Намын эрх ашгаа бодоорой, МАН-ынхаан

Танхимаа бүр-дүүлж ажиллаад 100 хоногоо ч гүйцээж амжаагүй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах талаар намын нөхөд нь ярьж, үүнийгээ ажил хэрэг болгохоор хор найруулан гүйлдэж байна гэсэн “бор шувуу” газар сайгүй нисэх болов. Зарим нь бүр тэдний яриаг дэргэдээс нь сонссон мэт барин тавин бичээд эхэллээ. Энэ юу гэсэн үг вэ.

ЭВИЙН ЦАВУУГААР НААГААД Ч ИЛААРШААГҮЙ АН ЦАВ

Ж.Эрдэнэбатаас Засгийн газрыг, М.Энхболдоос намыг нь булаах явцад үүссэн хагарал эвийн цавуугаар гагнагдаагүй, эрх баригч хүчний дотор өрнөсөн цусгүй тулааны үеэр журмын нөхдийн бие биенийхээ сэтгэлд суулгасан шарх бүрэн эдгэж илааршаагүй байгаа нь олон зүйлээс харагдаж буй. Нэг хэсэг хамтдаа сууж асуудлаа ярилцаж чадахгүй, тус тусдаа хуралддаг болтлоо түнжин хагарч, 32, 33-ын бүлэг гэх нэршилдээ ч дасаад байсан тэд намын их хурлаа хийхдээ “Эв нэгдэл” гэдэг үгийг хамгийн олон удаа хэлж, гишүүд, дэмжигчдээсээ ч эвийг эрхэмлэж, намынхаа нэрийг бодох захиас олныг сонсож билээ. Хүн байхгүй зүйлээ хамгийн их хүсдэг гэдэг. Улс төрийн нам ч ялгаагүй аж. МАН-д эв нэгдэл алга. Эв нэгдлийн тухай амтай бүхэн ярьсаар, эв нэгдэлтэй байхаа гишүүд, дэмжигчдэдээ амласаар намын их хурлаа дуусгасан тэд УИХ-ын байнгын хорооны хурал дээр үг хэлэхээс эхлээд олон зүйл дээр бухимдал, гомдол, таарамжгүй харилцаагаа цухалзуулсаар байгаа юм.

Хэд хоногийн өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлын үеэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэг Л.Элдэв-Очир өмнөх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг “Б.Бат-Эрдэнэ аварга” хэмээн дотночилсныхоо шанг хатуухан авсан. Өмнө нь өөр хүн “Аварга” гэж дуудахад тэгтлээ эгдүүцдэггүй байсан Б.Бат-Эрдэнэ гишүүн “Энд төрийн ажил явж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор чухал асуудал хэлэлцдэг учраас гол байнгын хороо гэж би боддог. Гэтэл энэ байнгын хороог даргалж байгаа гишүүн нь төрийн ажил явуулж байхад цол, шагналаар дуудах юм” хэмээн Л.Элдэв-Очир руу реакцлаад авсан. 32, 33-ын бүлэг гэж байхгүй, 65-ын бүлэг нэг цул болсон гэж хэчнээн тунхагласан ч хоёр талд гарсан гишүүд энэ мэтээр нэгэн рүүгээ “чулуу шидсэн” хэвээр байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар богино настай байх вий гэсэн болгоомжлол төрүүлэх нэг сэжүүр болж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯА М.ЭНХБОЛДЫН ГАРТ БИЙ

Дээрх болгоомжлолд хүч нэмэх мэт “Засгийн газрын бүрэлдэхүүнд орно гэсэн горьдлого тээгээд багтаж чадаагүй гомдогсод, УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон үед ганцхан жил ажиллаад огцорсонтойгоо өнөө хүртэл эвлэрч чадахгүй байгаа Ж.Эрдэнэбатын танхимынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар ажиллаад эхэллээ гэсэн “бор шувуу” нисэж байна.

Бүр “УИХ-ын нэр бүхий арваад гишүүн М.Энхболдод “Нам цөөнх байх үед та хамаг хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд манай нам УИХ-д 65 суудалтай болсон. Гэтэл та намын даргын ажлаа өгчихлөө. У.Хүрэлсүх 2016 оны сонгуулиар байгаагүй, намд нэг суудал авчирч ч чадаагүй байж намын дарга, Ерөнхий сайд болчихоод байна. Одоо тэр таны томилсон, эргэн тойрны тань бүх хүнийг төрөөс зайлуулах ажил хийж байна. Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлөх гэнэ. Ийм маягаар бүгдийг “арчих нь”. Тиймээс У.Хүрэлсүхийг огцруулж, та Ерөнхий сайд болох нь зөв” гэцгээжээ. Ийн нэлээд ярилцсаны эцэст УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. Энэ бол миний сүүлчийн карьер. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна. Ингэхийн тулд дахин есөн гишүүнтэй “тулж” ажиллаж, Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барихаар болжээ. Харин чуулган дээр санал хураахад АН-ын есөн гишүүн, У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын бүлгийн гомдогсод нэмэгдээд УИХ-ын тухай хуульд заасан 39 гишүүний ирц бүрдэнэ гэж үзсэн байна” хэмээн бичсэн.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна. Ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй” гэсэн хариу өгөв.

М.Энхболдыг намын даргаар ажилласан хугацаандаа эвийг эрхэмлэж ирсэн, албан тушаалын төлөө намаа муухай харагдуулж, самрах хүн биш гэж журмын нөхөд нь хэлдэг. Энэ дүгнэлт зөв байгаад, М.Энхболдын мэдэгдэл түүний үнэн сэтгэлийнх бол У.Хүрэлсүх болон түүний танхимын гишүүд бага боловч тайвширч болох юм. Яагаад гэвэл Засгийн газрын хувь заяаг шийдэх эрхтэй УИХ-ын гишүүдийн дунд У.Хүрэлсүхийг унагаж, танхимыг нь тараагаад, оронд нь суух хүсэлтэй хүн цөөнгүй байгаа нь бодит үнэн ч тэдний хүсэл, шуналыг залах залуур одоохондоо М.Энхболдын гарт байгаа. Тэр Ерөнхий сайд болно гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар унана, үгүй бол одоохондоо лав аврагдана.

АН-ЫНХНЫ ТОЛХИЛЦООН МАН-Д АШИГТАЙ БАЙДАГ ШИГ МАН-ЫН ХАГАРАЛ СӨРӨГ ХҮЧИНД АШИГТАЙ

Хэдхэн жилийн өмнө намынхаа эрх ашгийг улсынхаас дээгүүр тавилаа гэж улстөрчдийг шүүмжилдэг байсан сан. Одоо хувийн эрх ашиг, хэсэг бүлгийн эрх ашиг л гэж байхаас намын эрх ашиг ч гэж үгүй болжээ. Уг нь МАН дотоод эв нэгдэлтэй, үгүйдээ л эв нэгдэлтэй мэт харагдаж чаддагаараа АН-аас ялгардаг байв. МАН сонгуульд явбал Монголын төр дөрвөн жил тогтвортой байна гэж иргэд, гадаадын түнш, хөрөнгө оруулагчид баримжаа авдаг байлаа. МАН-ынхан дотооддоо зөрчилдөж байсан ч намынхаа нэрийг бодоод түүнийгээ нууж, гаднаа бүх зүйл хэвийн байгаа мэт харагдахыг эрмэлздэг байв. Гэтэл одоо тэр бүхэн үгүй болж. Түшиг тулгууртай, тулхтай, ноён нуруутай гэсэн имижийг бүрдүүлэх гэсэн олон жилийн хичээл зүтгэл нь УИХ-д үнэмлэхүй олонх болсон энэ дөрвөн жилд үнс мэт хийсэн одлоо. Гишүүд нь олон түмний нүдэн дээр, УИХ-ын чуулганы индрээс, чанга яригч асааж байгаад хэрэлддэг, тэгэхдээ тулга тойрсон хов жив, аар саар үйл ойлголцол, албан тушаал булаалдсан гомдол цөхрөлөө цөмийг нь асгачихдаг болж.

Улсын эрх ашгийг бодох нь бүү хэл, намын эрх ашгаа ч хөсөр орхиж, хувийн, хэсэг бүлгийн эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавин, түүнийхээ төлөө чихэр булаалдах хүүхэд шиг уралцан тэмцэлдэх гишүүдэд Засгийн газраа огцруулах нь юу ч биш болсныг бид бүгд хэдхэн сарын өмнө нүдээрээ үзчихээд сууж байна. Бүрэн эрхийн дөрвөн жилийнхээ талыг эрх баригчид Засгийн газар бүрдүүлэх, түүнээ огцруулаад дахин эмхлэхэд зарцууллаа. Энэ нь эцэстээ МАН-ын хоолойд дүүжлүүрийн олс углаж буйг гишүүд нь даанч тоохгүй байгаагийн илрэл нь дараагийн Засгийн газрыг огцруулах тухай яриа.

Сөрөг хүчин, гол өрсөлдөгч АН-ынханд бол МАН нийгэмд муухай харагдах нь ашигтай. АН-ынхны шуудайнд хийсэн эвэр шиг хоорондоо мөргөлдөн толхилцох дотоод эв нэгдэлгүй байдал МАН-д ашигтай байдаг шиг МАН-ын хагарал, тэмцэл сөрөг хүчинд л өгөөжтэй. АН-ынхан энэ байдлыг чинь дэвэргээд, Засгийн газраа огцруулах санал бүрийг дэмжээд явна. МАН хэдийчинээ муухай харагдана, АН ирэх сонгуульд төдийчинээ амжилт гаргана. Энэ бол амьдралын туршлагаар батлагдсан зүйл. Харин эндээс Монгол Улс, иргэд юу ч хожихгүй. МАН бүр гудамжинд гарч ч мэднэ, яг өнөөгийн АН шиг. Тиймээс МАН-ын нэрээр УИХ-д орж ирчихээд 32, 33-аараа хуваагдан албан тушаалын төлөө нүдээ ухахаас буцахгүй байгаа эрхэм гишүүд хувийн амбийц, хүсэл шуналаа түр дараад, намынхаа эрх ашгийг бодсон нь өлзийтэй биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай