж үнэн юм.Альцгеймерийн өвчин лав тусахгүй бололтой.Энэ олон номыг харж байна уу.Бэлгэнд ирсэн нь бий, зарим нь миний бичсэн юмнууд.Бүгдийг нь унших гээд өрж тавиад байна.

-Эм, бэлдмэлийн хэрэглээ замбараагүй болсон.Гадаадаас үнэтэй оруулж ирсэн л бол сайн гэсэн ойлголт давамгайлж байна. Эмчийн бичиж өгснийг өндөр үнээр авах амаргүй,  байх бүр хэцүү болоод байгаа энэ үед монгол мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн, үр дүнгээ өгч байсан эм, тариа, бэлдмэлүүд хаачсан бэ, жишээ нь, таны, танай баг хамт олны бүтээн бий болгосон олон төрлийн биобэлдмэлийг одоо цагт сэргээн хэрэглэж болох уу гэсэн асуудал хөндөж тантай уулзаж байгаа юм.

-Зөв санаа. Анагаах ухааны биобэлдмэлийн үйлдвэр гэж байсан юм. Одоо Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяанд байдаг.Жижиг ч гэсэн маш нэр хүндтэй, биотехнологийн чиглэлийн үйлдвэр байлаа. Хаагаад арваад жил болж байна. Одоогоор нэг ч төгрөгийн бүтээгдэхүүн гаргахгүй байна. Улс хэрэгтэй гэж үзээд сэргээх юм бол шаардагдах бүх зүйл нь байна.Мэргэжилтнүүд, технологи, түүхий эд гээд бүгд бий. Залуус алсын бодолтой явдаг байлгүй дээ. Ах нь тодорхой юм хэлж мэдэхгүй нь.

Харин ямар бүтээгдэхүүн хэзээ гаргасан, юунд хэрэглэж байв, үр дүн ямар байсан талаар бол ярьж өгч чадна.Надад ажиллаж байсан үеийн минь бүхий л мэдээлэл, баримт, он, сар, өдөртэйгөө байдаг.Ах нь удирдах ажил олон жил хийлээ.Хамт олны өмнөөс хариуцлага хүлээсэн хүн бүхнийг эмх цэгцтэй авч явах ёстой юм.Би хамтран ажиллагсадтайгаа 30 орчим нэр, төрлийн анагаах ухааны биобэлдмэл хийсэн.Тийм ч болохоор манай багт 1990 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн.Энэ бэлдмэлүүд дунд төрүүлсэн үр хүүхдүүдтэй минь адил, надаар овоглодог, зохиогчийн эрхийн гэрчилгээтэй 10-аад брэнд бүтээл байдаг.Энэ бүхэн байхгүй болсонд харамсдаг.Их яривал уйлж магадгүй (инээв).Мэдэх хүмүүс надаас “Манай хүүхэд ингээд байна, шар өвчин анагаахад өгдөг, улаан бурханд сайн бэлдмэл чинь байна уу” гэдэг. Харин надад өгөх юм байдаггүй.

-Монголд аюул болж байсан цагаан цэцэг буюу ард олон цээр гаргаж цагаан бурхан гэж нэрлэж ирсэн өвчнийг таны бүтээсэн вакцинаар бүр мөсөн устгасан юм билээ. Галзуу өвчний вакцин ч бас таны оюуны бүтээл юм байна.

-Тийм ээ.Цагаан цэцэг гэж айхавтар өвчин байлаа.Тариаг нь 1933 онд оросууд анх хийсэн.Тэд 1940-өөд онд буцаад явахад Монголын үндэсний мэргэжилтнүүд энэ ажлыг үргэлжлүүлэх болсон.Нэрт вирус судлаач, академич П.Нямдаваа энэ ажлыг оройлон манлайлж хийсэн хүн. Бид уламжилж авч явсан юм. Хүүхэд нь цагаан цэцгээр өвдөөд нас барах юм бол эх нь “Хүүг минь бурхан аваад явсан” гээд дээшээ харж залбирч суусан үе бий.Харин өвдөөд амьд үлдвэл “Хүү минь бурханд өршөөгдлөө” гэж сүсэлдэг байлаа.Бидний хийсэн тариагаар Монголын бүх хүнийг толгой дараалуулан тарьж вакцинжуулснаар өвчнийг нэг мөр устгасан.Цагаан цэцгийн тариа хийлгээгүй бол ажилд авахгүй гэдэг байлаа.Энэ өвчнийг бүрмөсөн устгасан Азийн анхдагч орон бол манайх.Манай улс цагаан цэцэг өвчнийг 1940 он гэхэд устгасан байсан бол дэлхий дахин үүнээс саллаа гэдгийг ДЭМБ 1980 онд зарласан.Хэрвээ энэ өвчнийг утсгаагүй байсан бол Монголын хүн ам хамгийн олон хүнтэй Төв, Хөвсгөл аймгийн оршин суугчдыг нийлүүлсэнтэй адил тоогоор сох дутах байсан юм гэж хэлсэн үг ч байдаг.

-Галзуугийн вакциныг яаж гаргаж авсан бэ. Сонирхол татаад болдоггүй ээ.

-Борлонгийн тархинд галзуугийн вирус суулгаж ургуулсан.Ямаа галзуурахад тархийг нь авч хүчийг нь сулруулаад вакцин хийж байлаа.Өөр улс оронд янз бүрийн амьтан ашигладаг.Би ямаа сонгосон.Тэр вакциныг манай эрүүл мэн­дийн салбарт 50-иад жил хэрэглэж байна.Манай улсад жилд дунджаар 50-иад хүн галзуу нохой, чоно, муур, үнэгэнд хазуулж, ноцуулж, шүлс­дүүлдэг.Тэр хүмүүсийг уг тариагаар тарьдаг юм.Ингэснээр ямартай ч жилд 50 орчим хүний амь аварч иржээ.Би галзуугийн голомтод очиж байлаа.Говь-Алтай аймгийн Төгрөг суманд нэг шөнө хоёр галзуу чоно таван айлыг сүйтгэж, зуу гаруй бог малын гэдэс хүү татаж, таван морь, таван нохой, таван хүн урсан.Үзэхийн аргагүй аймаар байсан.Дуудлагын дагуу бид түргэн авч онгоцоор аймгийн төв орж, цаашаа машинаар Шаргын говийг туулж очиход үхэр, адуу толгой, хүзүүгээ маажуулсан, нохойнууд гасалсан, хонь, ямааны гэдэс цуварсан байдалтай байлаа.Тэр галзуу чононуудыг ямартай ч алсан байсан.Буудаад нэмэргүй байсан гэнэ.Галзуурсан учраас өвдөлт мэдрэхгүй болчихож л дээ.Буудаад байхад хээв нэг өөдөөс нь дайраад байсан гэсэн.Хорь гарсан залуугийн үүдэн шүдийг булгалаад, дээд уруул орчмоос арьсыг дээш нь шамалчихсан байсан.Залуу чонотой ноцолдож тогтоож байгаад, эхнэртээ “Бууд” гэхэд хэзээ мөдгүй төрөх шахсан жирэмсэн хүүхэн буудаж чадахгүй байж гэнэ.Хутга аваад дүр гэхэд нь шууд ойртож чадахгүй байснаа уургын хуйваар толгойгоор нь ороож хөдөлгөөнгүй болгоод зүрх рүү нь хутгалж алсан байсан.Тэр хотонд таван хүн байсны гурав нь нас барж, хоёр нь үлдсэн.Нэг айлынх нь чавганц хөршүүд рүүгээ “Хөөе, наанаас чинь галзуу чоно очлоо” гэж хашхирч мэдээ өгөөд өөрөө орон доо­гуураа орж амь гарсан байсан.Гэтэл нөгөө айлын хоолны гурил хавтгайлж суусан эмгэн гампанз, заазуур хоёроо барьж гарч далайгаад бариулчихсан байсан.Айлын эрчүүд тууварт явчихсан үеэр ийм юм болжээ.Цэргээс ирсэн залуу хэзээ мөдгүй төрөх эхнэрээ сахиж үлдсэн нь тэр.Ийм аймаар байдаг юм.Галзуу өвчин мал, амьтнаас хүнд халдана.Тийм болохоор вакцин хэрэгтэй.

-Мал, амьтан юунаас болж галзуурдаг юм бол?

-Газрын юм олшроход чоно, нохой галзуурдаг гэж дээр үеийн ном сударт бичсэн байдаг.Газрын юм гэдгийг элдэв төрлийн мэрэгч гэж үздэг.Чухам алинаас, юунаас гэдгийг шинжлэх ухаанаар одоо хүртэл тогтоогоогүй.Галзуу өвчний тухай яривал их юм бий, гэхдээ больё.1955-1961 онд яр тэмбүү өвчнийг далд хэлбэрийн цусны шинжилгээгээр илрүүлэхэд шаардлагатай онош зүйн дөрвөн бодис гаргаж авсан юм.Туулайн цусны сийвэнгээс гемолизин, харин үхрийн зүрхний булчингаас вассерманы эсрэг төрөгч, ци­тохоль, каннын эсрэг төрөгч гэсэн гурван бодис ялгаж авсан.Ингэснээр яр тэмбүү өвчний илрүүлэлт сайжирч, бэлгийн замын халдварыг устгахад чухал нөлөө үзүүлсэн дээ.Бас гэдэсний хижгийн бактериар хээрийн мэрэгчдийг халдваржуулан устгах ажлыг 1959-1972 онд хийсэн маань 85 хувийн үр дүнтэй болсон. Малын дайвар бүтээгдэхүүн үхрийн нүдний шиллэг эдээс гаргаж авсан хоёр мл-ийн тарилгыг 1966 онд бүтээснийг 2000 он хүртэл практикт өргөн хэрэглэсэн.

-Эмийн санд байдаг байсан. Юунд сайн юм бэ?

-Өндгөн эсийн үрэвсэл, үе мөчний өвчин зэргийг анагаахад сайн.Алоэтой төстэй.Хүний биеийг өөрийнх нь эд эсээр идэвхжүүлэгч үйлчилгээтэй.Шархыг цавуудсан юм шиг л сайн эдгээдэг байлаа.Биокомбинатад ажиллах томилолт аваад очсон юм л даа.Тэгсэн үхрийн элэг, дэлүү зэрэг эрхтнийг Унгарт гаргадаг юм бай­на.Ашиглаж болох юм зөвхөн нүд байсан болохоор түүнийг ашиглаж шинэ бүтээл хийсэн нь тэр.Дараахан нь уургийн гидролизат дуслын тарилга бүтээсэн.Хүнд өвчтэй 2000 шахам хүнд хэрэглэхэд сайнаар нөлөөлж байлаа.Бас нэг чухал юм бий.Амаржигч эхийн эхсээс болон донорын цусны сийвэнгийн уламал уургаас бүтээсэн хүний хэвийн иммуноглобулинуудын бэлдмэлийг мөн практикт нэвтрүүлсэн.Түүнчлэн өвөрмөц иммуноглобулинуудын бэлдмэл ч гаргаж авсан.Энэ нь B гепатит, идээт үрэвсэл, харшил, томуугийн А, Б хүрээний эсрэг үйлчилгээтэй.

-Энэ ашигтай бэлдмэл, тариануудыг одоо үйлдвэрлээд хэрэглэмээр юм биш үү.Тантай хамтарч ажиллах байгууллага, хүмүүс байхгүй юу?

-Сонирхдог, ярьж хөөрдөг улсууд байдаг.Технологи нарийн болохоор аваа, өгөөний наймаатай адил зүйл биш юм.Технологийн горим баримталж, дээд зэргийн ариун орчинд ажиллаж, боловсруулах ёстой.Эм хийхтэй адилгүй. Жаахан л халуудуулах юм уу, горим алдвал дорхноо бужигнаж  бүрэлдээд элгэн тараг шиг болчихно. Тэгэхээр сайтар бодож боловсруулах шаардлагатай.

-Одоо амаржигч эхийн эхсийг хэрэглэж байгаа юу?

-Үгүй. Эхэс гэдэг бол хүн бүрэлдэн буй болж бай­гаа ариун орчин, дээд зэргийн өндөр үзүүлэлтүүд бүхий бүтэц юм.

-Өнөөдөр гадаадаас өндөр үнээр авч ууж хэрэглэж байгаа уургийг бас та бүтээсэн гэж сонслоо.

-Эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, бөөр, элэг, тархи, халдварт болон халдварт бус өвчний үед хэрэглэдэг, нэн хэрэгцээт 5-20 хувийн альбумины уурагт бэлдмэл бүтээсэн.Цусны уургийн бэлдмэл гэсэн үг.1975-2009 онд нийт 15 мянга орчим хүн/тун хэмжээтэйг нэн шаардлагатай өвчтөнүүдэд хэрэглэсэн.Одоогийн ханшаар бол нэг литр нь сая гаруй төгрөгийн үнэтэй.

-Одоо хийхгүй байгаа юу?

-Тийм ээ. Би өөрөө Оросоос захиж авчруулж уудаг.Нэг жижиг шилтэй нь 260 мянган төгрөгийн үнэтэй.Би өөрөө өөртөө юу хэрэгтэйг мэддэг болохоор амар байдаг юм.

Бидний бүтээсэн сахуу татрангийн хэт дархлаат ийлдсийг 1955-1959 онд практикт хэрэглэж байсан.100 мориноос 10, арван мориноос гурвыг сонгож өндөр идэвхтэй эмчилгээний ийлдэс гаргаж авсан юм.Би гэдэг хүн нэг хэсэг маш баян болоод байлаа шүү дээ.1954 онд Батлан хамгаалах яамыг татан буулгахдаа, мэдэлд нь байсан агтыг тараасан юм. БНАСАУ-д 100 мянган адуу гаргаж, манай институтэд 100-гаад тооны  адуу өгсөн юм. Бид тэднийг тарьж, цусыг нь авч эм, тариа хийх учиртай.За, тэгээд хоёр хувийн грамицидын антибиотик ч гаргаж авсан.Хордлого тайлах давсан уусмалыг таван нэр, төрлөөр гаргаж авсныг өргөн хэрэглэж байлаа.Бас нэг маш чухал юм бий.Хиймэл бөөрний гемодиализын бикарбонатад суурилсан концентрац уусмал бүтээсэн.Нийт 1000 гаруй литр бэлдмэлийг УКТЭ, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн тасагт өгсөн.Хүнд хэцүү үед чухал үүрэг гүйцэтгэсэн байна билээ.

-Таны одоо харьяалагддаг байгууллага Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үү?

-Тийм ээ.Өөрчлөн зохион байгуулсаар байгаад одоо тийм нэртэй болсон.Миний үндсэн мэргэжил малын эмч юм шүү дээ.Гэхдээ анагаах ухааны эрдэм шинжилгээний ажилд 65 жил үнэнчээр, шинжлэх ухааны “журамт цэрэг”-ээр зүтгэсэн хүн.“Санбак институт” (Сани­­тарно бактериологический институт) гэж ми­ний ажиллаж байсан байгууллагын 85 жилийн ойг удахгүй тэмдэглэх юм гэсэн.Би 90-тэй, байгууллага маань 85 хүрэх нь, би тэнд 65 жил ажилласандаа бахархдаг.Ариун цэвэр бактери шинжилгээний институт гэж оросуудын байгуулсан, арав гаруй ажиллагсдынх нь манаач, морин тэрэгчин, туршлагын амьтан маллагч гурваас бусад нь орос хүн байв.Ийм байгууллагад би анх ажилд орж байлаа.Европын шинжлэх ухаан Оросоор дамжиж Монголд орж ирсэн үүд хаалга болсон байгууллага.Энэ “Санбак инс­титут” бол Монголын анагаах ухааны урьдчилан сэргийлэх ууган байгууллага.Их зүйл хийсэн.Монголын ард түмэн гурван сая хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, түүхэн институт.Энэ түүхэн ач холбогдолтой байгууллагынхаа ойг тохиолдуулаад өөрийнхөө хийж бүтээснээс ядаж арвыг нь дээжилж тодруулъя, түүхэнд үлдээе гэж бодож байгаа юм. Тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрээд  бүр мартагдах шинжтэй. Намайг бурхан болсон гэж боддог хүн олон байдаг шиг байна.Ном, товхимолд эш татахдаа нэрийг минь буруу бичсэн байх юм.Зарим тохиолдолд огт дурдахгүй байх жишээтэй.Ах нь АШУҮИС, ХААИС-ийн хүндэт профессор.Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүндэт иргэн.Манай сумын ерөн­хий боловсролын дунд сургуулийг 2011 онд 90 жи­лийн ойгоор нь миний нэрэмжит болгосон.Ийм нэг өвгөн байна даа.“Монголын анагаахын мэр­гэд” гэдэг цуврал номд анагаахын нэгэн за­луу эрдэмтэн миний тухай бичиж байгаа юм билээ.Тэр хүн надад “Монголын анагаах ухааны иммунобиологийн бэлдмэлийн загалмайлсан эцэг Доржийн Дандий” гэдэг гарчиг өгнө гэж хэллээ.Тэгэхээр нь би “Наадах чинь арай томдож байна аа, хүү минь” гэж цааргалаад байгаа юм. Ном арай  гараагүй байгаа, эрхбиш тэгж гарчиглахгүй байлгүй.

 

Эрдэмтэн Д.Дандий гуайтай ярилцах сонирхолтой байлаа. Түүний бүтээж бий болгосон эм, биобэлдмэл, тарилгуудыг хэрэглээгүй монгол хүн ховор, ялангуяа 2000 оноос өмнө бараг бүгд хүртэж, илааршиж байсан гэж бодохоор бахархал төрнө. Биотехнологийн чиглэлийн олон улсын удаа дараагийн хурал зөвлөгөөн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл, хөтөлбөрүүд гээд түүний хамрагдаж, оролцож, үг хэлж, нийтлэл бичиж явсан индэр, талбар олон.  

Монголын баялаг болсон “эрдмийн толгой”-нуудын нэгэн эрхэм ахын амжилт, үйлсээс цухас танилцуулахад ийм байна.

Монгол Улс уул уурхайн хоёрхон толготой бол оюун эрдмийн олон толгойтойн нэг нь нэрт биологич, биотехнологич Доржийн Дандий юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай