“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 18-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж, гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, монгол төрийн бодлого иргэн бүрийн сайн сайхны төлөө байх ёстой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Төслийн танилцуулга дахь хорт хавдарын тоон үзүүлэлт бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үе үеийн системийн гажуудлын илрэл. 50-иас дээш насны хүмүүсийг жилд 1 удаа, 30-аас дээш насны эмэгтэй хүмүүсийг гурван жил тутамд нэг удаа үзлэг оношлогоонд оруулах зохицуулалтыг тусгасан уг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Х.Болорчулуун гишүүн хэллээ. Мөн тэрбээр өвчлөл гэдэг хувь хүний асуудал биш өрхийн, хэсэг бүлэг хүмүүсийн санхүү, амьжиргаанд хүндрэл болдог. Тиймд шинжилгээ өгөөгүй бол хариуцлага тооцох санкцыг тусгах саналтай байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эрүүл мэнд, боловсролын салбарын төрөөс онцгойлон анхаарах ёстой гэдгийг хэлээд “Эрүүл мэндийн асуудал бол улсын хөгжил, ажлын байр, айл өрхийн орлоготой шууд хамааралтай байдаг. Орон нутгийн удирдлагын түвшинд хавдрын эрт илрүүлэлтийн асуудалд анхаарч үзлэг оношлогоог зохион байгуулсан амжилттай туршлагууд бий. Тодорхой үр дүнд хүрсэн. Тиймд хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эрт илрүүлэх асуудалд төр онцгой анхаарах шаардлагатай хэмээн үзэж дэмжиж буйгаа илэрхийллээ. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл нар мөн санал хэлж, байр сууриа илэрхийлсэн Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 25 хувь нь дэмжсэн юм. Иймд Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Засгийн газар өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны аравдугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн       Н.Оюундарь танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, батлан хамгаалах зориулалтаар олгосон зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай асуудлыг өмнөх Засгийн газрын үед хэлэлцүүлэхэд бэлэн болсон байсан, энэ асуудлыг хэзээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гадаад улсын консулын газарт ашиглуулах газрын талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримталж байгаа эсэх, газрын хэмжээг хэрхэн тохирсон талаар асуулт асууж хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар асуулт асууж ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Холбогдох конвенцийн дагуу хоёр улс адил хэмжээний газар нутгийг эзэмших зохицуулалттай бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ерөнхий консулын харьяа Замын-Үүдийн консул 1.2 га газрыг эзэмшдэг байна. Одоогоор 0.8 га газрын зөрүү үүсэхээр байгаа ч хоёр орны холбогдох талууд уг асуудлыг шийдвэрлэхээр зохих хэмжээний хэлцэл хийж байгаа гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банны хүндрэлээс үүссэн хохирлыг Хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын түвшинд биелэх чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Хадгаламжийн даатгалын корпорацийн эдийн засаг, санхүүгийн системд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, тус корпорациар дамжуулан мөнгө угаах асуудлуудыг хянах боломжийг судлах, банкууд эрсдлээ үүрэн энэ төрлийн корпораци байгуулдаг олон улсын жишгийг судлах зэрэг саналыг гишүүд гаргажээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар асуулт асууж зарим зүйлийг тодруулав. Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Баттөмөр нар дэмжиж байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Жавхлан нар дэмжихгүй байгаагаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын тогтоолуудыг баталлаа

Дараа нь “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.

“Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна. Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн  3 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно.” гэж заасны дагуу Засгийн газраас санал болгох гурван гишүүний асуудлыг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг санал болгохоор шийдвэрлэж, албан бичгээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн  байна. Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагүй томилдог, түүнчлэн Зөвлөлийн гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах шаардлагыг үүсгэж байгаа тул Зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй  гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Төгсгөлд нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгагдсан болохыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжин “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай