Д.Энхцэцэг: Гадаад паспорт захиалах хүсэлтээ нэг сарын өмнө гаргах шаардлагатай

Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахаа больж, зайлшгүй шинээр авах шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан гадаад паспорт авах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынхны ачаалал ихэссэн байна.

Тус газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад паспорт шинээр авах хүсэлтэй иргэдийн тоо хэр олширсон бэ. Ачаалал буурч байна уу?

-Иргэд гадаад паспортын загвар шинэчлэгдсэн, заавал шинээр авна гэж ойлгосноос болж ачаалал ихэссэн. Манай байгууллагаас загвар өөрчлөгдөөгүй, зөвхөн хүчинтэй хугацааг сунгахгүй болсон гэдэг мэдээлэл өгч эхэлснээс хойш ачаалал буурч эхэллээ.

-Паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсон шалтгаан юу вэ? Нэг даргын шахаа байх гэсэн хардлага байна.

-Манайхаас өөр гадаад паспортоо сунгадаг улс байхгүй. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2004 онд гишүүн орнууддаа машинаар уншдаггүй аяллын бичиг баримтыг эргэлтээс гаргах тухай тунхаг бичиг гаргасан. Манай улс энэ байгууллагын гишүүн орон. Тиймээс Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр баталсан.

Уг хөтөлбөрт гадаадад зорчих бичиг баримттай холбоотой хоёр заалт орсон байдаг. Үүний нэг нь гадаад паспортыг иргэдэд олгохдоо олон улсын стандартыг мөрдөнө гэсэн заалт. Тиймээс Засгийн газраас үүнтэй холбоотойгоор сунгалтыг зогсоох тогтоол гаргасан юм. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгасан бичилт машинд уншигддаггүй. Өөрөөр хэлбэл, сунгалт хийлгэсэн мэдээлэл компьютерт ордоггүй гэсэн үг.

Жишээ нь, 2015 онд паспортынх нь хугацаа дууссан иргэн сунгалт хийлгэсэн ч гэсэн хил нэвтрэх машинд уншуулахад 2015 онд дууссан гэж мэдээлэл нь гарч ирдэг. Тиймээс гадаадын улс руу нэвтэрч буй зорчигчдод хүндрэл учрах болсон. Ялангуяа гадаад хэл мэдэхгүй, паспортоо сунгуулсан гэдгээ ойлгуулж чадахгүй иргэдэд ихээхэн бэрхшээлтэй.

Тиймээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс хүчинтэй хугацааг сунгахаа больсон. Тэгэхээр таван жилийн хугацаатай паспорт авсан хүн таван жилийн дараа дахин шинэ паспорт авна гэсэн үг.

-Шинээр паспорт авах иргэд заавал нэг сарын өмнө хүсэлтээ гаргах шаардлагатай болсон гэв үү?

-АНУ-ын иргэд гадаад паспорт энгийнээр захиалахад 4-6 долоо хоногт гардаг. Нийт хүсэлт өгсөн иргэдийн 95 хувь нь энгийнээр захиалдаг юм билээ. Харин үлдсэн таван хувь нь яаралтайгаар захиалдаг. Яаралтайгаар захиалахад 65 ам.доллар нэмж төлдөг. Гэтэл манай улсад гадаад паспорт авах хүсэлт өгч буй хүмүүсийн 73 хувь нь яаралтайгаар захиалж байна.

Бүгд л “Яг маргааш гадаад явах ажилтай болчихлоо” гэсэн тайлбар хэлдэг. Тиймээс иргэдийг ажлаа эртнээс төлөвлөн, паспорт захиалах хүсэлтээ нэг сарын өмнө гаргаж байвал манай албаны ажилтнуудын ачаалал хөнгөрнө, иргэд ч бухимдал чирэгдэлгүйгээр үйлчлүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай